Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128

 

 

               М.Мөнхгэрэлд холбогдох эрүүгийн

             хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч М.Мөнхгэрэл,      

хохирогч С.Дангаасүрэнгийн өмгөөлөгч А.Гантуяа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1829 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч М.Мөнхгэрэлд холбогдох 1803007970427 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Мөнхмандахын Мөнхгэрэл, 1977 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 13-5-76 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УС77121328/;

М.Мөнхгэрэл нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны 8 цаг 36 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Дашчойлон хийдийн зүүн урд замд “Toyota-Corolla Spacio” маркийн 46-90 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч С.Дангаасүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: М.Мөнхгэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос М.Мөнхгэрэлд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулахдаа “нэг жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх” санал гарган танилцуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулалгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэхээр санал танилцуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ”, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна”, ялын төрөл гэж энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1-1.5 дахь хэсэгт заасан “... торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих, эрх хасах...” ял гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг заажээ.

Ийм учраас шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй буюу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-д заасан нөхцөл байдал хангагдаагүй” гэж үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд :

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульчлагдсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбоотой мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн шатны бүх тусгай журмууд энэ бүлэгт хуульчлагджээ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргах эрхийг яллагдагчид олгосон бөгөөд хэргийг хялбаршуулахад яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн байхыг хуулиар шаардаж байна.

Яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахад түүнийг яллагдагчаар татсан зүйл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтад хамаарч байгаа болох, түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялыг хэрхэн хуульд зааснаас доогуур хөнгөрүүлэх боломжтой болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журам, ач холбогдлын талаар танилцуулна.

Хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж прокурорын хяналтад хэрэг ирсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэгт хяналт тавихдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж, хэрэв дээрх нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.

Шүүхэд шилжүүлсэн хэрэгт шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.

            Хуулийн дээрх зохицуулалтуудаас харахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үйл явц нь хорих ялтай хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлтэй холбогдож ирэх бөгөөд прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж хэргийг шүүхэд шилжүүлэхээр байна.

Гэвч прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүх “... прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулалгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэхээр санал танилцуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс прокурорын яллагдагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагын талаарх саналд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж байгаа нь хууль буруу хэрэглэсэн, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй гэх байр суурийг шүүхээс илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэн, хэзээ, хаана, яаж хэрэглэхийг ойлгомжгүй болгосон, тунхаг төдий заалт болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх олон улсын жишиг хандлага болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ойлголтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхгүй үйл явц болж байна гэж дүгнэж байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулна” гэсэн заалтад тусгагдсан эрүүгийн хариуцлагыг шүүхээс шууд ялтай холбож ойлгож байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгааг харуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлага гэсэн ойлголтод бүрэн хамаарахаар байна.

2.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн байтал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1829 дугаартай шүүгчийн захирамжид эд мөрийн баримтын асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч М.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч С.Дангаасүрэнгийн өмгөөлөгч А.Гантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тусгайлан хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх М.Мөнхгэрэлд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх “прокуророос М.Мөнхгэрэлд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулахдаа “нэг жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх” санал гарган танилцуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулалгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэхээр санал танилцуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Учир нь,  Эрүүгийн хуульд ялын төрлийг “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах” гэж тогтоосон ба шүүгдэгч М.Мөнхгэрэлийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт “эрх хасаж, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял шийтгэж болохоор заасан тул прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа танилцуулах ажиллагаа хийж гүйцэтгэх нь хуульд нийцнэ.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин прокурорын эсэргүүцлийн “шүүх хэргийг буцаахдаа эд мөрийн баримтыг хэрхэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан” гэсэн хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих нэмэлт заалт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1829 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи-г хэргийн хамт буцаасугай.” гэсэн заалт нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох”-оор бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР 

 

ШҮҮГЧ                                                                                    Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ