| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1120/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/1163 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/1163
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн, улсын яллагч Б.Энхбат, хохирогч Г.А, шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Г.Л.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .......... дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Г.Л.М, ..........-ны өдөр ....... суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл ......... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 хороо, Мал тууврын замын 7-5 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...........).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр) Шүүгдэгч Л.М нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын 7-5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун өвдөгт цус хуралт, эрүүнд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол 2 учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг Шүүгдэгч Л.Моос: Мөрдөн байцаалтад болсон асуудлаа би ярьсан. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй байна гэв. Хохирогч Г.А мэдүүлэгтээ: Л.Мтой 2007 онд танилцаж, 2008 онд гэр бүл болж амьдарч байгаа, гэрлэлтээ батлуулаагүй. 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Нямбаатар 65 дугаар сургуулийн эцэг эхчүүдийг сургалтад хамруулахаар амралтанд аваачсан. Орой нь эцэг эхчүүд амралтнаас ирээд караокед суусан. Караокед сууж байхад утас дуугарсаныг сонсоогүй байсан. Тэгээд би гэртээ таксидаж очтол нөхөр Л.Моос мөнгө асуухад “чи утсаа авахгүй яагаад байгаа юм “ гээд хоолой боож, нүүрэнд 2-3 удаа цохиж, 2-3 удаа өшиглөхөөр нь цагдаа дуудсан гэв. .
Хоёр. Эрүүгийн ............ дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:
1. Хохирогч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “... Би Л.Мтой 2008 онд гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн юм. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. ...Сүүлийн үед нөхөр Л.М намайг хардсанаас болж бид хоёр хэрүүл маргаан их хийдэг болсон. 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улсын их хурлын гишүүн Нямбаатар охин Ганцэцэгийн ангийн эцэг эхчүүдэд 361-ын гарамын тэнд амралтын газарт сургалт зохион байгуулсан. Дараа нь эцэг эхчүүдтэй нийлж караоке ороод 23 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр Л.М намайг оройтож ирлээ, утсаа авсангүй гээд гар хөлөөрөө цохиж зодсон. Тухайн үед нөхөр бас согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Намайг зодож байхад Ганцэцэг, Гансондор хоёр байсан. Л.М гараараа хоолой боогоод, үснээс зулгааж чирээд, гараараа нүүр рүү 2-3 удаа цохиод, хөл хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Өмнө нь намайг цохиж зодож байсан удаа 3 байхгүй. Харин хэрэлдэж маргалдаж байсан удаа зөндөө байгаа. Миний биед учирсан гэмтэл зүгээр болсон учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),
2. Шүүгдэгч Л.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нямбаатар гишүүний өдөрлөг гээд манай том охины ангийн эцэг эхчүүд явсан юм. Тухайн үед Г.А карт аваад явсан байсан. Би хоёр охинтойгоо хоол хийж идэх гээд мөнгө хэрэг болсон чинь Г.А утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь хажуу айлын хоёр залуутай 2 шил архи хувааж уусан. Шөнө Ариунаа архи уусан байдалтай гэрт ирсэн. Бид хоёр хоорондоо хэрүүл хийж байгаад 2-3 удаа толгой, нүүр рүү нь гараараа цохисон. Би Г.Агийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ариунааг зодчихоод гэрээс гараад явсан чинь эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5357 тоот дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Хоёр нүдний дээд доод зовхи, хамрын нурууны уг овойж хавдсан, хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун мөрний урд хэсэгт 5х4 см, зүүн бугалганы урд дээд хэсэгт 2х1 см, зүүн гарын сарвууны ар талд 5х5 см, баруун өвдөгт 5х5 см, 7х5 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, эрүүний доод хэсэгт 4х0.5 см хүрэн бор өнгийн тав бүхий зулгаралттай. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн КТГ-н шинжилгээнд: “...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Баруун талын хажуугийн ховдлын урд эвэр зүүн талын хажуугийн ховдлын урд эвэртэй харьцуулахад хэмжээ нарийссан гэжээ. ДҮГНЭЛТ: “...Г.Агийн биед хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун өвдөгт цус хуралт, эрүүнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. -Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. -Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” /шинжээч Т.Чимэд-Очир/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21 дүгээр тал), 4
4. Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 15 дугаар тал),
5. Шүүгдэгч Л.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), Г.Л.Мийн Хаан банкинд эзэмшдэг дансны 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24- ний өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 81-93 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Л.Мид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Л.М нь 2019 оны 4 дүгээр сарын 27- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын 7-5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Г.Л.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа 5 татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Л.Мид холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Л.М, хохирогч Г.А нар нь 2008 оноос гэр бүл болсон хамтран амьдрагч нар байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор заасан ба шүүгдэгч Л.М, хохирогч Г.А нар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна. 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын 7-5 тоотод шүүгдэгч Г.Л.М нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Аг “утсаа авсангүй” гэх шалтгаанаар хоолойг нь боох, үснээс нь зулгаах, гараараа нүүрэнд нь цохих, мөн өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун өвдөгт цус хуралт, эрүүнд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь: -хохирогч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Л.М намайг оройтож ирлээ, утсаа авсангүй гээд гар хөлөөрөө цохиж зодсон. Тухайн үед нөхөр бас согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Л.М гараараа хоолой боогоод, үснээс зулгааж чирээд гараараа нүүр рүү 2-3 удаа цохиод, хөл хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал), мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),
-шүүгдэгч Л.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн“...Г.А 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нямбаатар гишүүний өдөрлөг гээд манай том охины ангийн эцэг эхчүүдтэй явсан юм. Г.А карт аваад явсан байсан. ...хоол хийж идэх гээд мөнгө хэрэг болсон чинь Г.А утсаа авахгүй байсан. ...шөнө Ариунаа архи уусан байдалтай ирсэн. Бид хоёр хоорондоо хэрүүл хийж байгаад 2-3 удаа толгой, нүүр рүү нь гараараа цохисон. Би Г.Агийн биед гэмтэл учруулснаа хүлээн 6 зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5357 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 21 дүгээр тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 15 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Л.М нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Г.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл шүүгдэгч Г.Л.М, хохирогч Г.А нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба тэдгээрийн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тус гэмт хэрэг гарсан байна. Иймд шүүгдэгч Г.Л.М нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Аг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Л.Мийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар. Шүүгдэгч Г.Л.М нь хохирогч Г.Агийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Г.А нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн шүүх хуралдааанд хохирогчоор оролцохдоо “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Л.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлт гаргасан, шүүгдэгч Л.М 7 нь өмгөөлөлдөө “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Г.Л.М нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн баримттай ба шүүхээс шүүдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүхээс шүүгдэгч Л.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн, нөгөө талаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хэрэгт ирүүлсэн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгад авагдсан орлогын гүйлгээ, цалин хөлс, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Л.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 8
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.А нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Л.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА