| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2018/0062/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/65 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч овогт ын Шүүгдэгч овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******т холбогдох 1823000680067 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл-2 эхнэрийн хамт Завхан аймгийн багийн -р байрны тоотод оршин суух хаягтай, урьд нь Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн ******* / Регистрийн дугаар:*******/
Шүүгдэгч Ц.******* нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны орой 21-н цагийн үед согтуугаар автомашин жолоодож яваад урдаа явж байсан мотоциклийг мөргөж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан согтуугаар тээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч овогт *******ийн ******* нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг толгойн хясааны доод замд С.*******ын эзэмшлийн ЗАН улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа урд явж байгаа тээврийн хэрэгслээс зай барьж, хурдаа тохируулж яваагүйгээс урдаа явсан мотоциклийн араас мөргөж зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.*******ийн “...2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 21 цагийн үед ... би мотоциклоо унаад араараа *******г суулгаад явсан юм.....тойрог өнгөрөөд хясааны хажууд явж байтал хойноос нэг машин ирээд мөргөсөн....” гэсэн мэдүүлгээр, хохирогч М.*******гийн “...2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр бүрэнхий болж байхад ... *******ийн унаж явсан мотоциклийн араар нь суугаад бааз руу тойрог өнгөрөөд явж байхад хойноос гэрэл тусах шиг болоод ... ******* бид хоёрыг машин мөргөсөн байсан...”гэсэн мэдүүлгээр, Ц.*******тээ хамт явж байсан хэргийн үйл баримтыг харсан талаараа шууд гэрчилсэн гэрч Р.*******ын “... ******* би энэ автомашиныг барьж чадна гээд г жолоон дээрээс нь татаж буулгаад гийн машиныг бариад баазруу явж байх замдаа бааз өгсдөг автобусны буудлын тэнд нэг мотоциклтой хүний хажуугаар гараад тэгээд дахиад урд нь мотоцикл байна шүү гэж хэлж байтал урдаас нэг хурц гэрэлтэй машин зөрсөн юм гэтэл буруу талруугаа дараад салхины шил рүү нь ус үсрээд юм харагдахаа байгаад урд тар тар гэх чимээ гараад буугаад ирсэн мотоциклтой 2 хүнийг дайрсан байсан. ... Автомашины миллийг хараагүй, хурдтай явж байсан. Осол жолооч согтуу машин барьснаас урд чинь мотоциклтой хүн явж байна шүү гэж хэлэхэд анхаарлаа хандуулж чадаагүйгээс болсон” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.ын “...******* .. би жолоодъё гээд г татаж буулгаад суусан ..... Тэгээд бааз руу явж байхад жижиг тойрог өнгөрөөд нэг мотоцикл гүйцэж түрүүлээд хясааны хажуугийн замруу орж байтал урдаас хурц гэрэлтэй машин зөрөхөд ******* баруун тийшээ дараад борооны ус салхины шилрүү цацагдах үед түс тас гээд юм мөргөөд явчихсан. Тэгээд буугаад ирэхэд мотоциклтой явж байсан 2 хүнийг мөргөсөн байсан. ...” гэсэн мэдүүлгээр болон осол болох үед замын зорчих хэсгийн нөгөө талаар явж байсан зам тээврийн ослыг харсан талаараа мэдүүлсэн гэрч Г.*******ий “...2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр би орой харанхуй болсон байхад баазаас төврүү уруудаад явж байтал мотоциклтой 2 хүн төвийн тойрог тойроод урдаас ирж явсан чинь араас нь маш хурдтай гэсэн дугаартай машин гарч ирээд мотоциклтой явж байсан 2 хүний араас мөргөөд 2 хүн нь газар унаж үлдээд мотоциклыг нь машиныхаа урд хийгээд түрж нилээн яваад зогссон. ...Машин их хурдтай гарч ирсэн, мотоцикл зөөлөн явж байсан” гэсэн мэдүүлгээр, Н.*******, Р., С.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Ц.******* нь осол гарах үед согтуугаар автомашин жолоодсон нь осол болсны дараа Ц.*******ийн зөвшөөрлөөр түүний цуснаас дээж авсан тэмдэглэл, шүүгдэгчийн цусанд согтууруулах ундаа илэрснийг нотолсон Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 201840046 дугаартай “...2. Шинжилгээнд ирүүлсэн Ц.*******ийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр 2.7 промиль спирт илэрлээ. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Зам тээврийн ослын улмаас хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 201820121 дугаартай шинжээчийн ““...1. Иргэн М.*******гийн биед L4-L5-р нугаламын дискний бүтцийн өөрчлөлт, цүлхийлт, тархи доргилт, толгойн ар дагзны хэсэгт шарх хавдар, зүүн шанаа хацрын хэсэгт, багана нурууны зүүн талд ууцны хэсэгт, баруун өвдөгний үений гадна хэсэгт, зүүн шилбэний урд дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр, хохирогч Э.*******ийн эрүүл мэндэд хүнд зэргийн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6322 дугаартай шинжээчийн “...Д.*******ийн биед дагзны суурь хэсэг дагзны том нүхнээс дээш дагзны төвгөр рүү чиглэсэн шугаман хугарал, хугарал орчмын хатуу хальсан дээрх цусан хураа, дагз хэсгийн хуйханд мэс заслын шарх, зулгаралт, хүзүүний шилний холбоосны урагдал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зүүн даланд зулгаралт, зүүн сарвууны 3-р үенд зулгарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Ц.*******ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг мөн тус хуульд түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсгийн “а”- д заасан “жолоочид ... согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ... тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон заалтыг зөрчин согтуугаар автомашин жолоодож, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчин тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авч чадаагүй, түүнчлэн уг дүрмийн 8 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж урдаа явсан мотоциклоос зай барьж яваагүйн улмаас зам тээврийн осол гарсан байна. Ц.*******ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсгийн “а”, 9 дүгээр зүйлийн 1 дэх, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3- т заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч М.*******, Э.******* нарт учирсан хохирол болох эмчилгээний зардлыг, иргэний нэхэмжлэгч С.*******т учирсан эд хөрөнгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байна. Шүүх Ц.*******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хохирогч нарт эмчилгээний зардлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Хохирол нөхөн төлөгдсөн учир шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар Ц.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ц.******* нь оршин суух, газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.*******т мэдэгдсүгэй. 5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц.*******ийн 784926 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй: 7. Шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөнөөс 6500000 төгрөгний үнэлгээтэй Hyundai grace маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5/57 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 8. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирол төлбөрийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурьдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ