| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00601/И |
| Дугаар | 611 |
| Огноо | 2017-11-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2017/00601/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ц.С
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн ................... оршин суух, У овогт Ц.С-ийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 05-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн зөвлөлийн даргын тушаалаар 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдөр МХЗЭ-ийн илгээлтээр “Наран” бригадад саальчнаар 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, архиваас цалингийн лавлагаанд ажилласан жил дутуу гарсан юм.
Иймд намайг 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн “Шинэ-Өрнөлт” нэгдэлд саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагч Ц.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх илгээлтээр 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэхээр хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн юм. Архиваас цалингийн лавлагаа дутуу гарсан тул 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн “Шинэ-Өрнөлт” нэгдэлд саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 1, 18 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч У овогт Ц.С нь 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Ц.С нь хөдөлмөрийн дэвтэр нь алга болсон тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.С нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч СР-........... регистрийн дугаартай, У овогт Ц.С нь 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч Ж.М-гийн: ... Миний бие 1982 оноос 1990 он хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн Баянзүрх бригадад агентаар (худалдагч) ажиллаж байсан юм. Ц.Сг бага байхаасаа сайн мэднэ. Ц.С нь 1984 онд илгээлтээр гарч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн “Наран” бригадад саальчнаар 1990 оныг хүртэл ажилласан юм......гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 тал)
2. Гэрч Л.А-ы:.....Миний бие 1973 онд илгээлтээр гарч, Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Наран бригадад 1990 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан юм. Ц.С-г бага байхаасаа сайн мэднэ. Ц.С нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Наран бригадад 1984 оноос 1990 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан юм......гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 тал)
3. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: У овогт Ц.С, 1967 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, СР-....... регистрийн дугаартай.... гэжээ. (хх-ийн 3 тал)
4. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн зөвлөлийн даргын 53 дугаартай тушаалын хуулбарт:... 1983-1984 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгсгөж, МХЗЭ-ийн илгээлтээр Хөдөө аж ахуйн үйлчилгээнд 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хувиарлагдсан хүүхдүүдийг доорх чиглэлээр томилсугай...
9 дүгээрт: Ц.С (Наран бригад)...гэжээ. (хх-ийн 5 тал)
5. №311015 дугаартай алдарт эхийн гэрчилгээний хуулбарт:.... Ц.С-г 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар зарлигаар “Алдарт Эх” 2 дугаар одонгоор шагнав.... гэжээ (хх-ийн 7 тал )
6. Хүсэлт гаргагч Ц.С-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан:.....Миний бие анх илгээлтээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажилласан юм. Миний бие одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд хөдөлмөрийн дэвтэргүй, архиваас цалингийн лавлагаа авахад зарим оны цалин гарч ирэхгүй байна. Иймд намайг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэсэн тайлбар. (хх-ийн 1, 18 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СР-..........регистрийн дугаартай, У овогт Ц.С-г Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ