Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Ш.******* Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******, Б.******* нарт холбогдох 1823000280028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , хүүхдийн хамт Завхан аймгийн сумын баг тоотод оршин суудаг, урьд өмнө 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сум дундын 12 дугаар шүүхийн 41 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар оногдуулж хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******, Регистрийн дугаар: *******, Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, сумын засаг даргын тамгын газарт иргэдийн хурлын дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын баг тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******, Регистрийн дугаар: , Б.******* нь иргэн Ш.*******ын зүүн гарын булчингийн хэсэг, зүүн хавирган тус газар хутгаар хатгасан, шилэн хүзүү орчим хүрзээр нэг удаа цохиж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулах, Ш. нь иргэн Б.*******ийн толгойн тус газар нь чулуугаар нэг удаа цохиж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулах буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн сумын багийн тоот хашаанд иргэн Ш.*******тай маргалдаж улмаар түүний зүүн гарын булчингийн хэсэг, зүүн хавирган тус газар хутгаар хатгасан, шилэн хүзүү орчим хүрзээр цохисон хэргийн үйл баримт нь Хохирогч Ш.*******ын “...ширээн дээрээ байсан бор иштэй хутга барьж аван миний урдаас чичлээд зүүн гарын булчингийн хэсэг, зүүн хавирган тус газар хатгасан тэгэхээр нь халуун савтай цайг бариад автал Ц.*******, *******ийг, та одоо болиоч гээд бариад авсан юм. Тэгээд Ц.******* бид 2 гэрээс гарах гэтэл ******* араас гарч ирээд бид 2 ахиж барьцалдан автал С.******* намайг салгаад явах гэтэл ******* хүрзээр намайг толгой болон ууц, нуруун тус газар 2,3 удаа цохисон. ...Зүүн талын гарын булчин, зүүн талын хавирганы хэсэгт хутгаар бага зэрэг зүсэгдсэн байсан. Мөн зүүн талын шанааны хэсэг хүрзээр цохиулсны улмаас болж хавдсан, тархи хөдөлсөн байсан. Гомдолтой байна нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр Шүүгдэгч Ш.******* нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн сумын багийн тоот хашаанд иргэн Б.*******ийн толгойн тус газар нь чулуугаар цохисон хэргийн үйл баримт нь Хохирогч Б.*******ийн “...2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед А.*******, С.*******тай хамт сумын гудмаар явж байтал урдаас аксент маркийн автомашиныг Ш.******* жолоодож ирээд зогс гэхээр нь зогсолгүй тойрч гараад гэртээ ирээд зогсож байтал Ш.*******, *******, ******* нартай муудалцаад байгаа бололтой болохоор нь яваад очтол чи яасан зогсдоггүй том пизда вэ гэхээр нь чамд зогсож яадаг юм гээд гэртээ ортол хойноос Ш. орж ирээд хэрүүл үүсгээд байхаар нь би ширээн дээр байсан халбагаар 2 удаа цохисон. Тэгтэл Ш. гэрт байсан халуун савтай цайг бариад автал манай 3 настай хүүхэд уйлтал *******, *******ыг аваад гарсан тэгэхээр нь уур хүрээд хойноос нь гараад хүрз аван хүрзээр *******ыг цохих гэтэл цохиж чадаагүй. Тэгтэл ******* машинаа асаагаад явснаа буцаж ирээд над руу дайран намайг заамдан аваад бид 2 ноцолдож байтал Ш. чулуугаар толгойн тус газар цохисон мөн намайг 1, 2 удаа өшиглөсөн. Тэгтэл С.*******, Ц.******* нар салгаад аваад явсан. Чулуугаар цохиулсны улмаас толгойноос их хэмжээний цус гарч сумын ******* эмчид үзүүлсэн. Хуулийн дагуу арга хэмжээ авахыг хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр, Б.*******, Ш.******* нарыг маргалдсан талаар мэдүүлсэн гэрч Ц.*******ийн “...*******, ******* нар муудалцаад байсан. ...*******ын урдаас хутга бариад зүүн талын гар, зүүн талын хавирга руу нь 2 удаа хатгасан юм. ...тэгээд *******, ******* хоёр хоорондоо маргалдаж байгаад ******* хүрз аван ...шилэн хүзүү тус газар нэг удаа цохихоор нь хүрзийг салгаж авсан. Тэгээд ******* чулуу аван *******ийн толгой тус газар нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, Гэрч А.*******ын “...******* гэрээсээ гарч ирээд хүрз аван ******* руу дайран шилэн хүзүүн тус газар нь хүрзнийхээ хавтгай хэсгээр нь нэг удаа цохихоор нь ******* ахыг бариад авсан. ...Ц.*******, Ш.******* бид 3 юм яриад зогсож байтал гэв гэнэт Ш.******* чулуу барьж аван Б.******* ахын толгойн тус газар нь цохисон юм...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ш.*******ын үйлдлийн улмаас хохирогч Б.*******ийн биед хөнгөн гэмтэл учирсан нь шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 201820067 дугаартай “Иргэн Б.*******ийн биед Дагзны зүүн ар талд шарх гэмтэл тогтоогдлоо. гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт болон гэрч Б.*******ын “... 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим Б.******* гэдэг хүн хүнд зодуулсан байна гэхээр нь ...ортол Б.*******ийн толгойн хэсгээс цус гарсан бололтой байсан. Тэгээд үзэхэд биеийн ерөнхий байдал нь дунд Б.*******ийн толгойн хэсгийн дагзны хэсэгт гадаргуугаас овоосон 1х1.5 орчим зүсэгдсэн шархтай бага зэргийн цус гарсан байдалтай толгой доргисон шинжтэй байхаар нь эмнэлэг оруулж цусыг угаагаад оёо тавих уу гэтэл зүгээр гээд тавиулаагүй юм...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Ш.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан нь шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 201820073 дугаартай “Иргэн Ш.*******ын биед тархи доргилт, зүүн бугалганд шарх, хэвлийн зүүн доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 452 дугаартай “Иргэн Ш.*******ын биед тархи доргилт, зүүн бугалганд шарх, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтүүдээр тогтоогджээ. Гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Түүнчлэн шүүгдэгч Ш.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байна. Харин шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хохирогч *******ыг би хутгаар хатгаагүй халбага, сэрээгээр ширвэсэн, өмнө нь ******* өөр хэн нэгэнтэй зодолдож энэ гэмтлийг авсан байхыг үгүйсгэхгүй түүний биед учирсан гэмтэл миний үйлдлээс болсон эсэх нь эргэлзээтэй надад гэм буруу байхгүй” гэж маргаж байгаа боловч түүний энэ дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь хохирогч Ш.*******ыг хутгаар хатгасныг гэрч Ц.*******ийн мөрдөн байцаалтын шатанд “******* ... Ш.*******ын урдаас хутга бариад зүүн талын гар, зүүн талын хавирга руу нь 2 удаа хатгасан юм...” гэж шууд заан мэдүүлсэн мэдүүлэг нотолдог бөгөөд гэрчийн энэ мэдүүлгийг хохирогчийн мэдүүлэг давхар нотолж байна. Шүүгдэгч Б.*******ийн энэ үйлдлийн улмаас хохирогч Ш.*******ын зүүн бугалганд үүссэн шарх, хэвлийн зүүн доор үүссэн зулгаралт нь хутганы үйлчлэлээр үүссэн гэдгийг шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 201820073 тоот болон 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 452 тоот дүгнэлтэнд “Ш.*******ын биед үүссэн гэмтэл нь ...иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлтүүд, сумын Эрүүл мэндийн төвийн эмч Б.*******ын гэрчээр өгсөн “...******* хутгалуулчихлаа гээд ирэхээр нь үзэхэд зүүн талын бугалганы гадна хэсэгт 2см урт орчим, гүн нь 0,2 мм орчим шархтай зүүн талын хавирганы орчим 3см орчим арьс зулгарсан, зүүн чамархай дээр овоосон байсан” гэсэн мэдүүлэг нотолж байна. Түүнчлэн Б.*******тэй маргалдаж зодуулахаасаа өмнө Ш.******* биедээ ямар нэгэн шарх гэмтэл аваагүй байсан, Б.*******тэй маргалдаж зодолдсоны дараа сумын хүн эмнэлгийн салбарт үзүүлсэн зэрэг байдалд дүгнэлт хийхэд Б.*******ийн үйлдлийн улмаас Ш.*******д гэмтэл учруулсан нь хангалттай нотлогдож байна. Ийнхүү түүний “Ш.*******ыг би хутгаар хатгаагүй халбага сэрээгээр ширвэсэн, өмнө нь ******* өөр хэн нэгэнтэй зодолдож энэ гэмтлийг авсан...” гэсэн дүгнэлт няцаагдаж байна. Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь “Ш.*******аас өөрийгөө болон хүүхдүүддээ хамгаалах зорилгоор энэ үйлдлүүдийг хийсэн өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа ч хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Б.******* нь Ш.*******ын хууль бус идэвхтэй, тулгарсан довтолгооны улмаас өөрийн болон ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, учруулж болзошгүй аюулын эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.*******ийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.*******ийн дээрхи үйлдэл Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн зүйлчлэл тохирсон гэж үзлээ. Иймд шүүгдэгч Ш.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Ш.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Ш.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ. Шүүхийн шатанд улсын яллагчаас гаргаж өгсөн эд мөрийн баримтаар тооцуулсан дуу, дүрсний бичлэгүүдийг шүүх хуралдаанд шинжлэн судлахад уг бичлэгийн дүрс нь шаардлага хангахгүй, хүмүүсийн дүрс нь хэн хэн болох нь тодорхой танигдахгүй байна. Мөн бичлэгт буй хүмүүсийн үйл хөдлөл тодорхой харагдахгүй, хэн ямар үйлдэл хийж байгаа нь ойлгомжгүй, эдгээр хүмүүсийг хэргийн оролцогчид буюу шүүгдэгч Б.*******, Ш.******* болон гэрчүүд мөн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Ийнхүү дуу, дүрсний бичлэгийг энэ хэрэгт хамааралтай, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.20 см урттай модон иштэй төмөр толгойтой хүрз 1 ширхэгийг Б.*******өд буцаан олгож, 1 кг 560 гр байгалийн чулуу 1 ширхэгийг устгаж, 2 ширхэг СД-г хэрэгт хавсаргах нь зүйтэй. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй нэхэмжлэх зүйлгүй учир тэдний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт гийн *******, овогт ын ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Шүүгдэгч Б.*******, Ш.******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******, Ш.******* нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.20 см урттай модон иштэй төмөр толгойтой хүрз 1 ширхэгийг Б.*******өд буцаан олгож, 1кг 560 гр байгалийн чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

6. Шүүгдэгч Б.*******, Ш.******* нарт 2018 оны 03 дугаар сарын 26- ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ш.*******ын хувьд ногдох эд хөрөнгөнөөс 400000 төгрөгний үнэ бүхий “Samsung galaxy s6” маркийн гар утас, шүүгдэгч Б.*******ийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 400000 төгрөгний үнэ бүхий “Samsung galaxy е5” маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА