Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1027

 

 

 

 

 

 

 

 

 

В.Э, Я.С нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00412 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.Э, Я.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М Э ХХК-дхолбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 618 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч В.Э, Я.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Э нь 2016 оны 02 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах М Э ХХК-ийн салбарт хүлээн авагч Б.Энхжаргалд 52 размерийн хар хөх өнгөтэй Leatherman брендийн эрэгтэй нэхий дээлээ /2014 онд Герман улсан Берлин хотоос 1 850 евро буюу одоогийн ханшаар 4 391 900 төгрөгийн үнээр худалдан авсан/ цэвэрлүүлэхээр өгсөн бөгөөд зүүн хойд талд нь 10 х 2.5 см, 6 х 1.5 см хэмжээтэй химийн хороор дээлийн хөрс арьсыг түлж гэмтээсэн байсан. Энэ талаар гомдол гаргахад шалгаж байна гэхээс өөр хариу өгөөгүй. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дахин гомдол гаргаж нэхий дээлийг үзүүлтэл бид шалгая гэж аваад зөвшөөрөлгүй дахин цэвэрлэгээнд оруулж, зүүн энгэрт 15 х 5 см, баруун хойд хормойд 2 х 5 см хэмжээтэй газруудад дахин дээлний хөрс арьсыг түлж цайруулж, өмсөж хэрэглэхийн аргагүй болгосон. Өмнө нь цэвэрлэж байсан учраас л В.Эийн гомдлын дагуу дахин цэвэрлэсэн байж таарна. 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Я.С цагаан өнгийн кардеган буюу урт нөмрөг тус газарт цэвэрлэгээнд өгтөл зориулалтын дэгээ гархийг хайчилж аваад цамцны баруун энгэрээс 2 х 2 см хайчилж авсан байсан. Яагаад ингэсэн талаар гомдол гарган цамцаа өгтөл бидний зөвшөөрөлгүйгээр бүснээс нь тайран авч өөр гархи оёсон. Тус нөмрөгийг Солонгос улсын Сөүл хотоос 2015 онд 120 вон буюу 226 800 төгрөгөөр худалдан авсан. Эдгээр хохирлуудыг олон удаа тайлбарлаж, тус компанитай ярихад тодорхой гэм хорыг арилгах арга хэмжээ авсангүй. Иймд бидний хохирол болох 4 618 700 төгрөгийг барагдуулж өгнө үү. Мөн гэрч Б.Энхжаргалыг оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Я.Сын цамцны үнэ болох 226 800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин В.Эийн нэхэмжлэлийн хувьд манай компаний бичиг баримтаас шүүж үзэхэд түүний нэхий дээлийг цэвэрлэсэн талаар баримт гарч ирээгүй, мөн В.Эт нэхий дээлээ манай хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлсэн гэх баримт байхгүй бөгөөд манайх цэвэрлэгээнд авсан эд зүйл бүрт баримт, тасалбар олгодог. Түүнчлэн В.Э нь манайд нэхий дээлнийхээ талаар гомдол, санал ирүүлж байгаагүй. Зөвхөн Я.С гэдэг хүн цамцан дээрээ гомдолтой байна гэж ирж байсан. Ийм учраас энэ нэхий дээлний асуудлыг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М Э ХХК-иас 226 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нэхэмжлэгч В.Эийн 4 391 900 төгрөг гаргуулах тухай нээмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М Э ХХК-иас 7 454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Ст олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хорлоо давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. В.Э нь 2016 оны 01 дүгээр сард LEATHERMAN брендийн 52 размерийн нэхий дээл цэвэрлүүлсэн бөгөөд уг нэхий дээлийг химийн бодисоор түлж цайруулсан байсан. Энэ талаар М Э ХХК-ийн ажилтан Б.Энхжаргалд тэр дор нь дээлээ үлдээж өгөөд явсан байдаг. Дахин мөнгө төлөхгүй учраас баримт үйлдээгүй. Энхтөрийг М Э ХХК-ийн хими цэвэрлэгээд нэхий дээлээ өгч цэвэрлүүлэхээр өгснийг мэдэх П.Мөнхгэрэлийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Хими цэвэрлэгээнээс өгсөн баримтыг нэхий дээлийг буцааж өгөхдөө хурааж авсан атлаа одоо надаас уг баримтыг нэхэж байгааг ойлгохгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, М Э ХХК-иас 4 391 900 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч В.Э, Я.С нар нь хариуцагч М Э ХХК-дхолбогдуулан гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд 4 618 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

 Нэхэмжлэгч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.Хорлоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлөн оролцох итгэмжлэлийг олгосон байх ба шүүх түүнд шүүх хуралдаан явагдсан өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулж, хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх ажиллагааг нэгэн зэрэг явуулжээ. Энэ нь шүүгчээс нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсний дараа хийгдэх ажиллагаанд зохигчдын нотлох баримт гаргаж мэтгэлцэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна. /хх 74-76/

 

            Нэхэмжлэгч В.Э нь Б.Энхжаргалыг гэрчээр оролцуулах хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь н.Энхжаргалыг гэрчээр оролцуулах шаардлагагүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүсч хүсэлтээ бичиж өгөв” гэснээс үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан нэхэмжлэгчийн гэрчээс мэдүүлэг авахуулах эрхийг бодитойгоор хангасан гэж үзэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг шүүх зөрчсөн байна.

 

            Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хорлоогийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 220 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН