Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 526

 

 

  2021        04           30                                  2021/ШЦТ/526

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч М.Отгонжаргал /цахимаар/,

Шүүгдэгч А.Ц, түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Цид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын    01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

           Холбогдсон хэргийн талаар:

 

         Шүүгдэгч А.Ц нь иргэн М.Д-ийн итгэмжилж өгсөн виза картнаас нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 05 цаг 40 минутын үед *** нутаг дэвсгэрт байдаг Хаан банкны АТМ-ээр 2.400.000 төгрөг гарган авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас иргэн М.Д-с гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-14/, хохирогч М.Д-ийн *** тоот данснаас 2019 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 05 цаг 40 минутын үед 3 удаагийн үйлдлээр 2.400.000 төгрөгийн зарлага гарсан талаарх дансны хуулга /хх-17-19/, Хаан банкнаас гаргаж ирүүлсэн телекамерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23/, хохирогч М.Д-ийн мэдүүлэг /хх-27-28/, гэрч М.Д-ийн мэдүүлэг /хх-29/, яллагдагч А.Цийн мэдүүлэг /хх-134-135/, яллагдагч А.Цийн урьд ял шийтгүүлж байсан талаарх лавлагаа /хх-40-83/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч А.Ц нь иргэн М.Д-ийн итгэмжилж өгсөн виза картнаас нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 05 цаг 40 минутын үед *** нутаг дэвсгэрт байдаг Хаан банкны АТМ-ээр 2.400.000 төгрөг гарган авч завшсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-14/,

 

Хохирогч М.Д-ийн *** тоот данснаас 2019 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 05 цаг 40 минутын үед 3 удаагийн үйлдлээр 2.400.000 төгрөгийг зарлага гарсан талаарх дансны хуулга /хх-17-19/,

 

Хаан банкнаас гаргаж ирүүлсэн телекамерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Д-ийн өгсөн “... 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А.Ц гэх зүс мэдэх залуу над руу залгаад уулзъя гээд байсан. Тухайн үед би Сансарын тэнд байх пабад найз Д-ийн хамтаар ороод байж байхад Ц над руу залгаад 22 цагийн орчимд ирсэн. Тэгээд Ц орж ирээд надаас 150.000 төгрөг байвал зээлчих гэхээр нь би за, харин чи мөнгөтэй болохоороо өгөөрэй гэж хэлээд шилжүүлэх гэхэд данс байхгүй байна гээд байсан. Тэгээд хүний 2-3 пиво уугаад байж байтал Ц руу У, Ц гэх зүс таних хоёр залуу залгаад чи Дтай хамт байгаа юм бол хүрээд ирэхгүй юу даа гэхээр нь 2019 оны 12 дугаар сарын 02-03-ны шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “***” хорооллын нэг байранд очсон. Тэднийх рүү очих замдаа гэрт нь хүүхэд байна гэхээр нь замаараа хүүхдэд нь пампарс, чихэр гэх мэт зүйл аваад би машинд үлдээд Цт өөрийнхөө банкны Виза картныхаа нууц дугаарыг хэлээд өгсөн. Тэгээд тэр айлд ороход У, Ц нар нь эхнэр хүүхдүүдтэйгээ байсан бөгөөд тэднийд ороод хоол идэх гээд захиалга өгөөд байж байтал Ц намайг чи ер нь яв яв, хүмүүс согтуу байна гэхээр нь Д-ийн хамтаар явъя гээд гараад явсан. Би Цаас картаа буцааж авалгүй мартаад явчихсан байсан бөгөөд  гэртээ очоод унтаж байтал өглөө 06 цагийн орчим миний утсанд 800.000 төгрөгийн зарлагын гүйлгээний мессеж ирсэн. Тэгэхээр нь би 800.000 төгрөг шилжүүлсэн юм байхдаа карт маань хаана байгаа билээ гэж бодоод Дамдин руу залгаад миний зарт хаана байгаа бэ гэж асуухад чи Цт өгсөн ш дээ гэж хэлсэн. Тэгээд Цийн ***  тоот дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь 12 цагийн орчимд нөгөө шөнө очдог айл руу очиход У нь эхнэрийнхээ хамтаар архи уугаад байж байсан. Ц өглөө үүрээр гараад явсан. Бид хоёр мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд шөнө Ц согтуу над руу залгаад хөгшөөн намайг уучлаарай би чамд нэг сар ажил хийгээд өгчье гэхээр нь чамтай юм ярихгүй гээд утсаа салгасан. Ц өөрөө мөнгө төгрөг авсныг хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр У, Ц хоёр надтай уулзаад Ц согтуудаа чиний картыг авчихсан гэнэ, чи уучилчаач гэх мэтээр хэлж байсан...” /хх-27-28/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Д-ийн өгсөн “...М.Д нь А.Цид өөрийнхөө “Хаан” банкны виза картыг өгөөд жоохон ойр зуурын юм авчих гээд картныхаа нууц дугаараа хэлж байсан. Тэгтэл 12 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн орчимд байх Д над руу ирээд картнаас мөнгө алга болсон байна гээд цагдаад өргөдөл өгсөн. Д картаа өгөхдөө хүүхдүүд юм авчих гэж картаа өгсөн. Тэрнээс биш мөнгө төгрөг ав гэж хэлээгүй, тэгтэл маргааш өдөр нь Д надад хэлэхдээ миний картнаас 800.000 төгрөгөөр 3 удаа авсан байна гэж хэлсэн...” /хх-29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.Цийн өгсөн “...Д надад картаа өгсөн байсан бөгөөд дэлгүүрээс юм авахад би картаар гь тооцоог нь хийсэн учир картны нууц дугаарыг мэдэж байсан. Тэгээд Цгийнд очоод дахиад архи ууж байгаад би тэднийхээс гараад *** Хаан банкны АТМ орж Д-ын картнаас 2.400.000 төгрөгийг 3 удаа хувааж авсан. Би мөнгө аваад ***н буудалд очиж ганцаараа хоноод байж байтал Ц над руу залгаад Дын картнаас мөнгө авсан байна ш дээ гэж хэлэхээр нь би Д руу залгаад уучлаарай найз нь мөнгийг чинь үрчихсэн ямар ч байсн мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд би дахиж Дтай уулзаагүй, хохирлыг өгч чадаагүй юм. Би өөрийн гэм буруугаа маш сайн ойлгож байна...” /хх-134-135/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

            Хөрөнгө завших гэм хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч А.Цийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч А.Ц нь хохирогч М.Д-д 2.400.000 төгрөгийг төлөх төлбөртэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

 

Шүүгдэгч А.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Цийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж Өршөөлийн хуулиар болон хуулийн тэгшитгэлээр ял хасагдах, багасах зэрэг байдлаар хэд хэдэн удаа суллагдсан боловч дахин гэмт хэрэгт холбогдсон гэмт зан үйлээ засаагүй, засран хүмүүжээгүй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулаагүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цид 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Ц өмнө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн боловч уг ялыг биелүүлээгүй байсан болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан эрх бүхий албан тушаалтны албан тоот, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “би Туркэд байхдаа эгчдээ торгуулийн ялд өгөөрэй гэж мөнгө шилжүүлсэн, яасныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа”...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэг нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.“...2.Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасна торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар солино гэсний дагуу өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор А.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялыг 53 хоног хорих ялаар тооцон, ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Цийн эдлэх хорих ялын нийт хугацааг 1 /нэг/ жил 5 /таван/ сар 23 /хорин гурав/ хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Ц нь энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си ди байгаа болно.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш овогт  А.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цид 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар хорих ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Ц нь өмнө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ял биелүүлээгүйгээс 15000 төгрөг тутам 1 хоногоор дүйцүүлж 53 хоног хорих ялаар тооцон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сар хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдэлбэл зохих хорих ялын нийт хэмжээг  1 /нэг/ жил 5 /таван/ сар 23 /хорин гурав/  хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цт оногдуулсан 01 жил 05 сар 23 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цийн цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ц -аас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулан хохирогч олгосугай

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг Си Диг хэрэг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Цид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА