Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

 

З.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, Д.Очирваань,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Э.Чингис, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1689 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Агийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 1706009731620 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн З-н А, 1965 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, Баянзүрх дүүргийн .................... тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: ............../,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан;

З.А нь 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд “Дарь-Эх”-ийн хуучин эцсийн автобусны буудлын орчимд Мишээл-Экспо-Ганц худаг чиглэлийн автобусанд үйлчлүүлж байсан иргэн Х.Дтэй маргалдан, улмаар гуя хэсэг рүү хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигон овогт З-н Аг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар З.Аг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Агийн урьд цагдан хоригдсон нийт 83 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 13 см урт ажлын хэсэгтэй, хүрэн судалтай, шаргал өнгийн 12 см урт бариултай, бариулыг хөх өнгийн туузаар ороосон хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар З.Агваанцэрэнгээс нийт 401.500 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Дд олгох,

хохирогч Х.Д нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс надад ял оногдуулахдаа миний хувийн байдал болон хэргийн бодит байдал зэргийг тал бүрээс нь нягталж чадаагүй.

Би хохирогч Х.Дгийн биед мэс хүргэж гэмтээсэн. Би өөрийн буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би хохирогчоос шүүх хуралдааны танхимд уучлалт гуйсан. Хохирогч Х.Дгийн нэхэмжилсэн эмчилгээний зардал буюу хохирлыг төлж барагдуулах бүрэн боломжтой байсан. Байцаагч Эрдэнэболд хорих санал гарган намайг хорьж, хохирол төлүүлээгүй. Хэргийг прокурорт шилжүүлэхээс өмнө хавтаст хэрэгтэй бүрэн танилцуулаагүй. Хохирогч Х.Дг танихгүй, өс хонзон байхгүй. Байцаагч Эрдэнэболд нь зөвхөн хохирогч, гэрч нарын мэдүүлэгт үндэслэн хэргийг зүйлчилсэн. Миний зураг, шинжээчийн дүгнэлт, миний өгсөн мэдүүлэг зэргийг нягтлаагүй. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч З.Агийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1689 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул өмгөөлөгч миний бие давж заалдах гомдол гаргаагүй. Хорих ялын хамгийн доод хэмжээгээр ялыг оногдуулсан. Мөн шүүгдэгч З.Агийн хувийн байдлыг харгалзан дэглэмийг хөнгөрүүлсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч З.Агийн өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирол төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Шүүгдэгч З.Агийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг. Шийтгэх тогтоолд заасан 401.500 төгрөгийн хохирлыг барагдуулсан. З.А гомдолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хэмжээнд нийцүүлж ялыг багасгах боломж байгаа гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргасан. Би уг гомдлыг дэмжиж байна.” гэв.

 

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч З.Агийн хувьд сүүлийн 5 жил орох оронгүй амьдарсан байдаг. Шүүх хуралдаан хоёр удаа хойшилсон бөгөөд уг хугацаанд хохирлыг төлөх боломж байсан боловч төлж барагдуулаагүй байдаг. Хэргийн хувьд хохирогч Х.Дг танихгүй бөгөөд автобусанд явж байгаад маргалдаж хүнд хохирол учруулсан. Хэрвээ автобусанд явж байсан гэрч залуу цамцаараа хөлийг нь боогоогүй бол хохирогчийн амь нас эрсдэх магадлалтай байсан. Ялын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хамгийн бага ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

З.А нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд “Дарь-Эх”-ийн хуучин эцсийн автобусны буудлын орчимд Мишээл-Экспо-Ганц худаг чиглэлийн автобусанд үйлчлүүлж байсан иргэн Х.Дтэй маргалдан, улмаар түүний баруун гуя хэсэг рүү хутгалж, эрүүл мэндэд нь “Баруун гуяны тараагуур судас гэмтээсэн гүн хатгагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч З.Агийн “...би уурандаа тэр хөгшин эрэгтэй хүний гуян тус газар нь нэг удаа хутгалсан.” гэх мэдүүлэг /хх-33-35/,

хохирогч Х.Дгийн “...автобусанд суугаад явж байгаад үл таних залуу надтай маргалдаад намайг буух гээд хаалганы хажууд зогсож байтал гуя руу хатгасан юм шиг гуянаас цус гойжоод олгойдохоор нь би тэр залуутай зууралдаад автобуснаас буугаад зууралдаж байгаад ухаан алдсан.” гэх мэдүүлэг /хх-29/,

гэрч Ч.Энхбатын “...баруун гуяндаа хутгалуулсан байдалтай хүн автобусны буух хаалгаар 40 гаран насны ажлын ногоон эрээн хувцас өмссөн бор царайтай хүнийг чирээд буулгаж ирээд ... гуя руугаа хутгалуулсан хүн ухаан алдаж унаад хүмүүс өргөж сандал дээр гаргаад гуяыг нь боогоод түргэн иртэл туслаж байсан.” гэх мэдүүлэг /хх-23/,

гэрч Г.Мижиддоржийн “...Нэг хүн энэ хүнийг хутгалсан. Тэгээд цус алдаж байсан иргэнд цусыг нь тогтоох гэж баруун гуяыг нь цамцаараа боосон...” гэх мэдүүлэг /хх-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Х.Дгийн биед баруун гуяны тараагуур судас гэмтээсэн хатгагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх 990 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-58/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх16-19/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, З.Аг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч З.Агийн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч З.А нь хохирогч Х.Дгийн гуя руу нь хутгалж, түүний биед хүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэхдээ болон анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг дүгнэхдээ “...хохирогчийн гуя хэсэг рүү хутгаар зүсэж” гэж утга агуулгын хувьд тохирохгүй үг хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасан тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр хэлэлцэж, тогтоосон нөхцөл байдал, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаархи дүгнэлтийн тохиромжгүй үг хэрэглэснийг өөрчлөн, “шүүгдэгч З.А нь хохирогч Х.Дтэй маргалдаж, улмаар халааснаасаа хутга гарган хохирогчийг хутгалсан” гэсэн дүгнэлт хийсэн болно.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 6 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, мөн шүүгдэгч З.Агийн хувийн байдал болох одоо 54 настай, анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, тухайн үед хохирогч Х.Д мөн архи ууж согтуурсан үедээ бусадтай зүй бусаар харьцаж хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзэхэд үндэслэл бүхий шийдвэр болсон байна.

 

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар З.Агваанцэрэнгээс нийт 401.500 төгрөгийг гаргуулж хохирогчид Х.Дд олгосугай” гэж хэрэглэвэл зохих Иргэний хуулийг хэрэглэхгүйгээр буруу бичиж, утга найруулгын хувьд алдаатай бичиглэл хийсэн байгаа нь “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх” шаардлагад нийцэхгүй тул цаашид ийм зөрчил гаргахгүй байхад анхааруулж, давж заалдах шатны шүүх хуралдаанаас зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1689 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч З.Агийн гаргасан “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч З.А нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Х.Дд 401.500 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1689 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар З.Агээс нийт 401.500 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Дд олгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч З.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З.Агээс хохирогч Х.Дд 401.500 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ