Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/863

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

  улсын яллагч Б.Байгалмаа,

  шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, 

  шүүгдэгч Ө.Т , түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,

шүүгдэгч Б.М, А.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бууч овгийн Ж.Т, Боржигон овгийн Ө.Т , мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.М, Далиу овгийн А.О  нарт холбогдох эрүүгийн 1711007680130 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Бууч овогт Ж.Т, 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж 5046 тоотод оршин суух хаягтай,

-2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж уг ялыг бүрэн эдэлж, хугацаа дуусч суллагдсан,

-2012 оны 6 дугаар сарын 27-ны Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 сар 4 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар НЭ93111411.

2. Боржигон овогт Ө.Т , 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 32-561 тоотод оршин суух хаягтай,

-2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2012 оны 6 сарын 6-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийн хорих ял ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

-2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 11 сарын 5-ны өдөр Өршөөлийн хуулиар эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хасч,  үлдэх 3 жил 1 сар 16 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, 2017 оны 7 сарын 3-ны өдөр хорих ялыг эдэлсэн тооцож, хорих ялаас чөлөөлсөн, регистрийн дугаар УП91031574.

3. Боржигон овогт Б.М, 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, 2 дүү, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-638-6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВЮ94053008.

4. Далиу овгийн А.О, 1997 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, Цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, 4 дүү, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20-60 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УИ97101660. 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ж.Т, Ө.Т  нар нь бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, "СЭБОЦЭ" ХХК-ны хашаанд үйл ажиллагаа явуулах Вьетнам авто засварын газарт Вьетнам улсын иргэн, хохирогч Nguyen Phu Hund /Н П Х/, Nguyen Xuan Ha /Нгюүн Суан Ха/ нарт хүч хэрэглэж, яллагдагч Ө.Т  нь хохирогч Nguyen Phu Hund /Н П Х/-ний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Айфон-6 маркийн гар утас 2 ширхэг, бэлэн 400.000 төгрөгийг дээрэмдэн авч 1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М, А.О нар нь шүүгдэгч Ө.Т , Ж.Т нарыг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, СЭБОЦЭ ХХК-ний хашаанд үйл ажиллагаа явуулах Вьетнам авто засварын газарт хохирогч Nguyen Phu Hund /Н П Х/, Nguyen Xuan Ha /Нгюүн Суан Ха/ нарт хүч хэрэглэж Айфон-6 маркийн гар утас 2 ширхэг, бэлэн 400.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэдгийг мэдсээр байж 1 ширхэг Айфон-6 маркийн гар утсыг авч бусдад зарж борлуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…би тухайн үед найз охиныгоо ярихаар нь туслах гэж очсон. Цагдаа дуудчих байх гэж айгаад хохирогчоос утсыг нь авсан. Зодож танхайрсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү…” гэв.

Шүүгдэгч Ө.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, амьдралдаа хэд хэд алдлаа, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү…” гэв.

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүгдэгч А.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Хохирогч Nguyen Xuan Ha /Нгюүн Суан Ха/ мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой Нгүюүн Тэ Хоб, Н П Х нарын хамт би өөрийн ажлын байр болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СЭБОЦЭ ХХК-ний хашаан дотор байрлах Вьетнам засварын газар байж байхад буюу 21 цаг өнгөрч байх үед гаднаас хоёр Монгол эмэгтэй орж ирсэн. Нгүюүн Тэ Хоб тэр хоёр эмэгтэйтэй уулзаад дээш хоёр давхар руу хамт гарсан. Тэгээд 22 цагийн үед гаднаас дөрвөн эрэгтэй хүн зэрэг шахуу орж ирсэн хоёр залуу нь шууд Н П Х бид хоёр дээр ирсэн нэг залуу нь үүдэнд үлдсэн, энэ үед Нгүюүн Тэ Хоб том хаалгаар гараад зугтаах үед нэг залуу нь хөөгөөд яваад өгсөн юм. Тэгээд түрүүнд ирсэн хоёр залуу нь Н П Х бид хоёрыг чирээд будгийн өрөөнд оруулсан. ...Жижиг биетэй залуу нь намайг дэгээдэж унагаагаад хөл гараараа цохиод байсан гэхдээ миний биед сүртэй гэмтэл учраагүй юм. Тэр намайг зодоод байсан жижиг биетэй залуу нь зодож байгаад гар утсаа гаргаад ир гэхээр нь би өөрийн өмдний баруун талын халааснаас Айфоне 6 маркийн гар утсаа тэр хүнд өгсөн юм. Тэр хүнээс айсан учраас би өөрийн гар утсаа өгчихсөн юм. Харин том биетэй залуу нь Н П Хг зодоод байсан би хаана хаана нь яаж зодсон талаар сайн мэдэхгүй байна хөл гараараа л зодоод байх шиг байсан. ...Сүүлд нь Н П Х миний Айфоне 6 эс маркийн гар утсыг 400.000 төгрөгтэй аваад явчихлаа гэж байсан. ...Н П Хг тэр орж ирсэн жижиг том хоёр залуу зодсон тэр хоёр л гэмтэл учруулсан. Хаалганы тэнд зогсож байсан залуу нь зүгээр зогсоод байсан бид хоёр руу ойртож ирээгүй юм. Миний бодлоор бол хүн хараад байх шиг байсан.

...Монгол хоёр эмэгтэй өөрөө л засварын газар ороод ирсэн яагаад ирсэн талаар би мэдэхгүй байна. Нгүюүн Тэ Хобын ярьснаар бол тэр хоёр эмэгтэй залгаад утсаар яриад өөрсдөө хүрээд ирсэн гэсэн. Тэр хоёр Монгол эмэгтэй урд нь манай засварын газар 1, 2 удаа ирж Нгүюүн Тэ Хобтой уулзаж байсан би зүсийг нь бол таньж байна...” гэжээ /1-р хх-40/.

Хохирогч Nguyen Phu Hund /Н П Х/ мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой Нгүюүн Тэ Хоб, Нгюүн Суан Ха нарын хамт би өөрийн ажлын байранд байж байхад буюу 21 цаг өнгөрч байх үед гаднаас 2 Монгол эмэгтэй орж ирсэн. Нгүюүн Суан Ха бид хоёр доор ажлаа хийгээд л байж байсан тэр хоёр охиныг орж ирснээс хойш 22 цагийн үед гаднаас 30 орчим насны жижиг том хоёр залуу орж ирсэн араас нь 1 ах орж ирсэн Нгүюүн Суан Ха бид хоёр дээр түрүүлж орж ирсэн 2 залуу ирээд жижиг биетэй нь намайг чирээд том биетэй нь Нгүюүн Суан Хаг чирээд машины будаг хийдэг жижиг өрөөнд оруулсан. Тэгээд тэр хоёр залуу намайг хоёулаа зодсон. Том биетэй залуу нь гараараа миний зүүн талын хавирга тус газарт 2 удаа цохисон тэгээд миний хавирга тус газар өвдөөд, би айгаад доош тонгойход тэр өндөр залуу миний гарыг өргөж байгаад миний өмдний баруун талын халаасанд байсан 400.000 төгрөг Айфоне 6 эс маркийн гар утсыг авсан. Миний гар утас болон мөнгө нэг халаасанд байсан юм. Тэгээд тэр өндөр залуу явангаа миний зүүн мөр орчим жийж унагаагаад миний зүүн талын хавирга орчим нэг удаа хөлөөрөө өшиглөөд явсан. Над дээр тэр том биетэй залуу нь байж байхад Нгүюүн Суан Хаг нөгөө жижиг биетэй залуу нь зодоод байх шиг байсан. Тэгээд том биетэй залуу нь явсны дараа нөгөө жижиг биетэй залуу нь бас хүрч ирээд миний цээж хэсэгт гараа нэг хоёр удаа цохисон. Тэгээд гараад явчихсан юм. ...Миний тухайн өдрийн орлогын мөнгө гээд 200.000 төгрөг байсан. Урд өдрийн орлогын мөнгөнөөс үлдсэн 200.000 төгрөг байсан. Ингээд надад яг 400.000 төгрөг байсан энэ мөнгийг би халаасандаа бэлэн байлгаж байхад тэр том биетэй залуу нь халаас ухаад гар утас мөнгө авсан юм. ...Намайг гол нь тэр том биетэй залуу зодсон миний хавиргыг хугалсан. Гараараа цохих болон хөлөөрөө өшиглөсөн гэхдээ гараар цохих үед гэмтэл учирсан уу эсвэл хөлөөр өшиглөх үед гэмтэл учирсан уу тэрийг би мэдэхгүй байна. Жижиг биетэй залуу нь миний цээж, хэвлий хэсэгт цохисон гэхдээ хавирганы гэмтлийг бол учруулаагүй...” гэжээ /1-р хх-42-43/.  

   Гэрч Б.Эрхэмбаяр мэдүүлэхдээ: “... Би 2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед гэртээ байж байхад "Ар баян суварга" ХХК-ний ажилтан болох будагчин Вьетнам “Ээгий энд муу хүмүүс ирчихсэн байна хурдан хүрээд ирээч” гэхээр нь би юу болсон юм бол гэж бодоод засварын газар очиход цоожтой байсан. Тэгээд хаалга нүдэх үед хэн бэ гэхээр нь би Ээгий байна гэж хэлээд ороход Н П Х, Нгюүн Суан Ха нар байсан ба араас манай дүү, Вьетнам ажилтан Нгюүн Тэ Хоб нар орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад 3-4 залуу орж ирээд бид нарыг зодож гар утас болон бэлэн 400 гаруй мянган төгрөг байсан авчихлаа гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэжээ /1-р хх-44/.

Гэрч С.Чулуунбат мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед манай СЭБОЦЭ ХХК-ний хашаагаар үл таних хоёр эмэгтэй, дөрвөн эрэгтэй хүмүүс орж ирцгээсэн ба шууд чигээрээ явсаар Вьетнам засварын газарт бүгдээрээ орохыг бүдэгдүү камераар харж суусан. Тэд 5-10 минут болоод удаагүй буцаад зургуулаа гарцгаасан...” гэжээ /1-р хх-45/.

Гэрч Нгүюн Тэ Хоб мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 21 цагийн үед өмнө нь танилцаж байсан /нэрийг нь мэдэхгүй / монгол охин надруу 95111614 гэсэн дугаараар залгаад “очлоо, өнөөдөр унтах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “надад өнөөдөр мөнгө байхгүй, ирэх хэрэггүй ээ, дарга ирнэ болохгүй ээ” гэж хэлсэн чинь “надад мөнгө хамаагүй ээ, би чамд хайртай” гэхээр нь би “ирэх хэрэггүй ээ” гэчхээд утсаа салгачихсан. ...Тэгээд өнөөдөр намайг утсаа салгаснаас хойш 22 цагийн үед манай граш дээр хүрээд ирэхээр нь би яагаад хүрээд ирсэн юм бэ гэсэн чинь би чамд хайртай, ойлгохгүй байгаа юм уу гэхээр нь би тоглох хэрэггүй гэсэн утгатай зүйл хэлсэн. Би тэр үед нь яв гэж хэлчхээд Вьетнам руу утсаар ярих гээд гадаа гартал манай грашийн үүдэнд 4 залуу зогсож байсан. Намайг гарахад тэр 4 залуу зандарсан байдалтай чанга чанга ярихыг нь сонсоод би цаашаа будаг худалдаж авдаг газар руугаа зугтаачихсан юм. Тэгээд засварын газрын арын гол замаар хойшоо гараад менежер рүүгээ залгасан юм. Менежер рүү залгаад граш дотор муу хүн ороод ирлээ гэж хэлчхээд хүлээж байсан. Би буцаж грашруугаа очоогүй будаг авдаг газраа хүлээж байхад менежер залгаад би ирчихлээ гэхээр нь граш дээр очсон чинь цагдаа нар ирчихсэн байсан юм...” гэжээ /1-р хх-51/.

Гэрч Б.Баярбат мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси нэртэй караокег түрээслэн ажиллуулдаг юм. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой 19-20 цагийн үед Амгаланбат, Т нар манай караокед ирсэн. Ингээд Т утсаар ярьчихад хоёр монгол охиныг Вьетнам улсын иргэд засварын газраа оруулчихад зодоод дарамтлаад гаргахгүй байна гэж байсан. Тийг утсаар ярьснаас хойш 1 цаг орчим хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд за орхи машин байхгүй байна гээд байж байхад Т  гээд залуу нэг залуутай машинтай хүрээд ирсэн. Тэгээд Амгаланбат, Т, Т  бид нар Т тай ирсэн залуугийн машинд суугаад Дөлгөөн нуурын тэнд зогсоход замын урд талд СЭБОЦЭ ХХК гэсэн хаягтай хашаан дотор Вьетнам засварын газар байсан. Тэгээд бид нар машинаас буугаад Т, Т  нар түрүүлээд зам гараад Вьетнам засварын газар руу орсон араас нь Амгаланбат орсон. Ингээд би тэд нарын орсон жижиг хаалгаар дөнгөж ороход хажуугийн том хаалгаар нь нэг жижиг биетэй залуу гараад зугтаасан учрыг нь ололгүй гараад зугтаасан жижиг биетэй залуугийн араас гүйсэн боловч тэр залуу хашааны булан тойроод л алга болчихсон. Тэгэхээр нь тэр залууг тэр хавиар хайж байгаад харагдахгүй болохоор нь би буцаад Вьетнам засварын гадаа очиход Амгаланбат засварын том хаалгаар хоёр охин шилэн хүзүүн дээрээс нь барьчихсан гарч ирсэн тэгээд бид нар хашааны хаалганы тийшээ явж байгаад эргэж харахад Т түрүүлээд гарч ирж байсан араас нь Т  гарч ирж байсан өөр хүн бол гарч ирээгүй. ...Бид нар машиндаа чихэж суугаад хоёр эмэгтэйг Модны 2-т буулгах үед Т  хар саарал өнгийн Айфоне 6 эс дэлгэц нь хагарсан бас нэг утас нийт 2 ширхэг гар утас, мөн бэлэн мөнгө барьчихсан байсан. Т  тэр мөнгөө тоолж байсан би хэдэн төгрөг байсныг нь бол анзаараагүй. Тэгээд би яах гэж та нар гар утсыг нь авч байгаа юм бэ гэхэд Т  өөрөө өгөөд байсан шүү дээ гээд байсан чи тэнэг юм хийлээ гар утсыг нь авах хэрэггүй л байсан юм даа гэж хэлсэн юм. ...Би ажил дээрээ үлдсэн нөгөө хэд машинд үлдсэн ингээд хэсэг байж байхад Т, Амгаланбат хоёр орж ирээд нэг гар утас, 100.000 төгрөг гаргаж ирсэн би наад гар утсаа яах гэж авсан юм наад Т  гэж бацаан чинь та нарыг алчихлаа даа наадахаа надаас холдуул гээд би гараад текен дээрээ очсон Амгаланбат, Т хоёр удалгүй гараад явсан. ...Т өөрөө хэлэхдээ би хоёр Вьетнам залууг шилэн хүзүүнээс нь бариад доош дарж байх үед Т  ирээд нэг залуугийнх нь зүүн талын хавирга орчимд хөлөөрөө өшиглөсөн гэсэн. Би бол яг энэ үйлдлийг нь хараагүй яагаад гэвэл би гараад зугтаасан жижиг биетэй залуугийн араас гүйгээд явж байх хооронд л энэ асуудал болсон юм шиг байгаа юм...” гэжээ /1-р хх-73-74/.

Гэрч Э.Рэнцэн мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажлаа тараад явж байгаад 10 жилийн найз Т тай уулзаад миний машинтай хамт гадуур халтуур хийгээд явж байхад орой Т  руу нэг хүн байн байн залгаад Модны 2-т хүрээд ир гээд байсан. ...Модны 2-т Т тай хамт нэг караокены үүдэнд очсон Т  буугаад дотогшоо орсон. Тэгээд удалгүй 3 залуугийн хамт гарч ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад Баянбүрдийн тийшээ нэг засварын газар хүргээд өгчих найз охин дээрээ очих гэсэн юм гэж Тулгийн найз нь хэлсэн. ...Тэгэхээр нь би хүргэж өгөхөөр болоод Баянбүрдийн тэнд ирээд тэр хэд бүгд буугаад явсан намайг хүлээж байгаад буцаагаад хүргээд өгчих гэсэн. Тэгээд би машин дотроо зам дээр тэр хэдийг хүлээж байхад тэр залуучууд бүгдээрээ гүйлдэж гарч ирээд машинд суусан мөн 2 эмэгтэй бас гарч ирээд суусан. Тэгээд намайг Модны 2 явъя гээд би тийшээ явсан. Явж байх замд Вьетнам улсын иргэдийг зодсон, гар утсыг нь авсан гэсэн яриа гаргасан Т нь тэгж яриад байсан би тэр яриаг нь нэг их сонирхож сонсолгүй Модны 2-т очоод 2 эмэгтэй нь буугаад явсан нөгөө 3 залууг караоке дээр нь хүргэж өгөөд би Тулгийн хамт цааш явсан юм өөр зүйл би мэдэхгүй байна. Би машин барьж явсан болохоор урагшаа харж явсан. Машины арын суудал дээр суусан залуучууд айфоне маркийн гар утас байна гэж ярьж байсан. Мөн 200 гаран мянган төгрөг байна гэж ярьж байсан хэн нь тэр гар утас мөнгийг гаргаж өгсөн талаар би хараагүй Т гээд залуу л ямар ч гэсэн гар утас байна гэж ярьж байсан…” гэжээ /1-р хх-75-76/.

              Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-147-152/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-156-157, 159, 161/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /1-р хх-19-24/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-25/, Э.Амгаланбатаас Айфон Эс-6 маркийн гар утас хураан авч хохирогч Н П Хд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-29-30/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургууд: /1-р хх-31-35/, Хохирлын мөнгө төлсөн баримт /1-р хх-122/, Мобикомын 95111614 дугаартай хэрэглэгчийн талаарх мэдээлэл болон гадагш ярьсан жагсаалт /1-р хх-173-175/, Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-9-10/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-30/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүгдэгч Ж.Т, Ө.Т  нар нь бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, "СЭБОЦЭ" ХХК-ны хашаанд үйл ажиллагаа явуулах Вьетнам авто засварын газарт Вьетнам улсын иргэн, хохирогч Nguyen Phu Hund /Н П Х/, Nguyen Xuan Ha /Нгюүн Суан Ха/ нарт хүч хэрэглэж, яллагдагч Ө.Т  нь хохирогч Nguyen Phu Hund /Н П Х/-ний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Айфон-6 маркийн гар утас 2 ширхэг, бэлэн 400.000 төгрөгийг дээрэмдэн авч 1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М, А.О нар нь шүүгдэгч Ө.Т , Ж.Т нарыг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний орой Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, СЭБОЦЭ ХХК-ний хашаанд үйл ажиллагаа явуулах Вьетнам авто засварын газарт хохирогч Nguyen Phu Hund /Н П Х/, Nguyen Xuan Ha /Нгюүн Суан Ха/ нарт хүч хэрэглэж Айфон-6 маркийн гар утас 2 ширхэг, бэлэн 400.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэдгийг мэдсээр байж 1 ширхэг Айфон-6 маркийн гар утсыг авч бусдад зарж борлуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Nguyen Xuan Ha /Нгюүн Суан Ха/-н: “...Жижиг биетэй залуу нь намайг дэгээдэж унагаагаад хөл гараараа цохиод байсан гэхдээ миний биед сүртэй гэмтэл учраагүй юм. Тэр намайг зодоод байсан жижиг биетэй залуу нь зодож байгаад гар утсаа гаргаад ир гэхээр нь би өөрийн өмдний баруун талын халааснаас Айфоне 6 маркийн гар утсаа тэр хүнд өгсөн юм. Тэр хүнээс айсан учраас би өөрийн гар утсаа өгчихсөн юм. Харин том биетэй залуу нь Н П Хг зодоод байсан би хаана хаана нь яаж зодсон талаар сайн мэдэхгүй байна хөл гараараа л зодоод байх шиг байсан. ...Сүүлд нь Н П Х миний Айфоне 6 эс маркийн гар утсыг 400.000 төгрөгтэй аваад явчихлаа гэж байсан. ...Н П Хг тэр орж ирсэн жижиг том хоёр залуу зодсон тэр хоёр л гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг, хохирогч Nguyen Phu Hund /Н П Х/-н “...Тэгээд тэр хоёр залуу намайг хоёулаа зодсон. Том биетэй залуу нь гараараа миний зүүн талын хавирга тус газарт 2 удаа цохисон тэгээд миний хавирга тус газар өвдөөд, би айгаад доош тонгойход тэр өндөр залуу миний гарыг өргөж байгаад миний өмдний баруун талын халаасанд байсан 400.000 төгрөг Айфоне 6 эс маркийн гар утсыг авсан. Миний гар утас болон мөнгө нэг халаасанд байсан юм. Тэгээд тэр өндөр залуу явангаа миний зүүн мөр орчим жийж унагаагаад миний зүүн талын хавирга орчим нэг удаа хөлөөрөө өшиглөөд явсан. Над дээр тэр том биетэй залуу нь байж байхад Нгүюүн Суан Хаг нөгөө жижиг биетэй залуу нь зодоод байх шиг байсан. Тэгээд том биетэй залуу нь явсны дараа нөгөө жижиг биетэй залуу нь бас хүрч ирээд миний цээж хэсэгт гараа нэг хоёр удаа цохисон. Тэгээд гараад явчихсан юм. ...тэр том биетэй залуу нь халаас ухаад гар утас мөнгө авсан юм. ...Намайг гол нь тэр том биетэй залуу зодсон миний хавиргыг хугалсан. Гараараа цохих болон хөлөөрөө өшиглөсөн гэхдээ гараар цохих үед гэмтэл учирсан уу эсвэл хөлөөр өшиглөх үед гэмтэл учирсан уу тэрийг би мэдэхгүй байна. Жижиг биетэй залуу нь миний цээж, хэвлий хэсэгт цохисон гэхдээ хавирганы гэмтлийг бол учруулаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Нгүюн Тэ Хоб, Б.Баярбат, Э.Рэнцэн нарын мэдүүлэг мэдүүлгүүд болон Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургууд зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

              Хохирогч Nguyen Phu Hund /Н П Х/, Nguyen Xuan Ha /Нгюүн Суан Ха/ нар нь “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж үзэв.

              Шүүх, шүүгдэгч Ж.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөгдсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэх.

              Харин шүүгдэгч Ө.Т хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв. 

              Прокуророос шүүгдэгч Боржигон овгийн Б.М, Далиу овгийн А.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч гэмт хэрэг үйлдсэнээс хойш буюу 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Ж.Тийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан 48 цагийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тоолох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Мөн шүүгдэгч Ж.Т, Ө.Т  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бууч овгийн Ж.Т, Боржигон овгийн Ө.Т  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Боржигон овгийн Б.М, Далиу овгийн А.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Прокуророос шүүгдэгч Боржигон овгийн Б.М, Далиу овгийн А.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт  үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Тд 02 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Т, Ө.Т  нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан 48 цаг буюу 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолж, шүүгдэгч Ө.Т , Б.М, А.О нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч Ж.Т, Ө.Т , Б.М, А.О нар нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Т, Ө.Т  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т, Ө.Т  нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Б.М, А.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН