| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжамцын Буянтогтох |
| Хэргийн индекс | 151/2016/0097/э |
| Дугаар | 97 |
| Огноо | 2016-03-14 |
| Зүйл хэсэг | 215.4., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 97
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Д.Буянтогтох нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн,
иргэдийн төлөөлөгч Я.Должинсүрэн
улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,
иргэний хариуцагч, амь хохирсон Ц.Хүслэнгийн хууль ёсны төлөөлөгч Ч.Саранхөхөө,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, М.Хувцагаан
шүүгдэгч Ч.Ганбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зурамтай овгийн Чүлтэмийн Ганбилэгт холбогдох 201519000360 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1978 оны 02 сарын 16-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, автын инженэр мэргэжилтэй, ам бүл-3, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 418-90 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Зурамтай овогт Чүлтэмийн Ганбилэг /РДКА78021621/ гэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ч.Ганбилэг нь 2015 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Улаанбаатар-Дундговийн чиглэлийн замын 177/158 дахь километрт бусдын эзэмшлийн Тоёота прус-20 маркийн 42-19 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.3б, дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдон зам тээврийн осол гаргаж, зорчигч Ч.Сарангэрэл, Ц.Хүслэн, Б.Шүүдэрцэцэг нарын амь насыг хохироосон, Ч.Саранхөхөөгийн эд хөрөнгөд 5.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ганбилэгийг 2015 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Улаанбаатар-Дундговийн чиглэлийн замын 177/158 дахь километрт бусдын эзэмшлийн Тоёота прус-20 маркийн 42-19 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.3б, дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдон зам тээврийн осол гаргаж, зорчигч Ч.Сарангэрэл, Ц.Хүслэн, Б.Шүүдэрцэцэг нарын амь насыг хохироосон, Ч.Саранхөхөөгийн эд хөрөнгөд 5.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хохирогч Ч.Оюуны мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, талийгаач Ц.Хүслэнгийн иргэний үнэмлэх, болон нас барсан гэрчилгээний хуулбар, хохирогч Х.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, талийгаач Ч.Сарангэрэл, Б.Шүүдэрцэцэг нарын иргэний бичиг баримт, нас барсны гэрчилгээний хуулбар, гэрч Ч.Гандаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Ч.Саранхөхөөгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч О.Отгоогийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Аймгийн шүүх шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт, Аймгийн шүүх шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар шинжээчийн дүгнэлт, Аймгийн шүүх шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаар шинжээчийн дүгнэлт, Хос стандарт ХХК-ний 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1259 дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3488 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, шинжээч Г.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт, Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 000000091 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоосон гэж ялласан боловч шүүх хуралдаанд хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ганбилэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюултай байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.
Яллах дүгнэлтэнд авагдсан гэрч Ч.Оюун, Ч.Гандаваа, Ч.Саранхөхөө, Ч.Отгоо, хохирогч Х.Батжаргал нарын мэдүүлэг нь зам тээврийн осол юунаас шалтгаалан гарсныг гэрчилж мэдүүлээгүй, осол гарсан байдлыг гэрчилж мэдүүлсэн байна. Мөн Аймгийн шүүх шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт, Аймгийн шүүх шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар шинжээчийн дүгнэлт, Аймгийн шүүх шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаар шинжээчийн дүгнэлтүүд нь осол болсон шалтгааныг биш ослоос учирсан гэмтлийн зэргийг тогтоосон, шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3488 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, Аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт, Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 000000091 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд нь зам тээврийн осол жолоодлогын системийн эвдрэлээс гарсныг давхар давхар нотолсон хэрнээ жолоодлогын систем, тоормозны систем хоорондоо хамааралгүй гэдгээр зогсоох арга хэмжээ аваагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч Ч.Ганбилэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудсанд/ Улаанбаатар, Дундговь чиглэлийн асфалтан замын зүүн талд 42-19 УНК улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байдалтай байх ба үзлэгийг хийхэд Улаанбаатар хот чиглэлээс Дундговь аймаг орох эгнээ буюу эсрэг урсгалд орж асфалтан замаас /шороон замын/ шороон хөвөөн хэсэг рүү гарсан тээврийн хэрэгслийн гурвалсан дугуй даралтын мөр байх ба асфальтан зам дээр үүссэн дугуйн даралтын мөрийг хэмжиж үзэхэд баруун талын дугуйн мөр 23,10 голын буюу дунд талын дугуйн мөр 19,40 зүүн талын дугуйн мөр 5,80 метр байв гэснээр
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт №1 /хх-ийн 6 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэгт /хх-ийн 12 дугаар хуудас/ бэхжүүлсэн мөр болон бүдүүвч зурганд гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байсан эсрэг урсгалаасаа өөрийнхөө урсгалд оролгүйгээр шууд замын хажуу руу орж онхолдсон болох нь харагдаж байна гэснээр
Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 3488 дугаартай дүгнэлтийн 3 дахь заалтанд уг автомашины тооромсны систем эд ангиуд нь бүрэн ажиллагаа хэвийн, тоормослоход дугуйн даралтын мөр үүснэ. Жолооны эд ангиуд бүрэн, ямар нэг ил харагдах гэмтэлгүй, урд дугуйнууд залагдана, жолооны механизм нь механик дамжуулгатай, цахилгаан мотортой хүчлүүртэй, хөдөлгүүр асааж, явж жолоодож шалгахад жолооны хүрд хүндрэлтэй залагдах тул жолооны хүчлүүлийн моторын цахилгаан системийн саадалтай байна. Энэ байдал нь ослын өмнө жолооны хүрдийг хүндрүүлэн гацааж, жолоодлогогүй болгосноор осолд нөлөөлсөн байх үндэслэлтэй гэснээр
Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дахь заалтанд Хавтаст хэргийн материалаас үзэхэд зам тээврийн осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. Харин Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 3488 тоот дүгнэлтэнд жолооны механизм нь механик дамжуулгатай, цахилгаан мотортой хүчлүүртэй, хөдөлгүүр асааж, явж, жолоодож шалгахад жолооны хүрд хүндрэлтэй залагдах тул жолооны хүчлүүрийн моторын цахилгаан системийн саадалтай байна. Энэ байдал нь ослын өмнө жолооны хүрдийг хүндрүүлэн гацааж, жолоодлогогүй болгосноор осолд нөлөөлсөн байх үндэстэй. Энэхүү осол нь техникийн эвдрэл, гэмтлийн улмаас гарсан байх үндэслэлтэй гэснээр
Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 00000091 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн 3 дахь заалтанд хэрэгт авагдсан материалаас үзэхэд 42-19 УНК Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ч.Ганбилэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2.3б-д Жолооч хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв. 4 дэх заалтанд жолооны механизм нь механик дамжуулгатай, цахилгаан мотортой хүчлүүртэй, хөдөлгүүр асааж, явж, жолоодож шалгахад жолооны хүрд хүндрэлтэй залагдах тул жолооны хүчлүүрийн моторын цахилгаан системийн саадалтай байна. Энэ байдал нь ослын өмнө жолооны хүрдийг хүндрүүлэн гацааж, жолоодлогогүй болгосноор осолд нөлөөлсөн байх үндэстэй гэжээ. Энэхүү осол нь техникийн эвдрэл, гэмтлийн улмаас гарсан байх үндэслэлтэй гэснээр
Шинжээч эмч Г.Цэндсүрэнгийн өгсөн мэдүүлэгт жолоодлогын системийн саатал гэмтэл нь 3 зүйлээс үүсэх боломжтой. Энэ талаар тайлбарлавал 1. Цахилгааны гэмтэл, цахилгааны гэмтэл нь тээврийн хэрэгслийг буруу эдэлж хэрэглэх, ашиглалтаас үүсэх механик хүчний гэмтэл, 2. Хурд хэтрүүлэх, тээврийн хэрэглийг 120 км/цагаас дээш хурдаар жолоодож явах үед автоматаар компьютер цаанаасаа ачаалал хэтэрснийг зааж бууруулах үйлдэл хийнэ. Уг үйлдэл нь саатал учрах нөхцөл байдал хүчин зүйлийг үүсгэнэ. Чиптэй түлхүүр, чиптэй түлхүүрийн батерей сууж ажиллахгүй болсон тохиодолд тээврийн хэрэгслийн түлхүүрнээс авч буй дохио унтарч мотор унтарч саатал бий болно. Тээврийн хэрэгслийн жолоодлогын хүрд залагдахгүй хүндэрч хатуурна. Уг хүндэрч хатуурсан байдал нь айж сандарсан жолоочид богино хугацаанд хэвийн ажиллахгүй мэтээр жолоодогдохгүй илүү их хүч зарцуулах боломж нөхцлийг үүсгэж байгаа нь гацсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тээврийн хэрэгслийн жолооны механизм, тоормосны механик 2 хоорондоо харьцангуй ойлголт ямар нэгэн хамааралгүй. Иймээс жолооны механизм ажиллагаагүй болсон тохиолдолд зогсоох арга хэмжээ авах боломжтой гэсэн мэдүүлэг зэргээр Ч.Ганбилэг нь эсрэг урсгалд орж гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байх агшинд жолоодлогын системд эвдрэл гарч зам тээврийн осол болсон болох нь нотлогдон тогтоогдож байна. Дээрхи 3 удаагийн шинжээч нарын дүгнэлтүүд нь зам тээврийн осол болсон шалтгаан нь жолоодлогын систетийн эвдрэлээс болсон байх үндэслэлтэйг давхар давхар дүгнэж өгсөн. Түүнчлэн жолооч Ч.Ганбилэг замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болсон болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтүүд болон шинжээч эмч Цэндсүрэнгийн жолоодлогийн систем, тормозны систем 2 хоорондоо хамааралгүй. Жолоодлогын системийн эвдрэл нь 3 хүчин зүйлээс шалтгаалдаг гэж тайлбарласнаас үзвэл хавтаст хэрэгт авагдсан баримт, гэрч нарын мэдүүлэгээр Ч.Ганбилэг хурд хэтрүүлж яваагүй, Уг машиныг дараа нь асааж үзлэг хийхэд асаж байснаар түлхүүрээс болоогүй зэрэг нь тус тус нотлогдож байна.
Цахилгааны гэмтэл нь тээврийн хэрэгслийг буруу эдэлж хэрэглэх, ашиглалтаас үүсэх механик хүчний гэмтлээс шалтгаална гэснээс үзэхэд жолоодлогын системийн гэмтэл цахилгааны гэмтлээс болсон болох нь харагдаж байна. Энэ гэмтлийг жолооч машин хэвийн явж байгаа тохиолдолд мэдэх боломжгүй гэнэт гэмтэл гарсан байна.Ч. Ганбилэгийг замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар зогсоох арга хэмжээ аваагүй гэж буруутган яллаж байгаа прокурорын дүгнэлт эргэлзээтэй байна. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эсрэг урсгалд ороод гүйцэж түрүүлэх үйлдлээ хийж байх явцад жолоодлогын системийн гэмтэл гарч зогсоох арга хэмжээ авах боломж цаг хугацаа, нөхцөл байдлын хувьд гараагүй байх үндэстэй болох нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэгүүдээс харагддаг. Түүнчлэн Шинжээч эмч Цэндсүрэнгийн мэдүүлэгт жолоодлогын системийн эвдрэл нь тээврийн хэрэгслийн жолоодлогын хүрд залагдахгүй хүндэрч хатуурна. Уг хүндэрч хатуурсан байдал нь айж сандарсан жолоочид богино хугацаанд хэвийн ажиллахгүй мэтээр жолоодогдохгүй илүү их хүч зарцуулах боломж нөхцлийг үүсгэж байгаа нь гацсан мэт сэтгэгдэл төрүүлнэ гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд Ч.Ганбилэг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед жолоодлогын системд нь саатал гарч руль нь ажиллагаагүй болсны улмаас өөрийн урсгалд орж чадалгүй явсаар замаас гарч осол гарсан тогтоогдсон. Дээрх зам тээврийн осолд шүүгдэгч Ч.Ганбилэг нь буруутай талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ганбилэг нь 2015 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Улаанбаатар-Дундговийн чиглэлийн замын 177/158 дахь километрт бусдын эзэмшлийн Тоёота прус-20 маркийн 42-19 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.3б, дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдон зам тээврийн осол гаргаж, зорчигч Ч.Сарангэрэл, Ц.Хүслэн, Б.Шүүдэрцэцэг нарын амь насыг хохироосон, Ч.Саранхөхөөгийн эд хөрөнгөд 5.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй, жолоодлогын системийн эвдрэлийн улмаас уг осол гарсан нь нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Ч.Ганбилэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Ч.Ганбилэгийн 136975 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.Ганбилэгт буцаан олгох нь зүйтэй байна.
Хохирогч Х.Батжаргал нь Чүлтэмийн Ганбилэгээс оршуулгын болон сэтгэл санааны хохиролд нийт 10.000.000 төгрөгийг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.6.1-297.6.3, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Төв аймгийн Прокурорын газраас Чүлтэмийн Ганбилэгт холбогдуулж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Ч.Ганбилэгт урьд авсан бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Ч.Ганбилэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Ч.Ганбилэгийн 136975 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болгомц Ч.Ганбилэгт буцаан олгосугай.
5. Хохирогч Х.Батжаргал нь Чүлтэмийн Ганбилэгээс оршуулгын болон сэтгэл санааны хохиролд нийт 10.000.000 төгрөгийг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ч.Ганбилэгт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ю.ЭНХМАА
Д.БУЯНТОГТОХ