| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 142/2014/01521/и |
| Дугаар | 01023 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 01023
| 2017 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2017/01023 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Далай ван овогтой, Төмөрхуягийн Золзаяагийн нэхэмжлэлтэй,
/Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг баг, 24 дүгээр гудамж, 11 тоотод оршин суух, регистрийн дугаар ФБ84082666/
Хариуцагч: Алаг адуу овогтой, Сэртэвсүрэнгийн Эрдэнэцогтод холбогдох,
/Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнулаг баг, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 68 тоотод түр оршин суух, регистрийн дугаар ИЭ78112776/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Алаг адуун овогтой, Сосорбурамын Сэртэвсүрэн,
/Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 43 дугаар байр, 26 тоотод оршин суух, регистрийн дугаар ИЭ48050779/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Боржигонна овогтой, Намжилдоржийн Цэцгээ,
/Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 43 дугаар байр, 26 тоотод оршин суух, регистрийн дугаар УС54111401/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сортон овогтой, Мөнгөнцоожийн Анунгоо,
/Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 43 дугаар байр, 26 тоотод оршин суух, регистрийн дугаар УП07240828/
Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 56.666.666 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Орон сууцны төлбөрт төлсөн 39.600.000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч С.Эрдэнэцогт, хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд С.Сэртэвсүрэн, Н.Цэцгээ, М.Анунгоо нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Эрдэнэцогттой 2008 онд танилцаж, бид 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулж, бидний дундаас хүү Э.Хангай 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн. С.Эрдэнэцогт бид хоёрыг анх гэр бүл болоход хадам аав, ээж хоёр банкны зээл авч, орон сууц худалдан ав гэсэн тул С.Эрдэнэцогт бид хоёр Хаан банкнаас зээл авч, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 68 тоот орон сууцыг 2009 оны 10 дугаар сард худалдан авч, уг зээлийг бид бүгдээрээ төлсөн. Ингээд бид Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 316 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.Хангайг эх Т.Золзаяагийн асрамжид үлдээсэн. Гэтэл С.Эрдэнэцогт нь уг орон сууцыг эцэг С.Сэртэвсүрэнд миний зөвшөөрөлгүйгээр худалдсан байх тул С.Сэртэвсүрэн, С.Эрдэнэцогт нарын хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Орон сууц бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, уг орон сууцны хамтран өмчлөгчөөр Т.Золзаяа, хүү Э.Хангай нарыг тогтоож, Т.Золзаяа, хүү Э.Хангай нарт ногдох хэсэг болох 56.666.666 төгрөгийг С.Эрдэнэцогтоос гаргуулж өгнө үү.
Цалингийн зээлд 2.000.000 төгрөг гаргуулах, 7452 ОРХ улсын дугаартай, Исүзү маркийн тээврийн хэрэгслээс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч С.Эрдэнэцогт шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Т.Золзаяатай 2008 онд танилцаж, гэрлэлтээ 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлуулж, бидний дундаас хүү Э.Хангай 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн. Ингээд Т.Золзаяа нь 2011 онд нүүж яваад бид гэрлэлтээ цуцлуулсан. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 68 тоот орон сууцны урьдчилгаа болон зээлийг С.Сэртэвсүрэн төлсөн бөгөөд түүний өмч тул уг орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах боломжгүй юм. С.Сэртэвсүрэн нь тэтгэвэрт байдаг учир түүнд банкнаас зээл олгохгүй байсан тул С.Эрдэнэцогт би зээлийг өөрийн нэр дээр авсан юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Харин хүү Э.Хангайг миний асрамжид үлдээж, хүүхдийн асрамжийг өөрчилж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Т.Золзаяа нь надтай хамт амьдарч байхдаа 2 удаа нууцаар миний хоёр хүүхдийг үр хөндүүлж, авахуулсан тул хүү Э.Хангайг минь хүн ёсоор өсгөхгүй нь ойлгомжтой гэв.
Гуравдагч этгээд С.Сэртэвсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Би Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 68 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлж, өмлөх эрхээ баталгаажуулж авсан. Би Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 68 тоот орон сууцыг 2009 онд худалдаж авах гэсэн боловч надад банкнаас зээл өгөхгүй байсан тул өөрийн хүү С.Эрдэнэцогтын нэр дээр зээл авч, уг мөнгийг би төлж, өөрийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бэлэглэлийн гэрээ болон хамтран өмчлөгч нэмж оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан хэдий боловч уг шаардлагаасаа татгалзаж байна. Харин С.Эрдэнэцогт, Т.Золзаяа нараас уг орон сууцанд төлсөн 39.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Золзаяагийн нэхэмжлэлтэй, С.Эрдэнэцогтод холбогдох, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 56.666.666 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Эрдэнэцогтын “хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээд С.Сэртэвсүрэнгийн “орон сууцны төлбөрт төлсөн 39.600.000 төгрөг гаргуулах тухай” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Т.Золзаяа, С.Эрдэнэцогт нар 2008 онд танилцаж, 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, шүүхийн журмаар 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 316 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ.
Уг шийдвэрийн 2 дахь заалтаар Т.Золзаяа, С.Эрдэнэцогт нарын дундаас 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Хангайг эх Т.Золзаяагийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ.
1. Маргааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 68 тоот орон сууцыг 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Орон сууц худадалдах, худалдан авах гэрээ”-ээр С.Эрдэнэцогтын өмчлөлд, 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр С.Сэртэвсүрэнгийн өмчлөлд, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл”-ээр Н.Цэцгээ, М.Анунгоо, С.Сэртэвсүрэн нарын өмчлөлд, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр Э.Батзаяагийн өмчлөлд тус тус шилжсэн болох нь Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 455 дугаар албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдсон болно.
Нэхэмжлэгч Т.Золзаяагийн “...С.Эрдэнэцогт бид хоёр гэр бүл болохдоо Хаан банкнаас зээл авч, 2009 оны 10 дугаар сард Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 68 тоот орон сууцыг худалдан авч, амьдарч байсан” гэсэн тайлбар, хариуцагч С.Эрдэнэцогтын “...Хаан банкны зээлээр уг орон сууцыг 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдөр худалдан авсан. Гэхдээ миний эцэг надаар зээл авахуулж, уг орон сууцны төлбөрийг төлсөн тул С.Сэртэвсүрэнгийн өмч” гэсэн тайлбар, Хаан банк, С.Эрдэнэцогтын нарын хооронд 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”-д зээлдэгч гэсэн хэсэгт Т.Золзаяагийн гарын үсэг зурагдсан байдал зэргийг үндэслэн, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 3.1.4, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна” гэж заасны дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 68 тоот орон сууц нь нөхөр С.Эрдэнэцогт, эхнэр Т.Золзаяа, хүү Э.Хангай нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байсан гэж дүгнэхээр байна.
Уг орон сууц нь хариуцагч С.Эрдэнэцогтын хуваарьт хөрөнгө болох нь, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Сэртэвсүрэнгийн хүсэлтээр С.Эрдэнэцогт орон сууцыг худалдан авахаар банкнаас зээл авсан, банкнаас авсан зээлийн үүргийг С.Сэртэвсүрэн гүйцэтгэсэн, төлбөрийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болохыг дурдав.
С.Эрдэнэцогт нь уг орон сууцны өмчлөх эрхийг С.Сэртэвсүрэнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, С.Сэртэвсүрэн нь орон сууцыг бусдад гэрээ, хэлцлээр шилжүүлсэн байдлыг харгалзан, нэхэмжлэгч Т.Золзаяагийн “...орон сууцнаас ногдох хэсэг болох 56.666.666 төгрөгийг хүү Э.Хангай, Т.Золзаяа бид хоёрт олгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан Т.Золзаяа, С.Эрдэнэцогт нар гэрлэлтээ цуцлуулсан байх тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 68 тоот орон сууцнаас Т.Золзаяа, хүү Э.Хангай нарт ногдох хэсгийг С.Эрдэнэцогтоос гаргуулах олгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд “Хөрөнгийн үнэлгээ, төслийн лэндс” ХХК-ийн Орхон салбарын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2015/29747 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 68 тоот 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ 2016 оны байдлаар 61.882.739 төгрөг байна” гэснийг үндэслэн 61.882.739 төгрөгийг 3 хуваасны 2 хувь буюу 41.255.159 төгрөгийг хариуцагч С.Эрдэнэцогтоос гаргуулан нэхэмжлэгч Т.Золзаяа, түүний асрамжид байгаа хүү Э.Хангай нарт олгож, “...56.666.666 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.411.507 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
С.Эрдэнэцогт, С.Сэртэвсүрэн нар харилцан тохиролцож, 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 68 тоот орон сууцны өмчлөх эрхийг С.Сэртэвсүрэнд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасантай нийцсэн байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн “...миний зөвшөөрөлгүйгээр 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ хийснийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Мөн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 68 тоот орон сууц нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр Э.Батзаяагийн өмчлөлд шилжсэн болох нь Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 455 дугаар албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдсон тул уг орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Т.Золзаяа, түүний асрамжид байгаа хүү Э.Хангай нарыг тогтоох боломжгүй тул “...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.
2. Хариуцагч С.Эрдэнэцогтын “...хүү Э.Хангайг миний асрамжид үлдээж, хүүхдийн асрамжийг өөрчилж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 316 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр “...2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Хангайг эх Т.Золзаяагийн асрамжид үлдээсүгэй” гэж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч С.Эрдэнэцогтын “...Т.Золзаяа нь надтай хамт амьдарч байхдаа 2 удаа нууцаар үр хөндүүлсэн тул хүү Э.Хангайг минь хүн ёсоор өсгөхгүй нь ойлгомжтой, хүүг өөрийн асрамжид авснаар их мөнгө ногдуулж авах гэсэн санаатай байна” гэсэн тайлбарыг үндэслэн шүүхээс хүүхдийн асрамжийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй болно.
3. Гуравдагч этгээд С.Сэртэвсүрэнгийн “...орон сууцны төлбөрт төлсөн 39.600.000 төгрөгийг С.Эрдэнэцогт, Т.Золзаяа нараас гаргуулах” тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
С.Эрдэнэцогт, С.Сэртэвсүрэн нар харилцан тохиролцож, 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр бэлэглэгч С.Эрдэнэцогт нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 68 тоот орон сууцыг бэлэг хүлээн авагч С.Сэртэвсүрэнгийн зөвшөөрлөөр түүний өмчлөлд шилжүүлж, талуудын хооронд хариу төлбөргүй хэлцэл байгуулагдсан ба С.Сэртэвсүрэн нь С.Эрдэнэцогт, Т.Золзаяа нарын өмнөөс орон сууцны төлбөр төлөх үүрэг хүлээсэн болох нь нотлогдоогүй бөгөөд гуравдагч этгээд “...орон сууцны төлбөрт төлсөн 39.600.000 төгрөг гаргуулах” тухай бие даасан шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлож чадаагүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.3, 276 дугаар зүйлийн 276.1-д заасныг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 68 тоот орон сууцнаас Т.Золзаяа, хүү Э.Хангай нарт ногдох хэсэг болох 41.255.159 төгрөгийг хариуцагч С.Эрдэнэцогтоос гаргуулан нэхэмжлэгч Т.Золзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.411.507 төгрөг, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан хариуцагч С.Эрдэнэцогтын “...хүүхдийн асрамж өөрчлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд С.Сэртэвсүрэнгийн “...орон сууцны төлбөрт төлсөн 39.600.000 төгрөг гаргуулах тухай” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.Золзаяа “...цалингийн зээлд 2.000.000 төгрөг гаргуулах, 7452 ОРХ улсын дугаартай, Исүзү маркийн тээврийн хэрэгслээс ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа, гуравдагч этгээд С.Сэртэвсүрэн “...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бэлэглэлийн гэрээ болон хамтран өмчлөгч нэмж оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай” бие даасан шаардлагаасаа тус тус татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.3, 276 дугаар зүйлийн 276.1-д заасныг баримтлан хариуцагч С.Эрдэнэцогтоос 41.255.159 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Золзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.411.507 төгрөг, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасныг баримтлан хариуцагч С.Эрдэнэцогтын “...хүүхдийн асрамж өөрчлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд С.Сэртэвсүрэнгийн “...орон сууцны төлбөрт төлсөн 39.600.000 төгрөг гаргуулах тухай” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Золзаяагийн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 326.950 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 152.110 төгрөг, 102.930 төгрөг, 102.630 төгрөгийг, мөн хариуцагч С.Эрдэнэцогтын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Сэртэвсүрэнгийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 355.950 төгрөг, С.Сэртэвсүрэнгийн /өмнөөс С.Эрдэнэцогтын төлсөн/ 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 75.000 төгрөг, 252.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Сэртэвсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 327.950 төгрөгийг төрийн сангийн 210000941 дүгээр данснаас буцаан олгож, хариуцагч С.Эрдэнэцогтоос улсын тэмдэгтийн хураамжид 364.225 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Золзаяад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД