Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

хохирогч А.Содгэрэл

хохирогчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх 0984/

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх 2202/

Шүүгдэгч П.Сайханбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Пүрэвдоржийн Сайханбаярт холбогдох 201519000452 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Өндөр харш ХХК-д барилгын инженер ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр баг 38-22 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Пүрэвдоржийн Сайханбаяр, /РДТГ89121511/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

            Шүүгдэгч П.Сайханбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Бяцхан сүүж гэх газар Хонда маркийн 71-55 УБА улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлдөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 9.3, 2 дугаар бүлгийн 2.3б дэх заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Л.Уянгын биед хүндэвтэр, А.Содгэрэлийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч П.Сайханбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч А.Содгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Ослоос хойш 2 удаа хагалгаа хийлгэсэн. Гоо сайхны мэс засалд орж Сайханбаяраас 5.150.000 төгрөгний хохирол авсан. Үлдсэн 4.327.900 төгрөгний хохирлыг 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор өгнө гэж тохиролцож баталгаа гаргуулж авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Сайханбаярт гомдол санал байхгүй гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл Зам тээврийн осол болсон гэх газар нь Төв аймгийн Борнуур сумын нутаг Бяцхан сүүж гэх газар болсон байх ба асфалтан хучилттай, шулуун тэгш хуурай зам байв. Зам тээврийн ослын газарт Хонда маркийн 71-55 УБА улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байдалтай 4-н дугуйн дээрээ зогсож байх ба уг автомашин нь Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд явж байсан ба зорчих баруун гар тал руугаа замаас гарч онхолдсон байдалтай байв ... гэх тэмдэглэл /хх-ийн 7-10-12 дугаар хуудас/

 

Хөрөнгө эстимэйт ХХК-ны 71-55 улсын дугаартай Honda invight маркийн автомашины техник эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 9 дүгээр хуудас/

 

Хохирогч Л.Уянга мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэхдээ 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд Хонда маркийн 71-55 УБА улсын дугаартай автомашинтай явсан. Машиныг Сайханбаяр жолоодоод хажуу талд би сууж явсан. Арын суудлын зүүн талд Содгэрэл суугаад, баруун талд  нь би 7-н сартай хүүхдээ сандал дээр тавьчихсан байсан. Хотоос гараад явж байхад хааяа хүүхдээ өвөр дээрээ авах, хааяа арын суудалд тавих зэргээр явж байсан. Осол болох үед би хүүхдээ арын суудалд тавиад урагшаа хартал машин хазайх шиг болсон. Тэр үед би орилоод юу болсныг мэдээгүй. Хэсэг хугацааны дараа ухаан ороход машинд байсан хүмүүс машинаас бүгд шидэгдсэн байдалтай хэвтэж байсан, би машины хойд талд урагшаа харсан байдалтай хэвтэж байсан. Содгэрэл миний зүүн хөлөн дээр дараад хэвтэж байсан. Сайханбаяр миний зүүн хойд талд хэвтэж байсан. Хүүхэд баруун хойд талд хэвтэж байсан. Тэгтэл замаас хүмүүс ирж бид нарт тусламж үзүүлсэн. Машин хэдэн км/цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Би хамгаалах бүс хэрэглээгүй, уг машин манай аавын компаний машин. Миний биед нуруу хугарсан, зүүн хөл бяцралттай зэрэг гэмтэлтэй. Миний хүүхдийг Лхагвадорж овогтой Ананд гэдэг. 8 сартай, эрэгтэй, биед нь гэмтэл учраагүй гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ цаашид нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нар ах, дүү хүмүүсийн хүүхдүүд учир гомдол саналгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

Хохирогч Л.Уянга 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэхдээ ... би хүүхдээ авах гээд сарвайх үед осол болж машин онхолдсон. Тэрнээс биш машины руль руу зууралдсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/

 

Гэрч Д.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай бригад 52-н даваан дээр замын нөхөөсөн дээр ажиллаж байсан. 23-ны өдөртөө 52-н давааны нөхөөсийг дуусаад 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс Төв аймгийн Борнуур сумын нутаг Бяцхан сүүж гэх газар нөхөөснийхөө ажлыг хийж эхэлсэн. Бяцхан сүүж-ийн гүүрний цохиотой хэсгээс урагшаа 69 дэх км замын эвдрэлийн хэсгийн хөрөөдөлтийг хийсэн. Энэ нь замын эвдэрсэн хэсгийг хөрөөдөж асфалт цутгахад бэлдсэн. Замын эвдрэл гүүрэн дээр байгаагүй. Харин гүүрний хойд хэсэгт цохио үүссэн байсныг засахаар хөрөөдөж бэлдсэн. Цохиог янзлахад урт нь 4.80 метр, өргөн нь 6.10 метр хэмжээтэй байсан. Өөр замын эвдрэл байгаагүй. 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гүүрэн дээр хэмжилт хийхэд 4 см-ийн хэмжээтэй суулт өгсөн байсныг тогтоосон. Энэ зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй. Харин их хурдтай явсан тохиолдолд машины тогтворжилтонд нөлөөлнө. Энэ осол гарах шалтгаан болно. Хурдтай явснаас замын суултанд дээр автомашин цохигдоно... гэх мэдүүлэг /хх-ийн 155-165 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 40 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт Шинжээч эмчийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны №10995 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. А.Содгэрэлийн биед дух, баруун хөмсөг, зовхи, хацар, шанаа баруун чихийг хамарсан, эрүү, баруун шуунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. А.Содгэрэлийн биед учирсан дух, баруун хөмсөг баруун дээд, доод зовхи, баруун хацар, шанааны хэсгийг хамарсан сорви гэмтэл нь нүүрний тэгш хэмийг бага зэрэг алдагдуулсан, нүдний зовхи аньсаганы хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж, хатуурч зарим хэсэгтээ доош хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал хийх зайлшгүй шаардлагатай байх тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 158-160 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №170 дугаартай нэмэлтээр гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт А.Содгэрэлийн биед духны баруун хэсгээс баруун хөмсөг, зовхи, хацар, шанаанаас баруун чих хүртэл үргэжилсэн том хэмжээний эдийн дутагдал бүхий хуулбарсан шарх гэмтэл учирсан байна. А.Содгэрэлийн биед учирсан нүүрний тэгш хэм бага зэрэг алдагдаж, нүүрний зовхи, аньсганы хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж хатуурч зарим хэсэгтээ доош хонхойсон сорви үүссэн гэмтэл нь дахин арьс нөхөх мэс ажилбарын үед болон мэс ажилбарын дараах эдгэрэлтийн явцаас шалтгаалж үүсээгүй байна.

Тод Каннам гоо сайханы мэс заслын эмнэлэгийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны давтан үзүүлсэн байх бөгөөд уг шархны сорви нь бүрэн эдгэж шимэгдээгүй. Цаашид сорви өөлөх, зорви засах, өөх шилжүүлэн суулгах зэрэг гоо сайханы мэс ажилбарууд хийлгэх шаардлагатай байна... гэх мэдүүлэг /хх-ийн 177 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10994 дугаартай шинжээчийн дүгнэлт О.Уянгын биед бүсэлхийн 3 дугаар нугалмын  их биеийн шахагдаж бяцарсан хугарал, мултрал, нурууны булчингийн урагдал, няцрал, тархи доргилт, нуруунд цус хуралт, зулгаралт, баруун бугалга, шуу баруу, зүүн хонго, баруун гуянд цус хуралт, баруун шуунд шарх, зүүн гуя, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн шинжээчийн 75 тоот дүгнэлт Хонда маркийн 71-55 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Пүрэвдорж овогтой Сайханбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт, мөн дүрмийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж актыг тогтоов. Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

Төв аймгийн Цагдагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 126 дугаар дүгнэлт Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Мягмархишигийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 75 тоот дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хэргийн материалтай танилцаж, хэргийн газрын үзлэг болон хохирогч, сэжигтэн нарын байцаалт, Зам тээврийн ослын схем зургийн байдлаас үзэхэд Хонда маркийн 71-55 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Сайханбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3-д заасан тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3б хамгаалах бүсээр тоногдлогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Осол гарах шалтгаан нөхцөл нь П.Сайханбаяр нь осол болоход замын нөхцөл байдал болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 165 дугаар хуудас/

 

Хохирогч А.Содгэрэлийн 7773 дугаартай өвчний түүх /хх-ийн 169-176 дугаар хуудас/

 

Баянчандмань Азза төрийн өмчит хувьцаат компаний ажлын тайлан /хх-ийн 178-182 дугаар хуудас/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Сайханбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Бяцхан сүүж гэх газар Хонда маркийн 71-55 УБА улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлдөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 9.3, 2 дугаар бүлгийн 2.3б дэх заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Л.Уянгын биед хүндэвтэр, А.Содгэрэлийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, хохирогч Л.Уянгын мэдүүлэг, хохирогч А.Содгэрэлийн мэдүүлэг, шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10994 тоот дүгнэлт, шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10995 тоот дүгнэлт, шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 962 тоот дүгнэлт, шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 923 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 075 тоот дүгнэлт, П.Сайханбаярын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ял шалгах хуудсанд /ял шийтгэлгүй/ гэх лавлагаа, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн хохирлын баримтууд, шинжээч эмч Г.Ханхүүг байцаасан тэмдэглэл, шүүгдэгч П.Сайханбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн зэрэг нотлох баримтаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байх тул П.Сайханбаярыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч П.Сайханбаярт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Л.Уянга нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч А.Содгэрэл нь бодит хохирлоо авсан, гоо сайхны хагалгаанд орох 4327.900 төгрөгний хохирлыг 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөрт багтаан авахаар хэлцэл хийсэн, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, мөн П.Сайханбаярт гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг харгалзан П.Сайханбаярт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.   

          

 Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн П.Сайханбаярын №940221 дугаарын В ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгах, 71-55 УБА улсын дугаартай Хонда маркийн тээврийн хэрэгслийн 00816169 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Сайханбаяр нь цагдан хоригдсон хоноггүй. Хохирогч А.Содгэрэл нь цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвдоржийн Сайханбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж нэг хүний бие махбодид хүндэвтэр, нэг хүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сайханбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасч, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар П.Сайханбаярт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан П.Сайханбаярт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.  

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Сайханбаярт хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар П.Сайханбаяр нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар П.Сайханбаярын тээврийн хэрэгсэл жолоодох 01 жил 06 сарын хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

8. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн П.Сайханбаярын №940221 дугаарын В ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгах, 71-55 УБА улсын дугаартай Хонда маркийн тээврийн хэрэгслийн 00816169 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

            9. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Сайханбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Содгэрэл нь цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж П.Сайханбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ