Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 981

 

 

 

 

 

 

 

 

 

С Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00410 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А С С Э ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 32 015 000 гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямбабаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С Б ХХК нь А С С Э ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 19 тоот вэб сайт хийх, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ERP буюу нэгдсэн цогц программ ханамжийг PHP технологи системд тулгуурлан хийх, гүйцэтгэх тухай программ гүйцэтгэх ажлын гэрээг тус тус байгуулсан. Дээрх 2 гэрээний ажлын хөлсний урьдчилгаа 2 190 000+14 000 000= 16 190 000 төгрөгийн төлбөрийг бид гэрээнд заасны дагуу төлсөн. Гэтэл А С С Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл ажлыг хийж гүйцэтгээгүй. Иймд А С С Э ХХК-иас гэрээний урьдчилгаанд төлсөн 16 190 000 төгрөг, гэрээний 6.1-д заасны дагуу ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй ажлын хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиййн алданги 15 825 000 төгрөг, нийт 32 015 000 төгрөгийг А С С Э ХХК-иас гаргуулж өгнө үү. Манай компани А С С Э ХХК-тай 2 ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан нь үнэн. Эхлээд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр программ гүйцэтгэх ажлын гэрээ байгуулж, урьдчилгаанд 2 190 000 төгрөг, дараа нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж 14 000 000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн. Гэвч уг гэрээнд заасан ажлаа огт хийж гүйцэтгээгүй, удаа дараа шаардсан боловч үр дүнг хүлээлгэн өгөөгүй, одоо ч хийх чадваргүй учраас бид гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд төлсөн 16 190 000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна. Мөн гэрээнд 0.3 хувийн алданги тооцохоор заасан, уг заалтыг хариуцагчийн хүсэлтээр гэрээнд оруулж тохирсон. Иймд гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул алданги тооцож нэхэмжилж байгаа. Алдангийг тооцохдоо гэрээний нийт үнийн дүнгээс тооцсон. Учир нь гүйцэтгэсэн үүрэг байхгүй учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдгийг гэрээний үнийн дүнгээр тооцсон юм. Алдангийн дүн нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтэрсэн учраас Иргэний хуульд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн байдаг тул алдангид 15 825 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч талаас гэрээ байгуулсан, мөн гэрээний урьдчилгаа мөнгө 16 190 000 төгрөгийг авсан талаар маргадаггүй. Харин алдангийн хэмжээг их байна гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Гэрэний урьдчилгааг авсан бөгөөд уг урьдчилгаа төлбөрийн хэмжээнд ажлаа хийж гүйцэтгэсэн. Хариуцагчийн зүгээс 24 095 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Учир нь урьдчилгаанд авсан мөнгөний хэмжээнд ажлаа хийсэн гэж үзэж байгаа. Мөн алдангийг гэрээний үнийн дүнгээр тооцох нь үндэслэлгүй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр буюу 16 190 000 төгрөгнөөс тооцож төлөхийг зөвшөөрч байна. Манай талаас урьдчилгаа үнийн дүнгийн хэмжээнд ажлаа хийж, нэхэмжлэгч талд танилцуулсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар хариуцагч А С С Э ХХК-иас 24 285 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С Б ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 730 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318 025 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 279 375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямбабаяр давж заалдах гомдолдоо: “...А С С Э ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 19 тоот взб сайт /Web Based+C#/ хийх, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ERP буюу нэгдсэн цогц программ хангамжийг РНР технологи системд тулгуурлан хийх /тодруулбал цаг бүртгэлийн программ, няравын программ, хүний нөецийн бүртгэл, вэб сайт, санхүүгийн программ, үйл ажиллагаа хянах, бусад дагалдах үйлчилгээ гээд байгууллага дотооддоо цаасаар хийгддэг ажиллагааг цахим программаар хийж гүйцэтгэх/ гүйцэтгэх тухай “Программ гүйцэтгэх ажлын гэрээ"-г тус тус байгуулсан. Дээрх 2 гэрээний нийт үнийн дүн 31 650 000 төгрөг болсон ба ажлын хөлсний урьдчилгаанд 2 190 000 + 14 000 000 = 16 190 000 төгрөгийг бид гэрээнд заасны дагуу төлсөн. Гэтэл "Ай Си Си Эс" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл ажлыг хийж гүйцэтгээгүй учраас "Ай Си Си Эс" ХХК-иас гэрээний урьдчилгаанд төлсөн 16 190 000 төгрөг, гэрээний 6.1-д заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцож нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүхээс алдангийг зөвхөн урьдчилгаа төлбөрөөс тооцож олгохоор шийдвэрлэсэн. Талууд гэрээ байгуулахдаа гэрээний эрх чөлөөний зарчмын үндсэн дээр өөрсдөө тохиролцож байгуулсан ба бид алдангийг хэрхэн тооцох талаар гэрээнд тодорхой тусгаж тохиролцсон. Иймд гэрээний үүргээ 100 хувь биелүүлээгүй А С С Э ХХК-иас алдангийг гэрээний нийт үнийн дүнгээс тооцож урьдчилгаа төлбөрт 16 190 000 төгрөг алдангид 15 825 000 төгрөг, нийт 32 015 000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч С Б ХХК нь хариуцагч А С С Э ХХК холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 16 190 000 төгрөг, алдангид 15 825 000 төгрөг, нийт 32 015 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алдангийг төлөхгүй гэж маргажээ.

 

            Талууд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №19 тоот “Программ гүйцэтгэх ажлын гэрээ”-г байгуулж, Web Based+C# технологи дээр хийгдсэн программ хангамжийг 7 хоногт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажлын хөлсний урьдчилгаанд 2 190 000 төгрөгийг төлсөн, мөн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Программ гүйцэтгэх ажлын гэрээ” байгуулж, ERP буюу нэгдсэн цогц программ хангамжийг PHP технологи системд тулгуурлан ажлыг 2 сарын хугацаатай хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажлын хөлсний урьдчилгаанд 14 000 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд, зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. /хх 4-6, 34-35/

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 06, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Программ гүйцэтгэх ажлын гэрээ”-нүүдийн урьдчилгаа төлбөрт төлсөн 16 190 00 төгрөгийг буцаан гаргуулах асуудал нь гэрээний үүргийн зөрчил байсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн, гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж дүгнэн урьдчилгаанд өгсөн 16 190 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

            Нэхэмжлэгч “Сутайн буян” ХХК нь хариуцагч А С С Э ХХК-иас гэрээний дагуу хийх ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй тул алдангид 15 825 000 төгрөгийг шаардсан бөгөөд талууд гэрээнээс бүхэлд нь татгалзаж байгаа тохиолдолд татгалзсан гэрээний дагуу алданги тооцох учиргүй юм.

 

Гэвч талуудын хэн алины тайлбар болон хариуцагч тал гэрээ цуцлагдсан талаар гомдол гаргаагүй зэргийг үндэслэн гэрээг цуцалсан гэж үзнэ. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 06, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Программ гүйцэтгэх ажлын гэрээ”-г цуцлагдах хүртэлх хугацааны алдангийг хариуцагч А С С Э ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар талуудын байгуулсан “Программ гүйцэтгэх ажлын гэрээ”-нүүдийн 6.1 дэх хэсэгт “гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам үнийн дүнгийн 0.3 хувиар” алдангийн талаар тус тус тохиролцон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийгдсэн хүчин төгөлдөр тул хүчин төгөлдөр гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул шүүх нэхэмжлэгчийн урьдчилгаа хөлсөнд төлсөн 16 190 000 төгрөгийн 50 хувиар тооцож 8 095 000 төгрөгийг /16 190 000:2=8 095 000/ алдангид гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн алдангийн талаар зохицуулсан холбогдох хуулийг баримтлаагүй орхигдуулсныг залруулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00410 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...225 дугаар зүйлийн 225.2...” гэснийг “...205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4...” гэж нэмж, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С Б ХХК-ийн төлсөн 318 025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН