Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0003/Э |
Дугаар | 2022/ШЦТ/14 |
Огноо | 2022-12-24 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/14
2021 12 24 2022/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0003/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Л.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Л.М-д холбогдох эрүүгийн “2109000001611” дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо Эмээлт захад түүхий эдийн ченж ажилтай гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэг 15-р хороо, Кинг таур хотхоны 127 дугаар байрны 102 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л.М
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.М нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Хандгайтын зусланд гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э.О-ийн гар болон нүүр тус газар нь индүүгээр удаа дараа цохих үснээс зулгааж чирэх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэв.
Эрүүгийн 2109000001611 дугаартай хэргээс:
Хохирогч Э.О-ийн "....2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай гэр бүл найз нөхдийн хамт Сүхбаатар дүүргийн 19-р хороолол , Хандгайтын зусланд байдаг зуслангийн байшиндаа очсон. Тухайн үед бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Шөнө найз Эрдэнэбаатар, Тунгалаг гэх эхнэр нөхөр хоёр хоорондоо маргалдаад 03 цаг болж байхад яваад өгсөн. Тэгээд эмэгтэйчүүд нь унтахаар хэвтсэн. Тэгтэл манай нөхөр гэнэтхэн намайг зодоод эхэлсэн. Тэгээд манай найз нар бид хоёрыг салгасан. Тэгтэл М өөрөө цагдаа дуудсан. Юу болсон талаар асуутал Сүрэнхорол гэдэг хүн чамайг оролдож байсан гэж уурласан. Би хөмсгөө оёулаад гараа шохойдуулж хэд хоног эмнэлэгт хэвтээд гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/
Гэрч Д.Базарсадын “...Бид нар гэр бүлийн найз нар тэгээд тухайн үед бид нар Мын зуслангийн байшинд цугларсан юм. Тэгээд нийт 11 хүн гэр бүлээрээ очсон. Тухайн өдөр манай эхнэр ажилтай байсан тул очиж чадаагүй. Бид нар тэдний зуслангийн байшинд хоол унд хийж идээд архи согтууруулах ундааны зүйл бүгд хэрэглэсэн. Тэгээд манай хоёр найз болох Эрдэнэбаатар эхнэр Тунгалагийн хамт яваад өгсөн. Шөнө 02 цагийн үед унтаж амарцгаая гээд хүүхнүүд байшинд, эрчүүд нь гэрт унтахаар болоод гэрээ галласан. Тэгээд ярилцаж байгаад байшиндаа унтахаар болоод том өрөөнд зассан орон дээрээ бүгд унтсан. Тухайн үед би унтаад өгсөн. Гэтэл гэнэт бужигнаад яваад өгөхөөр нь гайхаад сэрээд хартал жижиг өрөөнд Одгэрэлийн толгой хагарсан байсан. М өөрөө цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/
Гэрч Т.Өлзийжаргалын “...Манай нөхөр бид хоёр хоцорч шөнө 00 цагийн үед очсон. Бид хоёрыг очиход бүгдээрээ нэлээд халсан байсан бид хоёр нэг шил виски авч очсон. Түүнийг уугаад бүгд унтахаар болсон. Бүгд газраар зулж унтсан хүүхнүүд нь түрүүлж унтсан эрчүүд нь юм яриад үлдсэн. Нэг хэсэг бүгд унтсан байсан нэг мэдэхэд М Одгэрэл хоёр өрөөндөө муудалцаад дуугараад унахаар нь би сэрээд орсон намайг ороход Одгэрэлийн нүүр нь цус гарсан муудалцсан байсан тэгээд би М-ыг салгаж аваад гарсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 4749 дүгээр хуудас/
Гэрч Х.Ёсөнцагийн “...Бид хууч хөөрч ярьж сууж байгаад виски уусан. Шөнө бид нар тэдний байшингийн нэг өрөөнд бүгд газраар унтсан. Нэг мэдэхэд хүмүүс орилолдоод байхаар нь босоод хартал М ах Одгэрэл эгч хоёр хоорондоо муудалцсан бололтой хоёулаа л нүүр толгой нь цус гарсан гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/
Гэрч Э.Одончимэгийн “...Шөнө намайг унтаж байхад 04 цаг 15 минутын орчим манай эгч уйлсан хэл ам нь сайн ойлгогдохгүй цус гараад байна эмнэлэг явах хэрэгтэй байна гэж утсаар ярьсан. Тэгээд би гэрээс гараад эгчийн гэрт очиход манай эгчийн хөмсөг хавиас нэлээд цус гарсан байсан мөн үсийг нь зулгаасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд Л.М-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед манай гэр бүлийн найз нар болох Базарсад, Сүрэнхорол эхнэр Өлзийжаргал, Есөнцаг эхнэр Зулаа, Отгонбаяр эхнэр Эрдэнэцэцэг, Эрдэнэбаатар эхнэр Тунгалаг нарын хамт уулзсан юм. тэгээд Эрдэнэбаатар нь эхнэрийн хамт эрт явсан. Бид нар ууж идэж байгаад шөнийн 02 цагийн орчим унтаж амрахаар болоод байшиндаа орсон хүүхнүүд нь нэлээд согтсон байсан. Манай эхнэр Одгэрэл нилээн согтуу хүмүүстэй маргалдсан бөгөөд Сүрэнхорол, Өлзийжаргал гэх эхнэр нөхөр хоёрыг хооронд нь маргалдуулаад байсан. Мөн эхний хоёр хүнийг хооронд нь маргалдуулаад явуулсан. Энэ мэтээр манай эхнэр агсраад байсан. Тэгээд би аргадаж байгаад унтуулсан. Бүгд бөөнөөрөө газарт зулаад унтсан байсан. Тэгээд Сүрэнхорол манай эхнэрийн хажуугаар унтсан. Би бас согтуу хараа муутай болохоор Сүрэнхоролыг манай эхнэрийг оролдож байна гэж харсан. Тэгээд эхнэрээ “бос чи битгий наана унт хүн чамайг оролдоод байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл үгүй би эндээ унтана гээд уурлаад байсан. Тэгээд би эхнэрээ түүний хажуугаар хэвтэх дуртай байна гэж ойлгоод хэрүүл эхэлсэн юм шиг байгаа юм. Эхнэрээ би хүчээр босгоод жижиг өрөөнд оруулаад би чамайг хүн оролдоод байна гээд байхад чинь чи хаашаа юм бэ? оролдуулах дуртай байгаа юм уу? гэж хэлээд ор луу түлхсэн. Тэгтэл орон дээр унангуутаа орон дээр байсан индүүг аваад миний нүүр лүү цохисон тэгээд би индүүг нь булааж аваад түүнийг гараараа хоёр удаа цохисон тэгэхэд нэг удаагийн цохилт нь миний гарт зүүсэн бөгжинд таараад хөмсөг нь сэтэрсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11684 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Э.О-ийн биед баруун хөмсгөнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/
Шүүгдэгч Л.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Л.М нь 2021.11.19-нөөс 20-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын зуслангийн байшиндаа архидан согтуурсан үедээ эхнэр Эрдэнэсүрэнгийн Одгэрэлийг бусадтай хардан нүүр толгойн тус газар нь индүүгээр удаа дараа цохих үснээс нь зулгааж чирэх зэргээр хэрцгийгээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ бусадтай хардан зодож гэр бүлийн дотор хэрүүл маргаан үүсгэж асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэх гэсэн догшин хэрцгий авир, ухвар мөчид зан байдал нь шууд нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Э.О-ийн хууль ёсны эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.О нь “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Миний нөхөр хийсэн хэрэгтээ гэмшиж ухамсарлаж байгаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 92 дугаар талд гаргасан байх тул шүүгдэгч Л.М-ыг хохирогчтой эвлэрсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Л.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Л.М-аас урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР