Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/346

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр, 

улсын яллагчД.Энх-Оргил,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдаанытанхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахир овгийн Б.Дд холбогдох эрүүгийн 201725031235 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цахир овгийн Б.Д, 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн  хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 3 дугаар гудамжны 35 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 24-ний 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар ЧЗ86101310.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Днь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 3 дугаар гудамжны 35 тоот хашааны гадна иргэн П.Ганчимэгтэй “Тогны мөнгөө төлөхгүй байна” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүний аав Д.Пг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Д.П нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Яриа сонсоход тогныхоо мөнгийг хурдан төлөөч чи гээд нилээн ууртай согтуу яриад зогсож байсан. Миний охиныг элдвээр хэлээд байсан болохоор охин маань тухайн үед нүүр рүү нь нэг удаа алгадаад авсан. Тэгтэл Б.Д газраас чулуу аваад охин руу далайхаар нь би охиныхоо урдуур ороод түүнийг тэвэрч аваад чулууг хаяулсан. Тэгтэл миний зүүн нүдэн тус газар гарынхаа нударгаар нэг удаа цохисон ба бид хоёр хамт газар унасан. Энэ үед тэрээр надруу цохих гээд дайраад байсан ба хоёр охин маань түүнийг надаас салгахаар татах хооронд миний зүүн хавирга хэсэгт нэг удаа хазсан. Миний биед учирсан зүүн нүдний алимны цус хуралт гэмтлийг Б.Д нь тухайн үед миний зүүн нүдэн тус газар гарынхаа нударгаар нэг удаа цохихдоо учруулсан. Хамт газар унаад ноцолдоход миний баруун, зүүн өвдөгт зулгаралт, нуруу, цээжинд зулгаралт гэмтэл үүссэн байхаа...” гэжээ /хх-14-15/.

              Гэрч Ц.Ганчимэг мэдүүлэхдээ: “…Тэгтэл танайх яасан их тог хэрэглэдэг юм хурдан тогныхоо мөнгийг өг гээд уурлаад хашигчаад байхаар нь би түүнийг нүүр рүү нь нэг удаа алгадчихсан юм. Тэгтэл газраас нэг чулуу аваад надруу ирээд цохих гээд ойртоход хажуунаас миний аав Д.П орж ирээд түүнийг тэвэр яваад чулууг нь газар хаяуулсан. Тэгтэл Б.Д аавын нүүрэн тус газар нь цохиод нуруу, цээж рүү нь цохисон бөгөөд хоёулаа газар унасан. Би дүүгийнхээ хамт түүнийг салгах гээд татаж чангаахад аавын биеийнн нь зүүн талын хавирга хэсэгт нэг удаа хазсан. Миний харсанаар тэр үед зүүн нүд рүү нь гарынхаа нударгаар цохиж байсан…” гэжээ /хх21-22/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 7375 дугаар  дүгнэлтэд

“1. Д.Пгийн биед нуруу, цээж, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тулШүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-25/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30-31/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 3 дугаар гудамжны 35 тоот хашааны гадна иргэн П.Ганчимэгтэй “Тогны мөнгөө төлөхгүй байна” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүний аав Д.Пг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах боломжтой байна гэж дүгнэв.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Д.П нь шүүгдэгч Б.Дд “..гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цахир овгийн Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН