Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1029

 

 

 

 

 

 

 

 

 

К банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00453 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н П ХХК-дхолбогдох,

Банкны баталгааны гэрээний үлдэгдэл 2 578 152 677 төгрөгийг дансанд төвлөрүүлэх болон баталгааны төлөгдөөгүй шимтгэл 379 717 339 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Т, Ч.Л

Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Болдбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л шүүх хуралдаанд тайлбартаа: Банкны зүгээс нийт 2 шаардлага гаргасан байгаа, баталгааны төлөгдөөгүй үнийн дүн болох 2 578 152 677 төгрөгийг К банкны дансанд төвлөрүүлэх. Нөгөөх нь баталгааны төлөгдөөгүй үлдэгдэл 379 717 339 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлага гаргаж байна. Эхний шаардлага нь баталгаа хүлээн авагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хэмээх төрийн үйлчилгээний газраас шаардлага хүргүүлэх тухай мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр К банкинд ирүүлсэн байгаа. Энэхүү албан бичигт Н П ХХК -нь гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу гэрээт ажил тухай бүрт нь санхүүжилт авсан боловч ажлаа эхлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул баталгааны мөнгөн хөрөнгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дансанд төвлөрүүлэхийг шаардсан байгаа учир нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч компани нь 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээгээр 1 863 000 000 төгрөгийн баталгаа гаргуулсан. Манай банкнаас нийт 6 баталгаа гаргуулсан. Үүнээс явцын дунд чөлөөлж байсан, эхний гэрээнээс 1 863 000 000 төгрөгийн баталгаанаас одоо үлдэгдэлтэй байгаа нь 536 100 000 төгрөг чөлөөлөгдөж 1 326 900 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр 122 200 000 төгрөгийн баталгаа гаргуулсанаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээгээр нийт 733 200 000 төгрөгийн баталгаа гаргуулж одоогоор 481 952 676 төгрөгийн баталгааны үлдэгдэлтэй, 251 247 323 төгрөгийн баталгаа чөлөөлөгдсөн байна. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр 647 100 000 төгрөгийн баталгаа гаргуулж энэ баталгаанаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй. Дээрх баталгаануудаас сарын 1.5-2 хувийн эрсдэлийн шимтгэлтэйгээр гаргасан. Үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 2204060666 дугаар улсын бүртгэлтэй 3 696 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай 70% дуусаагүй барилга, тус хаягт байршилтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 5 жилийн хугацаатай эзэмших хоосон газар, Баянзүрх дүүргийн 18-р хороо, Дамдинсүрэнгийн гудамж 36/2-р байрны 13 тоот хаягт байрлалтай Ү2204019168 улсын бүртгэлийн дугаартай 41.93 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 37-р байр, 30 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү2205011137 дугаарт бүртгэгдсэн 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэргийг барьцаалсан. Нийт баталгаанд хийсэн үлдэгдэл болох 2 578 152 677 төгрөгийн цуцлагдаагүй баталгааны үлдэгдэлтэй. Дээрх баталгаанд ногдох баталгааны шимтгэл буюу 379 717 339 төгрөгийг Н П ХХК -иас гаргуулах, К банкны дансанд баталгааны үлдэгдэл мөнгийг төвлөрүүлэхийг шаардаж байна гэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4 баталгааны дагуу 2 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэд хэдэн үндэслэл байна. Нэхэмжлэлд дурдсан 4 гэрээ байгуулахдаа талууд харилцан тохиролцож байсан. Гэрээгээр урьдчилсан төлбөрт болон гүйцэтгэх үүргийн баталгаа гаргахаар тохиролцсон, ингэхдээ хугацааг 365 хоногийн хугацаатайгаар тохирсон. Энэ нь гэрээний 2.1-д байгаа бөгөөд нийт 365 хоногийн хугацаанд гаргана. Эрсдэлийн шимтгэлийн хувийг баталгаажуулан 1 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон учраас эрсдэлийн шимтгэл тооцно гэдэг нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлд дурдсан баталгааны гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл байгуулсан. Үүнээс хойш баталгааны хугацаа дуусгавар болох 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ямар нэгэн байдлаар баталгааг төл гэх баримтыг ирүүлээгүй. 2016 оны 10 дугаар сарын 05, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд шаардлага хүргүүлсэн байсан. Талууд харилцан тохиролцож гэрээ байгуулахдаа баталгааны болон гүйцэтгэлийн гэрээнд 1 жилийн хугацаатай гаргаж өгнө гэсэн. Гэвч К банк нь хугацаандаа урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааг гаргаж өгөлгүй гэрээний үүргээ зөрчсөн байгаа. К банкны зүгээс хугацаандаа баталгаа гаргаж өгөөгүй учир Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас шаардлага хүргүүлсэн. Энэ нь Н П ХХК -ийн хүлээх хариуцлага биш юм. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол шаардах эрхтэй”, 226.2-т “гэрээнээс татгалзах болон хохирол гаргуулахад өөрөө буруутай бол 226.1 дэх хэсэг хамаарахгүй” гэж байгаа. К банк өөрөө дур мэдэн гаргасан баталгааны төлбөрийг хариуцагч компани төлөх үүрэг хүлээхгүй. Эрсдэлийн шимтгэлийн асуудал харилцан тохирсон хугацаандаа гаргах ёстой. Нэг жилийн хугацаанд хүү төлөх ёстой. Мөн хугацаа, тооцоондоо төлөгдөөгүй асуудал байгааг бид хүлээн зөвшөөрч байгаа. Зөрүүний асуудлыг бид хариуцан төлнө. Банкны урьдчилгаа төлбөр байр гэж ярьсан нь ямар ч үндэслэлгүй юм. Баталгааны гэрээний 3.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх хүртэл банкны зүгээс шаардлагатай зээл олгох гэж харилцан тохиролцсон. Хэрэв баталгаа гаргуулагч талаас баталгааг төл гэсэн шаардлага ирвэл үүрэг гүйцэтгэгч К банкны дансанд мөнгө төвлөрүүлэх ёстой. Хэрэв төвлөрүүлээгүй бол зээл болгож талууд зээлийн гэрээ байгуулна гэж заасан байгаа. Энэ нөхцөл байсаар байтал К банкны дансанд мөнгө төвлөрүүл гэж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ заалт нь өөр зүйлийг зохицуулсан, баталгааны хугацаа өнгөрсөн байгаа. Манайхаас 365 өдрийн хугацаанд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ямар нэгэн шаардлага хүргүүлж байгаагүй тул 365 хоногоос хэтэрсэн үйл ажиллагааг Н П ХХК  хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Нийт эрсдэлийн шимтгэлийн 122 000 000 төгрөгийн баталгаа гаргасан. 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гүйцэтгэлийн баталгаа 122 200 000 төгрөг, эрсдэлийн шимтгэл нь нийт 2 035 550 төгрөгийг төлсөн, 1 жилийн хугацаанд 2 440 000 төгрөг төлөх ёстой байсан. Харин 647 100 000 төгрөгийн баталгаанд 48 186 789 төгрөг төлсөн, дараа нь 733 200 000 төгрөгийн баталгаанд нийт 78 918 263 төгрөг төлсөн, 1 863 000 000 төгрөгийн баталгаанд 37 260 000 төгрөг төлж, нийт төлөгдөөгүй үнийн дүн нь 121 348 947 төгрөг байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс эрсдэлийн шимтгэлийг ихэсгэж нэхэмжилж байгаа нь манай тооцооллоос зөрж байгаа. Бид нэхэмжлэлийн шаардлагыг тооцооллоор бодвол нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 457.15 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н П ХХК -иас баталгааны төлөгдөөгүй шимтгэлд 379 717 339 төгрөгийг гаргуулж К банк ХХК -д олгож, баталгааны үлдэгдэлд нийт 2 578 152 677 төгрөгийг К банк дахь дансанд төвлөрүүлэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 14 947 301 төгрөг гаргуулж К банк ХХК -д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 947 301 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Цэндсүрэн давж заалдах гомдолдоо: “...Шүүх нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй, зөвхөн нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Талууд харилцан тохиролцож, өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж банкны баталгааны гэрээнүүдийг байгуулсан байдаг бөгөөд энэхүү гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д баталгаа гаргах хугаиааг 365 хоногийн хугацаатай байхаар харилцан тохиролцсон байдаг. Тэр ч үүднээс баталгааны эрсдэлийн шимтгэлийг 365 хоногийн хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож хавсралтаар баталгаажуулан талууд гарын үсэг зурсан. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй, гэрээгээр харилцан тохиролцсоноос илүүтэйгээр нэхэмжлэлд дурдсан дүнгээр эрсдлийн шимтгэлийг үндэслэлгүйгээр тооцон хариуцагчаас гаргуулахаар болсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан банкны баталгааны гэрээнд зааснаар буюу эрсдэлийн шимтгэлийг төлөхөөр харилцан тохиролцсон хавсралтад заасан хуваарийн дагуу хариуцагч нь нийт 166 400 612 төгрөгийг төлж, үлдэгдэл нь 121 348 947 төгрөг байгаа болно. Гэтэл шүүх баталгааны эрсдэлийн шимтгэлд төлөх ёстой үнийн дүнгээс 258 368 391 төгрөгөөр илүү мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтан дээр үндэслээгүй, хуулийн үндэслэлгүй байна. Мөн шүүх нэхэмжлэгчид ашигтайгаар хуулийг тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдврлэсэн. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.15 дахь заалтыг үндэслэн. Уг хуулийн заалтаас харахад баталгаа гаргагч банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж мөнгө төлсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгчид сөрөг нэхэмжлэл гаргах замаар буцаан авах журмыг зохицуулсан зохицуулалт юм. Гэтэл талуудын хооронд байгуулсан банкны баталгааны гэрээнд заасан хугацаанд буюу баталгаа гаргаснаас хойш 365 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгчээс баталгаа гаргагч банкинд үүргээ гүйцэтгэхийг шаардсан болох нь нотлогдоогүй бөгөөд энэхүү хугацаа дууссанаас хойш үүрэг гүйцэтгүүлэгч шаардсан болохыг, мөн баталгаа гаргагч банк нь ямар ч мөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлээгүй, шилжүүлсэн болох нь нотлогдохгүй байхад шүүх хариуцагчаас баталгааны үлдэгдэл төлбөрийг К банкин дахь дансанд байршуулахыг даалгасан нь хуулийн үндэслэлгүй, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Тэр тусмаа хариуцагчийн мөнгөн хөрөнгийг тодорхойгүй, дугааргүй дансанд буюу өөрийнх нь дансанд байршуулахыг даалгаад байгаа эсэх, эсхүл К банкны дансанд байршуулахыг даалгаад байгаа эсэх, ингэж даалгах хуулийн үндэслэл байгаа эсэх талаар үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр олгомжгүй шийдвэр гаргасан нь хууль бус байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

           

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч К банк ХХК  нь хариуцагч Н П ХХК-дхолбогдуулан банкны баталгааны гэрээний үлдэгдэл 2 578 152 677 төгрөгийг дансанд төвлөрүүлэх, баталгааны төлөгдөөгүй шимтгэл 379 717 339 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ББГ/2014-004, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ББГ/2014-005, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ББГ/2014-007, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ББГ/2015-05 дугаартай тус бүр нь 365 хоногийн хугацаатай Банкны баталгааны гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан болох нь хэргийн 12-19, 25-32, 39-47, 56-63 талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх банкны баталгааны гэрээнүүдийн 3.3 дахь заалтаар “Үүрэг гүйцэтгэгч нь төлбөр гүйцэтгэх өдрөөс 7 хоногийн өмнө банкин дахь өөрийн харилцах дансанд эх үүсвэрийг төвлөрүүлэх бөгөөд төвлөрүүлээгүй тохиолдолд банк шаардлагатай төлбөрийн дүнгээр “хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл”-ийн дагуу зээл олгож, үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөрийг шилжүүлнэ” гэж тохиролцсон байна.

 

            Зохигчид эх үүсвэргүй баталгааны шимтгэлийн хувь сарын 1.5-2 хувь байхаар тохиролцсон байх ба шүүх ББГ/2014-004, ББГ/2014-005, ББГ/2014-007, ББГ/2015-05 дугаартай банкны баталгааны гэрээний үлдэгдэл 2 578 152 677 төгрөгийг өөрийн дансанд төвлөрүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь 2 578 152 677 төгрөгийн дүнтэй мөнгөн хөрөнгийг К банкин дахь өөрийн харилцах дансанд төвлөрүүлэхийг хариуцагчаас шаардах эрх хууль болон гэрээгээр үүсээгүй байна.

           

            Харин талуудын хоорондын гэрээний 3.3-д зааснаар нэхэмжлэгч К банк ХХК  нь хариуцагч Н П ХХК -ийн үүрэг гүйцэтгүүлэгчид төлөх ёстой төлбөрийг төлсөн тохиолдолд уг үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагч компанид зээлийн гэрээний үүрэг үүсэхээр тохиролцсон байна.

 

            Нэхэмжлэгч банкны зүгээс Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 457.10 дахь хэсэгт зааснаар баталгааны гэрээний дагуу хариуцагч байгууллагыг үүрэг гүйцэтгүүлэгч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ӨНӨААТҮГ-ын шаардлагыг хангасан гэх баримт байхгүй байна.

 

            Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн үүрэг нь хууль болон гэрээнд заасан тохиолдолд үүснэ.

 

            Талуудын хоорондын гэрээ болон хуулиар хариуцагч компанид банкны баталгааны гэрээний дагуу нэхэмжлэгч банкинд 2 578 152 677 төгрөгийн мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх үүрэг үүсээгүй байна.

 

            Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт “Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

            Хариуцагч компанийн хувьд нэхэмжлэгч банкнаас авсан банкны баталгааны үйлчилгээг авсан нь дээрх дугаар бүхий банкны баталгааны гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон тул гэрээгээр тохиролцсон шимтгэл төлөх үүрэгтэй. Гэрээний дагуу үүссэн төлбөр 288 158 000 төгрөгөөс 148 216 740 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн К банк ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдож байх тул төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 139 941 260 төгрөгийг хариуцагч Н П ХХК -иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. /хх 145, 147-150/

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00453 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н П ХХК -иас баталгааны төлөгдөөгүй шимтгэлд 139 941 260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банк ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 239 776 079 төгрөг, баталгааны үлдэгдэл нийт 2 578 152 677 төгрөгийг К банк ХХК  дахь дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...14 947 301 төгрөг...” гэснийг “...857 656 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н П ХХК -иас 857 656 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН