Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/74

 

 

Шийтгэх цагаатгах тогтоол

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга Ж.Чинзориг,

 

улсын яллагч С.Цэрэндорж,

 

иргэдийн төлөөлөгч А.Э,

 

гэрч Н.Түмэн,

 

хохирогч Н.Г, түүний өмгөөлөгч М.Х,

 

шүүгдэгч Б.Б, П.У, тэдгээрийн өмгөөлөгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б, П.У нарт холбогдох 201525010041 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр У хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт Б дүүргийн 00 дүгээр хороо 0 дүгээр хотхон 0 байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 0000000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Б.

 

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр У хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, ам бүл 0, нөхөр, хүүхдүүдийн хамт Б дүүргийн 00 дүгээр хороо 0 дүгээр хотхон 0 байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 00000000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт П.У.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б, П.У нар нь бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” ОУХ-ны төвд байрлах “Хаан” банкны салбараар дамжуулан хохирогч Н.Гас 25.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:…”Би Н.Гантулгыг залилаагүй. 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Н.Г миний гаргасан зарын дагуу надтай утсаар яриад уулзахаар болсон. Тэгээд өдөр нь ирээд уулзахдаа “би гараашийн 700 мкв шалны цутгалтын ажлыг хийлгэмээр байна” гэхээр бид ярилцаад тооцоо хийсэн. Тэгээд Н.Г надтай цуг яваад миний хийж байсан барилгын ажлуудыг үзсэн. Миний Сонгинохайрхан дүүрэг дээрх болон “Ривер гарден” дээр хийж байсан ажлыг үзээд Н.Г “ажил чинь таалагдлаа, маргааш өглөө “Өгөөмөр” захын тэнд хүрээд ир” гэхээр нь би хэлсэн газар болох “Шинэ өглөө” хорооллын 310 тоотод ороход Н.Гантулгын хамт түүний хамтрагч Төгсөө нь байсан. Би тэдэнд гар зургаа үзүүлээд явсан. Тэгээд 8 дугаар сарын 18-ны орой Н.Г над руу утсаар яриад “маргааш өглөө ажил дээр ирээрэй” гэхээр нь би 19-ний өглөө “Шинэ өглөө” хороолол дээр очиход Төгсөө, Н.Г нар хамт байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Хаан” банкны ар талын гудамжинд байх ажил хийлгэх гараашинд нь очсон. Тэгээд 19-ний өглөө бид гараашид орсон. Тэгэхэд тэр гараашийн шал нь шороогоороо, хэвгий, дээврээс нь ус гоождог нилээд том буюу 35х25 харьцаатай гарааш байсан. Бид дөрөв тэр гараашийн талбай дээр ярилцаж тохирсон. Гараашийн эзэн С.Алтанзаяа гараашийнхаа ард талын хаалгыг онгойлгоод “энд ажилчдын байр бариад өгөөч” гэхээр нь бид тохиролцоогүй, мөн ажилчдын байр барих боломжгүй байхгүй байсан учир би “барьж өгөхгүй” гэсэн. Тэгээд бид гараашийн талбайн зургийн талаар үзэж ярилцаж тохирсон. Эхний 1 дүгээр талбай нь 40 метр куб, 2 дугаар талбай нь 96 метр куб, 3 дугаар талбай нь 40 метр куб, 4 дүгээр талбай нь 180 метр куб, 6 дугаар талбай зэрэгт нийт 411 метр куб бетон цугтахаар болж, нийт 26.715.000 төгрөгийн зардалтай болж байсан учир бид ярилцаад 25 сая төгрөгөөр ажлын хөлсөө тохирсон. Тэгэхэд Н.Г, С.Алтанзаяа бид гурав л ярилцсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд ажлын хөлсөө тохирч, надаар тэр ажлыг хийлгэхээр болсон. Би тэдэнд “ажлын явцад янз бүрийн асуудал үүсгэхгүй, өөр хүнээр хийлгэнэ гэж ярихгүй, энэ ажлаа надаар хийлгэнэ” гэж тохироод өөр өөрсдийн хариуцах ажлаа тохиролцсон. Тэгээд С.Алтанзаяа, Н.Гатулга нар нь “бид хоёрт одоо хоорондоо нарийн тохиролцох зүйл байна” гээд явцгаасан. 19-ний орой Н.Г над руу өөрөө залгаад “С.Алтанзаяа бид хоёр тохиролцлоо, маргааш өглөө “Гранд плазагийн нотариат оръё” гэж байсан. Өмнө нь уулзаж байхдаа Н.Г “надаас “ХААН” банкны данс байгаа юу” гэж асууж байсан. Н.Гтай би уулзахад тэр “би таньтай уг нь барилгын ажлын зараар холбогдсон юм. Гэтэл та бизнес гэдэг юм ярьсан. Энэ ямар учиртай юм бэ” гэж байсан. “Гранд плаза” төв дээр манай эхнэр лангуутай, би барилгын ажил хийдэг компанитай, мөн караоке баар ажиллуулдаг байсан бөгөөд тэдгээр зүйлсийг Н.Г очиж үзэж сонирхож

 

байсан. Тэгээд 2014 оны 8 дугаар сарын 20-ны өглөө 8 цаг 20 минутанд Н.Г бид хоёр “Гранд плаза”-гийн нотариат дээр уулзсан. Тэгэхэд Н.Г “би ажлын хөлсийг чинь 100 хувь урьдчилж өгч байна, тийм болохоор намайг мөнгөө дансаар өг гэж надад хуулийн зөвлөх маань хэлсэн учир 25 сая төгрөгийг би танд дансаар чинь өгье” гэсэн. Тэгэхэд надад “ХААН” банкны данс байгаагүй байсан учир өөрийн эхнэрийгээ дуудаж нотариат руу цуг орсон. “Барилгын ажлын талаар хамтран ажиллах гэрээ байгуулъя” гэхэд нотариатч “тийм гэрээний загвар байхгүй байна” гэсэн. Тэгэхэд Н.Г “би зээлийн гэрээ маягаар гэрээ байгуулмаар байна” гэсэн. Н.Г надад тэгэхэд “би танд 25 сая төгрөгийн ажил өгч байхад та надад итгэхгүй сүржигнээд байна уу” гэж намайг ятгаад байсан. Мөн Н.Г тэгээд мөн “ажлын зардал 25 сая төгрөгөөс илүү гарвал надад өгчих, та харин битгий сүржигнээд байгаач” гэсэн. Тэр үед барилгын ажил бага байсан учир бид буцаж нотариатч руу ороход нотариатч нь Н.Гас “та яагаад зээлийн гэрээ байгуулах гээд байна вэ, та өөр нотариат ороод ном журмаар нь батлуулж болно” гэхэд Н.Г намайг ятгасан шигээ нотариатчийг ятгасан. Тэгээд урьдчилгаа мөнгө өгөөд зээлийн гэрээ байгуулахаар болсон. Нотариатч тэгэхэд Н.Гд “Аливаа эрсдэл гарвал та 8 хувийн хүү тооцуулж болно” гэхээр нь би уурласан. Миний эхнэр энэ хэрэгт хамааралгүй. Би Н.Гантулгыг залилаагүй. Би Н.Гас авсан мөнгөө бизнесийнхээ эргэлтэнд оруулсан нь үнэн. Н.Г дараа нь над руу утсаар яриад “ажлаа эхлэе” гэхээр нь би мексирээ ачуулж явуулаад араас нь 8 дугаар сарын 25-нд бусад багаж болон ажилчдаа аваад очсон. Тэгээд очиход Н.Гантулгын ажилчин болох 4 залуу байсан бөгөөд бид тэр өдөр гараашийн хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн. Зохих технологийн дагуу шаардлагатай материал авчрах ёстой байтал Н.Г чанаргүй уулын хайрга авчирсан учир бид маргалдаад 27-ны өдөр өөр хайрга авчруулж цутгалт хийсэн. Тэгээд мөн 27-нд Н.Г марк багатай цемент авчирсан. Тэгэхээр нь би чанаргүй цементээр хийхгүй гээд явсан. 28-нд бид ирээд ажил хийх гэтэл Н.Г манай ажилчдаар хийлгэхгүй хөлс өндөр байна гээд намайг дагуулж гараад “зардлаа 25 сая төгрөгөнд багтаах учраас би өөрийн ажилчдаараа хийлгэе, тэгээд танд зохих хөлсийг чинь өгнө” гээд “та манай ажилчдыг удирдаад энэ ажлыг хийгээд өг” гэхээр нь би 18 сая гэж байснаа 15 саяар тохирсон. Тэгээд Н.Г 9 дүгээр сарын 21-ний өдөр над руу яриад миний тоног төхөөрөмжийг авчирч өгсөн. Тэгээд ажил дуусаад байж байтал 11 дүгээр сарын эхээр Н.Гантулгын эгч Н.Түмэн гэдэг хүн над руу залгаад “чи манай дүүг залилсан байна, мөнгийг нь өг” гэхээр нь би “бид хоёр ажил хийхээр тохирч, би ажил хийж мөнгө авсан” гэдгээ хэлсэн. Тэгээд би Н.Гтай яриад “ажлаа дүгнээд тооцоо дуусгая” гэхэд тэр “гадаадаас ирээд дүгнэе” гэсэн. Н.Гантулгын эгч Н.Түмэн над руу утсаар яриад намайг болон манай эхнэрийг дарамталдаг байсан. Тэгээд байж байтал мөн 11 дүгээр сард нэг эмэгтэй хүн над руу утсаар яриад “зарын дагуу ярьж байна” гэх мэтээр зохиомлоор Н.Гантулгын хамаатан Ж.Эрдэмсайхан нар ярьж байсан. Ж.Эрдэмсайхан гэдгийг би сүүлд мэдсэн. Ер нь энэ хүмүүс намайг эрүүгийн хэрэгт гүтгэхийн тулд тийм элдэв арга саам хэрэглэж байсан. Өөр хэлэх зүйлгүй”… гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.У мэдүүлэхдээ:…”Болсон зүйл бол манай нөхрийн ярьсантай адил байна. Анх Н.Г нь манай нөхөртэй яриад хоорондоо уулзсан. Барилгын ажил ярихаас гадна бизнес хийхээр тохиролцсон. Тэгээд дараа нь 8 дугаар сарын 20-ны өдөр нөхөр маань намайг дуудаад “зээлийн гэрээ хийе” гэхээр нь би “яагаад зээлийн гэрээ гэж” гэхэд тэр “барилгын хөлсийг урьдчилж өгч байгаа учир тэгж хийе гээд байна” гээд миний дансаар мөнгө шилжүүлсэн. Бусад зүйлийг би мэдэхгүй. Н.Г нь өөрийн хүмүүсээ манай нөхрөөр удирдуулж ажил хийлгэе гэсэн байсан”… гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Г мэдүүлэхдээ:…”Би “Шуурхай зар” сонины “ашигтай бизнест хамтарна” гэсэн зарын дагуу холбогдоод “ямар бизнес вэ” гэхэд “биеэр уулзаж байгаад ярилцая” гээд байсан. Тэрнээс хойш утсаар байнга над руу залгадаг байсан. 3 хоногийн дараа надтай П.У ирж уулзаад “бид нэхий дээл, булган шубаны бизнес эрхэлдэг, нөхөр маань ажил хийдэг, хамтрая” гээд байхаар нь би зөвшөөрөөгүй. Тэгэхэд маргааш нь над руу яриад “8 хувийн хүүтэй зээл өгөөч” гээд ирж уулзаад лангуугаа үзүүлэн мөн караоке баар, барилгын ажил хийдэг гээд үзүүлж байсан. Мөн лангуугаа 130 мкв гээд түрээсийн гэрээний бичиг үзүүлсэн. Би тэгэхээр нь “энэ хүмүүс хоёулаа ажил хийдэг боломжийн хүмүүс байна” гэж итгэсэн. Тэгэхэд П.У “9 сар болоод барааны мөнгө хэрэгтэй байна, 25 сая төгрөгөө 8 хувийн хүүтэй зээлээч” гэхээр нь би “хүү нь чухал биш, харин хугацаа хэтрүүлэлгүй мөнгийг маань өгөөрэй” гэсэн. Би “гол нь 8 хувийн хүү гээгүй, зөвхөн хугацаанаасаа нэг ч хоног өнгөрөөж болохгүй” гэж байсан. Тэд өөрсдөө нотариат ороод “гэрээ хийе” гэхээр нь би итгээд нотариат ороод 25 сая төгрөгөө “ХААН” банкаар шилжүүлж өгсөн. Манайд гараашид энэ хүмүүс нэг ч хором барилгын ажил хийгээгүй, гараашид ч очиж байгаагүй. Энэ хүмүүсийн тоног, төхөөрөмжийг авсан гэдэг учир нь бол тэд эхний мөнгөө өгөхгүй байсан бөгөөд “10 хоног гэрээгээ сунгаач, тэгээд манай барилгын ажлын төхөөрөмжийг ажилчдтай нь цуг ашиглаарай” гэсэн учир би “ажилчдыг чинь авахгүй” гээд зөвхөн шавар зуурагч мексирийг нь авч ашиглаад буцааж өгсөн. Тэрнээс хойш төлбөр хийх хугацаа болоход “маргааш өгье, нөгөөдөр өгье” гэсээр байгаад сүүлдээ бүр худлаа “барилгын ажил хийсэн” мэтээр намайг гүтгэсээр байна. Би тэр мөнгийг банкнаас хүүтэй авсан байсан бөгөөд 2 сарын дотор буцааж өгөх байсан. Би тэр мөнгийн хүүг ч төлж байгаа. Би 25 сая төгрөг энэ хүмүүст өгсөн учир тэднээс 25 сая төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Түмэн мэдүүлэхдээ: ”…2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай дүү зарын дагуу энэ хүмүүстэй холбогдсон байсан. Тэрнээс хойш манай дүү рүү удаа дараа ярьсаар байгаад дүүтэй минь 8 дугаар сарын 19-нд уулзсан юм байна. Тэгээд 8 дугаар сарын 20-ны өдөр манай дүү тэдэнд мөнгөө зээлүүлсэн байсан. Энэ талаар би сүүлд мэдсэн. Надад дүү маань 10 сард “мөнгөө алдсан” гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь бид энэ хүмүүсийн оршин суух хаягаар очсон боловч тэд хаяган дээрээ байдаггүй байсан. Утсаа ч авдаггүй байсан. Лангуун дээр нь очиход худалдагч нь гэх охин байдаг байсан. Тухайн үед дүүд маань “өндөр ашигтай” гэж итгэл төрүүлсэн байсан. Дүүгийн түрээслэж байсан гарааш дээр Б.Б барилгын ажил хийгээгүй. Гараашийн эзэн С.Алтанзаяа нь өөрөө тэр барилгын ажлаа хийсэн. Би удаа дараа нэхэхэд “өгнө” гэдэг боловч хугацаандаа өгөхгүй байсан учир бид гомдол гаргасан”… гэв.

 

Мөрдөн байцаалтад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст Н.Түмэнгийн гаргасан өргөдөл /1хх-8/, Н.Түмэнгийн тайлбар /1хх-9/, шүүгдэгч Б.Бийн тайлбар, түүний яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-11, 3хх-7-8/, шүүгдэгч П.Уийн тайлбар /1хх-12/, хэрэгт хавсаргасан “Шуурхай зар” сонин /1хх-29-31/, “Хаан” банкны дансны хуулга /1хх-21/, гэрч С.Байгалийн мэдүүлэг /2хх-15/, гэрч Ү.Мөнхзулын мэдүүлэг /2хх-18/, гэрч Т.Мөнхтулгын мэдүүлэг /2хх-21/, гэрч Э.Ариунтуяагийн мэдүүлэг /2хх-29-30/, Дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал, тогтоол, мэдэгдэх хуудас /1хх-33, 1хх-35, 1хх-47, 1хх-186-187/, хохирогч Н.Гантулгын мэдүүлэг /1хх-50-51/, гэрч Н.Түмэнгийн мэдүүлэг /1хх-63-65, 2хх-23-24/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоол /1хх-199-201/, гэрч С.Өлзийсайханы мэдүүлэг /2хх-25-26/, сэжигтэний зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох санал /2хх-57/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /2хх-164,165/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /2хх-188/, шүүгдэгч Б.Бийн гараар бичсэн

 

тайлбар, ажил гүйцэтгэлийн үнэлгээ /2хх-204, 205/, гэрч С.Алтанзаяагийн мэдүүлэг /2хх-198/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /2хх-220-221, 246-247, 249/, гэрч Б.Батдэлгэрийн мэдүүлэг /3хх-24-25/, сидиг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2хх-46/, шинээр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б, П.У нар нь бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” ОУХ-ны төвд байрлах “Хаан" банкны салбараар дамжуулан хохирогч Н.Гас 25.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Байгалийн өгсөн:..“2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэн Н.Г, Б.Б нарын зээлийн гэрээг байгуулсан зээлийн гэрээ миний байгуулсан зээлийн гэрээ мөн байна. Би гэрээ байгуулах гэж байгаа иргэдэд гэрээний талаар маш сайн тайлбарлан өгдөг ба иргэд гэрээний сонголтоо өөрсдөө хийдэг. Тухайн үед энэ хүмүүсийг юу ярьж байсан талаар санахгүй байна”.../2хх-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ү.Мөнхзулын өгсөн: …"Миний хувьд барилгын ажил хийх үед нь хамтарч нам даралтын зуух болон шал сантехникийн ажилд нь хамтарч туслаж хийсэн юмаа. Би миний хадам ах Алтансүх, Энхээ, Мөнхтулга, Ганзориг, Наранбат, Гантулга өөрөө энэ хүмүүс яг гардаж хийсэн. Барилгын ажил хийх үед Б.Б гэдэг хүн та нартай хамтарч хийсэн үү гэхэд би тийм хүн танихгүй”.../2хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнхтулгын өгсөн: …"Миний хувьд хувиараа барилгын өрлөг, шавар, плитаны ажил хийдэг юм. Н.Г 2014 оны 8 дугаар сарын сүүл 9 дүгээр сарын ихээр Шархадны “Да хүрээ” цахлайн тойргийн “Хаан” банкны арын гудамжийг блокоор барьж, гражинд барилгын ажил хийх хэрэгтэй байна гээд тухайн үед Н.Гантулгын танил, Энхээ, Ганзоо би гээд хэд хэдэн хүмүүс нийлж уг гражны газар шороог нь тэгшилж, шал дотор шавар хөөс дотор тогжилтын бүх ажлыг хийсэн... Би Бямбадэлгэр гэдэг хүнийг танихгүй, Н.Г өөрийн хэдэн найзуудаа дайчилж хийсэн ганц нэг юм дээр хүн хүч хэрэг болох үед зараар өдрөөр хүн аваад ажлуулаад явуулж байсан”.../2хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батцэцэгийн өгсөн:...”Гранд плаза” цогцолбор нь 2009 оны 10 дугаар сард ашиглалтад орсон бөгөөд худалдааны төвийн талбайг худалдаж авсан өмчлөгч нартай 2012 оны 6 дугаар сараас эхлэн талбай ашиглалтын гэрээ гэж анх хийсэн. 4 давхарын 4-2 дугаар талбайг одоо санахад Энхбаяр гэж өмчлөгчтэй байсан. Уг хүнтэй холбогдох боломжгүй учир гэрээ хийж чадаагүй. Харин

 

сүүлд буюу 2015 оны 4 дүгээр сард Б.Охиноо гэх эмэгтэй тус талбайг хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээ үзүүлсэн. Тухайн үед эх хувь хуулбар авчирч өгсөн талаар санахгүй байна. Ингээд гэрээ хийх талаар хэлсэн. Харин одоо хүртэл гэрээ хийгээгүй байгаа талаар сайн мэдэхгүй байна. Би 2012 онд ажилд орох үед П.У, Б.Бямбадзлгэр нар 4-2 тоот талбайг түрээслэн ажлуулж байсан. 2015 оны 5 дугаар сард Б.Охиноо гэх хүнтэй түрээсийн маргаанаас болж больсон..." /3хх-24-25/ гэх мэдүүлэг,

 

 

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Алтанзаяагийн өгсөн:…”Зарын дагуу Н.Г гэх залуу ирээд манай объектыг үзсэн. Ингээд түрээслэх талаар ярилцаад авто засвар байгуулахаар болсон. Манй объект нь шал, халаалт дотор засал, бохирын ёнкос зэрэг галлагааны өрөө, дээврийг хийх засал дутуу байсан. Энэ бүгдийг зассан мөнгийг түрээснээсээ хасах болон 3 жилийн хугацаатай гэрээ хийсэн….Н.Г бид хоёр

 

өдрөөр хүмүүс цалинжуулж шалаа цутгасан. Мөн бусад ажлыг ч гэсэн өдрөөр хүмүүстэй тохирч хийсэн. Н.Г цемент зуурах жижиг мексир авчирсан. 5-6 хоног хэрэглээд буцааж өгсөн. Хэнээс авчирсан талаар мэдэхгүй….Н.Гантулгын яриад байгаа хүн манай гараашийн засварын ажилд огт оролцоогүй. Тийм яриа өрнүүлж ажил хийх талаар ямар

 

  • харьцаа болоогүй. Би өөрийн гараашид өөрийн хөрөнгө болон Н.Гантулгын хөрөнгө оруулалтаар хийгдсэн. Би түрээснээсээ тооцоог бодсон юм. Би бүх ажлыг удирдаж Н.Гтай зөвшилцөж ажилласан”.../2хх-198/ гэх мэдүүлэг,

 

-2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /1хх-20/, -П.Уийн “Хаан банк”-ны харилцах дансны хуулга /1хх-21/, -“Шуурхай зар” сонины хэрэгт хавсаргаснаар /1хх-28-31/,

 

-Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-84, 87/ гэх зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн Б.Б, П.У нарын үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах шунахайн сэдэлтгүй, гэрээний эрх зүйн харилцаа тул иргэний журмаар хэргийг шийдвэрлэх ёстой, хэргийн обьектив болон субьектив талын шинжийг бүрэн тогтоож чадаагүй, гэм бурууг нотлох баримт хангалтгүй, мөрдөн байцаалтыг дутуу явуулсан, гэж маргах боловч энэ хэрэг нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдсон, мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б, П.У нарыг бүлэглэн итгэл эвдэх аргаар бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тэдэнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж

 

гэм хорыг арилгаагүй, гэм буруугийн талаар маргаж буй гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч Б.Б, П.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өршөөлд хамааруулах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай гэж шүүх дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Б.Б, П.У нараас 25.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн складын бүртгэл гэсэн хаягтай жагсаалтын бүртгэл нийт 50 хуудас тетрадь гэсэн цэцэгтэй нүүртэй нэг хавтас 45 хуудас өдрийн орлого бүртгэсэн жагсаалтын бүртгэлийн дэвтэр 1 ширхэг, цэнхэр azkhur гэсэн бичигтэй барааны бүртгэлийн жагсаалтын бүртгэлийн дэвтэр 1 хавтас 76 хуудас, summer 730 мb/80 min сиди 1 ширхэг, angte DVD+R/4.7 gb 1 ширхэг сиди зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар, мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Б.Б, Б овогт П.У нарыг бүлэглэн итгэл эвдэх аргаар бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, П.У нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, П.У нараас 25.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гд олгосугай.
 
  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн складын бүртгэл гэсэн хаягтай жагсаалтын бүртгэл нийт 50 хуудас тетрадь гэсэн цэцэгтэй нүүртэй нэг хавтас 45 хуудас өдрийн орлого бүртгэсэн жагсаалтын бүртгэлийн дэвтэр 1 ширхэг, цэнхэр azkhur гэсэн бичигтэй барааны бүртгэлийн жагсаалтын бүртгэлийн дэвтэр 1 хавтас 76 хуудас, summer 730 мb/80 min сиди 1 ширхэг, angte DVD+R/4.7 gb 1 ширхэг сиди зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

  1. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б, П.У нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, П.У нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,                         Э.ЧИНГИС

 

ШҮҮГЧИД                             Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.МӨНХТУЯА