Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2015/0193

 

П.Г*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг,нэхэмжлэгч П.Г*******, гуравдагч этгээд Х.Г******* нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 126/ШШ2015/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Г*******ын нэхэмжлэлтэй, Х*******н Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сумын Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 4-ний Б/01 тоот захирамжаар өөрийн хүсэлтийг харгалзан үзэлгүй төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай шийдвэр гаргасан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Мөн тамгын газрын түшмэл Х.Г*******ыг тухайн албан тушаалаас Тамгын газрын даргын тушаалаар чөлөөлөөгүй байхад Тамгын газрын даргын албан тушаалд давхар томилсон. Миний хувьд албан тушаал цалинг бууруулж, туслах түшмэлийн албан тушаалд томилох саналыг хүлээж аваагүй билээ.

Иймд Бүрэнтогтох сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжийг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын албан ажилдаа эргэж орох, Төрийн албан хаагч нарын цалингийн сүлжээг шинэчлэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдсөн Засгийн газрын 332 дугаар тогтоолын дагуу цалин болон цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох, мөн ажилгүй байсан хугацааны 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхээр хэрэг шийдэгдэх үе хүртэлх цалин нэмэгдлүүд, түүнтэй тэнцэх хэмжээний олговрыг олгуулах, Тамгын газрын даргын 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/02 тоот тушаалыг албан ёсоор гардаж аваагүй тул илт хүчин төгөлдөр бусад тооцуулах гэжээ.

Хариуцагч Х*******н Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа:Сумын Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Б/01 тоот захирамж гаргаж П.Г*******ыг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах болсон шалтгаан нь Ажлын цагаар удаа дараа архидан согтуурч байгаад сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар 16-ны өдрийн Б/63 тоот захирамжаар сахилгын шийтгэл ногдуулан цалингийн 20

хувиар 2 сар шийтгүүлсэн. Гэтэл уг алдаагаа засахгүй ажлын цагаар архидан согтуурч ажил хийдүүлэн манай сум, аймагт ажлаараа урд онуудаас хойгуур орж ажлын хариуцлага суларч байгааг анхааруулж байсан ба сумын ЗДТГ-ын ажилтан нарын ажлын хариуцлагыг сайжруулахгүй, ажлыг нь дүгнэхгүй зэрэг алдаа дутагдлууд байсаар байсан болно.

Мөн П.Г*******од ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдэл 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлсэн боловч өөрөө удаа дараа амлалт авч хамт олны шуурхай дээр хүртэл уучлалт гуйж байсан болно. Ийм учраас төрийн албанд олон жил ажилласан тэр дундаа тамгын газрын даргаар ажиллаж байсан төрийн албан хаагчийн хувьд ажлаас халах шийдвэрээ өөрчилж 2 удаа тохиролцсоны эцэст П.Г*******ыг төрийн албанаас чөлөөлөлгүй өөр ажилд шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан юм.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрсөн нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтуудаар шийдвэр гаргах үндэслэлтэй байсан юм.

Мөн ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээ хангалтгүй биелүүлж 2013 оны үр дүнгийн гэрээгээ өөрөө дүгнэж үнэлэлт өгсөн байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл болно.

Сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/02 тоот тушаалаар тамгын газрын дотоод ажил, эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан ажилтнаар томилсон байхад Төрийн албаны тангараг өргөсөн албан тушаалтан ажил хийдүүлж 2 сар гаруй ажилдаа ирэхгүй төрийн алба унагаад байгаа юм. Энэ үйлдэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5-ын 7 дахь заалт, ерөнхий 8 дахь заалтуудыг зөрчсөн болно. Мөн гаргасан нэхэмжлэлдээ худлаа зүйлүүдийг бичиж байгаа нь дэндүү ёс зүйгүй хэрэг болно.

Иймд П.Г*******ыг цаашид сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын өгсөн үүрэг, төрийн албан хаагчийн үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул төрийн албаны удирдах албан тушаалд эргүүлэн авах боломжгүй гэж үзэж байгаа болно гэжээ.

Гуравдагч этгээд Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Г******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Б/01 тоот захирамжаар П.Г*******ыг өөр ажилд шилжүүлж намайг Засаг даргын Тамгын газрын даргаар шилжүүлэн ажиллуулсныг сумын Засаг дарга Б.Намуунцэцэг нь надад ойлгуулахдаа би П.Г*******од удаа дараа ойлгуулж тохиролцсон, удаа дараа зөрчил гаргаж ажлаа хийж чаддаггүй учраас би тохирч шилжүүлэн ажиллуулж, албан тушаал бууруулж байгаа гэж надад ойлгуулсан тул би уг ажлыг захирамж гарсан үед нь хүлээн авсан юм.

Мөн намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй Х.Г*******ыг тамгын газрын даргаар томилсон гэх нь сумын Засаг дарга захирамж гаргаснаар уг тушаал хүчингүй болох үндэслэл гэж би ойлгож байгаа. Аймгийн төрийн албаны салбар зөвлөл нь намайг нөөцөд байхгүй гэж тодорхойлолт өгдөг. Би Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан үндэслэлийн дагуу нөөцөд байгаа гэж өөрийгөө ойлгодог /удирдах ажилтны/. Урд нь сумын хурлын даргын албанд сонгогдохдоо урд нь Дотоод ажилтан, байгаль хамгаалагч, хурлын нарийн бичгийн дарга гэх алба хашиж байсан. Мөн 2012 онд дахин төрийн албаны шалгалтанд орж тэнцсэн болно.

Иймд би тухайн албан тушаалд томилогдохдоо хуулийн дагуу явагдаж миний эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж ойлгож байгаа болно гэжээ.

Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан П******* овогтой Г******* нь Засаг даргын захирамжаар дотоод ажилтнаар томилогдоогүй ба Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/02 тоот тушаалаар томилогдож, тушаалыг Засаг даргын тамгын газрын үйлчлэгч Т.А******* хүргэж өгсөн боловч өөрөө үзээд буцааж авахгүй гээд аваагүй ба Засаг даргын тамгын газрын бичиг баримт, холбогдох хүмүүс мэдэх юм.

Мөн энэ хугацаанд ажлын 33 өдрийг таслаад ажилдаа ирээгүй нь холбогдох дотоод журам, бусад хуулийн дагуу 2014 оны0 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/03 тоот Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байхад өөрөө гардаж аваагүй, илт хүчин төгөлдөр бус гэсэн нь бас худал мэдүүлэг юм.

Засаг даргын тамгын газрын даргын тушаалыг аваагүй юм бол яагаад Нийгмийн даатгалаас ажилгүйдлын тэтгэмж авч өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл гаргаж, тэр тушаалыг ашигласан байгаа юм гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 126/ШШ2015/0003 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Бүрэнтогтох сумын Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Б/01 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Г*******ыг Х*******н Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн тогтоож, 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Г*******од ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 13403117 /арван гурван сая дөрвөн зуун гурван мянга нэг зуун арван долоо/ төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл зэрэг зохих суутгалуудыг тооцож хариуцагч Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч П.Г*******од олгож, 3. нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас төрийн албан хаагчийн 8 хувийн нэмэгдэл, нууцын 5 хувь, нийгмийн даатгалын ажилгүйдлын тэтгэмжийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, 4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/02 тоот ажилд томилох тухай тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагч Х*******н Засаг дарга давж давж заалдах гомдолдоо:Анхан шатны шүүх зөвхөн Засаг дарга миний хууль буруу хэрэглэн захирамж гаргасан алдааг илүү анхаарсанаас биш нэхэмжлэл гаргаж байгаа П.Г*******ын төрийн албанд ажиллах эрхгүйгээр гаргасан зөрчлийг хянан үзсэнгүй.

Нэхэмжлэгч П.Г*******ыг ажлаас халсан шийдвэр гаргах байсан боловч төрийг албанд олон жил ажилласан түүнийг шууд ажилгүй болох нь түүнд хохиролтой байсан учраас ийм шийдвэр гаргасан болно.

Нэхэмжлэгч П.Г******* нь сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа ажлын цагаар архи ууж согтууран ажлаа тасалж, мөн үүрэгт ажилдаа хариуцлагагүй ханддаг, ажил үүргээ зохих журмаар гүйцэтгэж чаддаггүй, ажлын өрөөндөө их хэмжээгээр ууж, тасарч унасан байдаг, хувьдаа зоогийн газар ажиллуулж, үндсэн ажилдаа анхаардаггүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргаж байсан тул сумын засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 6/63 тоот тушаалаар түүнд сахилгын шийтгэл нргдуулж, үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан.

Үүнээс хойш П.Г******* нь энэ зөрчлөө удаа дараа давтан гаргаж, хариуцсан ажлаа гүйцэтгэхгүй байсан тул ажлаас халах тухай мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 30 ны өдөр өгсөн ба мэдэгдэл өгсний дараа П.Г******* нь "ажил үүргээ сайн гүйцэтгэнэ, архи дарс хэрэглэхгүй" гэж удаа дараа амлалт өгч гуйж, хамт олны шуурхай хурал дээр хамт олноосоо уучлалт гуйж зөрчил гаргахгүй гэсэн тул ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээр болсон.

П.Г******* нь ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгэхгүй, зөрчилөө дахин гаргаж байсан тул ажил үүргээс нь халахаар болсон боловч түүнтэй харилцан тохирч өөр ажилд шилжүүлсэн. Гэтэл П.Г******* нь харилцан тохирсон мөртлөө олгосон ажлыг хийж гүйцэтгэлгүй 33 өдрийн ажил тасласан тул түүнийг Тамгын даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/03 тоот ажлаас чөлөөлсөн. Б/03 тоот тушаалаар 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 6/02 тоот тушаалыг хүчингүй болгосон байхад шүүх шийдвэрийнхээ 4 дэх хэсэгт 6/02 тоот хүчингүй болгосон тушаалыг хууль бус гэж дүгнэсэн байна.

Тамгын дарга П.Г*******ыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэг, эсвэл мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлөх ёстой боловч түүний хүсэлтийг хүлээн авч өөр ажилд шилжүүлсэн юм.

П.Г******* нь ажлаас халагдмагц ажилгүйдлийн тэтгэмжийг авсан байгаа нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна.

Сахилгын ноцтой зөрчил гаргаж удаа дараа ажлын байран дээр архи уудаг хүнийг ажилд нь буцаан ажиллуулах боломжгүй ба энэн талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 312 тоот магадлалын хяналтын хэсэгт "хариуцагчийн гомдлыг хангаж" шийдвэрлэх, өөрөөр хэлбэл түүний гаргасан зөрчлийг шалгаж шийдвэрлэх талаар заасан байгаа.

П.Г******* нь архи ууж ажлаа таслан ажлаас халагдсан мөртлөө нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авсан байхад түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулахаар шүүх шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Иймд захиргааны хэргийн 18 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16 ны өдрийн 126/шш2015/0003 тоот шийдвэрийг хүчингүй болгож, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Х*******н Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн маргаан бүхий Б/01 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, Төрийн албан тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч П.Г*******ыг өөр албан тушаалд шилжүүлж, сумын Засаг даргын Тамгын газрын Дотоод ажил, эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан түшмэл Х.Г*******ыг маргаан бүхий уг албан тушаалд шилжүүлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан байна.

Хариуцагчаас маргаан бүхий тушаалаа дээрх хуулийн заалтыг үндэслэн гаргасан боловч Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Г*******той түүнийг өөр албан тушаалд шилжүүлэхээр харилцан тохиролцоогүй, өөр албан тушаалд шилжүүлэн ажиллахыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй болох нь 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ажил хүлээлцсэн актад Түшмэлийн ажлын байранд тушаал гаргахгүй байх гэж дурдсан баримтаар болон хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, тодорхой хэмжээгээр албан тушаал бууруулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, 23.1.2-д үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон тохиолдолд захиргааны санаачлагаар албан тушаал бууруулахаар байна.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч П.Г******* ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар баримт байхгүй, мэргэшлийн түвшингийн хувьд шаардлага хангахгүй болсныг тогтоогоогүй, түүнчлэн маргаан бүхий Б/01 дүгээр тушаалыг тухайн үндэслэлээр хариуцагч гаргаагүй байх тул ажил үүргээ хангалттай биелүүлээгүй тул түүнтэй тохиролцож албан тушаал бууруулсан гэх гомдол үндэслэлгүй.

Х*******н Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч П.Г*******ыг сумын Засаг даргын Тамгын газрын дотоод ажил, эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан ажилтнаар томилжээ.

Гэтэл нэхэмжлэгч П.Г*******ыг сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон учир сумын Засаг даргын Тамгын газрын дотоод ажил, эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан Х.Г*******ыг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон нь хууль бус, түүнчлэн Х.Г*******ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байхад нэхэмжлэгч П.Г*******ыг сумын Засаг даргын Тамгын газрын дотоод ажил, эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан ажилтнаар томилсон нь хууль бус байна. Энэ талаар анхан шатны шүүх тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үндэслэлтэй дүгнэжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч П.Г*******ыг өөр албан тушаалд шилжүүлэх үндэслэл бүрдээгүй байхад албан тушаал шилжүүлснийг зөвшөөрөөгүй, өөр албан тушаалд ажиллахгүй гэдгээ мэдэгдсээр байхад өөр албан тушаалд томилсон нь илт хууль бус байна. Улмаар түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын дотоод ажил, эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан ажилтаны албан тушаалаас чөлөөлсөн нь илт хууль бус болжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг авсан нь өөр албан тушаалд шилжүүлсэн тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж гомдол гаргаж байгаа боловч энэ нь хууль бус тушаалыг зөвшөөрсөн үйлдэл биш бөгөөд иргэний шүүхэд хандах эрхийг хязгаарлах ёсгүй талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй юм. Дээрх байдлаар маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 201оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 126/ШШ2015/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН