Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Э.Хажидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Хажидмаад холбогдох эрүүгийн 2132000480038 тоот хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2000 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, ээж, 2 дүү хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг, Баян-Арцтын 53 тоотод оршин суух, өмнө нь 1 удаа ял шийтгүүлж байсан. -Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай Анчин овогт Эрдэнэбаярын Хажидмаа /рд:МЗ00230701/

Холбогдсон хэргийн талаар

-Анчин овогт Эрдэнэбаярын Хажидмаа нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн орчимд Д.Нямхүүгийн эрх, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, -Анчин овогт Эрдэнэбаярын Хажидмаа нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мөнх-Номин 2 дэлгүүрийн орчимд иргэн Б.Баярцэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас эрх, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Э.Хажидмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 09 дүгээр сард Баярцэцэг, Отгонтуяа гэдэг 2 охин манай нөхөртэй архи ууж манай гэрт хоносон. Би хотод байсан мэдээд Баярцэцэгийн ээж Энхцэцэгт хэлсэн. Би өдөр суудлаар гэртээ харихад бүгдээрээ цагдаагаас гарчихсан Энхцэцэг, Энхцэцэгийн охин Баярцэцэг, Жавхаагийн найз Отгонтуяа нар архи ууж байсан би тараах гэсэн чинь Энхцэцэг гэдэг хүүхэн агсан тавиад манай цонхыг хагалсан тэгээд цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирж авсан. Тэрнээс болж Баярцэцэгтэй маргасан. Тухайн өдөр би гэртээ хүүхдээ хараад байж байхад Оюунжаргал Баярцэцэг чамтай ярих юм байна гэж намайг дуудаад машинд суугаад замын хойшоо явсан гэв. Эрүүгийн 2132000480037 тоот хэргээс Д.Нямхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн талаар: Хохирогч Д.Нямхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2021 оны 03 дугаар сарын 17 өдөр Старс караоке 2 давхрыг хариуцаж ажиллаж байх үед орой 23 цаг 40 минутын үед өрөөний тооцоо хийж байхад 1 хүн тооцоогоо төлөхгүй гараад явчихаар нь би араас нь гараад харахад манай баарны урд талд зогсож байсан Хажидмаа /танихгүй/ гэх эгч ирээд миний үснээс зулгааж доош нь дарж байгаад миний нүүр хэсэгт 1 удаа өвдгөөрөө өвдөглөсөн тэгээд байж байхад манай ажлын эгч Энхтуяа ирж салгаад би цагдаагийн байгууллагад хандсан. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин тэр Хажидмаа гэх эгч архи уучихсан байсан хэр согтуу байсныг нь би анзаараагүй ээ. ... Миний үснээс зулгааж, нүүрний баруун талын хэсэгт нэг удаа өвдөглөсөн. Өөр ямар нэгэн цохиж зодсон асуудал байхгүй. ...Толгой хөдөлж, баруун талын хацар хөхөрч хавдаж өвчин орсон байсан. ...Байхгүй ээ. ...Манай ажлын Энхтуяа эгч байсан, бас манай караокегоор үйлчлүүлж байсан хүмүүс үүдэнд тамхи татаад зогсож байсан. ...Ганцаараа байсан байхаа би 2 давхарт байсан болохоор анзаарч хараагүй ээ. ...Би Старс Караокед ажиллаад 9 хоног болж байсан тэр хугацаанд орж ирж байгаагүй ээ. ...Би Старс караокены 2 давхрыг хариуцан бармен хийдэг юм. 2021 оны 03 дугаар сарын 17-ны орой 23:40 цагийн үед үйлчлүүлэгч нар гарч дуусаад нэг өрөөнд нэг эмэгтэй эгч байсан юм. Тэгсэн тэр эгч гарч ороод байхаар нь би энэ хүн тооцоогоо хийгээгүй байж яагаад гарч ороод байна аа гэж бодоод камераа хараад сууж байсан чинь тэр эгч гараад явахаар нь би гадаа гарсан юм. Тэгсэн гадаа байсан нэг танихгүй эгч над дээр ирснээ үгийн зөрөөгүй намайг үсдэж, нүүр лүү өвдөглөөд байсан. Тэгсэн цуг ажилладаг Туяа эгч гарч ирээд намайг цохиж байсан тэр эгчийг надаас салгасан. ...Би тэр эмэгтэйг танихгүй. Тэр хүн манай караокены 1 давхарт сууж байсан. ...Согтуу байсан. ...Хажидмаа гэх эмэгтэй нь миний эрх чөлөөнд халдсан. ...Миний үснээс зулгааж хөлөөрөө нүүр лүү өвдөглөөд өшиглөсөн. ...Би шинжээч эмчид үзүүлнэ. ...Би Хажидмаатай ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. Би тэр хүнийг танихгүй. ...Манай караокег ажиллуулдаг Туяа эгч, тэгээд танихгүй 2-3 залуучууд байсан. ...Би тэр хүнтэй маргалдаагүй. Намайг караокеноос гарахад шууд над руу ирээд үсдээд авсан. ...Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би оюутан хүн. Удахгүй хичээлдээ явна. Миний нүүр хавдчихсан хөхөрчихсөн байгаа. Би их гомдолтой байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Гэрч Ж.Энхтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 03 дугаар 17- ны орой 23 цаг 30 минутын орчимд би караокены гадаа хүмүүсээ тарааж байхад Хажидмаагийн найз гэх/нэрийн мэдэхгүй нэг эмэгтэй/ ирж танай зөөгчийг хүн зодоод байна гэж хэлхээр нь би яваад очтол манай зөөгч Нямхүү нэг эмэгтэйтэй үснээсээ зулгаалцаад зодолдоод байж байсан тэр хоёрыг хэдэн залуучууд салгах гээд барахгүй зогсож байсан. Тэгэхээр нь би манай зөөгч Нямхүүтэй зодолдоод байсан хүүхний үснээс нь зулгаж салгаад байж байтал манай зөөгч Нямхүүг зодсон эмэгтэй цаанаас нь нэг залуу манай найзын эхнэр байгаа юм гэж хэлээд авч явах гэхээр нь би наад эмэгтэйг чинь өгч явуулахгүй гэж хэлээд караоке руу оруулж цагдаад дуудлага өгсөн. ...Үгүй архи хэрэглээгүй байсан. Харин нөгөө манай зөөгчийг зодсон Хажидмаа гэх хүүхэн 3 уулаа орж ирж 6 шилтэй пиво уусан байсан. ...Хамт явж байсан 2 хүүхэн нь манай караокегоор хэд хэдэн удаа орж ирж үйлчлүүлж байсан зүс мэдэн түүнээс сайн танихгүй. ...Хажидмаа гэх хүүхэн манай зөөгч Нямхүүг зодож биед нь гэмтэл учруулсан. ...Хажидмаагийн найз гэх хүүхэн ирээд танай зөөгчийг хүн зодоод байна гэж хэлхээр нь би очиж салгасан. ...2021 оны 03 дугаар сарын 17-ны орой 23 цаг 40 минутын үед караокег хаахад караокед орсон иргэд гадаа бөөгнөрөөд гаднаас явахгүй болохоор нь би гарч гадаа байсан иргэдийг одоо тарцгаагаарай гэж хэлээд зогсож байхад старс караоке баарны гадаа эмэгтэй хүмүүс орилолдоод байхаар нь би яваад очиход Хажидмаа гэх хүүхэн манай зөөгч Нямхүүгийн үснээс нь зулгаачихсан зогсож байсан. Би очоод Хажидмааг түлхэж салгаад Нямхүүг дотогш нь оруулсан. ...Хажидмаа гэх эмэгтэй манай караокед 2 хүүхэнтэй цуг орж ирээд 6 шил пиво захиалж уусан. Нээх согтуу байгаагүй байх гэж бодож байна. ...Нямхүүгээс би чи Хажидмаа гэх хүүхэнд юм хэлсэн юм уу гэсэн чинь Нямхүү би Хажидмаа гэх хүүхнийг танихгүй би энэ хүнд юм хэлээгүй гэж хэлсэн. Манай караокены камерын бичлэг байгаа. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 15-16 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.Хажидмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би найз Оюунжаргал, Хулан, Азжаргал нарын хамт Старс караоке бар орсон. Тухайн бааранд миний таньдаг дүүгийн найз Азжаргал жирэмсэн явж байсан. Тухайн үед Азжаргал хоёр давхар луу гараад явахаар нь би араас нь гараад Азжаргалыг хайхад Азжаргал нэг өрөөнд орсон байсан. Би Азжаргалыг явъя хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд би нэг давхар луу буугаад дахиад Азжаргалыг дуудах гээд дээшээ 2 давхарт гарахад зөөгч охин намайг гаргахгүй Азжаргалыг нуугаад байсан гэж санаж байсан. Тэгээд гадаа намайг караоке баарны зөөгч эгч үсдээд алгадсаныг санаж байна. ...Би тэр Нямхүүг танихгүй. ...Би сайн санахгүй байна. дүү Азжаргалыг нуусан гэж бодсон юм болов уу. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 17 дугаар хуудас/ Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 19-20 дугаар хуудас/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №67 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэгт: 1.Д.Нямхүүгийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүү эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-21-22 дугаар хуудас/

Насан хүрээгүй Э.Баярцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

Хохирогч Э.Баярцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 12 дугар сарын 09-ний орой Ширхэнцэгийн 5 тоотод Оюука гэдэг эгчийн гэрт Намуунаа гэдэг найзын хамт хоносон. Тэгээд маргааш нь 10-ны өдөр Оюука эгчийн гэрээс 15 цагийн орчим Оюука, Хажидмаа эгч нарын хамт манай найз Намуунаа бид хамт замын хойно байдаг Ану гэдэг найзтайгаа уулзах гээд яваад уулзчихаад буцаад явж байсан. Тэгээд замын хойно Мөнх Номин-2 дэлгүүрийн урд талд байдаг Моносхон цэцэрлэгийн баруун талын нарийн гудамжны орчимд явж байгаад 2 эгчид би гэртээ харилаа гэж хэлээд найз Намуунаатай хамт салаад явсан юм. Тэгсэн чинь миний араас Хажидмаа эгч дуудаад Оюукагийн гэр лүү хамт явъя ярих юм байна гэсэн. Тэгэхээр би сонсоогүй юм шиг яваад өгсөн юм. Тэгсэн чинь миний араас гүйж ирээд би чамд юм хэлээд байгаа юм биш үү гээд намайг бариад авсан. Би гэртээ харилаа гэсэн чинь Хажидмаа эгч намайг “Би чамтай ярих юм байна. Оюукагийн гэрт очъё” гээд татахаар нь би гэртээ харилаа гэсэн чинь “Чи ер нь яахаараа манай нөхөртэй явалддаг юм гэж хэлээд намайг хашаанд тулгаад боогоод авсан. Би амьсгалж чадахгүй унах шахсан. Тэгсэн чинь боож байснаа тавьж байгаад миний үснээс зуураад доош нь дарж байгаад нүүр лүү маань 2-3 удаа өвдөглөж газар унагааж байгаад миний дээр гарч сууж байгаад үсдээд газар миний толгойны зүүн хэсгээр 2 удаа мөргүүлж газар цохисон. Тэр үед Оюука эгч Хажидмаа эгчийн хүүхдийг тэвэрч байснаа манай найз Намуунаад өгч байгаад одоо болиоч ээ гэж хэлээд салгасан. Тэгээд Оюука эгч намайг салгаж байхад 2 удаа миний гэдэс рүү өшиглөсөн. Бид нар нүхэн гарцаар гараад хамт явсан. Тэгээд нүхэн гарцаас Оюука эгч Хажидмаа эгч 2 таксинд суугаад явсан. Би найз Намуунаатай хамт ДОК-ийн хажуу талын нарийн гудамжаар гараад явж байтал ДОК-ын урд талын замын эсрэг талд такситайгаа ирээд Оюукагийн гэрт очъё гээд намайг татаад бас манай найзыг машинд суу гээд байсан. Би найзыгаа машинд суухгүй шүү гэхэд манай найз суугаагүй юм. Тэгэхэд Оюукаа машины урд суудалд сууж байгаад гарч ирээд суучихаа манайд очъё гээд бас татаад байхаар нь машины жолооч талын хаалганы бариулаас зуураад тавихгүй байсан. Тэгсэн чинь болиод явсан. ...Толгой, хамар 2 өвдөж байна. Намайг үсдэж доош нь дарж байг хамар луу өвдөглөж цохисон юм. Тэрнээс болоод хамар өвдөж байна. Нусаа нийх нөжирсөн цус үе үе гардаг. Гомдолтой байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 69 дүгээр хуудас/

 Гэрч Б.Намуунаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай найз Баярцэцэг бид хоёр Оюука эгчийн гэрт хоноод Хажидмаа эгч бид нар замын хойно очиж хүнтэй уулзаад буцаж явах үед Мөнх Номин дэлгүүрийн урд талд явж байсан. Тэндээс Баярцэцэг бид 2 салаад өндөр гүүрээр явах гээд явж байтал бид хоёрын араас Хажидмаа эгч гүйж ирээд Оюукагийн гэрт хамт очиж ярих юм байна, явъя гээд татаад байсан. Тэгэхэд Баярцэцэг явахгүй бид хоёр өндөр гүүрээр явах гэж байна гэхэд Хажидмаа эгч “би чамайг алчих уу, чи яасан их хүний нөхөртэй явалддаг юм бэ?” гэж хэлээд хоолойноос нь боогоод, хашаанд тулгаад дараа нь үсдэж доош нь дараад нүүр лүү нь 3-4 удаа өвдөглөсөн. Баярцэцэг “та намайг буруу ойлгоод байна.” гэж хэлсэн чинь тоохгүй газар унагаад гэдэс рүү нь бараг 10 удаа өшиглөөд үснээс нь зулгааж байгаад толгойгоор нь газар луу 2-3 удаа мөргүүлсэн. Бид нартай хамт явсан Оюука эгч хүүхдийг тэвэрчихсэн байсан. Та салгачих би хүүхдийг нь тэвэрч байя гээд Хажидмаа эгчийн хүүхдийг авах хооронд нэлээн их цохиод байх шиг байсан. Оюука эгч салгаж дийлээгүй. Хажидмаа эгч өөрөө больсон. Тэндээсээ хамт урагшаа нүхэн гүүрээр гараад Оюука эгч Хажидмаа эгч 2 такси бариад салаад явсан. Нүхэн гарцын урд байдаг мод боловсруулах үйлдвэрийн нарийн гудамжаар бид хоёрыг гарч ирэхэд сууж явсан таксинаасаа бууж ирээд Баярцэцэгийг би чамайг зодохгүй, Оюукагийн гэрт очоод ярилцах юм байна гээд татаад машинд суулгах гээд нэлээн удаан зууралдсан. Тэгсэн чинь таксины жолооч ах наад хүүхдээ тавиач ээ боль гэж уурласан чинь болиод явсан. ...Сайн мэдэхгүй. Тухайн үед хамт явж байхад л Хажидмаа эгч “манай нөхөртэй явалддаг хэн бэ чи,” гээд зодоод байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 70 дугаар хуудас/

Гэрч Н.Оюунжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Хариулт: 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 23 цагийн үед зүс таних Б.Баярцэцэг болон түүний найз Намуун нар миний гар утас руу залгаж “Эгчээ хонох газар байдаггүй, ээж самарт явсан байгаа юм, танайд очоод хоночих уу” гэж хэлэхээр нь “За за тэгэхгүй” гэж хэлсэн.2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Б.Баярцэцэг, Намуун нар манай гэр Сэлэнгэ аймгийн Мандал сум 9-р баг Ширхэнцэгийн 05 тоот гэрт ирж хоносон. Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед зүс таних Б.Баярцэцэг болон түүний найз Намуун бид 3 гэрээс гарч төмөр замын хойно хүнтэй уулзахаар явах гэж байх үед дүү Э.Хажидмаа миний гар утас руу залгаж “Та эгчээ машинтай байна уу танайд яваад очих уу гэж надтай утсаар ярьсан. Би тухайн үед машинтай явж байсан учир Э.Хажидмааг гэрээс нь очиж аваад ханьтай бид 4 төмөр замын хойно гарч зүс таних дүү Б.Баярцэцэгийн найзтай уулзсан. Төмөр замын хойноос өөрийн машинаа хүргэн ах Мөнх-Эрдэнэд өгч явуулаад дүү Э.Хажидмаа, Б.Баярцэцэг, түүний найз болох Намуун нарын хамтаар төмөр замын хойно байрлах МөнхНомин-2 дэлгүүр, Моносхон цэцэрлэг, төмөр замын холбооны хажуугийн нарын гудмаар алхаж байх үед дүү Э.Хажидмаа Б.Баярцэцэгтэй бага зэрэг маргалдаад байх шиг байсан. Тэгсэн чинь Э.Хажидмаа Б.Баярцэцэгийг хашаа руу түлхээд алгадсан юм.Тухайн үед Э.Хажидмаа Б.Баярцэцэг рүү “ Чи дахиж манай нөхөртэй уулзаад үзээрэй гээд нэлээн ууртай хэлж байсан.Тэгээд Э.Хажидмаа, Б.Баярцэцэг, Намуун бид 4 замын урагшаа нүхэн гүүрээр гараад салаад явсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 73-74 дүгээр хуудас/

Гэрч Б.Энхтөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Хариулт: Би 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдөр ажил дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх үед иргэн Б.Баярцэцэг бусдад зодуулсан анхан шатны үзлэг хийлгэх шаардлагатай байна гэж надаар үзлэг хийлгэсэн. Үзлэг хийхэд Б.Баярцэцэгийн биед “Биеийн байдал дунд, ухаан саруул, арьс салст цэвэр, зүрхний авиа тод, хэм жигд, хэвлий зөөлөн. Хэсэг газрын үзлэгт- Хуйханд цохигдож хавдсан тэмтрэгдэнэ. Хүзүүний голд жижиг хумсны шарх үүссэн. Өөр ил харагдах гэмтэл шархгүй байсан. Иргэн Б.Баярцэцэгийн биед учирсан гэмтэл нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүсэгдсэн байх боломжтой гэмтэл байсан. Толгой хууханд хаван үүссэн, хүзүүний урд хэсэгт жижиг хумсны шинэ шарх үүссэн байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 81-82 дугаар хуудас/

 Шүүгдэгч Э.Хажидмаа мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр танил Н.Оюунжаргал над руу утсаар ярьсан “Б.Баярцэцэг найз нь гэх Намуунаа гэх охин бид 3 төмөр замын хойшоо гарах гэж байна” гэж чи ханьтай явах уу гэж хэлэхээр нь би тэгье намайг ирээд авчих гэж хэлсэн.Тэгээд танил Н.Оюунжаргал ахынхаа приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, Б.Баярцэцэг, Намуун нартаа манай гадаа ирсэн. Тухайн үед би машинд нь хүүхэд Ж.Жаргалбаярын хамтаар суугаад төмөр замын хойшоо гарсан. Төмөр замын хойно гарахад Б.Баярцэцэг, Намуун нар хүүхэдтэй уулзах гэж байгаа бололтой хүүхэд хайж байсан. Тухайн үед 1, 6 дугаар багийн цагдаагийн байранд Б.Баярцэцэг, Намуун нар уулзах ёстой хүүхдүүдтэйгээ уулзсан. Тэгээд болцон юм байна гэж бодоод Н.Оюунжаргал, Баярцэцэг, Намуун бид 4 алхаад төмөр замын нүхэн гарцаар замын урагшаа гарсан. ...2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэдэн цаг болж байсныг санахгүй байна “Төмөр замын хойноос замын урагшаа явах замдаа Мөнх-Номин 2 дэлгүүрийн харалдаа гудамжны үзүүрт “Би Б.Баярцэцэгийг чи битгий манай нөхөртэй уулзаж учраад бай, нөхөр эзгүйчилж гээд Б.Баярцэцэгийг 1 удаа нүүрэн тус газар луу нь цохисон. Тэгээд бид нар нүхэн гарцаар гарсан чинь Б.Баярцэцэг “Чамайг цагдаагийн байгууллагад” өгнө гэж хэлээд найз Намуунтай алхаад яваад өгсөн. Тухайн үед гадаа хүйтэн байсан учир танил Н.Оюунжаргалтай такси бариад мод боловсруулах үйлдвэрийн харалдаа төв зам дээр явж байхад Б.Баярцэцэг найз Намуунтай алхаад явж байсан. Тухайн үед би Б.Баярцэцэгийг машинд суучих Н.Оюунжаргалын гэрт нь очъё, эсхүл цагдаагийн байгууллага дээр цуг очъё гэж хэлсэн чинь Б.Баярцэцэг машинд суугаагүй. Тэгэхээр нь би Б.Баярцэцэгийг сууж явсан таксиндаа найзынх нь хамт суулгах гэж оролдоод дийлээгүй учир такситайгаа цааш хөдлөөд явсан. ...Б.Баярцэцэг нь “Манай нөхөртэй чатлаж, уулзаж, нөхөр эзгүйчилж байна” гэсэн бодолтой байсан учир Б.Баярцэцэгийг цохисон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 77-78 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.Хажидмаа яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийг үйлдсэн хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 99-100 дугаар хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 59 дүгээр хуудас/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №17 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Б.Баярцэцэгийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хүзүүнд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ, хуучин гэмтлийг тогтоох боломжгүй. Анхны үзлэг хийсэн эмч нараас тодруулах.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 85-86 дугаар хуудас/ Б.Баярцэцэгийн насыг тоолсон тухай тэмдэглэл /Хх-ийн 89 дүгээр хуудас/ Эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 36 дугаар хуудас/ Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /Хх-ийн 39-44 дүгээр хуудас/зэрэг бичгийн нотлох баримтыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг.Шүүгдэгч Э.Хажидмааг гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч Э.Хажидмаа нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр насанд хүрээгүй Э.Баярцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар эрх чөлөөнд халдаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2021 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт байрлах Stars karaoke баарны гадаа иргэн Д.Нямхүүг шалтаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: ...хохирогч Д.Нямхүүгийн мэдүүлэг/Хх-ийн 13-14 дүгээр хуудас/ гэрч Э.Энхтуяагийн мэдүүлэг/Хх-ийн 15 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч Э.Баярцэцэгийн мэдүүлэг/Хх-ийн 69 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Намууны мэдүүлэг/Хх-ийн 70 дугаар хуудас/, гэрч Н.Оюунжаргалын мэдүүлэг/Хх-ийн 73-74 дүгээр хуудас/,гэрч Б.Энхтөрийн мэдүүлэг/Хх-ийн 79-80 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №17 дугаартай дүгнэлт/Хх-ийн 85-86 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №67 дугаартай дүгнэлт/Хх-ийн 21-22 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Э.Хажидмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно. Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Хажидмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Э.Хажидмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Д.Нямхүү, насанд хүрээгүй хохирогч Э.Баярцэцэг нар нь эрүүл мэндэд хор уриг боловч хохирол нөхөн төлүүлэхтэй холбогдуулан хавтаст хэрэгт ямар нэгэн баримтыг гаргаж ирүүлээгүй, эмчилгээний зардал нэхэмжлээгүй болно. Гурав.Шүүгдэгч Э.Хажидмаа оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.Хажидмаа нь Д.Нямхүү, насанд хүрээгүй Э.Баярцэцэг нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч Э.Хажидмаад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа, одоо 3 сартай жирэмсэн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас сонгон хэрэглэж торгох ялыг оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангид зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Э.Хажидмаа нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг эдэлж дуусаагүй байх тул уг торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Хажидмаа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсаргаж хадгалж, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

1.Шүүгдэгч Анчин овогт Эрдэнэбаярын Хажидмааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хажидмааг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000/долоон зуун мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй..

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Хажидмаагийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгосон торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000/нэг сая хоёр зуун мянга/төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Хажидмаад оногдуулсан 1200000 төгрөгийн торгох ялыг 02/хоёр/жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан Э.Хажидмаа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Э.Хажидмаад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Ялтан Э.Хажидмаа нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Хажидмаад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ.