Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 612

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 156/2017/00606/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам

Хүсэлт гаргагч Д.Д нар оролцов.

Хэнтий аймгийн .....................тоотод оршин суух, Х овогт Д.Д-ын “Б.Э-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох”  хүсэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 06-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Б. Э-тай 2007 оноос хамтран амьдарч, хүү Ө 2009 оны 10 дугаар сарын 05-нд, хүү Ө 2012 оны 08 дугаар сарын 30-нд бидний дундаас төрсөн. Миний бие өмнө нь Э.Г-той 1996 онд гэрлэлтээ батлуулж байсан тул хоёр хүүгээ өөрийн нэрээр овоглосон юм. Энхбат маань 2017 оны 09 сарын 22-ны өдөр авто тээврийн ослын улмаас нас барсан. Хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авах шаардлагатай байгаа тул Б.Э-тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)

 

Хүсэлт гаргагч Д.Д нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э-тай 2004 онд танилцаж, 2007 онд хамт нэг гэрт орж амьдарсан. Улмаар 2009 оны 10 дугаар сарын 05-нд хүү Ө, 2012 оны 07 сарын 29-нд хүү Ө нар төрсөн. Бидний хамтын амьдрал 10-аад жил үргэлжилсэн. 2017 оны 09 сарын 22-нд Б.Э маань нас барсан. Өмнө нь миний бие Э.Г-той амьдарч байсан. Гэрлэлтийн баталгаагаа салгуулаагүй байсан тул хоёр хүүхдээ өөрийн нэрээр овоглосон юм. Иймд Э-тай хамтын амьдралтай байсныг болон хүү Д.Ө, Д.Ө нарын эцэг нь Б.Э мөн болохыг тогтоож өгнө үү гэв. (хх-ийн 30 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Д.Д нь иргэн Б.Э-тай хамтын амьдралтай байсныг болон хүү Д.Ө, Д.Ө нарын эцэг нь Б.Э мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Д.Д хамтран амьдарч байсан Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр авто тээврийн ослоор нас барсан тул хүү Д.Ө, Д.Өб нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэст ханджээ. 

Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь хүсэлт гаргагчийг шүүхээр Б.Э-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн байна.

 

Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасны дагуу хүү Д.Ө, Д.Өб нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох боломжгүй болжээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч нь Б.Э-тай хамтын амьдралтай байсныг болон насанд хүрээгүй хүү Д.Ө, Д.Өб нарын эцэг нь Б.Э мөн болохыг тогтоолгох эрхтэй байна. 

 

Хүсэлт гаргагч СР-......... регистрийн дугаартай, Х овогт Д.Д нь СЮ-......... регистрийн дугаартай, Б овогт Б.Э-тай 2007 оноос 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч эр, эмийн харьцаатай байж 2009 оны 10 дугаар сарын 05-ний өдөр хүү Д.Ө, 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүү Д.Ө нарыг төрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

1. Гэрч Д.Н:....Би Д.Д-ыг хүүхэд байхаас нь мэднэ. Д.Д, Э нар нь 2004 онд танилцсан, 2007 оноос хамтран амьдарсан юм. 2009 онд хүү Өнөбат, 2013 онд хүү Өнөболд нарыг төрүүлсэн. Д.Д, Э нар нь манай аав Д-ийн хашаа болох Өмнөдэлгэр сумын .................... нутагт гэр барьж амьдарсан. Э нь 2017 оны 09 дүгээр сард авто тээврийн ослоор нас барсан юм. Д.Д нь өмнө нь нөхөртэй байсан. Өмнөх нөхрөөсөө гэрлэлтийн баталгаагаа салгуулаагүй байсан учраас хүүхдүүдээ өөрийн нэрээр овоглосон. Э нь манай аавын хашаа байшинг өвлөж авсан бөгөөд Д.Д одоог хүртэл тэнд амьдарч байгаа гэсэн мэдүүлэг. (хх-ийн 33-34 тал)

2. Гэрч Д.Д-ын:.........Д.Д, Э нар нь 2004 оноос үерхэж 2007 оноос хамтран амьдарч эхэлсэн юм.  2009 онд хүү Ө, 2012 онд хүү Өб нарыг төрүүлсэн. Манай дүү Д.Д нь урьд нь нөхөр, хоёр хүүхэдтэй байсан. Өмнөх нөхөр Г-оос гэрлэлтийн баталгаагаа салгуулаагүй байсан учраас хоёр хүүхдээ өөрийнхөө нэрээр овоглосон юм. Одоо 4 хүүхдийн ээж юм. Хамтран амьдарч байсан Энхбат нь 2017 оны 09 сард авто ослоор нас барсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 35 тал)

3. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн засаг дарга Э.Б-ын тодорхойлолтод: ... Д овогтой Д нь 2007 оноос хойш Б овогтой Э-тай хамтран амьдарч байсан нь үнэн болно гэжээ.  (хх-ийн 7 тал)

4. № 0296313/87 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарт: Д-ын Ө, 2009 оны 10 дугаар сарын 05-ны  өдөр төрсөн, СР-............. регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 12 тал)

5. № 0000813036/73 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарт: Д-н Ө, 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, СР-...........регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 13 тал)

6. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Х овогт Д.Д СР-............ регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 4 тал)

7. Хүсэлт гаргагч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан:.. Би талийгаач Б.Э-тай 2007 оноос 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Д.Ө, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүү Д.Ө төрсөн. Б.Э автын осолд орж нас барсан. Нийгмийн даатгалын газраас шүүхээр хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн учраас би шүүхэд хүсэлт гаргасан. Миний бие Б.Э-тай хамт амьдрахаасаа өмнө Г гэдэг хүнтэй хамт амьдарч, гэрлэлтийн баталгаагаа салгаагүй байснаасаа болж Э-тай гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Хүүхдүүд маань 12 настай, 5 настай. Том хүү маань 3 дугаар анги, бага нь цэцэрлэгт явдаг юм. Иймд хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох болсон тул намайг талийгаач Б.Энхбаттай хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү  гэсэн тайлбар... (хх-ийн 1, 30 тал) 

8. Улсын бүртгэлийн № 0000200074  дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбарт:...Б овогт Б-ын Э 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  нас барсныг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгов гэжээ.  (хх-ийн 16 тал) зэрэг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч СР-.......... регистрийн дугаартай, Х овогт Д.Д нь СЮ-............. регистрийн дугаартай, Б овогт Б.Э-тай 2007 оноос 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг сэргээн тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан насанд хүрээгүй, 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Д.Ө, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Д.Өб нарын эцэг нь Б.Э мөн болохыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ЦЭРЭНДУЛАМ