Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар  2020/ШЦТ/336

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020       10         27                                           2020/ШЦТ/336

                                   

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Гэрч М.Очгэрэл, Э.Энхтуяа, Ж.Цогтбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтуяа, Х.Энхболд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Иргэний хариуцагч Ж.Дөлгөөн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Амарсанаагийн Хатансайханд холбогдох эрүүгийн 2021004010315 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Батлан хамгаалахын их сургуулийн 2-р курсын сонсогч, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2-р баг “Элст” гэх газар оршин суух, ял шийтгэл: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/596 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Шарайд овогт Амарсанаагийн Хатансайхан /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “Гүн цэнгэлэг” гэх газарт бусдын өмчлөлийн Тоёота Приус-20 маркийн 46-13 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас  явган зорчигч Э.Батхишигийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтуяагийн шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үдийн хойно нөхөртэйгээ хамгийн сүүлд уулзаад хадам аавын хамт аймгийн төвд ирсэн. Тухайн өдөр 19 цагийн үед нөхөртэйгээ утсаар ярихад “Гүн цэнгэлэг явлаа” гэсэн. Намайг яваад хэрэггүй гэсний дараа “ би явахаа болилоо” гэж хэлж байсан. Нөхөр маань хамгийн сүүлд 22 цаг 45 минутад гэртээ байна гэж ярьсан. Надтай ярьснаас хойш 10-20 минутын дараа Амарбаатар, Төмөрхайруул, Ган-Эрдэнэ нар ирж, талийгаачийг аваад Гүн цэнгэлэг явсан байсан. Манай хадам эгч 3 хүүхдийн хамт бас явсан. Хадам эгч согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Хатансайхан хэдэн найзуудын хамт Гүн цэнгэлэгийн баруун урд хэсэгт байсан. Ардчилсан намынхан Гүн цэнгэлэгийн 4 байшингийн голд түүдэг асаан сууж байсан гэж хэлсэн. Нөхөр маань Хатансайханд 1 цаг орчмын дараа дайруулсан. Хүмүүсийн ярьснаар Хатансайхан Жаргалсайхан ахын машиныг мөргөчихөөд ардуур нь гарч явсан хүнийг мөргөж унагасан. Хэрэгт авагдсан зургаас талийгаачийн хөл гарын байрлалыг харахад маш ширүүн ухарч дайрсан байх. Мөн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийг 2 м орчим газарт чирсэн байсан. Машин мөргөсний дараа Цогтбаяр бууж ирээд “чи хүн алчихлаа, хүн дайрчихлаа гэж хэлчихаад дараа нь худлаа, тоглосон юм аа, согтуугаар жолоо барих ямар байна гэж хэлээд мөрөн дээр нь цохиод явчихсан. Мөн Энхтуяа “чи хүн алчихлаа, хүн дайрчихлаа” гэж хэлсэн байсан. Би Хатансайханыг санаатайгаар миний нөхрийг дайрсан гэж бодож байна. Учир нь Хатансайхан тэр хавиар би азийн аварга байна гэж цээжээ дэлдэж явсан байсан. Осол гарсан газраас 10 метр хүрэхгүй зайд Хатансайхан манай нөхөртэй юм яриад зогсож байсныг хадам эгч маань харсан байсан. Мөн манай нөхрийг гэрээс нь авч явсан Амарбат гэх хүн Хатансайханыг ухрах үйлдэл хийсний дараа машинаас нь буулгаад хашааны хажууд ярилцсан талаар Очгэрэл мэдүүлсэн. Хатансайхнаас энэ талаар асуухад юу ч яриагүй, тамхи татаад л ирсэн гэх зүйл ярьсан. Осол гарснаас хойш 4 сар өнгөрчихөөд байхад Хатансайхан болон ар гэрээс нь бид нартай нэг ч удаа холбогдоогүй. Би Хатансайханыг Цогтбаяр, Очгэрэл, Энхтуяа нартай бүлэглэж миний нөхрийн амь насыг хөнөөсөн гэж бодож байна. Амь насыг нь аврах боломж байсаар байхад хэн нь ч миний нөхрийн амь насыг авраагүй. Талийгаачийг ойролцоогоор шөнийн 01 цагт дайрсан гэж үзэхэд үүрийн 6 цагийн үед мэдэж, 9 цагийн үед сумын төвд очсон. Цогцост үзлэг хийсэн Пүрэвжаргал эмчээс юу болсон талаар асуухад “Гүн цэнгэлэг гэх газарт 30-35 настай, эрэгтэй, жижгэвтэр биетэй хүн 30-40 минутын өмнө нас барсан байдалтай байсан” гэж хэлсэн. Намайг гэртээ очиход төрөл садангууд аль хэдийн мэдчихсэн манайд цугларсан байсан. 30-35 настай, эрэгтэй, жижгэвтэр биетэй хүн гэсэн болохоор нь нөхрийгөө гэдэгт итгээгүй. Би өөрийн нүдээр харахаар очиход Хатансайхан, Очгэрэл, Дөлгөөн, Тэмүүлэн, Одхүү гэсэн 5 хүүхдүүд цагдаагийн хамт бөөгнөрчихсөн сууж байсан. Бид нарыг очиход цаашаа яваад өгсөн. Тэрнээс хойш 4 сарын хугацаа өнгөрчихөөд байхад Хатансайхан бид нартай огт яриагүй. Хатансайхан гэмшиж байна, харамсаж байна гээд байгаа боловч үнэндээ ялгүй л салах бодолтой байна. Намайг бэлэвсрүүлж, хүүхдийг маань өнчирүүлж, эцэг эхийг маань шар махтай нь хатаачихаад хийсэн үйлдэлдээ гэмшихгүй байна. Гэмшиж байна гэж амаараа хэлээд байгаа боловч үйлдлээрээ гэмшиж байгаагаа огт харуулахгүй байна. Шүүх хурлаас 2 хоногийн өмнө 7 сая төгрөг төлчихөөд үлдсэн мөнгийг шүүх хурлаас өмнө төлнө гэсэн боловч өнөөдрийн хүртэл ээж нь дахин ярьсангүй. Энэ хүмүүст ялгүй салах сэтгэл л байна. Айлын амьдрал үймүүлж, хүн алсан гэдгээ огт ухамсарлахгүй байна гэж үзэж байна. Гүн цэнгэлэг нуурыг тойроод олон айл байдаг. Тэр айлууд руу гүйж очоод түргэн тусламж дуудсан бол амь насыг нь аврах боломж байсан. Хэрвээ амь насыг нь аварсан бол эрэмдэг зэрэмдэгч гэсэн хажууд минь байх байсан. Дөлгөөн иргэний хариуцагч хэрнээ огт төлбөр төлөхгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Машин дотор байсан хүмүүсээс хэн нь ч бид нартай холбогдоогүй. Нөхөр бид хоёр Зоны хишиг ББСБ-аас зээл авч, сардаа 117000 төгрөг төлдөг байсан. Тэгээд үлдсэн сараа төлүүлэх хүсэлтийг Хатансайханд гаргаж, Хатансайхан төлсөн байсан. Бусад хохирлыг яагаад төлөхгүй байгааг асуухаар Хатансайхан руу залгахад сүүлдээ огт утсаа авахаа больсон. Тэгээд ээжтэй нь холбоо барихаар танай нөхөр нас барсан, миний хүү шоронд орох зовлон адилхан. Хохирлыг чинь төлөх мөнгө цуглуулж байгаа гэж хэлсэн. Бид нарын хүсэж байгаа зүйл нь нэг удаа ч гэсэн үр хүүхэд, эцэг, эх чинь яаж байна гэж асуугаагүйд үнэхээр их гомдолтой байна. Осол гарсан газарт Хатансайханаас цусны шинжилгээ аваагүй. Хатансайхан согтуу байсан, эрүүл байсан гэх өөр өөр зүйлийг ярьж хөнгөн ял авах хүсэл эрмэлзэлтэй байна. Хэрэг гарсны дараа 18 цагийн орчим сумын эрүүл мэндийн төвд авчирч задлан шинжилгээ хийсэн багаад бид гэртээ хүлээж байгаад 20 цаг 30 минутын орчимд эрүүл мэндийн төвд ирэхэд задлан шинжилгээ дууссан байсан...” гэх мэдүүлэг

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхболдын шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бэртэйгээ аймгийн төвд ирсэн. Тэгээд маргааш өглөө нь 08 цагийн үед том охин залгаад Батхишиг машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд шууд Гүн цэнгэлэг рүү явж очиход манай хүү мөн байсан. Тухайн газарт хэдэн хүүхдүүд байсан. Би хэн нь жолоо барьсныг нь тухайн үед мэдээгүй. Орой 19 цагийн үед шүүх шинжилгээнийхэн сумын төвд аваачин задлан хийсэн.  Шинжээчийн дүгнэлтээр 12 цагийн өмнө нас барсан байх магадлалтай гэсэн. Миний хүү шөнө 02 цагаас өглөөний 6-7 цаг хүртэл яаж тарчилж зовсон бол гэж бодож байна. Тэр хугацаанд яагаад машин доороос нь авч болоогүй юм бэ. Гүн цэнгэлэг гэх газарт байсан 20-30 хүнээс 1 ч гэсэн хүн харсан л байж таараа. Хэн нэгэн нь хараад хүүд минь туслаагүйд гомдолтой байна...” гэх мэдүүлэг

 

Иргэний хариуцагч Ж.Дөлгөөн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнөх өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач Э.Батхишиг  миний төрсөн хүү юм. Талийгаач нь Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд эхнэр 1 хүүхдийн хамтаар амьдардаг байсан. 2020 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн орчим Дорнод аймагт байж байхад талийгаачийн эгч нь над руу утсаар залгаад хүүг нас барсан талаар хэлсэн. Би Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “Гүн цэнгэлэг “ гэх газарт 09 цагийн орчим очиход Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн доор Э.Батхишиг нь дайруулсан байдалтай нас барсан  байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/

 

Иргэний хариуцагч Ж.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багын нутагт  “Элст Боон” гэх газарт аав ээжийн хамтаар амьдардаг. 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай найзууд болох Э.Тэмүүжин, Л.Одхүү, М.Очгэрэл, ******* нар суманд ирсэн.  Улмаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Цагаан-Овоо сумаас 11 км зайд байх “Гүн цэнгэлэг” гэх газар руу явах гээд сумын төвөөс хөдлөхдөө *******аар машинаа бариулаад би өөрөө замдаа пиво уугаад явсан. Би замдаа пиво уух гээд анхнаасаа *******аар машинаа бариулсан. “Гүн цэнгэлэг” гэх газар очоод архи ууж байгаад орой 22 цагийн үед тасраад уначихсан. ... өглөө нь өөрийн эзэмшлийн 46-13 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудал дээр  сэрсэн ба манай найз Э.Тэмүүжин машины доор хүн байна гэхээр нь сандраад буугаад харсан... Тоёота Приус-20 маркийн 46-13 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/

 

Гэрч М.Очгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнийн 00 цагийн орчимд сумын төв рүү явахаар машиндаа сууцгаасан. Тэр үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд уг машиныг барих гэтэл ******* нь согтуурхаад “ би машин барья” гээд машинаа бариад хөдөлсөн. Машин барьж яваад Тээгий гэх ахын аавынх нь машиныг мөргөсөн. Тээгий гэх ахын аав нь “машин мөргөчихлөө маргааш надтай ирж уулзаарай” гээд яваад өгсөн. Харин уг мөргөсөн газраас ******* нь Приус 20 маркийн 46-13 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад ухарсан. Тэр үед Энхтуяа эгч “хөөе Хатансайхан чи хүн мөргөөд алчихлаа ш дээ” гээд гүйгээд ирсэн. Тэр үед би буугаад машины ар талд гараад харахад хүн байхгүй байсан. Харанхуй байсан болохоор машин доогуур хараагүй. Харин Энхтуяа эгч ирээд юм яриагүй байж байгаад машинд суугаад яваад өгсөн. Бид нар явах гэтэл машины түлхүүр нь байхгүй байсан. Ингээд бид нар машиндаа унтацгаасан. Өглөө Э.Тэмүүжин “машины доор хүн үхсэн юм шиг байна” гэж хэлсэн... ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод ухарсан. Арагшаа ухрах үед огцом донслох шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/

 

Гэрч Э.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь машин мөргөчихөөд хүчтэй ухрах үед би очиж машины түлхүүрийг нь  авахад уг Приус-20 маркийн 46-13 УБХ  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны ард сууж байсан бөгөөд  архи үнэртэж байсан. Тухайн үед Приус-20 маркийн машин 46-13 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь маш хүчтэй ухрахаар нь “ хүн алах нь байна ш дээ” гэж хашгирсан. Харин хүн алчихлаа ш дээ гэж хашгираагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр тал/

 

Гэрч Э.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өглөө Ж.Дөлгөөний өмчлөлийн мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн 46-13 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн  жолоочийн суудалд сэрсэн... би сэрээд уг тээврийн хэрэгслийн түлхүүрийг хайхад уг тээврийн хэрэгслийн доор хүн нас барсан байдалтай байсан. Ингээд найзууд руугаа машин доор хүн байна гэж хэлсэн. Энэ үед ******* уг тээврийн  хэрэгслийг орой барьж хөдлөөд машин мөргөсөн, мөн хүчтэй арагшаа ухарсан талаар М.Очгэрэлтэй ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/

 

Гэрч Д.Пүрэвжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би юу болсон талаар Хатансайханаас асуухад “нэг охиноос бусад нь согтуу байсан. Би машин барьж байсан, бас архи уусан байсан. Өглөө босоод машины түлхүүр хайхад миний доор хүн нас барсан байдалтай байсан” гэж хэлж байсан. Приус маркийн тээврийн хэрэгслийн ... доор 30-32 насны эрэгтэй хүн байсан бөгөөд ажиглалтаар баруун хөл нугларсан зүүн хөл хагас нугларсан, цамц дээш сөхөгдсөн байдалтай, нуруу гэдэс гарсан байдалтай, хүүрийн толбо үүссэн, судасыг нь барьж үзэхэд судасны цохилт тодорхойлогдохгүй, нүүр хавагнасан байдалтай байсан...” гэх мэдүүлэх /хх-ийн 47 дугаар тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 76 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач Э.Батхишигийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн аалзан хальсны доорх цус хуралт, уушигны няцрал, зүүн мөрний үеийн мултрал, зүүн гарны атгаал яс, өвчүү ясны хугарал, цээж, зулайн хуйхны  цус хуралт, зүүн мөр, зүүн шуу, бугуйн үе, баруун бугалга, хэвлий, нуруу, зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд буюу тээврийн хэрэгсэлд дайрагдах үед үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Талийгаач нь цээж хэвлий дарагдах хэлбэрийн механик амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. Нас бараад 12-оос дээш цаг өнгөрсөн байх боломжтой.

4. Талийгаач нь нойр булчирхай. Элэгний үрэвсэл өвчтэй байна.

5. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /хх-ийн 53-55 дугаар тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09 дүгээр тал/

Зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-19 дүгээр тал/

Хэв дээж авсан тэмдэглэл /хх-ийн 61 дүгээр тал/

*******ы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 87 дугаар тал/

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 88 дугаар тал/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-94 дүгээр тал/

Вендо ХХК-ний эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 102-104 дүгээр тал/

Зээлийн гэрээ /хх-ийн 106-116 дугаар тал/

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 117-142 дугаар тал/

            *******ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 86 дугаар тал/ зэрэг  тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “Гүн цэнгэлэг” гэх газарт бусдын өмчлөлийн Тоёота Приус-20 маркийн 46-13 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч Э.Батхишигийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхболд, Б.Мөнхтуяа, иргэний нэхэмжлэгч Б.Хүрэлсүх /хх-ийн 29 дүгээр тал/, иргэний хариуцагч Ж.Дөлгөөн /хх-ийн 25-26 дугаар тал/, гэрч М.Очгэрэл, Э.Энхтуяа, Э.Тэмүүжин, Ж.Цогтбаяр, Л.Одхүү, Д.Пүрэвжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 76 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Амарсанаагийн Хатансайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Батхишигийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхболд, Б.Мөнхтуяа нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд оршуулгын зардалд 15.627.284 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 512.000 төгрөг, жилийн 6.144.000 төгрөг, хүүхдийг 18 нас хүртэл 9 жилийн тэтгэмжийн төлбөрт 55.296.000 төгрөг нийт 120.923.284 төгрөгийг нэхэмжилжээ. Үүнээс:

Сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 55.296.000 төгрөгийг энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.  Учир нь хохирогч Э.Батхишиг нь  ажил хөдөлмөр эрхэлж байсан хэдий ч нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. 

Оршуулгын зардалтай холбоотой 15.627.284  төгрөгний зардлын баримт хэрэгт авагдсан байна.  Үүнээс:

хх-118 хуудас баримт 2-т бичигдсэн өдөр тутам ариун цэврийн хэрэгсэл-4150 төгрөг, хх-119 хуудас баримт 10-т бичигдсэн тамхи 9020 төгрөг, хх-119 хуудас хоолны баримт 50900 төгрөг нийт 64070 төгрөгийг энэ хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзээд хэрэгсэхгүй болголоо.  

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт  7.400.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******аас оршуулгын зардалд 15.563.214 төгрөг гаргуулахаас төлөгдсөн 7.400.000 төгрөгийг хасч үлдэгдэл 8.163.214 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч  Инвескор ББСБ нь  автомашины хохиролд 951.200 төгрөг  нэхэмжилсэн. Гэвч тухайн автомашин нь ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй боловч иргэний хариуцагч Ж.Дөлгөөний өмчлөлийнх, зээлийн гэрээний барьцаанд байгаа болох нь тогтоогдож байна. Ж.Дөлгөөн нь өөрийн өмчлөлийн автомашины эвдрэл гэмтлийг засварлаад өнөөдрийг хүртэл зээлийг хувиарийн дагуу төлж байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан иргэний хариуцагч Ж.Дөлгөөний мэдүүлэг, зээл төлсөн баримтаар нотлогдож байх тул уг асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд нь шүүгдэгч *******ы спортын төрлөөр гаргасан амжилт, түүний хувийн байдал зэргийг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болоод шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон оролцогчдийн мэтгэлцээнээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь самбо бөхийн төрлөөр улс болоод тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцож Монгол Улсын нэрийг өндөрт өргөж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх хэдий ч тэрээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхэнд халдаж, хохирогч Э.Батхишигийн амь насыг хохироосон байна. Хүний амь насыг аливаа хүний алдар, нэр хүнд, хувийн байдалтай харьцуулах боломжгүй учир хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ы цуснаас авсан шинжилгээгээр спиртийн алкоголь илрээгүй гэж гарсан шинжээчийн дүгнэлт нь хэрэгт авагдсан хэдий ч шүүгдэгч *******ы согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явснаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч М.Очгэрэл, Э.Энхтуяа, Ж.Цогтбаяр, Ж.Дөлгөөн нарын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа хувийн байдал, талийгаачийн оршуулгын зардлаас 7.400.000 төгрөг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Амарсанаагийн Хатансайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

             Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******ы ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарайд овогт Амарсанаагийн Хатансайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас  хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Амарсанаагийн Хатансайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас оршуулгын зардалд 8.163.214 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багт оршин суух Боржигон овогт Баяндэлгэрийн Мөнхтуяа /РД: СТ92051903/,  Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Ивээлийн 13-17 тоотод оршин суух Боржигон овогт Хадёндонгийн Энхболд /РД: ЖЛ64011316/ нарт  олгосугай.

            

             6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь бусад хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, оршуулгын зардалд 7.400.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ы ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА