Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 776 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор А.Ганзоригийн бичсэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр Ц.Од холбогдох 1806029760843 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Довжоо-Ориг овгийн Ц-н О, 1989 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, охин нарын хамт Булган аймгийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../;

Ц.О нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вашингтон” нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан иргэн Б.Өгийн виза картнаас 2.400.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Довжоо-Ориг овгийн Ц-н Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутайд тооцож,

 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ц.Од хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.О нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 776 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнссэнээс өмнө буюу 2018 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Буджаргалыг “Королла” загварын автомашинд байхад нь түүний эзэмшлийн “Хаан” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 3.718.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинээр илэрсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” гэх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 776 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 776 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Ог “2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вашингтон” нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан иргэн Б.Өгийн виза картнаас 2.400.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Гэтэл тэрээр урьд нь 2018 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Буджаргалыг “Королла” загварын автомашинд байхад нь түүний “Хаан” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 3.718.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон нь дээрх шүүхийн тогтоол гарсны дараа мэдэгдсэн байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

 

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас өөр ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдалд” хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 776 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Ц.Од холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Ц.О нь 1808014261486 дугаартай эрүүгийн хэрэгт, хязгаарлалт тогтоож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 776 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Ц.Од холбогдох эрүүгийн 1806029760843 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Ц.О нь 1808014261486 дугаартай эрүүгийн хэрэгт, хязгаарлалт тогтоож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ