Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Д, Ц.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оюунтунгалаг,

хохирогч Д.Агийн өмгөөлөгч Н.Болормаа,

шүүгдэгч Ч.Д, Ц.Г, тэдний өмгөөлөгч Б.Батжаргал,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1729 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Д, Ц.Г нарын өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ч.Д, Ц.Г нарт холбогдох 1806023970799 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Ч-н Д, 1985 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “................” ХХК-д сантехникийн ахлах инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ........................../;

2. Хиргис овгийн Ц-н Г, 1970 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..............” ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../;

Ч.Д, Ц.Г нар нь бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..................” группын барьж байгаа барилгын хашаан дотор хохирогч Д.Аг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ч.Д, Ц.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Хиргис овогт Ц-н Г, Боржигон овогт Ч-н Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Год 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ч.Дт 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Г, Ч.Д нарт сануулж,

энэ хэрэгт Ц.Г, Ч.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Г, Ч.Д нараас 668.000 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Ад олгож,

хохирогч Д.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Г, Ч.Д нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Д, Ц.Г нарын өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Ц.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэсэн ба шүүхийн энэхүү дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь, шүүх энэхүү дүгнэлтийг гаргахдаа зөвхөн хохирогч Д.А болон гэрч А.Нацагдорж нарын мэдүүлгийг үнэлж, Ц.Гыг гэм буруутайд тооцсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ганбат “...Ганболд, Найданжүүдэг нар Адъяасүрэнг цохиж, зодсон асуудал болоогүй. Бүгдээрээ Дарханбаатар, Адъяасүрэн нарыг салгах гээд байсан...” гэж, гэрч Б.Золбаяр “Дарханбаатар, Адъяасүрэн нар хоорондоо муудалцаад заамдалцаад байсан. Ганболд салгах гээд хорьж байсан...” гэж, гэрч Б.Октябрь “...Ганболд салгаж байсан...” гэж тус тус мэдүүлэг өгсөн. Үүнээс үзэхэд Ц.Г нь хохирогч Д.Аг зодоогүй бөгөөд зодсон эсэх нь эргэлзээтэй байхад шүүх зөвхөн нэг талын нотлох баримтыг үнэлж, түүнийг гэм буруутайд гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчмыг үл харгалзан шийдвэрлэсэн нь энэ хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүх, дээр дурдсан байдлаар Ц.Г нь хохирогч Д.Аг зодоогүй, харин ч зодооныг салгасан байхад шүүгдэгч Ч.Дтай бүлэглэн хүн зодсон хэмээн хэргийн бодит байдлыг буруу тогтоосны улмаас шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д, Ц.Г нарыг гэм буруутайд тооцож хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Ц.Гыг гэм буруугүйд тооцож, Ч.Дын зүйлчлэлийг өөрчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Г “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Ч.Д “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

Хохирогч Д.Агийн өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1729 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүхээр хохирол төлбөрийн хувьд 2 удаа 668.000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл хохирогч Д.Атэй холбогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ч.Д бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдож байна гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1729 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ч.Д, Ц.Г нар нь 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жигүүр гранд” группын барьж байгаа барилгын хашаан дотор хохирогч Д.Аг “Хашааны хаалга хурдан онгойлгож өгсөнгүй” гэх асуудлаас болж харилцан маргалдаж, улмаар түүнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Агийн мэдүүлэг /хх1, х7-8/,

гэрч А.Нацагдоржийн мэдүүлэг /хх1, х25-26/,

Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “...Гараар цохиход үүсэх боломж багатай, харин барилгын хамгаалалтын малгайгаар цохиход үүсэх боломж илүү...” гэх мэдүүлэг /хх1, х47-49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Д.Агийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины суурийн болон дагз хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 3418 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х43/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Ч.Д, Ц.Г нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Д, Ц.Г нарын бүлэглэн хүч хэрэглэсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Дт 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.Год 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ял тус тус оногдуулсан нь тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын оролцсон оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан “...Ц.Гыг гэм буруугүйд тооцож, Ч.Дын зүйлчлэлийг өөрчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, шүүгдэгч Ц.Г нь уг маргаанд оролцож, хохирогчийг зодсон болох нь хохирогч Д.Агийн “...Ч.Д харуулын байрны гадна толгой, нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Цээж рүү хөлөөрөө 1-2 удаа өвдөглөж, нуруун дээр 2-3 удаа тохойлдож цохисон. Ц.Г толгойн ар дагз хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон, каскаар 1 удаа хүчтэй цохиж толгой хагалсан...” гэх мэдүүлэг /хх1, х7-8/,

гэрч А.Нацагдоржийн “...Ч.Д Д.Аг боочихсон, Д.А түлхчихсэн Ц.Г хажуугаар нь ороод Д.Агийн толгойны ар хэсэгт гараараа цохиж байсан. Ц.Г Д.Аг миний ард байхад гүйж очоод барьж байсан каскаараа Д.Агийн толгойн баруун талд хүчтэй цохисон. Ч.Дыг болиулахад Ц.Г Д.Аг харуулын байрны хажуу талын 2 давхар руу гардаг шат руу шахаж нүүр рүү нь гараараа цохиж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х25-26/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх тул шүүгдэгч Ц.Год холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, улмаар шүүгдэгч Ч.Дт холбогдох үйлдлийн зүйлчлэлийг  хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ч.Д, Ц.Г нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэм хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тэдний “бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бичилгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэв.

Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1729 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Д, Ц.Г нарын өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1729 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хиргис овогт Ц-н Г, Боржигон овогт Ч-н Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ч.Д, Ц.Г нарын өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ