Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 020/2014/0533/З |
Дугаар | 221/МА2015/0148 |
Огноо | 2015-03-25 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2015/0148
2015 оны 3 сарын 25 өдөр Дугаар 221/МА2015/0148
СЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Ү.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч У.М, М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, СЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй ЧГДТХ-ийн татварын улсын байцаагч У.М , М.Г нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СЗ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тухайн үед манай компани нь үйл ажиллагаандаа зориулж бараа материал худалдан авч байсан нь үнэн. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бэлтгэн нийлүүлэгчээс бараа материалаа худалдан авдаг байсан боловч зарим нэг компанид хууртагдсан... Иймд, ЧГДТХ-ийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3527** тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3527** тоот улсын байцаагчийн актаас Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн а, б дэх заалтыг болон г хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Иймд, татварын улсын байцаагчийн актаас нийт 28,023,400 төгрөгийг хасаж тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ЧГДТХ-ийн татварын улсын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг
дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй.
А. 2010 онд 38006,9 мянган төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт заасныг;
Б. 2010 онд 38006,9 мянган төгрөг, 2011 онд 24392,4 мянган төгрөг, нийт 62400 хөдөлмөрийн хөлс, цалинг гэрээт, туслах ажилчдад олгосон орлогоос хувь хүний орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.4, 24.1, 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг;
Г. 2011 онд В ХХК-аас 107272,7 мянган төгрөгийн, 2012 онд Дархан наран сүлд ХХК-аас 72727,3 мянган төгрөгийн хий бичилттэй падаанаар аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлого бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул хариуцлага ногдуулсан акт тогтоосон.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, ЧГДТХ-ийн татварын улсын байцаагч У.М , М.Г нарын 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3527** дугаартай актын тогтоох хэсгийн нэгийн а, б хэсгүүдийг хүчингүй болгож, актаар тавигдсан үнийн дүнгээс 10.412.900 /арван сая дөрвөн зуун арван хоёр мянга есөн зуу/ төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: ЧГДТХ-ийн улсын байцаагч У.М , М.Г нар нь Татварын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Хяналт шалгалт хийх ажлын удирдамж-ийн дагуу хяналт шалгалт хийх байсан. Уг удирдамжийн дагуу татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг зөвхөн нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулалт, уг албан татварыг төсөвт төлөх, төсвөөс буцаан олгохтой холбогдон үүсэх харилцааны хүрээнд явуулах үүрэгтэй.
Гэтэл татварын улсын байцаагчид эрх мэдлээ хэтрүүлэн СЗ ХХК-ийн 2010-2012 онуудад татвар ногдуулалт, төлөлтөд шалгалт хийгээд 426707,7 мянган төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж дүгнэн 36622,5 мянган төгрөгийн нөхөн татвар, 10900,7 мянган төгрөгийн торгууль, 8164,9 мянган төгрөгийн алданги, нийт 55688,1 мянган төгрөгийн төлбөрийг хариуцуулан төлүүлэхээр 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3527** тоот актыг тогтоосон.
СЗ ХХК нь 3527** тоот актаар тогтоогдсон төлбөрийн зарим хэсгийг төлөх үндэслэлгүй болохоо тайлбарлаж, Нийслэлийн болон Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч уг зөвлөл татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөрийг өөрчлөхгүйгээр баталсан. Бид шүүхэд хандан 3527** тоот татварын улсын байцаагчийн актын тодорхойлох хэсгийн нэгийн а, б, г хэсгүүдийг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт уг актын а, б хэсгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Актын тодорхойлох хэсгийн нэгийн г, д хэсгүүд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой нөхөн татвар, алданги, торгууль юм. Гэтэл шүүхийн шийдвэрт актын г заалтын талаар нэмэгдсэн өртөгийн албан татвартай холбож тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь, В ХХК-аас хий бичилттэй нэмэгдсэн өртөгийн албан татварын падаан авч ашигласан зөрчлийг татварын улсын байцаагчийн актын тодорхойлох хэсгийн нэгийн в хэсэгт заасан. Бид энэ хэсгийг хүлээн зөвшөөрч нэмэгдсэн өртөгийн албан татварыг нөхөн төлөх болно. Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг үндэслэн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо компани үйл ажиллагааны орлого олсон бол түүнтэй холбогдон гарсан зардлыг хасаж тооцохыг заажээ.
СЗ ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 27-нд Оюу-Толгой ХХК-тай Замын тэмдэг, бусад төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээ байгуулж, 191751,1 мянган төгрөгийн орлого олсон ба түүнтэй холбогдон гарсан зардал нь БНХАУ-аас 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 30100,0 мянган төгрөгийн, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 19040,0 мянган төгрөгийн, 2011 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 4720,0 мянган төгрөгийн, 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 26400,0 мянган төгрөгийн, 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 27548,8 мянган төгрөгийн, нийт 107808,8 мянган төгрөгийн замын тэмдэглэгээний худалдан авалт юм. Иймд, татварын улсын байцаагчийн 3527** тоот актын тодорхойлох хэсгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой г заалтыг буюу шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
1. Шүүх татварын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3527** дугаартай актын Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн А, Б заалтыг Хяналт шалгалт хийх удирдамжид заагдаагүй хяналт шалгалтыг хийж, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дүгнээд хүчингүй болгосон нь буруу байна.
Учир нь, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Хяналт шалгалт хийх ажлын удирдамж-ийн Хяналт шалгалтын ажлын зорилго гэсэн Нэг дэх хэсгийн 1.1-д ...2010, 2011, 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд ...хэсэгчилсэн, шаардлагатай гэж үзвэл иж бүрэн шалгалт хийж, зөрчил дутагдлыг илрүүлэн арилгуулах, хариуцлага хүлээлгэх, Татварын ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөн хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхэд оршино гэж тодорхойлсон байна.
Үүнээс үзэхэд татварын улсын байцаагч нар нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийхээс гадна шаардлагатай гэж үзвэл иж бүрэн шалгалтыг хийх үүрэгтэй байжээ. Татварын улсын байцаагч нар СЗ ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгах явцдаа Хувь хүний орлогын албан татвар болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулалт, төлөлтийн тухайд тодорхой зөрчил илрүүлсэнийг хууль зөрчиж зөрчил илрүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх Хяналт шалгалт хийх ажлын удирдамж гэсэн нотлох баримтыг буруу үнэлсэнээс гадна Татварын хяналт шалгалт хийх томилолт гэсэн баримтыг үнэлээгүй нь буруу байна.
2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас маргаан бүхий актын Нэг дэх хэсгийн Б заалттай холбогдуулан 2010 хүнд цалин олгосноос 10 хүн 70.000 төгрөгөөс бага цалинтай, 49 хүн Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан хөнгөлөлт эдлэх боломжтой, ...2011 онд 37 хүнд 525.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэж маргасан байна.
Иймд, тухайн актын тооцоололыг шалгах шаардлагатай.
3. Мөн тухайн татварын байцаагчийн актын Нэг дэх хэсгийн В хэсэгт 2011 онд В ХХК-аас 009770422 тоот падаанаар, 2012 онд Дархан наран сүлд ХХК нь 0012371865 тоот ...хий бичилттэй падаанаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 18.000.000 төгрөгийн нөхөн татвар, 5.400.000 мянган төгрөгийн торгууль, 2.618.100 төгрөгийн алданги гэж заасан байхад, уг актын Г хэсэгт мөн адил 2011 онд В ХХК-аас хий бичилттэй падаанаар ...аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бууруулсан зөрчилд 10.727.300 төгрөгийн нөхөн татвар, 3.218.300 төгрөгийн торгууль, 2.293.200 төгрөгийн алданги тус тус ногдуулах гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, 2011 онд В ХХК-аас хий бичилттэй падаанаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бууруулсан зөрчилд 2 дахин хариуцлага ногдуулсан, харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар хариуцлага ногдуулаагүй мэт ойлгогдож байна. Дээрх байдлыг шүүх шалган тогтоох шаардлагатай.
4. Түүнчлэн шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч актын Тогтоох хэсгийн В нь нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсгийг бид хүлээн зөвшөөрч байгаа, төлж барагдуулна, харин Г хэсэг нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой хэсэг гэж тайлбарлаж байгаа бөгөөд дээрх тайлбарыг нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч талууд энэ талаар маргахгүй байна.
Гэтэл шүүх актын В болон Г хэсгийн аль нь нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой, аль нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой болохыг тогтоогоогүй, тухайлбал В хэсэг нь нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсэг бид хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн агуулгатай тайлбарыг хариуцагч тал гаргасаар байхад Г хэсгийг нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсэг гэж дүгнээд төлөх ёстой гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР