Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00457

 

Г.Пын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 147/ШШ2019/00289 дүгээр шийдвэр,

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 222/МА2019/00016 дугаар магадлалтай,

Г.Пын нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох,

Бны нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Пын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн төлөөлөгч Д.Бямбажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Бны нийгмийн ажилтнаар 2019.04.15-ыг хүртэл ажиллаж, боловсролын байгууллагад тасралтгүй 24 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, дотуур байранд амьдарч буй сурагчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах, сурч, хөгжих орчныг бүрдүүлэх, хүүхдийн хөгжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх, хүмүүжил, төлөвшилтийн олон талын ажлуудыг зохион байгуулах, чиглүүлэх, дотуур байранд ажиллаж амьдарч буй хэн бүхний мөрдөж журам, дүрмийг боловсруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж ирсэн. Намайг Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцэж, ажлын байран дээр архи ууж ёс зүйн дүрмийг зөрчсөн гэсэн үндэслэлээр “Боловсол-Өргөө” нэгдсэн дотуур байрны захирлын Б/8 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн юм.

2019.04.13, 14-ний өдрүүд амралтын өдрүүд байсан ба 14-ний өглөө 7 цагт болдог гүйлтийн арга хэмжээнд пүүз байхгүйн улмаас оролцож чадаагүй. Гэтэл гүйлтэнд ирээгүй, ажлын цаг хоцорсон, арга хэмжээ авна гэж загнахаар нь  эсэргүүцэж маргалдсан. Тэр орой найзын төрсөн өдөр болж бид нийлээд, тэмдэглэсэн. Маргааш нь сурагчдын улирлын амралт дуусч хүүхдүүд байрандаа ирэх байсан учраас амралтын өдөр гэлтгүйгээр 4 сарын 14-нд ажилдаа очсон. Тэр үед надаас архи үнэртэж байсан нь үнэн. Захирал намайг архи уусан юм уу гэхэд би хэн уусан юм гэхэд цагдаа дуудаж багажаар шалгуулахад 1.3 хувьтай гэж гарсан. Би хүнтэй муудаагүй. Маргааш нь ажлаас халах тушаал гаргасан Би ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглээгүй болно. Би амралтын өдөр ажлын байранд архи үнэртүүлэн ирснээ хүлээж байгаа боловч, янз бүрийн хэвийн бус байдал гаргаагүйг харгалзан надад ажлаас халахаас өөр арга хэмжээ авах боломжтой байсан гэж үзэж байна.

Тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийг давхар хэрэглээгүй. Иймд Сүхбаатар аймгийн “Бны захирлын 2019.04.15-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Бямбажав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс “Бын захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. Ажлаа хүлээн аваад бүх багш, ажилчидтай уулзаж тэдний санал, бодлыг сонсож, хамтарч ажиллах талаар харилцан ярилцаж, өөрийн зүгээс ажлын цаг баримтлах, хариуцсан ажлаа цаг тухайд нь чанартай гүйцэтгэх, байгууллагын ажлын онцлог зэргийн талаар ярьж, өөрөө хяналт тавьж ажиллана гэж хэлсэн. Манай багш, ажилчид энэ журмаар ажиллаж байгаа. Манай байгууллага бол эцэг, эхээсээ хол амьдарч байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийн эрхийг хамгаалж, амьдрах, хүмүүжих, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр үүрэг хүлээсэн онцлогтой байгууллага юм.

Гэтэл нийгмийн ажилтан Г.П нь ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирэх, ажил, үүргийн онцлогоос шалтгаалан амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлсэн байхад ажилдаа ирэхгүй, 04 дүгээр сарын 13, 14-ний өдрийн ажлын цагийг таслах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэх зэрэг ёс зүйн зөрчил гаргасан. Захирлын зөвлөлийн хурал болон аппаратын цуглаан хийж түүний гаргасан зөрчлийг удаа, дараа авч хэлэлцэж, өөрт нь хэлж ярьдаг байсан. Ажилтан Г.П нь хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 258 дугаар тогтоол зэргийг удаа дараа зөрчсөн учир нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрээ үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэжээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 147/ШШ2019/00289 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Бийн сурагчдын Бны нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Г.Пын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 222/МА2019/00016 дугаар магадлалаар: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар аймаг дахь Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 222/МА2019/00016 тоот магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалын үндэслэх хэсэгт “Ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах үндаа хэрэглэхийг хориглохоос гадна ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн уедээ ирэхийг зөрчлийн шинж, үр дагавраар нь адилтгаж ойлгоно” гэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж гаргасан давж заалдах шатны 3 шүүгчийн бичсэн магадлал нь ийм ойлгомжгүй томьёололтой байх боловч дараах үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

  1. Сахилгын зөрчлийг шинж болон үр дагавраар нь адилтган ойлгож хариуцлага хүлээлгэж болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.
  2. Харин ч эсрэгээрээ сахилгын зөрчлийн шинж болон үр дагавараар нь адилтган ойлгож хариуцлага хүлээлгэж болохгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д 1) ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхыг, 2) хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг талууд тохирсон байхыг, 3) уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардаж, ажил олгогчийн ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах давуу эрхийг хязгаарласан байдаг юм.
  3. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тухайлан заах гэж юуг ойлгох талаар хуулийг нэг мөр дагаж мөрдөхөд зориулж Улсын дээд шүүхээс гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4.2-т “.. гэрээний талууд ... ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдолд бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарлажээ.
  4. Тэгвэл тохиолдол бүр гэдэг нь аль нэг зөрчлийг адилтгах боломжгүй тусгайлан нэг бүрчлэн заасан байхыг ойлгохоор байна.

Гэтэл миний өглөө ажилдаа архи үнэртүүлж ирсэн гэх уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчил гэж нэрлэн заагаагүй, би ажлын байран дээр архи уугаагүй, ажлын цагаар архи уугаагүй.

Магадлалын үндэслэх хэсэгт “ажилтан Г.П согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, ажлын цаг баримталдаггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэсэн үйлдлүүдийг хориглосноороо төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх, байгууллагын эрх ашиг, нэр хүнд, хэвийн ажиллагаа хамгаалагддаг. ...” гэжээ.

Тэгвэл уг үйлдлүүд нь сахилгын зөрчил мөн үү, мөн бол шалган тогтоосон эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй хирнээ Пүрэвжав гэж хүн ганцаараа тухайн байгууллагад ажилладаг мэт, түүний үйлдлүүд нь зөвхөн тухайн байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулдаг мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Хариуцагчийн өмнөөс тайлбар хийж байгаа агуулгаар бичиж байгаа нь Шүүх хараат бус байж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Магадлалын үндэслэх хэсэгт “...2019 оны 3 сарын 7-8 шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, 6 сарын дотор буюу хөөн хэлэлцэх хугацааны дотор дахин 4 сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил давтан гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 өдөр ажил тасалсан,...нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.1-11.3, Хөдөлмөрийн гэрээний 5.3.1, 5.3.3, 5.3.4, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7, Архидан согтуурахтай тэмцэх хуулийн 7.1,14, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-тэй нийцэж байна” гэжээ.

Ажлаас халсан тушаал нь захиргааны акт болохын хувьд үндэслэсэн хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ. Гэтэл магадлалын үндэслэх хэсэгт заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр бол “2019 оны 3 сарын 7-8 шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн” гэсэн зөрчил шалган тогтоогдсон байх учиртай. Гэтэл энэхүү зөрчлийг шалган тогтоосон бичгийн нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Аль нэг гэрчийн өөр нотлох баримтаар давхар нотлогдоогүй мэдүүлгээр уг зөрчлийг гарсан гэж үзэн шалган тогтоогдсон мэтээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Шүүх ажил олгогчийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэл нь ажлаас халсан үндэслэлтэй тохирч байгаа эсэхийг хянан хэлэлцэхээсээ илүү нэхэмжлэгчийг ажлын байран дээр архи уусан болгож хариуцагчийн байр суурьнаас нотлохыг чармайн, ажлаас халсан тушаал болон хариуцагчийн тайлбарт дурдагдаагүй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг хүртэл хөдөлмөрийн харилцааны маргаанд оруулж ирж магадлалыг үндэслэж байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа юм.

Мөн нотлох баримтын шаардлага хангаагүй жижүүрийн офицер дэслэгч З.Баясгалангийн илтгэх хуудас гэх баримт болон өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж хэт нэг талыг барьсан магадлалыг гаргаж нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой үнэлсэнгүй.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.П нь Банд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Г.П шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй. ... миний өглөө ажилдаа архи үнэртүүлж ирсэн гэх зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан, нэрлэн заагаагүй, би ажлын байранд, ажлын цагаар архи уугаагүй ...байхад шүүх хараат бус байж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй... гэх үндэслэл зааж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Г.Пыг Бны нийгмийн ажилтнаар ажиллаж байхад  нь Захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 тушаалаар “...Г.П нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцэж,  ажлын байран дээр архи ууж ирж ёс зүйн алдаа гаргасан...” гэх үндэслэлээр  Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаартай “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” тогтоолын 1.7., Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3., хөдөлмөрийн гэрээний 5.3.1., 5.3.3. дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай тогтоолын 1.7.-д “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох;” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-д “ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.1.3.-т “ажлаас халах” гэж зохицуулсан, ажил олгогчоос ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3.1.-д “байгууллагын нэр хүндэд муугаар нөлөөлөх зүй бус үйлдэл гаргах, ажилтан ёс зүйн хэм хэмжээг гажуудуулах, захиргаанаас хүлээлгэсэн итгэл, боломжийг хувийн ашиг сонирхолд ашиглах”, 5.3.3.-т “ажлын байранд болон ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь нотлогдсон” ...бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцжээ.

Г.П Бны нийгмийн ажилтан албан тушаалд ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагт, ажлын байранд 1.3 хувийн согтолттой байсан нь дуудлагаар ирсэн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч офицер д/ч З.Баясгалангийн илтгэх хуудас, согтууруулах ундаа, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдсон байна.

Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/138, А/131 тоот тушаалаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5.-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийг ёс зүйн дүрмийг зөрчиж, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн “...миний өглөө ажилдаа архи үнэртүүлж ирсэн гэх зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчил гэж нэрлэн заагаагүй, би ажлын байран дээр, ажлын цагаар архи уугаагүй... байхад ажил олгогч үндэслэлгүй хариуцлага тооцсоныг шүүх хуульд нийцүүлэн, хараат бусаар шийдвэрлээгүй...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Ажил олгогч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө ажилтныг ажлын байранд ажлын цагаар удаа дараа архи уусан нь тогтоогдсон гэж тайлбарласан ба удаа дараа дээрх зөрчлийг гаргасан нь ажлаас халсан тогтоолын үндэслэлд тусгагдаагүй боловч давж заалдах шатны шүүх хариуцагчийн тайлбарт үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлсэн гэж үзэх тул хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Шүүх талуудын хоорондох хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 147/ШШ2019/00289 дүгээр шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 222/МА2019/00016 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Г.Пын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД