Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 1046

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00749 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ыннэхэмжлэлтэй,

Хариуцагч Ю ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 4 173 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.  

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б  нь 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №НРТ13А63 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г Ю ХХК-тай байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “НАРРҮ ТОWN” орон сууцны ХД-73 дугаар байр, 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ийн үнэ 1 880 000 төгрөгөөр буюу нийт 106 483 200 төгрөгөөр худалдан авсан. Захиалагч Б.Б  нь орон сууц захиалгаар бариулах гэрээний 2 дугаар зүйл, 4.6 дахь хэсэгт заасан үүрэг болон Иргэний хуулийн 343-385 дугаар зүйлд заасан үндсэн үүрэг болох орон сууцны төлбөрийг хугацаанд нь 100 хувь гүйцэтгэгчид төлж барагдуулсан болно. Гэтэл гүйцэтгэгч болох Ю ХХК нь “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-ний 5 дугаар зүйлд заасан үүргээ ноцтой зөрчиж, захиалагчид гэрээ ёсоор тохирсон хэмжээ бүхий орон сууцыг шилжүүлэх үүргээ зөрчиж, байрны м.кв дутуу, зөрүүтэй орон сууц шилжүүлсэн байна. Учир нь нэхэмжлэгч нь байрны м.кв дутуу эсэхийг анх худалдан авахад нүдээр хараад мэдэх ямар ч боломжгүй байсан. Харамсалтай нь сүүлийн үед байрны оршин суугчдын дунд байрны м.кв дутуу, зөрүүтэй гэсэн мэдээлэл явагдаж байсан тул байрны талбай хэмждэг мэргэжпийн тусгай зөвшөөрөлтэй “Арккад” ХХК-иар хэмжүүлж үзтэл тус компаний дүгнэлтээр манай байрны м.кв дутуу, 54.42 м.кв болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Гэтэл бидний хийсэн гэрээнд заасан талбай бүхий байрыг худалдсан боловч мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр м.кв хэмжээ ийнхүү дутуу байгаа нь дээрх заалтыг илт зөрчиж, гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ бүхий орон сууц биш, эд хөрөнгийн доголдолтой хөрөнгө шилжүүлж нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнд маш их гомдолтой байна. Гүйцэтгэгч Ю ХХК нь Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авагчид эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй байтал гэрээний зүйл болох орон сууцны м.кв-ыг дутуу хүлээлгэн өгсөн нь орон сууцын талбайн хэмжилт хийх албан ёсны тусгай зөвшөөрөлтэй компаниудын хэмжилт, дүгнэлтээр тогтоогдож байх тул биет байдлын доголдолтой хөрөнгийг захиалагчид шилжүүлсэн байна. Иймд 2.22 м.кв-ын илүү төлөлтийн төлбөр 4 173 600 төгрөгийг Ю ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ю ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “HAPPY TOWN” хотхонд байрлах 71, 72, 73 тоот барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг “Өндөр буянт” ХХК болон “Алъянстехник” ХХК, “Хай кик” ХХК, “Сигма-Отис” ХХК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Бид боруулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авсанаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон байгаа. Бид хөндлөнгийн компанийн талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар Ю ХХК-иас 4 173 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю ХХК-иас 81 728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: “...Иргэний хуулийн 255 дугаар зүйлд 255.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсанаар шаардлага гаргах эрхээ алдсан. Өөрөөр хэлбэл орон сууцны талбайн хэмжээ дутуу гэх доголдол нь ашиглалтын явцад бий болдоггүй төдийгүй тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үед байсан доголдол бөгөөд үүнийг нэхэмжпэгч мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авч, хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан цаг хугацааг нэхэмжлэгчид тухайн худалдан авсан орон сууцыг хүлээлгэн өгсөн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэж ойлгоно. Уг орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгснөөр захиран зарцуулах эрх нэхэмжлэгчид бүрэн шилжсэн. Үүнээс хойш шүүхэд нэхэмжпэл гаргах хүртэлх хугацаанд гомдлын шаардлага гаргах, доголдлыг илрүүлэх бүрэн боломжтой байсан юм. Мөн талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд талбайн хэмжээг тогтоохдоо ММS 6058:2009 стандартын дагуу хийгдсэн тооцно гэж заагаагүй бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт”-аас үзэхэд маргаан бүхий орон сууц нь батлагдсан зураг төслийн дагуу 2008 оны 05 дугаар сараас баригдаж эхлэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баригдаж дууссан байдаг. Энэ нь уг орон сууц батлагдсан зураг төслийн дагуу 2008 онд нэгэнт барьж эхэлсэн байсан тул барилгын ажил эхэлсний дараа батлагдаж, мөрдөгдсөн стандартыг хэрэглэх боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч Ю ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 4 173 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг орон сууцыг хүлээн авснаас хойш хуулийн хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй, барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-иас худалдан авсан, барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлтэй компаниудаар зураг төслийг хийж, гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон, барилгын ажил 2008 онд эхэлсэн байхад 2009 оны стандартыг барьж талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр №HPT13А63 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г байгуулж, гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах “Happy town” орон сууцны ХД-73 дугаар байрны 1 дүгээр орцны 44 тоот 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны үнэ /ажлын хөлс/ 106 483 200 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргийг харилцан хүлээсэн, захиалагч нь ажлын хөлсийг гэрээний хугацаанд бүрэн төлсөн, гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгч, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-ыг үйлдэн орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан, нэхэмжлэгч нь орон сууцаа 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах акт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх 5, 6-7, 40, 45-46, 49/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2013 оны 11 дүгээр сард байранд орж үзэхэд дотор тал буюу өрөө, хана зэрэг нь босчихсон, обой наахад бэлэн болсон байсан...” гэх, хариуцагчийн “...барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-иас худалдан авсан...” гэх зэрэг тайлбарыг харьцуулан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Нэхэмжлэгчийн захиалсан орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан 56.64 м.кв-аас дутуу буюу 54.42 м.кв болох нь хэрэгт авагдсан барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Арккад” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх 8-12/

 

Иймд нэхэмжлэгч тухайн орон сууцны үнэд төлсөн төлбөрөөс дутуу талбайд ногдох үнийн дүнг буцаан шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан агуулгад нийцжээ.

 

Шүүх худалдах, худалдан авах гэрээний доголдол болох орон сууцны талбайн зөрүүг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжээчийн дүгнэлтийг гэрээний 1.4 дэх заалтын “захиалсан орон сууцны нийт м.кв-ыг тооцохдоо хананаас хана хүртлэх хэмжээсээр тооцож гаргах бөгөөд гадна тагтны хэмжээг 0.5 хувиар тооцож сууцны нийт хэмжээнд оруулан тооцно” гэсэнтэй харьцуулан үнэлж, нийт 2.22 м.кв-аар дутуу гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хариуцагч Ю ХХК-иас дутуу талбайн үнэ 4 173 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00749 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН