Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр,                                     

улсын яллагч С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Сэрдамба,

хохирогч О.Жавзмаа, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасанжавын Мид холбогдох эрүүгийн 2014250001113 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “ Хай Би Ойл “ ХК-д дэд захирал ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 03 дугаар хороо, Нарны хороолол 7 дугаар байрны 116 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ХД75052810 / Андиа овогт Баасанжавын М нь: 

 

- 2014 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө согтуугаар Сүхбаатар дүүргийн 03 дугаар хороо, 5 дугаар хороолол 18 дугаар байрны 2 дугаар орцонд бусдыг илтэд үл хүндэтгэн " лифтний товчлуур дарлаа " гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн О.Жавзмааг зодож, тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн гайморийн хөндийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн 3-р шүдний хугарал, дээд, доод үүдэн 2-р шүдний эмтрэл бүхий хөнгөн гэмтэл бие махбодид учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч О.Жавзмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2014 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө байрны ахад зодуулсан. Би лифтэнд суусан байсан. Тэгээд лифт хаагдах гэж байхад шүүгдэгчийн гар орж ирээд лифтэн дотор орж ирсэн. Миний дарсан 7 давхарыг буцаагаад 4 давхар дээр дараад байхаар нь би “Та их согтсон байна. Би таныг гэрт чинь оруулаад өгье. Та 8-н давхарт байдаг биз дээ” гэхэд үгүй гээд намайг 4 давхарт чирж буулгах гээд байсан учир би шүүгдэгчид “Та яагаад муухай зан гаргаад байгаа юм бэ. Хүн ууж идэж болно. Ингэж болохгүй шүү дээ” гээд бид 2-ын дунд маргаан гарсан. Би уурлаад айгаад цагдаа утсаараа дуудаад би доошоо гүйгээд шатаар буусан. Нөгөө ах араас бууж ирээд “ Чиний жуда барилддаг хамаагүй шүү “ гээд миний баруун нүд рүү 2 удаа гараа зангидаж байгаад цохьсон. Тэр үед би манараад газар унасан. Тэгээд би ёоё гээд орилоод босоод иртэл шүд рүү дахиад гараараа цохьсон. Тэр үед миний шүд аманд унасан. Намайг босоход хамар руу цохиод хамар хугалж, цус гаргасан гэжээ. / 1 дүгээр хавтас 12 /

 

Гэрч П.Ганбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2014 оны 03 дугаар сарын дундуур манай 10-н жилийн 57 дугаар сургуулийн 40 жилийн ой болж төгсөгчдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн болоод тэрийг дуусаад манай ангийн Б.М, Эрдэнэболд, Бат-Эрдэнэ бид 4 “ Кровн “ гэдэг нэртэй Выставка худалдааны төвийн хойно байрладаг паабад орж 0,5-ын 2 шил экс архи хувааж уугаад сууж байтал 23 цагийн орчим Эрдэнэболд нь түрүүлж яваад Бат- Эрдэнэ Б.М бид гурав үлдсэн. Тэгээд баар хаах цаг болж Бат-Эрдэнэ өөрийнхөө хүүхдийг машин бариулах гэж дуудаад Б.Мийн машиныг Бат-Эрдэний хүүхэд барьж гэрийнх нь гадна очсон. Тэгээд гэрийнх нь гадна очоод бид хэд машинд юм ярьж сууж байгаад ойролцоогоор шөнийн 02, 03 цагийн үед Б.М орцруугаа ганцаараа орсон. Яг орцонд юу болсон талаар харсан үзсэн зүйл байхгүй. Б.М бага зэрэг согтолттой. Биеэ авч явах чадвартай байсан. Их томоотой дөлгөөн залуу бөгөөд ямар нэг хэрэг төвөгт өмнө нь орж байгаагүй, сайн залуу байгаа юм гэжээ. / хх 15-16/ 

 

Гэрч А.Эрдэнэболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай 10-н жилийн сургуулийн уулзалт 2014 оны 03 дугаар сарын 10-ны үеэр болж манай ангийн Б.М, П.Ганбат, Бат-Эрдэнэ бид 4 нийлээд Гурван гал худалдааны төвийн арын “ Кровн “ бааранд 22 цагийн орчим орж, 2 шил жижиг архи ууж юм ярьцгаасан. Би машин барьж явсан болохоор архи уугаагүй би түрүүлж яваад Бат-Эрдэнэ, Б.М, П.Ганбат гурав үлдсэн. Б.М их л томоотой 10-н жилдээ манай ангийн дарга байсан. Одоо ч гэсэн бид нар байнгын харьцаатай, дотны найзууд бөгөөд их л томоотой хүн. Архи дарс нэг их хэрэглэдэггүй. Хааяа л хэрэглэдэг хүн байгаа юм гэжээ. / хх 17 /

 

Гэрч Х.Эрдэнэт-Од мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...О.Жавзмаа нь 2009 онд миний удирдлаган доор ирснээс хойш ямар нэгэн бэртэл гэмтэлгүй, бөхийн тэмцээн уралдаанд явж амжилт гаргадаг байсан. 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Польш улсад зохион байгуулагдсан Олон улсын жудо бөхийн тэмцээнд ороод алтан медаль хүртсэн. Энэ тэмцээнээс ирээд удалгүй байрныхаа орцондоо хүнд зодуулсанаас хойш бэртэлтэй гээд бэлтгэл болон уралдаан тэмцээнд амжилт гаргахгүй байгаа. Багшийн хувьд гэж хэлэхэд О.Жавзмаа нь дэлхийн хэмжээндээ 16-д ордог байсан. Хэрэв гэмтэл аваагүй тэмцээнд оролцоод байсан бол дэлхийн ритэнгээ хадгалах буюу ахиулах боломж байсан. Хөлний гэмтлээс болоод одоо ритэнг нь 24 болж доошилсон. 2014 оны 09 дүгээр сард болсон багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бол энэ тэмцээнээс алтан медаль авах магадлал өндөр байсан. Гол нь тамирчин хүний амжилт гаргах үед нь гэмтэл авсан учраас багшийн хувьд гомдолтой байна гэжээ. / хх 109 /

 

            Гэрч Н.Ганцоож мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Эрдэнэбатын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал Тамир-10 буюу манай хэлтсийн жижүүрээс дуудлага өгсөн. Дуудлагын газарт 5 минутын дараа очиход 18 дугаар байрны гадаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан. Эмэгтэйгээс болсон асуудлыг тодруулахад энэ манай хажуу айлын залуу намайг орцонд зодсон учир гомдолтой байна гэсэн гэжээ. / 2 хх 81 /

            Гэрч М.Отгонбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Түүнийг аав нь дагуулж ирж үзүүлсэн. Тухайн үед хүнд өшиглүүлсэн, урьд шөнө орцондоо согтуу хүнд зодуулж хөл рүүгээ өшиглүүлсэн гэж ирсэн. Баруун өвдөгний үеэр хавдсан, арьс нь улайсан шалбарсан байсан учир би үзлэгээ л хийсэн. Өөрийн үзлэг хийсэн эмчлүүлэгчийн картан дээрх бичлэгийг харж О.Жавзмаа гэдэг хүнд үзлэг хийснээ санаж байна. Тухайн үед О.Жавзмаагийн баруун өвдөг хавдсан, шинэ зулгаралттай байсан. Хуучин гэмтэл гэхээр тав тогтсон зүйл ажиглагдаагүй. Жавзмаа тухайн үед аавтайгаа доголчихсон, уйлчихсан орж ирж надад үзүүлсэн гэжээ. / 2 хх 96-97 /

 

Гэрч А.Алтан-Очир мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...О.Жавзмаагийн нэг талынх нь нүд хавдаад анигдчихсан, хамар амнаас нь цус гарчихсан, үс нь сэгсийчихсэн, яг аль талынхыг нь санахгүй байна нэг талынх нь хөл доголчихсон явж байсан гэжээ. / 2 хх 122 /

 

            Гэрч Х.Тунгалаг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Алтан-Очир бид хоёр цагдаагийн хэлтэс дээр ирэхэд О.Жавзмаа үүдний шатан дээр нэг нүд нь нэлээд хавдаад цус хурчихсан, шүд нь хугарчихсан гээд амнаас нь цус гоожчихсон, нэг хөл нь доголчихсон байж байсан гэжээ / 2 хх 123 /,

 

Гэрч О.Одсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Би гэмтлийн эмнэлэг дээр очиход О.Жавзмаагийн нүүр нь хүнд зодуулчихсан гээд хөхрөөд хавдчихсан, бас баруун хөл нь доголчихсон, эрэгтэй, эмэгтэй хоёр найзтайгаа байж байсан. Хамар амнаас нь цус гарсан байсан эсэхийг сайн санахгүй байна. Хувцсыг нь би анзаараагүй ээ. Сүртэй том тэгж нүдэнд харагдахаар бол урагдсан зүйл байгаагүй гэжээ. / 2 хх 124 /

 

Шинжээч Г.Энхбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Анхны үзлэг хийсэн Энхтайван эмчийн үзлэгээр нүүрний хэсэг болон шүд гэмтэлтэй гарсан бөгөөд баруун өвдөгний гэмтэлтэй гэсэн тэмдэглэл байхгүй мөн тухайн үед баруун өвдөг өвдөлттэй гэсэн зовиур байхгүй байсан байна. Ер нь урд чагтан холбоосны урагдал гэмтэл нь өвдөгний үеэр хүчтэй мушгих, хөших үйлдлээр үүсдэг гэмтэл гэжээ. / 2 хх 127 /

 

Шинжээч М.Золжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...О.Жавзмаа нь анх 2015 оны 03 дугаар 16-ны өдөр Энхтайван эмчид үзүүлсэн үзлэгт өвдөгний гэмтлийн талаар огт дурьдаагүй учраас тухайн үед өвдөгний урд чагтан холбоосны урагдал гэмтэл үүссэн гэх боломжгүй байна гэжээ. / 2 хх 128 /

 

Шинжээч А.Амгаланболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:... О.Жавзмаагийн биед учирсан баруун өвдөгний гэмтлийн имрайн шинжилгээгээр өвдөгний чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал нь шинэ гэмтлийн шинж тэмдэг болон цус хуралт, хаван хавдар бүхий шинж тэмдгүүд илрээгүй учраас хэрэг болсон цаг хугацаанаас өмнөх гэмтэл гэж үзсэн гэжээ. / 2хх 126 /

 

Шинжээч Д.Бархүү мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Хохирогч О.Жавзмаагийн биед учирсан баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал гэмтэл нь хэрэг үйлдэгдэх үеэс өмнө үүссэн хуучин гэмтэл, гэхдээ 2014 оны 03 дугаар сарын 16-ны шөнө гэмт хэргийн улмаас бага зэрэг сэдэрсэн байх магадлалтай. Өвдөгний хэсэгчилсэн урагдал гэмтэл нь хүчтэй мушгих, хөших, өндрөөс усэрч буух үед ихэвчлэн гэмтдэг. Ялангуяа бөхийн спортын хүмүүст элбэг тохиолддог гэжээ. / 2хх 130 /

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн давтан 1145  тоот дүгнэлтэнд:

1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4047 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Шүүх эмнэлгийн давтан магадлан шинжилгээ хийсэн 500 тоот актны дүгнэлт үндэслэлтэй байна.

2. О.Жавзмаагийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн гайморийн хөндийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн 3-р шүдний хугарал, дээд, доод үүдэн 2-р шүдний эмтрэл, баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн гайморийн хөндийн цус хуралт,зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн 3-р шүднйй хугарал, дээд, доод үүдэн 2-р шүдний эмтрэл гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. О.Жавзмаагийн баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байх ба цаг хугацааны хувьд яг хэдийд үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. / 1 дүгээр хавтас 122-124 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128 тоот дүгнэлтэнд: 

1 .Урьд гарсан №1145 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 

2. О.Жавзмаагийн баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал гэмтэл нь тухайн хэрэг болохоос өмнө үүссэн байсан хуучин гэмтэл байх ба үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна гэжээ. / 3 дугаар хавтас 147-152 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсий хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 546 тоот дүгнэлтэнд:

1. О.Жавзмаагийн баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн хуучин сэдэрсэн урагдал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байх ба цаг хугацааны хувьд яг хэдийд үүсгэгдсэн, хэзээ сэдэрсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. 

2. Уг хуучин сэдэрсэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.

 

Шүүгдэгч Б.Мийг 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 25-28 /, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 29-30 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 73 / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: 2014 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө хохирогчийг зодож хөнгөн гэмтэл учруулсан. Үүндээ би маш их харамсаж байна. Би хохирогчийн хөл рүү өшиглөөгүй. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож хохирогчоос өмнө нь уйчлалт гуйсан. Одоо ч уучлалт хүсч байна. Би энэ хэрэгт 3 жил шалгагдахдаа өөрийн орон байраа зарж, чадах чинээгээрээ гэм хорын хохирлоо төлж барагдуулсан. Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа нэмж 800.000 төгрөгийг миний төрсөн ах Баянмөнх 3 удаагийн гүйлгээгээр хохирогчийн ээжийн Хаан болон Голомт банкны данс руу нь шилжүүлсэн. Би хохирогчид нийт 19.100.000 төгрөгийг төлсөн. Шүүхээс надад оногдуулах ял шийтгэлийг хүлээн зөвшөөрнө гэв.

 

Хохирогч О.Жавзмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө байрны ахад зодуулсан. Би лифтэнд суусан байсан. Тэгээд лифт хаагдах гэж байхад шүүгдэгчийн гар орж ирээд лифтэн дотор орж ирсэн. Миний дарсан 7 давхарыг буцаагаад 4 давхар дээр дараад байхаар нь би “Та их согтсон байна. Би таныг гэрт чинь оруулаад өгье. Та 8-н давхарт байдаг биз дээ” гэхэд үгүй гээд намайг 4 давхарт чирж буулгах гээд байсан учир би шүүгдэгчид “Та яагаад муухай зан гаргаад байгаа юм бэ. Хүн ууж идэж болно. Ингэж болохгүй шүү дээ” гээд бид 2-ын дунд маргаан гарсан. Намайг шүүгдэгч орцонд цохьсон болохоос лифтэн дотор цохиогүй. Орцонд миний зүүн талын нүд рүү 4-5 удаа цохьсон. Би хэд цохиулснаа сайн санахгүй байна.

Миний хамар, нүд, шүд рүү цохьсон. Тэгээд би цохиулаад газар унаад босоод “Би цагдаа дуудлаа” гэхэд “Чи ямар их цагдаа дууддаг” юм гээд миний баруун хөл рүү хажуу талаас нь жийсэн. Тухайн үед миний хөл нарх гэж дугарсан. Тэгээд би 4 давхраас доошоо зугтааж гүйгээд гадаа гарсан. Манай байрны 9 давхарт байдаг залуугийн улаан машин байсан. Тэр машин руу намайг шахаж байгаад багалзуурдаад “Би чамайг ална. Чиний ээж чинь хэн байх нь хамаагүй. Та нар ер нь ямар эрх дархтай юм. Чиний тамирчин байх чинь хамаагүй. Би чам мэтийн юмыг алж чадна“ гээд хэл амаар доромжлоод, заналхийлсэн.

Тэгээд би цагдаа дуудахад бид 2-ыг авч явсан. Миний нийт хагалгааны төлбөр 47.000.000 төгрөг болсон. Шүүгдэгч надад 19.100.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 26.000.000 төгрөгөө авмаар байна. Одоо тэмцээн уралдаанд орж чадахгүй байгаа. Өвдөг маань сайн эдгэрч өгөхгүй байгаа. Хараа муудаж эхэлж байгаа. Би уг гэмтлээс болж сүүлд оролцох ёстой байсан Олимпын тэмцээнд явж чадаагүй. Энэ гэмтэл аваагүй байсан бол би Олимпын тэмцээнд оролцох байсан. Шүдээ суурь ясан дээрээ хийлгэсэн учир өвдөөд байгаа. Би 2 шүд хийлгэсэн. Одоо байнга зориуртай байгаа. Хамгийн их зовиур өгч байгаа нь өвдөг юм. Би зодуулахаасаа өмнө хөлөндөө ямар нэг гэмтэл авч байгаагүй. Хуучин гэмтэл гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би шүүгдэгчээс хохирлоо авмаар байна гэв.

 

Шүүгдэгч Б.М нь 2014 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө согтуугаар Сүхбаатар дүүргийн 03 дугаар хороо, 5 дугаар хороолол 18 дугаар байрны 2 дугаар орцонд бусдыг илтэд үл хүндэтгэн " лифтний товчлуур дарлаа " гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн О.Жавзмааг зодож, тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн гайморийн хөндийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн 3-р шүдний хугарал, дээд, доод үүдэн 2-р шүдний эмтрэл бүхий хөнгөн гэмтэл бие махбодид учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Нөгөө ах араас бууж ирээд “ Чиний жуда барилддаг хамаагүй шүү “ гээд миний баруун нүд рүү 2 удаа гараа зангидаж байгаад цохьсон. Тэр үед би манараад газар унасан. Тэгээд би ёоё гээд орилоод босоод иртэл шүд рүү дахиад гараараа цохьсон. Тэр үед миний шүд аманд унасан. Намайг босоход хамар руу цохиод хамар хугалж, цус гаргасан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч О.Жавзмаагийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 12 /,  ...Дуудлагын дагуу очтол эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Эмэгтэйгээс юу болсныг тодруулахад “ Манай хажуу айлын залуу намайг орцонд зодсон. Гомдолтой байна гэсэн. Эрэгтэй нь нилээн согтолттой байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Н.Ганцоожийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 83 /,  ...04 цагийн үед О.Жавзмаа залгаад “ Найз нь хүнд зодуулчихлаа. Хүрээд ирээ ч “ гэхээр нь очиход Жавзмаагийн хамар амнаас нь цус гарчихсан. Нэг талынх нь нүд нь хавдаад бүр анигдчихсан, үс нь сэгсийсэн байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч А.Алтан-Очирын мэдүүлэг / 2 дугаар хавтас 124 /,  ... Алтан-Очир бид хоёрыг цагдаа дээр очиход Жавзмаагийн нэг нүд нь нилээд хавдаад цус хурчихсан, шүд нь хугарсан гээд амнаас нь цус гарсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Х.Тунгалагийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 125 /,  ...Х.Жавзмаагийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4047 тоот дүгнэлт / 1 дугээр хавтас 19 /,  ... Дээрх дүгнэлт үндэслэлтэй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдхүүнтэй шинжээч нарын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1145  тоот дүгнэлт / 1 дүгээр хавтас 122-124 /,   2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128 тоот дүгнэлт / 3 дугаар хавтас 147-152 /, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 546 тоот дүгнэлт / хх /  зэрэг болно.

                                   

Хохирогч О.Жавзмаа нь шүүгдэгчид зодуулахаас өмнө би хөлөндөө ямар нэг гэмтэл авч байгаагүй гэж мэдүүлж байгаа нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. Хохирогч О.Жавзмаа нь анх ЦБ-д өргөдөл гаргахдаа / 1 дүгээр хавтас 6 /, тайлбар өгөхдөө / 1 дүгээр хавтас 7 /, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид үзүүлэхдээ / 1 дүгээр хавтас 19 / хөлөндөө өшиглүүлж, гэмтсэн тухайгаа огт мэдүүлээгүй байна.

2. Шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтээр хохирогч О.Жавзмаагийн баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал гэмтэл нь хуучин гэмтэл болох нь нотлогдсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 546 дугаар дүгнэлтээр О. О.Жавзмаагийн баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн хуучин сэдэрсэн урагдал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байх ба цаг хугацааны хувьд яг хэдийд үүсгэгдсэн, хэзээ сэдэрсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй гэж дүгнэсэн болно. Мөн удаа дараа дүгнэлт гаргасан шинжээч эмч нар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ өвдөгний чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал гэмтэл нь хүчтэй мушгих, хөших, үед ихэвчлэн гэмтдэг болохыг мэдүүлжээ.

3. Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн 1 дүгээр эмнэлгийн хэрх үе судлал үе сэргээх төв, үеийн мэс заслын эмч М.Отгонбаяр нь / 2 дугаар хавтас 96-98 / хохирогч О.Жавзмаагийн биед 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн тухай өвчний түүхэнд бичсэн / 2 дугаар хавтас 133 / байх боловч О.Жавзмаа нь 2014 онд Улсын клиникийн төв эмнэлгийн амбулаториор үзүүлэхээр үзлэгийн цаг аваагүй болох нь амбулаторын эрхлэгч Л.Саранцэцэгийн тодорхойлолтоор тогтоогдсон / 2 дугаар хавтас 192 /, тухайн өдөр түүнийг зодуулсан байхад ирж цагдаагийн газарт очиж, эмнэлэгт үзүүлсэн гэх гэрч А.Алтан-Очир / 2 дугаар хавтас 122 /, гэрч Х.Тунгалаг / 2 дугаар хавтас 124 / нар нь О.Жавзмаагийн хөл нь доголчихсон байсан гэж мэдүүлсэн боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байна. Мөн О.Одсүрэнг гэрчээр байцаахад / 2 дугаар хавтас 124 / О.Жавзмаагийн баруун хөл өмнө нь доголчихсон хавдсан байсан гэж мэдүүлсэн байна. 

4. Шүүгдэгчид зодуулахаас өмнө ямар нэг гэмтэл авч байгаагүй гэж дасгалжуулагч болон хамт дасгал хийдэг тамирчид мэдүүлэг өгсөн боловч хохирогч О.Жавзмаа нь 2014 онд Монгол улсын үндэсний шигшээ багт албан ёсоор нэр дэвшиж ороогүй байсан тул хариуцсан эмчийн хяналтанд ороогүй  байсан / 2 дугаар хавтас 89 / нь түүнийг гэмтэлгүй байсан эсэхийг нотлох баримт болж чадахгүй  байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мийн гэм буруут үйлдлийн улмаас хохирогч О.Жавзмаагийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн гайморийн хөндийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн 3-р шүдний хугарал, дээд, доод үүдэн 2-р шүдний эмтрэл гэмтэл учирсан. Эдгээр гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсний дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүхээс шүүгдэгч Б.Мийг догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

            Шүүгдэгч Б.Мийн гэм буруут үйлдлийн улмаас хохирогч О.Жавзмаагийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн гайморийн хөндийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн 3-р шүдний хугарал, дээд, доод үүдэн 2-р шүдний эмтрэл гэмтэл учирсан. Дээрх гэмтлүүдийг эмчлүүлэх зардалд шүүгдэгч Б.М нь 19.100.000 төгрөг төлсөн байх тул эмчилгээний зардлыг бүрэн төлсөн гэж үзэж, үлдэх 26.000.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Мийн үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны  08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөлд хамрагдаж байх тул түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, түүний хувийн байдлыг харгалзан үлдэх ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч О.Жавзмаагийн цагаан цамц шүүхэд ирээгүйг дурьдаж, шүүгдэгч Б.Мийн эзэмшлийн 04-05 УНЯ улсын дугаартай Тоёота Ланд Крузер маркийн авто машины захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоол болон Б.Мид тавьсан хилийн хоригийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298, 301 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Баасанжавын Мийг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар  3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Б.Мид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Мийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч О.Жавзмаагийн цагаан цамц шүүхэд ирээгүйг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар О.Жавмаагийн нэхэмжлэлээс 26.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.М нь төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Мийн цагдан хоригдсон 47 Хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Б.Мид оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

8. Б.Мийн эзэмшлийн 04-05 УНЯ улсын дугаартай Тоёота Ланд Крузер маркийн авто машины захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоол болон Б.Мид тавьсан хилийн хоригийг тус тус хүчингүй болгосугай. 

 

9. Б.Мид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ОЮУНЧИМЭГ