Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 980

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С-ийннэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/01362 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.С-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч С О ХХК-дхолбогдох,

16 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 18 596 716 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Б.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.З

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр "Самбилын овоо" компанийн захирал Д.Янживсүрэнгээс Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах Содон хороололд 58.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Д.Янживсүрэн нь миний найз н.Санчиртай хамт нэг байгууллагад нилээн хэдэн жил хамтарч ажиллаж байсан найзууд учраас итгэлцэн тохиролцсоны үндсэн дээр байрны урьдчилгаа болох 16 000 000 төгрөгийг "Самбилын овоо" ХХК-ийн Хаан банкны 5003887638 тоот дансанд хийгээд тус компанийн эзэмшилд байсан дээрх байранд орсон, боломжит хугацаанд ипотекийн зээлийг гаргуулан байрны мөнгийг тус компанид гаргаж өгөхөөр тохирсон. Гэтэл ипотекийн зээлийг Засгийн газрын шийдвэр болон тухайн үеийн эдийн засгийн бодлогоос болж өгөхгүй байсаар 2016 оны 05  дугаар cap хүрсэн, "Самбилын овоо" ХХК-ийн захирал Д.Янживсүрэн тухайн компанийн санхүү тогтворгүй, өр зээлтэй болсон тул байрыг яаралтай суллаж өгөхийг шаардсан, хэрвээ байрыг чөлөөлж өгвөл өөр хүнд зараад 3-7 хоногийн дараа миний өгсөн урьдчилгаа мөнгийг эргүүлэн өгнө гэж тохирон суллан өгсөн. Гэтэл анх байрны түрээсийн талаар ямарч зүйл тохиролцоогүй байж гэрээ мөнгийг буцааж өгөхдөө 7 сарын /400 000 төгрөг х 7 =2 800 000 төгрөг/ түрээсийн төлбрийг хасч өгнө гэсэн. Өнөөдрийг хүртэл Д.Янживсүрэн нь нэг ч төгрөг гаргаж өгөөгүй тул урьдчилгаанд өгсөн 16 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү" гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Энэ нэхэмжлэгч болон хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдааны баримтуудаас харахад талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний шаардлагад Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэгт гэрээнд дараахь нөхцлийг заавал тусгана, 263.2.1-т бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, 263.2.2-т хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ, 263.2.4-т үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэрэг байдаг. Тэгвэл эдгээр нөхцөл байхгүй учраас энэ зээлийг зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. Эдгээр нөхцлүүд байхгүй бол мөн хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Эд хөрөнгө шилжүүлэх гэрээ бол тухайн эд хөрөнгийг шилжүүснээр байгуулагдсан тооцно. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийг заавал худалдан авагч талд шилжүүлсэн байх шаардлагатай. Тиймээс талуудын хооронд хуулийн болон хэлбэрийн шаардлага хангасан гэрээ байгуулагдаагүй байна. Ийм учраас хуульд заасан үндэслэлээр талууд өгсөн авсан зүйлээ буцааж өгөх ёстой. Нэхэмжлэгч нь эд зүйлийг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөнд маргахгүй байгаа. Одоо хариуцагчид 16 000 000 төгрөгийг буцааж өгөх хууль зүйн үүрэг үүссэн байна" гэжээ.

 

Хариуцагч "Самбилын овоо" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “И Си Си” ХХК нь манай компанитай байгуулсан гэрээнийхээ урьдчилгаа төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол /18062/, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 103 байр, 162 тоотод байрлах, 58.06 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг өгсөн.

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Стай дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 26 000 000 төгрөгөөс 16 000 000 төгрөгийг нь авсан ба үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 10-20 хоногийн дотор ахаасаа зээлээд аваад өгнө, Б.С нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн барагдуулахаар тохиролцсон. 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Б.Ст уг байрыг хүлээлгэж өгсөн. Ингээд уг байрыг хүлээн авч уг байрандаа амьдарч ипотекийн зээл авахаар болсон боловч Б.С зээл бүтэх гэж байна, одоо гарах гэж байна гэх мэтээр худал хэлсээр 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл уг байранд амьдарсан. Б.С-ийнзээлийг гарахаар ажилчдынхаа цалин хөлсийг өгнө гэж бодож байсан боловч зээл гарахгүй байхаар нь арга буюу 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээл чинь гарахаар суллаад өгье гэж Б.Ст хэлэн уг байрыг “Гарьд капитал" ББСБ-д барьцаанд тавьж 30 000 000 төгрөг зээлсэн. Улмаар өөрийн болон бусдын машиныг барьцаанд тавьж зээл авч, ажилчдынхаа цалин хөлсийг өгсөн ба өнөөдрийг хүртэл эдгээр зээлэнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлж хохирч байна. Тухайн үед Содон хороолол шинээр ашиглалтад орж, худалдан авагч хангалттай байсан хэдий ч Б.С нь манай компанитай хамтран ажил хийхээр тохиролцсон н.Санчир гэдэг хүний найз байсан болохоор түүнд итгэж гэрээ байгуулсан...Ингээд уг байрыг зарж ажилчдынхаа цалин хөлсийг өгөхийн тулд Б.Саас байраа суллаж өгөхийг шаардаж, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байраа хүлээж авсан. Б.С нь манай компанитай хамтран ажил хийж байсан н.Санчирыг авч өөрийн эмнэлгийн заслын ажилыг хийлгэхээр манай заслын ажилчдыг урвуулан авч явж компанид 10 000 000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд Б.С нь худал хэлж, гэрээний үүргээ зөрчиж манай компанид их хэмжээний хохирол учруулсан тул түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна" гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С О ХХКнь Б.Стай Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол /18062/, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 103 байр, 162 тоотод байрлах, 58.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 85 928 800 төгрөгөөр худалдахаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. Худалдан авагч нь урьдчилгаа 25 778 640 төгрөгийг төлөхөөс 16 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөрийг бүрэн төлсөн гэсэн тодорхойлолтыг Б.Ст хийж өгч байсан. Гэрээний 2-т зааснаар худалдан авагч нь орон сууцны төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж дуусгахаар заасан. Худалдагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, биелүүлээгүй ямар нэгэн үйлдэл гаргаагүй бөгөөд харин ч нэхэмжлэгч Б.Сыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг 6 cap гаруй хугацаанд хүлээж, орон сууцанд 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ямар нэгэн төлбөр авалгүйгээр амьдруулсан.

...Нэхэмжпэгч Б.Сыг гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөрөө төлөхөөр нь ажилчдынхаа цалин хөлсийг өгөхөөр тооцож байсан боловч тэрээр үлдэгдэл төлбөрөө бүтэн cap гаруйн хугацаанд хэтрүүлсэн бөгөөд энэ хугацаанд бусад газраас зээл аван ажилчдынхаа цалин хөлсийг өгч, уг авсан зээлдээ тодорхой хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлж хохирч байна. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дээрх орон сууцыг барьцаалан “Гарьд капитал" ББСБ-аас 30 000 000 зээлсэн бөгөөд тус ББСБ-д зээлийн хүүд 10 935 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 381 716 төгрөг төлсөн. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр "MSB Optimization" ХХК-иас 4 000 000 зээлсэн бөгеөд зээлийн хүүд 1 680 000 төгрөг төлсөн, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөн адил "MSB Optimization" ХХК-иас 10 000 000 төгрөгийн зээл авч зээлийн хүүнд 3 600 000 төгрөг төлсөн. Дээрх байгууллагуудад нийт 18 596 716 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлж хохирсон. Хэрэв Б.С гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол энэ зээлийг авч хохирохгүй байсан гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжпэгч Б.Саас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 18 596 716 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Би бол өөрөө тусдаа хаашаа байшинтай, хэзээ ч гарах боломжтой байсан. Хэрвээ тэр үед шалтгаанаа хэлээд гар гэсэн бол ямар ч асуудалгүй гарах боломжтой байсан. Байрыг барьцаанд тавьсан талаар надад хэлээгүй атлаа манай компани энэ байрыг барьцаанд тавьснаас болж компани алдагдал хүлээж байна гэж хэлсэн. Тэгэхлээр одоо тэр компанийн үйл ажиллагааны доголдлыг байр худалдан авах гэж байсан хүнд тохож, сөрөг нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Самбилын овоо" ХХК-иас 16 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ст олгож, нэхэмжлэгч Б.Саас 13 316 716 төгрөгийг гаргуулан хариуцагч "Самбилын овоо" ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 280 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.С-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Самбилын овоо" ХХК-иас 237 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ст олгож, хариуцагч "Самбилын овоо" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Саас улсын тэмдэгтийн хураамжид 224 534 төгрөгийг гаргуулан "Самбилын овоо" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Б.С давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч С О ХХК-д холбогдуулан 16 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 18 596 716 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

       Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгч үнийг төлөхөөс өмнө Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол, 103 байр, 162 тоотод байрлах 58.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг гэрээнд заасны дагуу урьдчилгаа 25 778 640 төгрөгийг банкинд байршуулах, үлдэгдэл төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж дуусгах үүргийг харилцан хүлээсэн болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх 5/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсанаас үүссэн хохиролтой холбогдуулан шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчид гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохирлыг нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт хангагдаагүй байхад хэрэгт авагдсан “Гарьд капитал ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/01362 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-ийндавж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН