Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 020/2014/0398/З |
Дугаар | 221/МА2015/0188 |
Огноо | 2015-04-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2015/0188
С.Ш, Т.С, Ш.А нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч С.Ш, Т.С, Ш.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагч Б******* сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т******* нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, С.Ш, Т.С, Ш.А нарын нэхэмжлэлтэй, Х*******, н******* сайд, Б******* сайдадхолбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ш, Т.С, Ш.А нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав Шаравхүүгийн С******* нь ХИ13070114 регистрийн дугаартай, 1913 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн.
Тэрээр 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд Архангай аймгийн Батцэнгэл сумаас цэргийн албанд татагдаж, 7 дугаар дивизэд менёмотчиноор үүрэг гүйцэтгэсэн. Байлдаанд оролцогч ахмад дайчны №0902 дугаарын үнэмлэхтэй. 1946 онд Зөвлөлт Холбоот Улсын мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын "Бид ялав" болон бусад ойн медалиудаар тус тус шагнагдаж байсан. Эдгээр медаль нь зөвхөн дайнд оролцсон хүмүүст олгогдож байсан.
Цэргээс халагдаад С*******ын А******* гэгч миний ээжтэй гэр бүл болж 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд хоньчиноор ажиллаж байсан. 1958 онд Улаанбаатар хотноо шилжин суурьшиж, Үйлдвэр хоршооллын бараа бааз, Аж үйлдвэрийн барааны нэгдэлд ачигчаар тус тус ажиллаж байгаад 1973 онд өндөр насны тэтгэвэртээ гарч Сүхбаатарын районы 21 дүгээр хороонд, одоогийн бидний амьдарч байгаа хашаанд бидэнтэй хамт амьдарч байгаад 1990 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан.
Амьд байх хугацаандаа 1982-1989 оныг хүртэл ахмад дайчны байр хүссэн өргөдлийг бичиг үсэггүйн улмаас үр хүүхэд биднээр уламжлан бичүүлж Улаанбаатар хотын захиргаа болон ажиллаж байсан газартаа жил бүр өгч байсан.
Миний ээж С*******ын А*******ийн төрсөн дүү С*******ын С******* нь аавыг маань нас барсны дараа биднээс аавын ахмад дайчны үнэмлэхийг нь "юм үзээд өгье" гээд гуйж аваад, өдийг хүртэл өгөхгүй байгаа болохыг ах, дүү, төрөл, садангууд бүгд мэднэ.
Бид нотлох баримтгүйн улмаас Улсын архив, Цэргийн архиваар олон удаа явсан боловч лавлагаа гаргаж өгөхгүй буцаагдаж байсан нь бидэнд маш их хохирол учруулсан. Улмаар С*******ын С*******гийн гэрт нь очиж аавынхаа ахмад дайчны үнэмлэхийг нэхэхэд түүний охин С.******* нь "Та нар яаж ч чадахгүй ш дээ. Чаддаг юм бол хөлөө хүрэх газраа хүртэл заргалдаад яваарай. Юу ч олж долоохгүй шүү гэж хэлээд юу ч өгөөгүй хөөгөөд гаргасан.
С*******ын С******* нь 2003 оноос эхлэн Баянгол дүүрэг, 2009 оноос Баянзүрх дүүргийн Халамжийн хэлтсээс ахмад дайчны тэтгэлэг авч байгаа болохыг Баянзүрх дүүргийн ахмад дайчин хариуцсан халамжийн мэргэжилтэнтэй 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр уулзан тодруулж, зарим холбогдох материалыг хувилан автал аавын маань №0902 дугаартай ахмад дайчны үнэмлэхний дугаар таарч байсан. Эх хувь нь аавын маань үнэмлэх мөн байснаар барахгүй, цээж зургийг нь өөрийнхөө цээж зургаар сольж наан, наториатаар батлуулан, ургийн овгоо хүртэл Шаравхүү болгон өөрчлүүлж, ижил нэртэйгээ ашиглан "цэргийн алба хаагаагүй атлаа" улсаас Шаравхүүгийн С*******д олгогдсон байрыг өөрийн нэр дээр авч миний аав Шаравхүүгийн С*******гийн нэр төрд халдан, эх орныхоо төлөө тэмцэж явсан аавын минь зүтгэл болон үр хүүхэд бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн болохыг олж мэдлээ.
Ийм учраас уг №0902 тоот үнэмлэх миний аав Шаравхүүгийн С*******гийнх мөн болохыг нотлон, нэр төрийг нь сэргээж улмаар Х*******, н******* сайд, Б******* сайд нарын хамтарсан 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 165/441 дугаартай тушаалын хавсралтын холбогдох хэсэг болох ахмад дайчдын нэрсийн жагсаалтын 430 дугаарт бичигдсэн С******* овогтой С*******гийн овог, нэр, регистрийн дугаарыг хүчингүй болгон өөрчилж, Шаравхүүгийн С*******гийн регистрийн дугаар, овог нэр дээр болгон шилжүүлж тушаалын хавсралтад оруулж өгөхийг даалгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х*******, н******* сайд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Ахмад дайчдад орон сууц олгох ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн "Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах арга хэмжээний тухай" 170 дугаар зарлиг, Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн "Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох тухай" 212 дугаар тогтоол, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Б******* сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нарын хамтарсан 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох журам батлах тухай" 108/242/193 дугаар тушаалуудыг үндэслэл болгон зохион байгуулсан.
Иргэн С*******ын С*******д Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Б******* сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нарын хамтарсан 2009 оны 108/242/193 тоот тушаалын 1.5 дахь хэсэгт заасны дагуу харьяа дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэст холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгснөөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Б******* сайд нарын хамтарсан 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "Ахмад дайчдын нэрсийн жагсаалт батлах тухай" 165/441 дугаар тушаалын 430 дугаарт бичигдэн орон сууц олгогдсон байна.
Хэрэв хуурамч бичиг баримт бүрдүүлэн ахмад дайчны орон сууц авсан болох нь тогтоогдвол Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Б******* сайд нарын хамтарсан 2009 оны 165/441 дугаар тушаалын 430 дугаар хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Улмаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Б******* сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2009 оны 108/242/193 дугаар тушаалын 3.1 дэх хэсэг /Хуурамч баримт, бичиг бүрдүүлж энэхүү журамд заасан орон сууц авсан гэм буруутай этгээд болон дээрх үйлдлийг хийх нөхцөл бололцоогоор хангасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, олгогдсон орон сууцыг хурааж авна/-т заасны дагуу орон сууцыг улсын орлого болгох болно. Харин С.Ш, Т.С, Ш.А нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу тушаалын хүчингүй болсон хэсэгт Шаравхүүгийн С*******гийн регистрийн дугаар, овог нэрийг оруулж, тушаалын хавсралтыг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь ахмад дайчны орон сууцыг олгохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Б******* сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нарын хамтарсан 2009 оны 108/242/193 дугаар тушаалаар батлагдсан "Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох журам"-ын 1.4 дэх хэсэг /одоо амьд сэрүүн байгаа ахмад дайчин, ... Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг гарснаас хойшхи хугацаанд нас барсан ахмад дайчны эхнэр, нөхөр, хууль ёсны өв залгамжлагчид/-ийг үндэслэл болгох тул 1990 онд нас барсан Шаравхүүгийн С*******д ахмад дайчны орон сууц олгохоор тушаалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна гэжээ.
Хариуцагч Б******* сайд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Н******* сайд, Б******* сайд нарын хамтран баталсан 165/441 дугаар тушаал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг болон Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 72 дугаар тогтоол гарч, үүнийг хэрэгжүүлж зохион байгуулах ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд уг эрх зүйн актын хамрах хүрээнд 1939-1945 оны дайн байлдаанд оролцож явсан амьд сэрүүн байгаа ахмад дайчдад орон сууц түүнтэй адилтгах мөнгөн олговор олгох асуудал байсан.
Нэхэмжлэгч нартай энэ талаар уулзаж ярилцахад Шаравхүү овогтой С******* нь 2008 онд буюу дээрх зарлиг, тогтоол шийдвэр гарах үед нас барсан байжээ. Энэ нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нас барсан Шаравхүү овогтой С******* нь төр, засгаас ахмад дайчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх зохицуулалтад хамрагдах боломжгүй байсан байна.
Н******* сайд, Б******* сайд нарын хамтран баталсан 165/441 дугаар тушаалын хавсралтын 430-д бичигдсэн ЧО22020177 регистрийн дугаартай С******* овогтой С*******гийн талаар Б******* төв архиваас лавлагаа авахад "Тус архивт хадгалагдаж байгаа 1945 оны чөлөөлөх дайнд биечлэн оролцсон дайчдын нэрийн бүртгэлүүдийг шүүн үзэхэд Архангай аймгийн харьяат С*******ын С*******д холбогдох баримт байхгүй байна" гэсэн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 6791 тоот лавлагааг ирүүлсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагад Н******* сайд, Б******* сайд нарын хамтран баталсан 165/441 дугаар тушаалын хавсралтын 430-д заасан С*******ын С*******гийн овог, нэр, регистрийн дугаарыг хүчингүй болгон өөрчилж Шаравхүүгийн С*******гийн регистрийн дугаар, овог, нэр дээр болгон шилжүүлж тушаалын хавсралтад оруулж өгөхийг даалгах тухай асуудал боломжгүй байна.
Учир нь талийгаач Шаравхүүгийн С******* нь дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2008 ны 72 дугаар тогтоолын үйлчлэх хүрээнд хамрагдах боломжгүй тул шүүхээр шийдвэр гаргуулан хавсралтад өөрчлөлт оруулах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан гомдол, холбогдох бусад баримтаас үзэхэд С*******ын С******* нь нас барсан Шаравхүүгийн С*******гийн бичиг баримтыг ашиглан хууль бусаар ахмад дайчдад олгосон орон сууцнаас өөрийн эзэмшилд авсан байх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй байх тул уг асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагаар нарийвчлан шалгуулах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.Ш, Т.С, Ш.А нараас давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаар зарлиг, Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 212 дугаар тогтоолоор 2 дайнд оролцсон ахмад дайчдад байр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийн үндсэн дээр С.С*******д байр олгосон байдаг. Шүүхээс нэгэнт С.С*******д байр олгосон нь хууль бус байсныг тогтоосон учраас энэ байрыг Ш.С******* буюу түүний хууль ёсны өв залгамжлагч нарт шилжүүлэхэд ямар нэгэн саад байхгүй, хууль зүйн хувьд бүрэн боломжтой гэж үзэж байна.
Энэхүү байрыг Ш.С*******д олгохыг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд, Батлан хамгаалах яамны сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сайдын хамтарсан 2009 оны 108/242/193 дугаар тушаалаар батлагдсан "Дайнд оролцсон ахмад дайчдад орон сууц олгох журам"-ын 141-т заасан "... одоо амьд сэрүүн байгаа ахмад дайчин" гэж заасныг үндэслэл болгосон.
Гэтэл энэхүү журам нь дээд дурьдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын тоггоолыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь зарлиг, тогтоолуудын нэгэнд ч одоо амьд байгаа гэж заагаагүй байтал журамд ийнхүү заасан нь дээд шатны байгууллагын шийдвэртэй зөрчилдөж буй хэрэг юм. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т "Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана" гэж хуульчилсан учир дээрх сайдын шийдвэр нь хууль бус юм.
Иймд 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 75 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж Шаравхүүгийн С*******д орон сууц олгохыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Б******* сайдын 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 165/441 дүгээр хамтарсан тушаалаар дайнд оролцсон ахмад дайчдын нэрсийн жагсаалтыг баталж, тэдэнд орон сууц олгохоор шийдвэрлэж, уг жагсаалтын 430 дугаарт С*******ын С*******гийн нэр бүртгэгджээ.
Нэхэмжлэгч С.Ш, Т.С, Ш.А нараас С*******ын С******* нь Шаравхүүгийн С*******гийн ахмад дайчны 0902 дугаар үнэмлэхийг ашиглан ахмад дайчдын нэрсийн жагсаалтад хууль бусаар нэрээ оруулан байр авсан нь үндэслэлгүй гэж маргажээ.
Батлан хамгаалах яамны 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3/1323 тоот архивын лавлагаанд Сүхбаатарын районоос ахмад дайчдад Байлдаанд оролцох үнэмлэх олгосон 1986 оны бүртгэлийн 401-д Шаравхүүгийн С******* 1913 онд төрсөн, 21 дүгээр хороо, 7 дугаар дивизэд менёмотчингоор үүрэг гүйцэтгэсэн, чөлөөлөх дайны 0902 дугаар үнэмлэхтэй гэж бичигдсэн баримт байна гэж дурдсан, 1989 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатарын районы АДХ-ын депутатын 21 дүгээр хэсгийн депутатуудын хурлын протокол, түүнчлэн 0902 дугаар үнэмлэх зэргээр Шаравхүүгийн С******* нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан учир үнэмлэх түүний нэр дээр олгогдож байсан нь тогтоогджээ.
Харин маргаан бүхий хамтарсан тушаалд нэр нь орсон гуравдагч этгээд С.С*******гийн тухайд 1922 онд төрсөн, Батлан хамгаалах яамны Төв архивын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6791 тоот албан бичигт 1945 оны Чөлөөлөх дайнд биечлэн оролцсон дайчдын нэрийн бүртгэлд Архангай аймгийн харьяат С*******ын С*******д холбогдох баримт байхгүй байна гэж ирүүлсэн, хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбаруудад Шаравхүү овгийн С*******ын С*******, С******* овгийн Шаравхүүгийн С******* гэж түүний ургийн овог, эцгийн нэр зөрүүтэй байна.
Үүнээс үзэхэд чөлөөлөх дайнд оролцсон 0902 дүгээр үнэмлэх Шаравхүүгийн С*******гийн нэр дээр гарсан, харин С*******ын С*******гийн хувьд уг үнэмлэхийг эзэмшиж байсан эсэх нь эргэлзээтэй, бичиг баримт нь зөрчилтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Гэхдээ анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстойг анхаараагүй нь буруу байна.
Гуравдагч этгээд С.С*******гийн бүрдүүлсэн баримт нь зөрчилтэй, хууль бус боловч маргаан бүхий хамтарсан тушаалаар С.С*******д байр олгосны улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад анхан шатны шүүхээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Б******* сайдын 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 165/441 дүгээр хамтарсан тушаалын нэрсийн жагсаалтын 430-д бичигдсэн С.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Б******* сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2009 оны 108/242/193 дугаар тушаалаар батлагдсан "Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох журам"-ын 1.4.1-т одоо амьд сэрүүн байгаа ахмад дайчин, 1.4.2-т ... Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг гарснаас хойшхи хугацаанд нас барсан ахмад дайчны эхнэр, нөхөр, хууль ёсны өв залгамжлагчид орон сууц олгохоор заажээ.
Ш.С******* нь 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан бөгөөд дээрх тушаалын одоо амьд сэрүүн байгаа, эсхүл Ерөнхийлөгчийн 2008 оны зарлиг гарснаас хойш нас барсан гэх шаардлагыг хангахгүй байх тул ахмад дайчдад олгох орон сууцны нэрсийн жагсаалтад нэр нь орох боломжгүй юм.
Ийнхүү Ш.С******* болон түүний үр хүүхэд, төрөл садан болох нэхэмжлэгч нарт хуульд заасны дагуу эрх үүсээгүй учир Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Б******* сайдын 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 165/441 дүгээр хамтарсан тушаалын С.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 75дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын Х*******, н******* сайд, Б******* сайд нарын хамтарсан 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 165/441 дугаар тушаалын хавсралтын ахмад дайчдын нэрсийн жагсаалтын 430 дугаарт бичигдсэн байгаа С*******ын С*******г гэсэн хэсгийг хүчингүй болгох, Шаравхүүгийн С*******д /регистрийн дугаар ХИ13070114/ ахмад дайчны орон сууц олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтланнэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН