Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1085

 

 

 

 

 

 

 

 

           2021         10            29                                           2021/ШЦТ/1085 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Т.Төмөртулга,   

шүүгдэгч П.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Т овогт П-гийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 0153 41273 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт П-гийн З- нь Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Шүр” салон”-д үсчин ажилтай гэх, ам бүл-4, эцэг, эх, эгч нарын хамт иргэний бүртгэлээр хххх тоотод оршин суух бүртгэлтэй, хххх тоотод Пүрэвдоржийнд түр хугацаагаар байгаа гэх урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч П.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пирамид” төвийн гадаа хохирогч Э.А-тэй “хамт явсан хоёр эмэгтэйг дагуулж явах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, дагзны хуйх, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн шуунд шарх, цээж, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.З мэдүүлэг гаргахгүй гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 2108015341273 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:

 

1. Сонгиохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02:40:22 цагт “Пирамид төвийн гадаа согтуу хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

 

2. Хохирогч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

“...2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ...Зоригтбаатарын хамт архи ууж байтал Зоригтбаатар харихаар болсон. Цамбагарав орж түлхүүр авч харина гэж байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн Хар хорины хойно байдаг “West” бааранд орсон.  ...Танихгүй 2 залуу болон Зоригтбаатарын дүү гэх эмэгтэй, түүний найз эмэгтэй гээд дөрвүүлээ эсрэг талын ширээн дээр сууж байсан. Зоригтбаатар дүү дээрээ явах гээд очтол цагаан фудволктой залуу  Зоригтбаатартай муудалцаж эхэлсэн. Баарнаас Зоригтбаатар дүүтэйгээ болон найзынх нь хамт гараад явтал нөгөө танихгүй хоёр залуу араас дагаад баарнаас гарч ирсэн. Дагаад байсан залуугийн цагаан фудволктой З гэх залуу Зоригтбаатартай муудалцаж байгаад хавирч унагаагаад цохисон. Тэгээд бид нар зодолдож эхэлсэн. Зоригтбаатар З нар л хоорондоо зодолдоод байсан. Би Ширнэнбаярын хамт салгах гэж оролцсон. З нь Зоригтбаатартай зодолдож байгаад архины шил хагалаад над руу дайрахаар нь бэлхүүсээр нь тэврээд авсан. Тэр үед миний толгойг зүссэн. Газраас шил аваад над руу дайрсан. Зоригтбаатар бид хоёрыг ирээд тэр хоёр эмэгтэйг нь авч явах гээд байхаар нь бид хоёртой муудалцсан гэж бодож байна. З газраас шил авч газар цохиж хагалаад миний толгойн ар дагз хэсгээр зүссэнд би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

 

3. Гэрч Б.Ширнэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

“...2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр З болон 2 охины хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байх “West” бааранд 21 цагийн үед орсон. Бааранд Зын найз гэх эмэгтэй танихгүй хоёр залуутай уулзаад байсан. Тэгээд баарнаас гараад явтал З би зодуулчихлаа гээд ирсэн. Бид хоёр нөгөө хоёр охин руу очтол танихгүй хоёр залуугийн хамтаар зогсож байсан. ...Нэг ах нь намайг цохиод авсан. Тэгтэл З тэр ахын толгой руу нэг юмаар цохиод авсан, тэр ахын толгойноос цус гараад цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

 

4. Гэрч Ц.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:

“...2021 оны 7 дугаар сарын 09-ний 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын “West” баарнаас дүү Ундармааг авах гээд очсон. Тухайн бааранд 20-30 минут сууж байгаад дүү Ундармааг авч явах гэтэл хамт явсан залуучуудтай нь маргалдсан. Баар хаах болоод хаалгаар гараад явах гэтэл тэр хоёр залуу явуулахгүй, манай дүү болон Сэлэнгэчимэг нарыг авч явах гээд Анар-Эрдэнэ бид хоёртой муудалцаад байсан. Тухайн үед цагаан фудволктой залуу эхлээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь би нүүр рүү нь түлхсэн. Газарт унасан цагаан фудволктой залууг Ундармаа хорьж үлдээд, би үргэлжлүүлээд хамт явсан хөдөөний залуутай зодолдож эхлэхэд Сэлэнгэчимэг биднийг салгасан. Анар-Эрдэнэ, Ундармаа, бид дөрөв зам хөндлөн гарах гээд явж байтал дахиад араас ирсэн. Тэгэхэд нь цагдаа дуудсан. Цагдаа дуудаж байх хооронд Анар-Эрдэнийн толгойг зүссэн байсан. Тэр хоёр залуу Сэлэнгэчимэг, Ундармаа нарыг авч явах гэлээ гээд муудалцаад байх шиг байсан. Надад гэмтэл учраагүй. Анар-Эрдэнийн толгойг З зүссэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

 

Гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дахин өгсөн “... Намайг цагдаа дуудах гээд эргэх хооронд З архины шилээр Анар-Эрдэнийн толгойг зүсчихсэн байсан. Ширнэнбаяр гэх залуугийн хамтаар бид найзуудаа салгах гэж оролцсон болохоос зодоонд оролцоогүй. ...тухайн үед хажууд Ундармаа, Сэлэнгэчимэг нар байсан, өөр хүн байгаагүй. Би уг зодооныг Зыг унагааснаар эхлүүлсэн. З босож ирээд Анар-Эрдэнэтэй муудалцаж эхлээд Ширнэнбаяр бид хоёр салгах гэж л оролцсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

 

5. Гэрч Д.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:

2021 оны 7 дугаар сарын 9-ний 22-23 цагийн үед найз Сэлэнгэчимэг, Өнөрцэцэг, Баяраа, З нарын намт Сонгинохайрхан дүүргийн Хар хорины арын “West” нэртэй жижиг караоке пивний газарт миний төрсөн өдрийг тэмдэглэхээр орсон. 2-3 пиво уугаад нэг шил архи авч уугаад 2-3 цаг болсон байх. Тэндээс гарч гэртээ хүргүүлнэ гээд өөрийн хамаатны ах Зоригоо, Анар гэх хоёр хүнийг дуудсан. Тэр хоёр ирээд бид нарын сууж байсан пивоны газар хэсэг суусан. Анар, Зоригоо хоёр ирэхдээ халамцуу ирсэн. Мөн тэр хоёр бас нэг шил архи авсан. Би нөгөө хоёр ахтайгаа хамт суусан. Явах болсон чинь Сэлэнгэчимэгийг Баяраа, З нар “чи хаяж явах гээд байгаа юм уу” гээд шалаад байсан. Зоригоо, Анар ах бид нар Сэлэнгэчимэгийг явъя гээд байж байтал З, Баяраа нар Зоригоо, Анар ах нартай маргасан. Тэгтэл Зоригоо ах Баяраа гэдэг залуугийн нүүрэнд нэг удаа цохисон юм. Тэгээд зодоон болж эхэлсэн. Анар, Зоригоо хоёр бас хэрэлдээд, хоорондоо хэд, хэд цохилцоод Сэлэнгэчимэг бид хоёр салгасан. Тэгээд замын нөгөө талд гараад явж байтал З гэдэг залуу бид дөрвийн араас ирснээ “та нар миний найзыг зодлоо” гэж хэлээд архины шилээр Анар гэдэг ахын толгой руу нэг удаа цохисон. Анар ахын толгойноос цус гарч эхэлсэн. Зоригоо ах цагдаа дуудсан байх. Удалгүй цагдаа ирэхэд З, Баяраа гэх хоёр залуу зугтаад явсан. Анар-Эрдэнэ ахтай цагаан өнгийн фудволктой З л маргалдаад зодолдоод байсан. Тэр зодооноос өөр хүн бэртэж гэмтээгүй байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

 

6. Гэрч Б.Сэлэнгэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:

2021 оны 7 дугаар сарын 9-ний 22-23 цагийн үед найз Ундармаа, Өнөрцэцэг, Баяраа, З нарын хамт нэг жижиг караоке пивний газар Ундармаагийн төрсөн өдрийг тэмдэглэхээр орсон. Хүний 2-3 пиво уугаад, нэг шил архи авч уугаад 2-3 цаг болсон байх. Гэртээ хүргүүлнэ гээд Ундармаа хамаатны ах Зоригоо, Анар нарыг дуудсан. Анар, Зоригоо ах нар халамцуу ирсэн. Тэр хоёр бааранд нэг шил архи бас авсан. Өнөрцэцэгийг найз залуу нь ирээд түүнийг аваад явсан. Зоригоо, Анар ах нар нь Ундармааг хүргэж өгөхөөр болоод би болохоор Өнөрөөгийн хоёр дүүтэй гэрт нь очихоор ярилцаад баарнаас бүгдээрээ гарсан. Гарсны дараа Зоригоо, Анар нар “чи танихгүй хоёр залуу дагаж явж яах гээд байгаа юм гээд дургүйлхсэн. Мөн Ундармаа ч хэлсэн. Өнөрөөгийн дүү З гэх залуу “чи намайг нэгдүгээр хорооллын атаман гэж мэдэх үү” гээд маргаж эхэлснээр Зоригоо ах Баяраа гэдэг залуугийн нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Зодоон болж эхэлсэн. З, Анар хоёр бас хоорондоо хэрэлдээд байсан. Ундармаа бид хоёр Зоригоо, Анар ах нарыг салгаад замын нөгөө талд гараад явж байтал З бид дөрвийн араас ирж “та нар миний найзыг зодлоо” гэж хэлээд Анар ахын толгой руу архины шилээр нэг удаа цохиж, толгойноос нь цус гарч эхэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

 

7.Шүүгдэгч П.Зын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн:

“...Зоригтбаатар намайг цохиж эхэлсэн. Тэгээд үргэлжлүүлээд би Анар-Эрдэнэтэй муудалцаж зодолдож эхэлсэн. Тухайн үед би Анар-Эрдэнийн толгойг архины шилээр цохисон. Тухайн үед надад ямар нэгэн гэмтэл учраагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

Яллагдагчаар 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өгсөн “...Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Надад санал хүсэлт байхгүй. Миний бие 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Э.А- нь бусдад зодуулсан гэх хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Э.А-ийн толгойн орой хэсэг рүү архины шилээр нэг удаа цохисон. Э.А-эс ямар нэгэн зүйл нэхэмжилбэл уг хохирол болон нэхэмжлэх зүйлийг төлөх болно. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6223 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зулайн хуйханд 1см урт нэг ширхэг, оёдол бүхий 2 ширхэг шархтай. Дагзны хуйханд 7х0.1см, 2.5х0.1см хоёр ширхэг, хүзүүний ар хэсэгт 5х0.1 см, 4х0.1см, цээжний дээд дунд хэсэгт 4х0.2 см ширхэг зах ирмэг тэгш хүрэн улаан өнгийн зулгаралттай, цээжний дунд хэсэгт 5х1 см, баруун шууны дотор дунд хэсэгт 7х5 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн шууны урд дунд хэсэгт 1.3х0.2 см зах ирмэг тэгш шархтай.

            Дүгнэлт:

1. Э.А-ийн биед зулайн хуйханд шарх, дагзны хуйх, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн шуунд шарх, цээж, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх “зулайн хуйханд шарх, дагзны хуйх, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн шуунд шарх” гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр,”цээж, баруун шуунд цус хуралт” гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэсэн  дүгнэлт /Шинжээч эмч Т.Чимэд-Очир/ (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

            9. Шүүгдэгч П.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), Цагдаагийн байгууллагын асап санд бүртгэгдсэн түүнтэй холбоотой зөрчлийн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), Хөвсгөл аймгийн Мөр сумын 9-р баг, 20 дугаар гудамжны 7 тоотод байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүгдэгч П.З нь 2021 оны 7 дугаар сарын 09-нөөс  10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Пирамид” төвийн гадаа  хохирогч Э.А-тэй маргалдаж, улмаар түүний толгой тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  Шүүгдэгч П.З нь гэм бурууд маргасан болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр тус тус гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Зын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч П.З нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02:40:22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пирамид” төвийн гадна хохирогч Э.А-тэй “хамт явсан хоёр эмэгтэйг дагуулж явах гэлээ, миний найзыг зодлоо” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар архины шилийг хагалж байгаад шилээр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, дагзны хуйх, хүзүү, цээжинд зулгаралт, зүүн шуунд шарх, цээж, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Сонгиохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02:40:22 цагт “Пирамид төвийн гадаа согтуу хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

-Хохирогч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зоригтбаатар З нар л хоорондоо зодолдоод байсан. З нь Зоригтбаатартай зодолдож байгаад архины шил хагалаад над руу дайрахаар нь бэлхүүсээр нь тэврээд авсан. Тэр үед миний толгойг зүссэн. Газраас шил аваад над руу дайрсан. Зоригтбаатар бид хоёрыг ирээд тэр хоёр эмэгтэйг нь авч явах гээд байхаар нь бид хоёртой муудалцсан гэж бодож байна. З газраас шил авч газар цохиж хагалаад миний толгойн ар дагз хэсгээр зүссэнд би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

-Гэрч Б.Ширнэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бааранд Зын найз гэх эмэгтэй танихгүй хоёр залуутай уулзаад байсан. ...баарнаас гараад явтал З би зодуулчихлаа гээд ирсэн. Бид хоёр нөгөө хоёр охин руу очтол танихгүй хоёр залуугийн хамтаар зогсож байсан. ...Нэг ах нь намайг цохиод авсан. Тэгтэл З тэр ахын толгой руу нэг юмаар цохиод авсан, тэр ахын толгойноос цус гараад цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

-Гэрч Ц.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Баар хаах болоод хаалгаар гараад явах гэтэл тэр хоёр залуу явуулахгүй, манай дүү болон Сэлэнгэчимэг нарыг авч явах гээд Анар-Эрдэнэ бид хоёртой муудалцсан. ...Анар-Эрдэнэ, Ундармаа, бид дөрөв зам хөндлөн гарах гээд явж байтал араас дахиад ирсэн. ...Цагдаа дуудаж байх хооронд Анар-Эрдэнийн толгойг зүссэн байсан. Тэр хоёр залуу Сэлэнгэчимэг, Ундармаа нарыг авч явах гэлээ гээд муудалцаад байх шиг байсан. Анар-Эрдэнийн толгойг З зүссэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас) болон түүний гэрчээр дахин өгсөн “...Намайг цагдаа дуудах гээд эргэх хооронд З нь архины шилээр Анар-Эрдэнийн толгойг зүсчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

-Гэрч Д.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...замын нөгөө талд гараад явж байтал З гэдэг залуу бид дөрвийн араас ирснээ “та нар миний найзыг зодлоо” гэж хэлээд архины шилээр Анар гэдэг ахын толгой руу нэг удаа цохисон. Анар ахын толгойноос цус гарч эхэлсэн. ...Анар-Эрдэнэ ахтай цагаан өнгийн фудволктой З л маргалдаад зодолдоод байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

-Гэрч Б.Сэлэнгэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ундармаа бид хоёр Зоригоо, Анар ах нарыг салгаад замын нөгөө талд гараад явж байтал З бид дөрвийн араас ирж “та нар миний найзыг зодлоо” гэж хэлээд Анар ахын толгой руу архины шилээр нэг удаа цохиж, толгойноос нь цус гарч эхэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

-Шүүгдэгч П.Зын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Миний бие тухайн үед Э.А-ийн толгойн орой хэсэг рүү архины шилээр нэг удаа цохисон. ...Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6223 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Харин шүүгдэгч П.Заас “би хохирогч Э.А-, гэрч Ц.Зоригбаатар нарт зодуулсан, тэд миний хөлийг хугалсан учраас зөвшөөрөхгүй байгаа” гэж маргах боловч хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтаар “Э.А-, Ц.Зоригтбаатар, П.З нарын хооронд маргаан үүссэн нөхцөл байдал нь тогтоогдож байгаа хэдий боловч хэргийн газар байсан гэрч Д.Ундармаа, Б.Сэлэнгэчимэг нарын мэдүүлгээр тухайн хэрэг үйл явдал болсон өдөр өөр хүнд гэмтэл учраагүй талаар мэдүүлсэн, мөн шүүгдэгч П.Зын “яллагдагчаар өгсөн” мэдүүлэгт “өөрөө гэмтсэн” эсэх асуудлаар мэдүүлэг өгөөгүй, түүний гэрчээр өгсөн мэдүүлэгт “тухайн үед надад ямар нэгэн гэмтэл учраагүй” гэж мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс өөрөө гэмтсэн гэж шалгуулах тухай санал, хүсэлтийг гаргаж байгаагүй байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч П.Зын “би өөрөө гэмтсэн учраас хохирогчийг зодсон” гэсэн агуулга бүхий мэдүүлгийн эх сурвалж тогтоогдохгүй байх ба хэрэгт цугларсан баримтаар Э.А-, Ц.Зоригтбаатар, П.З нарын хооронд болсон маргаан дуусаад улмаар тэднийг замын нөгөө талд явж байхад шүүгдэгч П.З араас нь дахин очиж “миний найзыг зодлоо” гэж хохирогчийн биед халдсан үйл баримт хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ба, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй шүүгдэгчийн үйлдэл нь гэмт үйлдэл юм.

Шүүгдэгч П.Зын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий байхад хохирогч Э.А-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Тиймээс шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж, шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж дүгнэв.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.Зыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

            Шүүгдэгч П.З нь хохирогч Э.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохиролтой холбоотой нотлох баримтыг хохирогч хэрэгт ирүүлээгүй, мөн хэргийн материалтай танилцсан хохирогчийн тэмдэглэлд /хх67/ “санал хүсэлт байхгүй” гэсэн  байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзэв.

            Хохирогч Э.А- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч П.З нь хохирогчид нөхөн төлсөн төлбөргүй, гэм хорыг арилгах арга хэмжээ аваагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж саад учруулсан хувийн байдалтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналтай байна." гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч П.З нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо мөнгөн торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч П.Зыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үүнд аюултай аргаар буюу архины шил хагалж, шилээр хохирогчид гэмт учруулсан харгис үйлдлийн шинж байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгаагүй зэргийг харгалзан түүнд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон /хх113/ 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг нь 288 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч П.Зын гаргасан “мөнгөн торгуулын ял оногдуулж” өгнө үү гэх санал дүгнэлтийг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь шүүгдэгч П.З нь “үсчин” ажилтай гэх боловч тогтмол цалин хөлстэй ажил эрхэлдэг талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, улмаар шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа тус өдрөөс хойшхи хугацаанд шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүйн улмаас шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож, эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан боловч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд мэдэгдсэн хаягтаа оршин суудаггүй, улмаар хаана байгаа нь тодорхойгүй шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэрээр шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахыг цагдаагийн байгууллагад даалгасан бөгөөд тус байгууллага нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгчийг олж шүүхэд ирүүлсэн. Иймд шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан хувийн байдалтай байна. Мөн цалин, хөлс орлогоо нотлоогүй нь түүнд торгох ялыг оногдуулах нь зохимжгүй бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзэв.

3. Бусад асуудлаар:

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт П-гийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зыг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 288 (хоёр зуун наян найман) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч П.З нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

6. Тус хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Э.А-д энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.А гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч П.Зт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА