Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0577

 

2015 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/1577

Улаанбаатар хот

 

 

Г.Ггийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг, гуравдагч этгээд У.Шын эрх залгамжлагч Ш.Цэвэлмаа нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Ггийн нэхэмжлэлтэй, Даланжаргалан сумын Өнгөт багийн иргэдийн Нийтийн Хурал тус сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Санал дэмжих тухай 05 дугаар тогтоолыг бүхэлд нь, мөн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоол болон тус сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Ш.Э холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн эзэмшиж буй өвөлжөө, хаваржааны доорхи газрыг өөрт нь эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч сумын Засаг даргад даалгаж өгнө үү.

Манайх 4 жилийн өмнө иргэн У.Шаас 1.2 сая төгрөгөөр малын хороог нь худалдаж авсан. Миний бие 2013 оны 09 сарын 23-ны өдөр сумын газрын даамалд газар эзэмших тухай өргөдлөө албан ёсоор өгөхөд уг газрыг хэн нэгэн эзэмшээгүй байна гэж хэлсэн. Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурал 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж манай худалдаж авсан хорооны газрыг иргэн У.Шт эзэмшүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. Учир нь манайх 6 жил орчим уг газрын төлбөрийг төлж байгаа бөгөөд гэрчилгээ гарахыг нь хүлээж байсан юм. У.Шынх манайхаас хойш буюу 2014 оны 08 сард өргөдөл өгсөн байсан. Түүний өргөдөл өгөх болсон шалтгаан нь манайхаас наймаагаа буцаах хүсэлт тавьсныг нь бид хүлээн зөвшөөрөөгүй юм.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын 8 тоот тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолын Ш.Э холбогдох хэсгийг мөн хүчингүй болгуулахыг хүсч байна. Эдгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах гол үндэслэл нь хуульд заасан шаардлага хангаагүй байна. Багийн иргэд газар эзэмших асуудлыг шийдвэрлэн хэлэлцэх эрх байхгүй. Ш.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Энэхүү захирамжийг хүчингүй болгуулах үндэслэл нь Ш.Эын эзэмшихийг хүссэн газар нь Г.Гд зарсан хорооны газар юм уу? эсвэл өөр газар юм уу? хэзээ өргөдөл өгсөн зэрэг нь тодорхойгүй өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 32.1-т заасан шаардлагыг хангаагүй өргөдөл байна гэж үзсэн. Мөн уг газрын талаар шүүх дээр маргаан үүсгээд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад захирамж гарган Ш.Эт эзэмшүүлсэн нь үндэслэлгүй юм. гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа:Г.Г нь 2014 оны 01 дүгээр сард Баруун эргэн шанд бууцыг эзэмших хүсэлтээ өгсөн ба уг хүсэлтийгаймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 01 дүгээр тогтоолын дагуу тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар хоёр удаа оруулж хэлэлцүүлсэн боловч дэмжигдээгүй. Улмаар мөн багийн иргэн У.Ш 2014 оны 10 дугаар сард Жаргалан зуслангийн дэргэдэх бууцыг эзэмших хүсэлт өгснийг нь багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж дэмжсэн тогтоол гарсан. Г.Г нь энэ тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтээ шүүхэд гаргаж, судлагдаж байх явцад У.Ш нь нас барсан ба түүний хүү болох Ш.Э Жаргалан зуслангийн дэргэдэх Шивээ хэмээх бууцыг эзэмших хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг мөн багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж дэмжигдэн 2015 оны 08 дугаар тогтоол гарсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалт, аймгийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурлын 2012 оны 01 дүгээр тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 13/04 тогтоолоор батлагдсан Сумын газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөө зэргийг үндэслэн Ш.Эт Шивээ-гийн бууцыг эзэмшүүлэхээр А/100 дугаар захирамжийг гаргасан. Иймд энэхүү захирамж нь эрх зүйн бүрэн үндэслэлтэй. гэжээ.

Гуравдагч этгээд У.Ш болон түүний эрх залгамжлагчийн шүүхэд гаргасан тайлбартаа:Малынхаа хороог Г.Гд 2012 онд, 1.200.000 төгрөгөөр зарсан бөгөөд ингэхдээ газраа огт зараагүй зөвхөн хороогоо л зарсан юм. Ингээд би 2015 оны 3 дугаар сард багийн Нийтийн Хуралд газраа өөрөө эзэмших талаар хүсэлт гаргасан. Даланжаргалан сумын Өнгөт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор тус багийн нутаг дэвсгэр дээрх Жаргалан дэргэдэх зуслангийн өвөлжөө, хаваржааны газрыг надад эзэмшүүлэх саналыг дэмжсэн шийдвэрийг гаргасан тул уг газрыг хуулийн дагуу би эзэмших ёстой. Иймээс багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хэвээр үлдээж, миний эрх, ашгийг хохироолгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Э түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Гд зөвхөн хороогоо 1,2 сая төгрөгөөр зарсан. Тухайн үедээ хорооныхоо доорх газрыг эзэмшээгүй байсан. Гэтэл эднийх газрыг нь авна гээд байгаа нь буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь тус багийн нутаг дэвсгэрт өөр газар авсан байдаг, тэр газар дээрээ хороогоо бариад амьдарч болно. Манай байгаа газар Жаргалан зуслангийн аж ахуйн хашааны газар гэж явдаг байсан. Аав ажилласнаас хойш энд суурьшин, тохижуулж ирсэн. Г.Гд худалдсан хорооны баруун талд байгаа жижиг саравчтай хороо болон манай гэрийн хашаа бол Жаргалан зуслангийн үндсэн хөрөнгөнд ордог. Хүүхдийн ордны даргад энэ тухайгаа хэлэхэд газрын даамалтай яриадшийдээрэй, манай газар биш, эзэмшээгүй байгаа. Одоо чи энд амьдарч, ажиллаж байгаагийн хувьд энэ газраа ав гэж байсан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 7 сарын 06-ны өдөр нэхэмжлэлээ нэмэгдүүлж гаргасан байгаа. Энэ шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-10-р зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлэгдэх ёстой маргаан байсан байна. Үүний хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гомдол гаргаж, гарсан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах ёстой. Сумын Засаг даргын А/100 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь мөн үндэслэлгүй юм.Газрын тухай хуулийн 60.1.1-д заасны дагуу захиргааны хэргийн харьяалан шийдэх асуудал биш, мөн хуулийн 20.2.7-т дээд шатны Засаг дарга, доод шатны Засаг даргын гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэх байжээ.

Мөн оны 10 сарын 06-нд гаргасан газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлага байна. Энэ нь мөн хууль бус юм. Яагаад гэвэл дээрх маргаанууд нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.Өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлэгдэх журмыг биелүүлээгүй байна.

Г.Ггийн 2 хүсэлт нэг нь эх, нөгөө нь хуулбар хувь байсан. Г.Г нь өргөдлийн маягтын 1-9 хүртэлхийг бөглөн, бусдыг нь орхисон байсан. Орхигдсон хэсэгт газрын хэмжээ, байршил эзэмших зориулалт, огноо, гарын үсэг зэрэг нь байхгүй байна. гэжээ.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайхуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолыг бүхэлд нь тус Хурлын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Ш.Э холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ггийн хүсэлтийг, гуравдагч этгээдийн газар эзэмших эрх болон тухайн газрын байрлалыг харгалзан холбогдох хуульд нийцүүлэн хот айлаар дундаа хамтран эзэмшүүлэх замаар шийдвэрлэхийг хариуцагч Даланжаргалан сумын Засаг даргад даалгаж нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Эр давж заалдах гомдолдоо: Ш.Эын газар эзэмших эрх хөндөгдөж байгаа тул Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар шийдвэрийн "үндэслэх" хэсгийг бүхэлд нь: "тогтоох" хэсгийн 1, 2, 3 дугаар заалтуудыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40-р зүйлийн 40.3-д Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, мэдээ сэлтийг гаргуулан авахын тулд шүүх, прокурор, хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллага, бусад байгууллага, түүний холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй, 40.4-д Энэ хуулийн 40.3-т заасны дагуу хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох байгууллага, албантушаалтан өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй.

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 01 дүгээр тогтоолоор /хх-ийн 98-р хуудас/ батлагдсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахад баримтлах журам"-ын2.3.5-д Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших тохиолдолд, 2.3.5.1-д Иргэний үнэмлэхний хуулбар,2.3.5.2-т Эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, байршил: зааг, хэмжээ зэргийгтусгасан нэгж талбарын тойм зураг 2.3.5.3-д Хамтран эзэмшигч, ашиглагчдын иргэний үнэмлэхний хуулбар2.3.5.4-д Багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэр гэж тус тус заажээ.

Тус аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05, 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолууд дээрх журамд зааснаар гарсан.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.2-т Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана, 32.2.1-довог, нэр, байнга оршин суугаа хаяг иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 32.2.2-т эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.2.3-д газар эзэмших зориулалт, хугацаа, 32.4-д Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө, 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал,аймаг, нийслэл,дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна гэж зохицуулсан.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсанГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-д заасан баримт бичгүүдийн бүрдэл хангагдаагүй, иргэн Г.Г нь газар эзэмших, ашиглахыг хүссэн хэвлэмэл хуудас бүхий өргөдөл /хх-ийн 25-р хуудас /-ийн 1-9 дэххэсгийг бөглөсөн, үүнээс хойшхи хэсгийг ялангуяа зориулалт, эзэмших, ашиглах алин болох, талбайн хэмжээ, эзэмших, ашиглах хугацаа хэсгийг огт бөглөөгүй, өргөдөл гаргасан огноо бичигдээгүй, өргөдлийг хүлээн авсан тухай тэмдэглэл хэсгийг бичилгүйгээр сумын газрын даамал иргэн Г.Ггийн өргөдлийг бүртгэжээ.

Энэ нь сумын газрын даамал газрын тухай хуулийн 32.5-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй, Газрын харилцаа, геодези: зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 4.2, 4.3-т заасан ажиллагааг хийгээгүй хариуцлага алдсан учраас,гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолуудад шийдвэрлэж байгаа асуудлыг зохицуулсан хуулийн зүйл, заалтыг "үндэслэх" хэсэгт баримтлаагүй ч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.7 дахь "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэгт хамаарахгүй, Монгол улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Газрын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийг Даланжаргалан сумын Өнгөт багийн Иргэдийн Нийтийн хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолыг бүхэлд нь, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 тоот тогтоолын Ш.Эт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан, харин дээрх 05, 08 тоот тогтоолуудын үндэслэлээр нэхэмжлэгч маргаагүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр сумын Засаг даргын захирамж /А/80, А/100/ гарч маргаан бүхий газрыг Ш.Эт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх тул захирамжийн Ш.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах"-аар ихэсгэсэн өргөдлийг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх байсан.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж,байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга,60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.

20 дугаар зүйлийн 20.2.7-д газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах гэж тус тус заасан.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийн "... эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ" гэдэг нь аймгийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж ойлгогдож байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн өргөдөл захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлээгүй, энэ журмыг хэрэглэх боломжтой байсан тул шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

Сумын засаг дарга, иргэн хоёрын хооронд газартай холбогдон үүссэн /газрын тухай хуулийн 60 дугаарзүйлийн 60.1.1/ маргаан учраас Газрын тухай хуулийн 60.2-т зааснаар нэхэмжлэгч шаардлагын хэмжээг ихэсгэсэн сумын Засаг даргын захирамжийн гуравдагч этгээд Ш.Эт холбогдох хэсгийг хүчингүйболгуулах тухай өргөдлийг аймгийн Засаг даргад гаргаж шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх, 34 дүгээр зүйлийн 34.1.3 дахь заалтууд зөрчигдсөн гэж үзэж мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэнэ үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга, хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэснээс гуравдагч этгээдийн эрх хөндөгдөж байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Г нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Ш.Эт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн эзэмшиж буй өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ тодруулахдаа ...худалдаж авсан хорооны хэмжээгээр газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах... гэж тодруулжээ.

Иргэн У.Ш нь 1998 оноос хойш маргаж буй газар буюу тус сумын Өнгөт багийн Шивээ толгой гэх газарт Жаргалан хүүхдийн зуслангийн сахиул хийж, малын хороо барьж мал маллаж амьдарч байгаад 2012 онд уг хороогоо Г.Гд 1 200 000 төгрөгөөр худалдсанаар Г.Ггийнхтай уг газарт амьдарч байгаад нас барсан, одоо түүний хүү Ш.Э мөн л Жаргалан зуслангийн сахиулаар ажиллаж уг газарт амьдарсаар байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Даланжаргалан сумын Өнгөт багийн иргэдийн Нийтийн Хурлыг өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл илт хууль бус захиргааны акт гэж дүгнэж, 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолын Ш.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ.

Мөн анхан шатны шүүх Г.Ггийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болох талаар болон Засаг даргын А/100 дугаар захирамжаар Ш.Эт газар эзэмшүүлэхдээ газар дээр нь очиж хээрийн судалгаа хийлгүйгээр Г.Ггийн худалдан авч ашиглаж байгаа хорооны доорх газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь хууль бус талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Харин нэхэмжлэгч Г.Г нь худалдаж авсан хорооныхоо доорх газрыг эзэмших хүсэлт гаргасан, гуравдагч этгээд У.Шсүрэн болон түүний хүү Ш.Э нар тухайн газарт 1998 оноос хойш ажиллаж амьдарч байгаа байдлыг харгалзан үзэлгүй, Г.Ггийн нэхэмжлэлээр Ш.Эт 0,5 га газар эзэмшүүлсэн Даланжаргалан сумын Засаг даргын 2015 оны А/100 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Ш.Эын эрхийг хөндсөн, мөн нэхэмжлэлийн ... Өнгөт багийн иргэдийн нийтийн хурал, Даланжаргалан сумын Засаг дарга нарт Г.Гд одоо нутаглаж байгаа өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэсэн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хот айлаар дундаа хамтран эзэмшүүлэх замаар шийдвэрлэх-ийг даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн хүрээнээс хэтрүүлснээс гадна Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, сумын Засаг дарга иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг хязгаарласан шийдвэр болжээ.

Учир нь Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасан нь хариуцагчид эрх олгосон заалт биш харин иргэдэд боломж олгосон, өөрөөр хэлбэл иргэд хоорондоо тохиролцож өвөлжөө, хаваржааны газрыг хот айлаар дундаа хамтран эзэмших хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрхийг олгосон заалт бөгөөд нэхэмжлэгч Г.Г нь уг өвөлжөө буюу хорооны доорх газрыг Ш.Этай дундаа хамтран эзэмших талаар нэхэмжлэл гаргаагүй байна.

Мөн сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан газар эзэмших хүсэлтийг мөн хуульд заасан журмын дагуу нягтлан шалгаж, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, тухайн бүс нутгийн онцлог, газрыг зөв зохистой ашиглах, бусдын эрх зөрчигдөх эсэх зэрэг тодорхой нөхцөл байдлуудад нийцүүлэн шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд захиргааны хэргийн шүүхээс эдгээр нөхцөл байдлыг тодруулахгүйгээр газар эзэмшүүлэх арга замыг сумын Засаг даргад даалгах нь тохиромжгүй юм.

Иймд хариуцагч сумын Засаг дарга нь Ш.Эт газар эзэмшүүлэхдээ дээрх нөхцөл байдлуудыг тодруулалгүй, зөвхөн Өнгөт багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрт үндэслэн шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д зааснаар А/100 дугаар захирамжийн Ш.Эт холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг тодруулан дахин шинэ акт гартал түдгэлзүүлж, нэхэмжлэгч Г.Ггийн газар эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс сумын Засаг дарга болон багийн нийтийн Хуралд өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 32 дугаар зүйлийн 32.5, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.7-д заасныг баримтлан Г.Ггийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолын Ш.Эт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгон, Г.Ггийн газар эзэмших хүсэлтийг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад даалгаж, мөн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Ш.Эт холбогдох хэсгийг хэргийннөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гартал түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныгбаримтлан Газрын тухай хуульд заасан журмын дагуу маргаж буй газар дээр хээрийн судалгаа хийн, Г.Г нь өвөлжөө, хаваржааны зориулалттай хороог худалдаж авсан гэх, иргэн Ш.Э /түүний эцэг У.Ш нар/ нь тухайн газарт 1998 оноос нутаглан амьдарч байгаа зэргийг харгалзан тэдгээрийн газар эзэмших хүсэлтийг нягтлан шалгаж, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, тухайн бүс нутгийн онцлог, газрыг зөв зохистой ашиглах шаардлагад нийцэх эсэх, бусдын эрх зөрчигдөх эсэх зэрэг газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхэд тавигдах нөхцөл байдлыг тодруулан зохих журмын дагуу шийдвэрлэж дахин шинэ акт гаргах замаар энэхүү шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Эрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ