Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 643

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00612/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О

Нарийн бичгийн дарга: А.Уламбаяр оролцов.

Хэнтий аймгийн ............... оршин суух, Ш овогт Д.М-ын “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 11-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие 1976 оноос 1979 он хүртэл Дорноговь аймгийн сулин хээрийн заставт цэргийн алба хааж ирээд Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн 1 дүгээр бригадад тэмээ, адуу зэрэг мал маллаж 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан юм. Одоо 60 настай өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, малчнаар томилогдож, чөлөөлөгдсөн тушаал архиваас олдохгүй байна. 

Иймд Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн 1 дүгээр бригадад 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь 1976 оноос 1979 он хүртэл Дорноговь аймгийн сулин хээрийн заставт цэргийн алба хаасан. 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд  Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн 1 дүгээр бригадад тэмээ, адуу зэрэг мал маллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, малчнаар томилогдож, чөлөөлөгдсөн тушаал архиваас олдохгүй байна. 

Иймд Д.М-ыг Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн 1 дүгээр бригадад 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй малчнаар ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв. (хх-ийн 1, 16 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ш овогт Д.М нь 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Хүсэлт гаргагч Д.М-ын хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.М нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.

Хүсэлт гаргагч СЖ-........... регистрийн дугаартай, Ш овогт Д.М нь 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

1. Гэрч Т.Ц-ны: ... Миний бие Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд 1979 оноос 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан юм... Д.М бид хоёр нэг ангийн хүүхдүүд байсан. Д.М бид хоёр 1973 онд хамт нэг нэгдэлд томилогдож байсан... Д.М нь 1973 оноос Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн 1 дүгээр бригадад тэмээчнээр ажиллаж байсан. Одоо болтол мал маллаж амьдардаг юм......гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 тал)

2. Гэрч С.М-ын:.....Миний бие 1974 оноос 1990 он хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж  байсан юм. Д.М-ын бага байхаасаа сайн мэднэ... Д.М нь 1976 оноос 1979 он хүртэл цэргийн алба хаасан... 1979 оноос 1990 он хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн 1 дүгээр бригадад адуучин, тэмээчнээр ажиллаж байсан юм......гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 тал)

3. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Ш овогт Д.М, 1957 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, СЖ-............. регистрийн дугаартай.... гэжээ. (хх-ийн 8 тал)

4. Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн даргын 36 дугаартай тушаалын хуулбарт:...1973 оны Биндэр сумын 10 жилийн дунд сургуулиас тус нэгдэлд хуваарилагдаж ирсэн эвлэлийн илгээлтийн эздийг бригадуудад хуваарлах тухай. 1973 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хуваарилагдсан хүүхдүүдийг доорх чиглэлээр томилсугай...

9 дүгээрт: Д.М (Баянгол бригад)...гэжээ. (хх-ийн 9 тал)

5. Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолтын хуулбарт:.... Д.М 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цалин авч байсан бичилт байна. (хх-ийн 4 тал )

6. 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:.....1982 оны 7 сараас 10 сар, 12 сар 1983 оны 1-11 сар, 1984 оны 5 сар, 7-12 сараас 1989 оны 12 сар хүртэл бичилт хийсэн...гэжээ. (хх-ийн 5, 6, 7 тал)

7. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан: Д.М нь 1976 оноос 1979 он хүртэл Дорноговь аймгийн сулин хээрийн заставт цэргийн алба хаасан. 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд  Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн 1 дүгээр бригадад тэмээ, адуу зэрэг мал маллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, малчнаар томилогдож, чөлөөлөгдсөн тушаал архиваас олдохгүй байна. 

Иймд Д.М-ыг Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн 1 дүгээр бригадад 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй малчнаар ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв. (хх-ийн 1, 16 тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Д.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх нотлох баримт нь хэрэгт байхгүй, энэ талаарх бичгийн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЖ-.......... регистрийн дугаартай, Ш овогт  Д.М-ыг 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож,  нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ