Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч А.Дүүрэнбилэг

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009019291717 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, ** оны * дүгээр сарын **-нд Говь-Алтай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Их Монголын ураг удмын нэгдэл” ТББ-ын тэргүүнээр ажилладаг гэх, ам бүл 4; Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 12 дугаар гудамж ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч, хадам эх, эхнэр, охины хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 152 дугаар байр, 19 тоотод оршин суух, ялгүй, ** дугаарын регистртэй, Ц овогт Д-ийн Б

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Б 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 152 дугаар байрны 19 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хохирогч А.Гын нүүр, бие тус газар цохих, гараараа базах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний биед эрүүний зүүн талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөр, баруун бугалга, шууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Г бол миний эхнэр. Бид дундаасаа нэг охин төрүүлсэн. Гэхдээ гэрлэлтийн баталгаа байхгүй.

Манай эхнэр хамт ажилладаг Т гэх хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд явж байгааг нь би мэдээд, эхнэр бид хоёрын хооронд маргаан үүссэн. Яллах дүгнэлтэд намайг эхнэрээ зодсон гэж бичсэн байна. Би эхнэртээ гар хүрээгүй. Манай эхнэр 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ганбат гэх айлд очоод Ттэй үнсэлцээд зогсож байхыг нь харсан. Би тухайн үед эхнэрийнхээ араас Ганбатын гэрийн тийшээ очсон юм. Эхнэр болохоор Ттэй үнсэлцээгүй гэж хэлээд байгаа. Тэр асуудлаас болж намайг зодсон гэж хэлсэн байсан. Мөн намайг 2020 оны 7 дугаар сарын 08-ны шөнө эхнэрээ зодсон гэж байгаа. Манай эхнэрийн гар нь хөхөрсөн асуудал бол Ганбатынд очоод тамхи хаясан гэх газарт очих гэж яваад манай эхнэр машинаас буух гээд байхаар нь би гараас нь татсан. Гэтэл эхнэрийн бугуйнд гарын мөр гараад хөхөрсөн байсан. Мөн манай эхнэр машинаас буухдаа өвдгөө гэмтээсэн. Хацар нь хөхөрсөн асуудал бол би эхнэрийнхээ хацраас татахад хөхөрсөн байх. 2020 оны 7 дугаар сарын 13-ны орой эхнэр бид хоёр маргалдсан. Тэр үед манай хажуу айл цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирэн. Тэр өдөр манай эхнэр цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Т намайг хүчирхийлж байсан, тэгээд бэлгийн харьцаанд орсон” гэж хэлж байсан. Тэр мэдүүлэг энэ хэрэгт байхгүй байна. Ийм зүйлээс болж гэр бүлийн маргаан гарсан. Одоо эхнэр бид хоёр эвлэрсэн, хамт амьдарч байгаа.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлийг би хэлж мэдэхгүй, би эхнэрээ цохиж зодоогүй. Манай эхнэр машинаас буух гэхэд нь би татсан, тэгээд хөхөрсөн байх. Эхнэр бил хоёр 12 насны зөрүүтэй. Би Сарантуяа гэх хүнийг танихгүй, манай байранд тийм хүн байдаггүй. Сарантуяа гэж хүн яагаад ийм мэдүүлэг өгснийг би гайхаж байна. Надад хэрэг танилцуулаад Сарантуяагийн мэдүүлгийг харуулсан. Би мөрдөн байцаагчид Сарантуяа гэж хүн манай байранд байдаггүй гэж хэлэхэд надад ямар ч зүйл хэлээгүй. Т гэх хүн манай эхнэрийг дарамталж бэлгийн харьцаанд ордог юм байна гээд би Тийг шалгуулах байдлаар мэдүүлэг өгсөн.  Тэр мэдүүлэг энэ хэрэгт байхгүй байна. Үндсэндээ би өөрөө хохирогч. Яагаад гэхлээр манай эхнэрийг ажлын газрынх нь Т гэж хүн хүчиндэж хүчирхийлсэн байдаг. Үүнийг нь би мэдээд цагдаад өргөдөл өгсөн. Гэтэл миний энэ өргөдөл алга болсон. Тэгсэн мөртлөө мөрдөн байцаагч чамд заавал ял өгүүлнэ гэж намайг дарамталсан.

Монгол Улсад шүүх засаглал, мөрдөгч, прокурор шударга байхыг би хүсэж байна. Миний хувьд шударга байна гэх зүйл харагдсангүй. Монголын түүхэн уламжлалд эхнэр хүн ариун байж галаа манана, ариун биш хүнийг дээр үед цаазалдаг байсан. Гэтэл миний гэр бүлийг үймүүлсэн хүн болох Т ямар ч хариуцлага хүлээхгүй зүгээр явж байна. Ийм шударга бус зүйл байхад би юунд итгэх юм бэ. Хэрэв би танил хүнээрээ яриулсан бол энэ хэрэг арай өөр байдлаар шийдэгдэх байсан байх гэж бодож байна. Би Монгол Улсын шударга шүүх, шударга мөрдөгч нарт итгэж явсан. Надад мөрдөгч, прокурор, шүүхэд таньдаг хүн олон бий. Гэхдээ би тэр хүмүүсийг ашиглахгүй. Яагаад гэвэл надад Монгол Улсын шүүх, цагдаа, прокурор шударга үнэнээр шүүнэ гэдэг итгэл байсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж яллажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар энэ хэргийн шүүгдэгч Д.Б, хохирогч А.Г нар хэдийгээр гэрлэлтийн баталгаагүй боловч эхнэр, нөхөр болох нь тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, энэ хуулийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хамааруулсан байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хүндрүүлэх шинжийг “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ... “ гэж хуульчилсан ба хуулийн энэ зохицуулалтаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байхыг шууд шаарддаг.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Д.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Бын үйлдсэн энэ гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн

хохирогч А-ын Гын “… 2020 оны 7 дугаар сарын 07-ны орой бид хоёр гэртээ байсан бөгөөд Б нь намайг ажлын газрын хүнтэй хардсаны улмаас хэрүүл маргаан эхэлсэн. Учир нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр манай ажлын газрын Ганбат гэх хүн шинэ хүүхэдтэй болсон гээд бид нар очсон юм. Гэтэл намайг тэр Ганбат гэх ажлын хүнтэй хардаж хэрүүл эхэлсэн гэж хэлж болно. Би 00-ын өрөөнд ороод байж байтал намайг 00-ын өрөөнд цоожлоод охин Бөртэг аваад гарсан. Би 00-ын өрөөний хаалга онгойлгоод гараад гадагшаа гартал Б хүүхэд аваад машинтайгаа хөдөлж байхаар нь хаалганаас нь татах үед огцом хөдөлсөн. Энэ үед миний гар хаалганы бариулд татагдаад газар унахдаа зүүн өвдгөө шалбалсан. Би гэртээ ороод байж байтал гаднаас нөхөр орж ирээд хэрэлдсэн. Шөнөжингөө хэрэлдсэн. Өглөөгүүр маргаан ширүүсэх үед миний эрүүнээс гараараа базсан. Тэр үед эрүүний зүүн талд хөхөрч хавдсан. Мөн зүүн шанаа хэсэгт цохисон. Тэр үед зүүн хацар хөхөрч хавдсан. 2 гарын бугалга шуунаас атгаж базсан бөгөөд тэр үед баруун бугалга хөхөрсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн нөхөр Б, охины хамт амьдарч байгаа” /хх-н 26-28/ гэсэн,

гэрч Г-ын С-ийн “... манайх 2017 оноос хойш Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 152 дугаар байрны 20 тоотод оршин сууж байгаа. Манай хөрш 2019 оны хавар 19 тоотод нүүж ирсэн. Нэг хөгшин эмээ, эхнэр, нөхөр, нэг жаахан охин 4 амьдардаг юм байна лээ. Манай 19 тоотод амьдардаг хөрш байнга маргалдаж байдаг. Тэгээд эмэгтэй хүний орилох чимээ байнга гараад байдаг. Саяхан хажуу айлын эмэгтэй манай хаалгыг тогшоод “манай хаалганы гаднаас нь чагнаад байгаарай, тэгээд манай нөхөр намайг зодвол гялс цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Тэр өдрөө зодоон болоогүй. Удалгүй 10 сарын дундуур дахин хаалга тогшоод “манай нөхөр ирээд намайг асуувал хүүхдээ аваад явчихсан гэж хэлээрэй” гэсэн. Орой нь нөхөр нь ирээд хаалгаа чанга нүдэж байгаад явчихсан. 19 тоотод ирснээс хойш байнга л маргалдаад байгаа сонсогддог.

Өмнө нь хэд хэдэн удаа жаахан хүүхэд нь уйлаад эхнэр, нөхөр хоёр хоорондоо маргалдаж байгаа нь сонсогдож байсан. Тэгээд л бид нар нөхөр нь эхнэрээ зоддог юм байна гэж бодсон. Ихэвчлэн шөнө унтаж байхад маргаан, зодоон болоод байдаг болохоор урьд нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй” /хх-н 36/ гэсэн мэдүүлгүүдээр,

 

хохирогч А.Гын гэмтэлтэй холбоотой “А.Гын биед эрүүний зүүн талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөр, баруун бугалга, шууны цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь учраад 3 дээш хоносон байх боломжтой байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8086 тоот дүгнэлт /хх-38-39/,

А.Гын биед учирсан эрүүний зүүн талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөр, баруун бугалга, шууны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. А.Гын биед учирсан зүүн өвдөгний зулгаралт нь гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь учраад 3 дээш хоносон байх боломжтой байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1277 тоот дүгнэлт /хх-42-44/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг үгүйсгэх нотлох баримт шүүгдэгч талд байхгүйгээс гадна, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт нь дээрх мэдүүлгүүдтэй харилцан хамааралтай гэж үзэж болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний эрхийг баталгаажуулж, баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Эрүүгийн хуулиар хуульчилсан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн А.Г анх хохирогчоор мэдүүлэхдээ

“... 2020.07.07-ноос 08-нд шилжих шөнө ... ажлын газрын хүнтэй хий хардсаны улмаас намайг тамлан зовоож дотуур хувцсыг маань хүчээр тайлж ам руу чихээд, миний дээр гарчхаад пивоны шилний амсар, гурилын элдүүр үтрээ рүү хийх гэж дайрсан. Мөн гараа атгаж байгаад ам руу хийх гэж чихсэн. 2 гарын бугалга шуунаас чанга атгаж гэмтэл учруулсан. Хүзүү боож хана руу шахаад үсдэж, хацар руу алгадаад эрүүг хоёр гараараа хүчтэй базсан.

... 2020.07.13-ны шөнө Б гэртээ ирээд гэрт ээж байхгүй юм уу гэхээр нь байхгүй байна гэтэл шууд дахиад л хүнтэй хардаад та хоёр үнсэлцсэн үү, буудал орсон уу гэх мэтээр хэлээд эхэлсэн ба би аминдаа аргадах гэтэл худлаа юу тэ, үгүй юу тэ гэж хэлээд унтаж байсан охиноо шүүрч аваад жижиг цонхоор үсэрнэ гэж дайраад багтахгүй болохоор нь сандал шидэж том цонх хагалаад үсрэх гээд байсан. Тэгтэл цагдаа нар ирсэн. Ингээд цагдаа дээр мэдүүлэг өгчхөөд хамгаалах байр руу явах гэтэл Б хүүхдийн бие өвдчихлөө гэж худлаа яриад намайг цагдаагаас гаргаж ирсэн. Гараад иртэл Б гадаа машинтайгаа ирчихсэн байсан ба намайг машиндаа суулгаад орсон буудлаа зааж өг, машинтайгаа үхье гэх мэтээр хурдан удаан явж намайг айлгасан. Энэ хоорондоо 2 гараараа намайг үсдэж байгаад толгой сэгсрээд байхаар нь би айсандаа хүсээд байгаа газрыг нь заагаад өгье гэж худлаа хэлээд СБД-ийн 5-р хороонд очоод би машинаас нь гарч 5-р байрны урдуур гарч зугтааж хүмүүсээс тусламж хүсэхэд нэг эгч таараад цагдаагийн байгууллагад хандсан юм. Намайг зугтааж байх хооронд Б араас хүрч ирээд Баянгол дүүргийн цагдаагаас намайг шүүх эмнэлэгт үзүүл гэж өгсөн тогтоолыг надаас булааж авсан” гэж мэдүүлсэн байгааг худлаа ярьсан, хэн нэгнийг гүтгэх байдлаар мэдүүлсэн гэх ямар ч үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ихэнхдээ хохирогчийн анхны мэдүүлэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой байдгаас гадна, хохирогч А.Гын хувьд түүний дараа дараагийн мэдүүлэг нь агуулгын хувьд илтэд зөрүүгүй, тогтвортой байна.

 

Шүүгдэгч Д.Бын үйлдэл болох бага насны хүүхдийнхээ дэргэд эхнэрээ зодох, хүчирхийлсэн шинжтэй үйлдэл хийж байгаа байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтад бүрэн нийцнэ.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Д.Б өөрийгөө “Их Монголын ураг удмын нэгдэл ТББ-ын тэргүүн” гэж танилцуулж байгаа нь харин түүнийг ёс суртахууны өндөр мэдрэмжтэй байж гэр бүлээ хайрлах, хүндлэх зан заншлын хэм хэмжээг баримтлахыг шаардана.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирлын хувьд:

Хохирогч А.Г нь “... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-н 28/

 

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Б “... шүүх засаглал, мөрдөгч, прокурор шударга байхыг би хүсэж байна. Миний хувьд шударга байна гэх зүйл харагдсангүй. ... Хэрэв би танил хүнээрээ яриулсан бол энэ хэрэг арай өөр байдлаар шийдэгдэх байсан байх гэж бодож байна. Би Монгол Улсын шударга шүүх, шударга мөрдөгч нарт итгэж явсан. Надад мөрдөгч, прокурор, шүүхэд таньдаг хүн олон бий ...” гэсэн тайлбар хэлж байгаа нь түүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх мөн боловч шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого гэдгийг анхааруулъя.

 

Харин түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайханы гаргасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай хүсэлт болон цаг үеийн нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг харгалзан торгох ялын хэмжээг багаар тогтоосон болно.

 

Энэ байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэсэн зохицуулалтад хамаарна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Д-ийн Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Шүүгдэгч Д.Б торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

 5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ