| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 020/2014/0499/З |
| Дугаар | 221/МА2015/0166 |
| Огноо | 2015-04-08 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2015/0166
| 2015 оны 4 сарын 08 өдөр | Дугаар 166 | Улаанбаатар хот |
Н.О-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар шийдвэртэй, Н.О-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-н давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Г.Н, нэхэмжлэгч Н.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Н.О нь өмгөөлөгчөөрөө дамжуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн б/273 дугаар тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн салбар зөвлөлд хандан гомдол гаргасан. Үүнд:
1. Уг тушаалын хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 байх бөгөөд уг заалтад харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийсэн шийдвэрийг биелүүлэх гэсэн байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга миний бие харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн бүхий л шийдвэрийг биелүүлж байсан бөгөөд тийнхүү биелүүлж байгаагүй гэх сануулга болон ямар нэг шийдвэр байхгүй.
2. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж байх боловч энэ талаар ямар нэг баримт мөн байхгүй, шалгаж тогтоогдсон нотлох баримт байхгүй байна.
Гэвч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд илтэд худал тайлбар бичиж, гомдлыг хангахгүй орхисон байх тул дээрх үндэслэлийг үндэслэл болгон, ажлаа чөлөөтэй сонгох эрх зөрчигдөж байна.
Тус байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2014 онд Авлигын эсрэг төлөвлөгөөг батлан мөрдүүлж ажилласан. Авлигатай тэмцэх газрын тэргүүн комиссар Н.Г-н 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах удирдамж-тай ахлах комиссар Б.Э-р ахлуулсан ажлын хэсэг 5 дугаар сарын 14-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд тус газар шалгасан.
Ажлын хэсгийн зорилго нь Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, холбогдох хяналт шалгалтыг явуулж авлигын болон ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах, мэдээллийг шалгах, албан тушаалтныг шалгах, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцуулах, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр холбогдох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж хуулийн хэрэгжилтийг хангахад оршино гэсэн удирдамж байсан.
2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Авлигатай тэмцэх газраас хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 5 заалт бүхий албан бичиг ирүүлсэнтэй шүүхийн шатанд танилцаж байна. Удирдамжид зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцуулах тухай бичсэн байсан. Гэтэл зөрчил гаргасан этгээд нь Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Н, боловсролын хяналын улсын байцаагч Ц.Н, Дэд даргын зөвлөлийн хурлыг удирдан хуралдуулдаг дэд дарга зэрэг албан тушаалтнуудын тухай цохон тэмдэглэсэн байна.
Өмнөх жилүүдэд Авлигатай тэмцэх газраас ирсэн шалгалтын мөрөөр Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга, Экспорт импортын хяналтын хэлтсийн дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч зэрэг албан тушаалтнууд дээрх хүмүүсийн адил зөрчил гаргасан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар ажлаас нь чөлөөлөх, албан тушаал бууруулах хүртэл арга хэмжээ авч байсан болно.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Тамгын газраас Авлигын эсрэг төлөвлөгөө батлан гаргаж бүх хэлтсүүдэд хүргүүлж улмаар сард 1 удаа зохион байгуулдаг Мэдээллийн цаг-т Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын ажилтан албан хаагчдаар яриа, сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн. Мөн Авлигын эсрэг нийт улсын байцаагчдын гарын үсэг бүхий тангаргийн дэвтэр ажиллуулж Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байсан бөгөөд Авлигын эсрэг тусгай самбар ажиллуулж мэдээ мэдээллээр хангаж байсанд төлөвлөгөөний биелэлтийг жилд 2 удаа хугацаанд нь тогтмол гаргаж хүргүүлж байсан нь Тамгын газрын зүгээс Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байсан бодит ажлууд юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилтан албан хаагчдад дээрх хуулиудын тухай мэдээ, мэдээлэл, сургалтыг хангалттай өгч байсан тул жилээс жилд зөрчлийн тоо буурч байсан. Гэтэл зарим албан тушаалтан болон хувь хүний гаргасан зөрчлийг заавал Тамгын газрын даргатай холбож тайлбарлаж байгаа нь зориуд санаатай хийж байгаа үйлдэл гэж үзэж байна.
Авлигатай тэмцэх газрын албан бичигт зөрчлийг 07 дугаар сарын 18-ны өдрийн дотор холбогдох буруутай этгээдэд арга хэмжээ авч хариу мэдэгдэхийг заасан байна. 07 дугаар сарын 02-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд ажлын 9 хоног байна. Намайг ажлаас 07 дугаар сарын 10-ны өдөр халсан. Гэтэл Авлигатай тэмцэх газрын албан бичигт Иймд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг шалгасан этгээдийг томилох, дотооддоо үйлчилж байгаа дүрэм, журмыг боловсронгуй болгож олон нийтэд нээлттэй ил тод хүргэж, зөрчлийг арилгах, таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх чиглэлээр үүрэг өгч ... хариу ирүүлэхийг мэдэгдье. гэжээ.
Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу дээр дурдсан бүх ажлуудыг ажлын 9 хоногт багтаан хийгээгүй бөгөөд зөвхөн намайг ажлаас халснаас өөр ажил хийгдээгүй болно.
2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл намайг ажиллаж байх хугацаанд Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичгийг Тамгын газрын даргад албан ёсоор танилцуулаагүй. Уг нь энэ асуудал Тамгын газарт хамаарагддаг. Гэтэл хэсэгт улсын байцаагч, Дэд бүтцийн хяналтын хэлтсийн даргыг сургалтын өрөөнд оруулж Тамгын газрын даргын талаар эсрэг зүйл бичиж өгвөл ажилтай чинь үлдээнэ гэж гар бичмэл цуглуулж миний эсрэг мэдээлэл гаргуулсан.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шинээр орж буй ажилтныг ажилд авахдаа урьдчилсан мэдүүлгийг зөвхөн зөвхөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын гарын үсэгтэй албан бичиг явуулдаг бөгөөд тухайн хүний ашиг сонирхлын талаар ирсэн бичгийг дарга, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн 2 шийддэг. Миний бие зөвхөн тухайн ажилтныг ажилд авахад тушаалын танилцах хуудсанд танилцав гэж гарын үсэг зурдаг байсан болно.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд ажилтныг авах асуудлаа шийддэг. Харин сонгон шалгаруулалтад тэнцэж мэргэшлийн шалгалтын албан хуудсаар ажилд орж байсан албан хаагчдын асуудлыг танилцуулдаг байсан. Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргийн дагуу ажиллах боломж, бололцоо, нөхцөлөөр 100 хувь хангагдаж ажиллаж байгаагүй болно.
Албан тушаалын сул орон тоо гараагүй байхад буруу мэдээллээр хангасан гэдэг тухайд:
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Э нь ажилд орсон цагаасаа эхлэн хүний нөөцийн асуудалд голчлон анхаарал хандуулж ирсэн. Тухайн үед Л.Э дарга тушаал төлөвлөхөөс эхлээд тушаал жинхлэн гарах хүртэлх бүх шатны процесст оролцож байсан. Иймээс даргыг буруу мэдээллээр хангасан хэмээх асуудлаар мэргэжилтэн Лхагвадуламыг дарамталж ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс нэг зөрчлөөр нэг л хүнд арга хэмжээ авдаг хуулийн заалт бий.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудын үр дүнгийн гэрээний биелэлтийн явц, ажлын цаг ашиглалт, байгууллагын удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтэд Засгийн газрын 2013 оны 1322, 2011 оны 311 дүгээр тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоол, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2010 оны 173 дугаар тушаалын дагуу дотоод хяналт, шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх цаашид ажлын үр дүнг сайжруулах санал, зөвлөмж боловсруулахад оршино гэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/138 тоот удирдамжтай шалгалт хийгдсэн. Шалгалтын дүнг хэлэлцэх хурлыг 2 удаа хойшлуулж байж хуралдсан.
Гэвч хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн шалгалтын дүнг танилцуулсан байдал нь туйлын хангалтгүй байсан. 20 орчим хоног шалгалт хийчхээд хуралд оруулж байгаа асуудал нь гүйцэт бус, дүгнэлт байхгүй, цаашид авах арга хэмжээний санал нь тодорхой бус байсан. Харин тус шүүхэд гаргаж өгсөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрт удирдамжид тусгагдаагүй олон асуудлыг нэмж, ажлын хэсгийнхэн шалгасан мэт оруулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн болон Хяналт шалгалтын нэгдсэн шаардлага, стандарт-ыг зөрчсөн байна.
Цаг ашиглалтын талаар:
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь цаг ашиглалтын журамтай. Тамгын газрын ажилтнуудын хувьд цаг ашиглалт 2013 онд хангалтгүй байсан тул 5 ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж ажилласан. Хурууны хээний аппарат, нүүр таних аппаратаас гадна Тамгын газрын даргад баасан гараг бүр муулдаг болсноор цаг ашиглалт эрс сайжирсан.
Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаар:
Миний бие 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Тамгын газрын даргаар жинхлэн томилогдсоны дараа Нийслэлийн Архивын газраас тус газарт 2013 оны 09 дүгээр сард шалгалт хийгдсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2003-2012 оны нийт 72 тушаал архивд байхгүй алдагдсан нь шалгалтаар илэрсэн. Тухайн үед архивын ажилтнаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын туслах Ш.Г 40 хувь нэмэгдэл цалин авч давхар ажиллаж байгаад дараа нь боловсролын хяналтын улсын байцаагч болсон. 40 хувийн нэмэгдэл цалин авч байсан боловч ажлын байрны тодорхойлолтоо хангалтгүй биелүүлсэн Ш.Г-д арга хэмжээ авах санал тавьж байсан боловч тухайн үеийн удирдлага асуудалд хайнга хандаж байсан юм. Нийслэлийн архивын газрын шалгалтаар мэргэжлийн архивын ажилтан авч ажиллуулах үүрэг даалгавар өгсөн тул Н.У-г Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар архивын эрхлэгчийн орон тоон дээр ажиллуулсан. Нийслэлийн архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын 9, 11 дүгээр сарын хурлаар данс бүртгэлээ хэлэлцүүлж, Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны явцад бий болсон 13 нэр төрлийн баримт бичгийн жагсаалтыг боловсруулан батлуулж хангалттай үнэлгээ авсан. Тушаал алга болсон асуудал нь намайг дарга болохоос өмнөх асуудал. Харин архивын ажилтан авч ажиллуулснаар тус байгууллагын архивын үйл ажиллагаа эрс сайжирч хангалттай шалгагдсан юм.
Иймд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/273 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.О-ийг дараах үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болно. Үүнд:
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2014 оны 01/609 тоот албан бичгээр Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлж, ажиллахыг үүрэг болгосны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2014 онд хэрэгжүүлэх Авлигын эсрэг төлөвлөгөөг батлан мөрдүүлсэн байна. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, үр дүнг тооцон ажиллахтай холбогдсон чиг үүрэг Тамгын газрын дарга Н.О-д өгөгдсөн боловч Авлигатай тэмцэх газраас 2014 оны 06 дугаар сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаанд хийсэн шалгалт, түүний дүнгээр үйл ажиллагаа нь хангалтгүй байгаа нь тогтоогдож, Авлигатай тэмцэх газрын Зөрчил арилгуулах тухай 01/5593 дугаар албан бичгээр ирүүлсэн юм.
Энэхүү зөрчил нь Н.О ажлын байрны тодорхойлолтын Б буюу чиг үүргийн 1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааг захиргаа, эрх зүй, хүний нөөц, санхүү, аж ахуйн удирдлага, зохион байгуулалтаар хангах, байгууллагын хэтийн болон дунд хугацааны зорилтыг тодорхойлж төлөвлөлтийг хийх бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үр дүнгийн гэрээг бүх шатанд байгуулж, биелэлтийг хангуулах, гадаад харилцааг хөгжүүлэх, хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, сургалтын болон нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, улсын байцаагчдын ёс зүйн мөрдөлтөд хяналт тавьж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, газрын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийх, мэдээллийн шинэ технологи нэвтрүүлэх, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах, газрын удирдлагуудыг цаг үеийн бодитой мэдээлэл, бодлогын зөвлөгөөгөөр хангах.
Албан тушаалын сул орон тоо гараагүй байхад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг буруу мэдээллээр хангаж нэг албан тушаалын орон тоонд давхар томилгоо хийлгүүлэн цалин олгуулсан, орон тооны илүүдэл үүсгэсэн нь Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд 3.1.3 дахь заалтыг зөрчсөн.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн шалгалтаар туйлын хангалтгүй үнэлгээ авсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 14/01 дүгээр шийдвэрт тусгагдсан. Энэхүү зөрчил нь Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд 3.1.6 дахь заалтыг хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой.
Дээрх зөрчлийг гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад заасны дагуу Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан. Эдгээр үндэслэлүүд нь хангалттай нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2014 оны 1/609 тоот албан бичгээр ирүүлсэн Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан ажлын гүйцэтгэлийг 100 хувь хангаж, бие даасан төлөвлөгөө гаргаж боловсруулан ажиллахыг үүрэг болгосны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулсан.
Нэхэмжлэгч Н.О нь шүүхэд гаргасан тайлбартаа тус байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан мөрдүүлж ажилласан гэснээс харахад төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэх, хэрэгжилтэд нь хяналт тавих эрх үүрэгтэйгээ өөрөө ухамсарлаж байсан байна.
Өмнөх жилүүдэд Авлигатай тэмцэх газраас ирсэн шалгалтын мөрөөр албан тушаалтнуудад арга хэмжээ авсан нь Хөрөнгө орлогын мэдүүлгийг болгоомжгүйгээр буруу бөглөсөн буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтыг зөрчсөн тул ажлаас нь чөлөөлөх, албан тушаал бууруулах арга хэмжээ авч байсан.
Авлигатай тэмцэх газрын Зөрчил арилгуулах тухай 01/5593 дугаар албан бичигт 2013 онд 5 албан тушаалтныг шинээр, 2 албан тушаалтныг жинхлэн, 3 албан тушаалтныг ахлахаар дэвшүүлэн, 9 албан тушаалтныг шилжүүлэн, 1 албан тушаалтныг албан тушаалыг нь өөрчилж буюу 20 албан тушаалтныг томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тул газраар хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т заасныг зөрчсөн бөгөөд энэ үүрэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын болон тус газрын 2014 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, үр дүнг тооцон тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, үр дүнг тооцон ажиллахтай холбогдсон чиг үүрэг Тамгын газрын дарга Н.О-д өгөгдсөн.
Төлөвлөгөөнд тусгагдсан чиг үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас Авлигатай тэмцэх газрын шалгалтаар дээрх зөрчил илэрсэн.
Дээрх зөрчил нь Н.О Ажлын байрны тодорхойлолтын Б буюу чиг үүргийн 1 дэх заалтыг зөрчсөн байна. Иймд дээрх 20 албан тушаалтныг урьдчилсан мэдүүлгийг авалгүйгээр томилсон талаарх асуудлыг шалгах явцад Тамгын газрын даргын болон хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний буруутай үйлдэл гэдэг нь тогтоогдсон тул Тамгын газрын дарга болон хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авсан.
Дээрх зөрчлийг арилгуулж ажилласан тухай Авлигатай тэмцэх газарт 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/2249 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн. Төрийн албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн биелүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл тайлбартаа чиг үүргээ 100 хувь биелүүлэх боломж нөхцөлөөр хангагдаж байгаагүй гэсэн нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
... Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гадна Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас шалгалт хийсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар цаг ашиглалт, зэрэг дэв, тушаал эх хувь байхгүй байсан тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэд хэдэн шалгалтын дүнг хамтатган оруулж шийдвэр гаргасан. Иймд, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй байна.
... 2013 онд Тамгын газрын цаг ашиглалтад хяналт тавьж 5 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан. Цаг ашиглалт сайжирсан гэж байгаа боловч шалгалтаар Тамгын газрын цаг ашиглалт хангалтгүй дүнтэй гарсан нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/273 дугаар тушаалыг хүчингүй болгон, Н.О-н урьд эрхэлж байсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцож, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргуулж, нэхэмжлэгч Н.О-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х давж заалдах гомдолдоо: Иргэн Н.О-н нэхэмжлэлтэй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрх зүйн мэргэжилтэн Д.Х нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Авилгийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, уг асуудлаар Авлигатай тэмцэх газартай харилцах эрх бүхий албан тушаалтныг ажиллуулж, гүйцэтгэх чиг үүргийг ажлын байрны тодорхойлолтод тусгаж, үр дүнг тооцох ажлыг Тамгын газрын дарга Н.О-д хариуцуулсан байх бөгөөд дээрх дурдсан 20 албан тушаалтныг шинээр болон шилжүүлж, дэвшүүлж, өөрчилж томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй гэх боловч ийнхүү томилсон тушаалд хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга гарын үсэг зурж, томилдог байх тул нэхэмжлэгч Н.О-д хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байна гэсэн байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2014 оны 1/609 тоот албан бичгээр ирүүлсэн Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан ажлын гүйцэтгэлийг 100 хувь хангаж, бие даасан төлөвлөгөө гаргаж боловсруулан ажиллахыг үүрэг болгосны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь төлөвлөгөө боловсруулан батлуулсан.
Авлигатай тэмцэх газрын Зөрчил арилгуулах тухай 01/5593 дугаар албан бичигт 2013 оны 5 албан тушаалтныг шинээр, 2 албан тушаалтныг жинхлэн, 3 албан тушаалтныг ахлахаар дэвшүүлэн, 9 албан тушаалтныг шилжүүлэн, 1 албан тушаалтныг албан тушаалыг нь өөрчилсөн. 20 албан тушаалтныг томилохдоо хувийг ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газраар хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг зөрчсөн бөгөөд энэ үүрэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын болон тус газрын 2014 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, үр дүнг тооцон ажиллахтай холбогдсон чиг үүрэг Тамгын газрын дарга Н.О-д өгөгдсөн.
Төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас Авлигатай тэмцэх газрын шалгалтаар дээрх зөрчил илэрсэн.
Дээрх зөрчил нь Н.О ажлын байрны тодорхойлолтын Б буюу чиг үүргийн 1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой байна. Иймд, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Мөн нэхэмжлэгч Н.О-ийг нэгжийн менежерийн хувьд ажилтнуудын цаг ашиглалтад тавих хяналт хангалтгүй, цаг ашиглалтын ... нийт ажилтнуудын ажлын цагийн бүртгэл хангалтгүй байгаа ба Захиргааны эрх зүйн хэлтэс 53,84 хувь, Санхүү, аж ахуйн хэлтэс 19,4 хувьтай байна гэж дүгнэсэн байна. Энэ нь 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Журам батлах тухай 93 дугаар тушаалын 2-д энэхүү журмыг нийт ажилтан, албан хаагчдад танилцуулж, хэрэгжилтэд мэдээ гаргаагүй гэх зэргийг үндэслэн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга үзсэн нь учир дутагдалтай байна гэж шүүх үзсэн.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн танилцуулгад хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Н.О/-т үүрэг болгосугай гэж заасан. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий албан тушаалтан нь албан
3. Н.О-н ажиллаж байсан албан тушаал буюу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргын албан тушаал нь хүний нөөцийн асуудлаар бие даан шийдвэр гаргаж, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, албан тушаал дэвшүүлэх, бууруулах зэргээр тушаал гаргаж томилох эрх хэмжээгүй ч Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд 3.1.3-д хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлж, удирдлагын шийдвэр гаргахад бодлогын зөвлөгөө өгөх үүрэгтэй албан тушаалтан.
Тухайн албан тушаалтан албан үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас Газрын даргыг буруу мэдээллээр хангаж, төсөл боловсруулах чиг үүрэггүй хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Лхагвадуламд үүрэг өгч, ажлын хариуцлага алдагдуулсан.
Төв лабораторийн химич Ш.С нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болон өөрийн хүсэлтээр гарах байтал 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр С.А-г давхардуулан томилж, цалин олгуулан, орон тооны илүүдэл үүсгэсэн. Газрын удирдлага энэ талаар мэдмэгцээ 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/258 дугаартай тушаалаар С.А-ийг ажлаас нь чөлөөлж, илүү авсан цалинг нь буцаан нөхөн төлүүлсэн.
4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй гэх боловч чухам ямар шийдвэрийг Н.О биелүүлээгүйг хариуцагч тодорхойлохдоо дээрх зөрчлүүдийг дурдаж байгаа нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа халах сахилгын шийтгэлийг зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэлгүй ногдуулж болохгүй тухай зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасантай нийцэхгүй байна гэсэн байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь 2014 оны 05-06 дугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шалгалт хийсэн. Эдгээр шалгалтын дүнгээр тус газар нь хангалтгүй үнэлгээ авсан. Иймд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу Тамгын газрын дарга Н.О-т Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй байна.
5. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4576 дугаартай захирамжийн захирамжлах нь хэсэгт ... Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/273 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай Н.О-н нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсүгэй гэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасныг зөрчиж, захиргааны хэрэг үүсгэж, уг хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ...нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг мөрдөж ажиллаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан байна.
Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/273 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.О-ийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 03/2138 дугаар албан бичгийг үндэслэн “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр тус газрын Тамгын газрын даргын албан тушаалаас төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хариуцагчаас дээрх тушаал гаргах болсон үндэслэлээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газраас шалгалт хийсэн. Эдгээр шалгалтын дүнгээр тус газар хангалтгүй үнэлгээ авсан. Иймд Н.О-ийг ажлаас нь халах арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3/2138 дугаартай албан бичгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга Н.О нь албан үүргээ хангалтгүй биелүүлж байгаа тул холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг, Авлигатай тэмцэх газрын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийн талаар” 01/5593 дугаар албан бичгээр Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан этгээдийг томилох, дотооддоо үйлчилж байгаа дүрэм, журмыг боловсронгуй болгох, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх чиглэлээр үүрэг өгч, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг, Нийслэлийн прокурорын газрын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар “Прокурорын шаардлага”-аар улсын байцаагч нарын захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа гаргаж буй зөрчил дутагдлыг гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг тус тус мэдэгджээ. Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбаруудаас үзэхэд Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, уг асуудлаар Авлигатай тэмцэх газартай харилцах эрх бүхий албан тушаалтныг ажиллуулах чиг үүргийг Тамгын газрын даргад хариуцуулсан ч Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан 20 албан тушаалтныг шинээр болон дэвшүүлэн томилохдоо хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилсон зөрчилд нэхэмжлэгчийг буруутгаж, хариуцлага тооцох нэг үндэслэл болгосон нь үндэслэлгүй, учир нь дээрх ажилтнуудыг томилох нь Тамгын газрын даргын эрх хэмжээ биш, хариуцагчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2012 оны 08 дугаар тушаалаар баталсан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн дотоод журам”, мөн 2013 оны 93 дугаар тушаалаар баталсан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудын цагийн бүртгэл, ажлын цаг ашиглалтад хяналт тавих журам”-д зааснаар харъяа хэлтсийн дарга нар ажилтнуудын цаг ашиглалтын байдалд хяналт тавих үүрэгтэй, харин бүртгэл хөтлөлтөд Тамгын газрын дарга хяналт тавихаар зохицуулсан байхад нэхэмжлэгчийг ажилтнуудын цаг ашиглалтад хяналт тавиагүй, цаг ашиглалтын мэдээ гаргаагүй гэж буруутгасан нь, мөн хяналт шалгалтаар 2013 онд гарсан тушаалууд дутуу, бүрдэл дутуу, тушаал батлагдсан төсвийг зарцуулсан эх үүсвэр байхгүй гэх асуудалд хяналт тавих чиг үүрэггүй байхад энэ үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Прокурорын шаардлагад дурдагдсан асуудал нь улсын байцаагч нарын захиргааны шийтгэвэр ногдуулсан шийдвэр гаргахтай холбоотой, нэхэмжлэгчид шууд хамааралгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Н.О Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацааны 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнэсэн тухай илтгэх хуудсаар 91 “А” буюу “маш сайн” гэж дүгнүүлсэн байхад албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Авлигатай тэмцэх газарт явуулсан хариу хүргүүлэх тухай албан бичигт “...ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг хангалтгүй биелүүлж, удаа дараа санаатайгаар алдаа гаргасан Тамгын газрын дарга Н.О-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан...” гэсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн өөр үндэслэл зааж мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасан “ажлаас халах” сахилгын арга хэмжээ авсан нь үндэсгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Н.О дээд шатны албан тушаалтны ямар шийдвэрийг хэрхэн биелүүлээгүйг, мөн Авлигатай тэмцэх газарт явуулсан албан бичигт дурдсан ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг хангалтгүй биелүүлж, удаа дараа санаатайгаар алдаа гаргасан аль нь болохыг Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам“-ын 4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна...” гэж заасны дагуу шалган тогтоож, танилцуулалгүйгээр, зөвхөн шалгалтын дүнгээр тухайн байгууллагын ажил хангалтгүй гэж дүгнэгдсэнийг шууд нэхэмжлэгчид хамааруулан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэсгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байрны тодохойлолтонд заагдсан чиг үүрэгтэй холбоотой зөрчил байгааг үгүйсгэхгүй ч энэ нь түүнийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах хэмжээний зөрчил биш байна.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэсэнтэй нийцээгүй байна.
Зүй нь хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 26.1.3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэхдээ тухайн зөрчлийг хөдөлбөргүйгээр тогтоож, зөрчил гаргасан байдал, шалтгаан, түүний хор хохирол, шинж байдал, зөрчлийг анх буюу удаа дараа гаргасан эсэх, зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан үзнэ гэсэн “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам“-ын 5-ын а/-д заасныг баримтлах ёстой бөгөөд хууль болон журамд заасныг зөрчиж шууд ажлаас халсан нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ