| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/01050/и |
| Дугаар | 01300 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 01300
| 2017 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2017/01300 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ардын овогтой, Гомбосүрэнгийн Энхжаргалын нэхэмжлэлтэй,
/Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 59 дүгээр байр, 07 тоотод оршин суух, регистрийн дугаар ЦБ57102904 /
Хариуцагч: Зээрд овогтой, Пунцагийн Сарантуяад холбогдох
/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нархан хотхон, 51 А байр, 6 тоотод оршин суух, регистрийн дугаар ЦБ57030864/
Хууль бус эзэмшлээс 5.000.000 төгрөгийн үнэтэй, 38 ширхэг алмазан шигтгээтэй хос ээмэг, сувдан зүүлт гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Энхжаргал, хариуцагч П.Сарантуяа, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Сарантуяа бид хоёрын дунд 2010 онд мөнгөний тооцоо байсан. Улмаар П.Сарантуяаг мөнгө хэрэгтэй байна гэхээр нь надад өгөх бэлэн мөнгө байхгүй байсан тул ээмэг, бөгжөө 3 дугаар хорооллын ломбарданд барьцаанд тавьж, тухайн үед ойролцоогоор 500.000 төгрөгийг П.Сарантуяа аваад, сүүлд нь би мөнгийг нь төлж эд зүйлээ барьцаанаас авахаар тохиролцсон. Мөн надад бас мөнгө хэрэгтэй байсан учраас сувдан зүүлтийг зармаар байгаа талаар П.Сарантуяад хэлэхэд аваад ир гэж хэлэхээр нь би бичиг баримттай нь хамт аваад очсон. Үүнээс хойш би өгөх ёстой мөнгөө цувуулж өгсөн. Гэтэл П.Сарантуяа нь хүү, торгууль бодоод их мөнгө нэхэх болсон. П.Сарантуяатай тооцоогоо нийлье гэхээр уулздаггүй бөгөөд бид өмнө нь хамт сууж байгаад тооцоо нийлдэг байсан ч 2-3 сарын дараа дахиад л тооцоо нь зөрдөг байсан. Бөгжийг нь би өөрөө буцааж авсан. Харин одоо 5.000.000 төгрөгийн үнэтэй 38 ширхэг алмазан шигтгээтэй хос ээмэг, сувдан зүүлтийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Сарантуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбартаа: Г.Энхжаргал надаас 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3.700 ам.долларыг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1,6 хувийн хүүтэй нотариатаар батлуулж зээлж авсан. Үүнээс л бүх асуудал үүссэн. Г.Энхжаргал намайг гүтгэж байна. Тэр өөрөө тухайн үед эд зүйлүүдээ ломбарданд тавьсан байсан. Тэгээд би тэдгээрийг нь 360.000-365.000 төгрөгөөр барьцаанаас чөлөөлж авсан. Сувдан зүүлт нь байгаа. Тэр нь зарагдахгүй ч юм билээ. Ээмэг нь ч байгаа. Г.Энхжаргал надаас зээлсэн мөнгөнөөсөө 2 сая төгрөгөө өгсөн. Би түүнээс үлдэгдэл 1635 ам.долларын өрөө олж авахын тулд эдгээр эд зүйлсийг нь авсан. Өөрөө ч зарж миний өрийг дарах гээд надтай хамт явсан. Дээрх эд зүйлсийг барьцаанд тавих талаар гэрээ, хэлцэл байгуулаагүй гэв.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Энхжаргалын нэхэмжлэлтэй, П.Сарантуяад холбогдох, хууль бус эзэмшлээс 5.000.000 төгрөгийн үнэтэй, 38 ширхэг алмазан шигтгээтэй хос ээмэг, сувдан зүүлт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Энхжаргалын “...П.Сарантуяад миний 5.000.000 төгрөгийн үнэтэй 38 ширхэг алмазан шигтгээтэй хос ээмэг, сувдан зүүлт байгаа тул гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.Сарантуяа “...надад дээрх ээмэг, сувдан зүүлт нь байгаа. Г.Энхжаргал нь надад өглөгтэй бөгөөд сувдан зүүлтээ заруулахаар өгсөн боловч тэр нь зарагдаагүй, харин ээмгийг нь би ломбарднаас чөлөөлж авч өгсөн. Дээрх эд зүйлсийг барьцаанд авахаар гэрээ, хэлцэл байгуулаагүй” гэсэн хариу тайлбар гаргажээ.
Г.Энхжаргал нь өөрийн эзэмшлийн сувдан зүүлт, алмазан шигтгээтэй хос ээмгээ заруулахаар П.Сарантуяад өгсөн, уг эд зүйлс нь зарагдаагүй, П.Сарантуяад байгаа талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар дээрх сувдан зүүлт, ээмгийг хариуцагч П.Сарантуяагаас гаргуулан нэхэмжлэгч Г.Энхжаргалд олгох нь зүйтэй болно.
Мөн хариуцагч П.Сарантуяа “...Г.Энхжаргал нь надад төлбөрийн үлдэгдэлтэй бөгөөд мөнгөө өгсөн тохиолдолд уг эд зүйлсийг буцааж өгнө” гэсэн тайлбар гаргадаг боловч талуудын хооронд дээрх эд зүйлсийг барьцаалах талаар тодорхой гэрээ, хэлцэл байгуулагдаагүй байна.
Иймд хариуцагч П.Сарантуяагийн хууль бус эзэмшлээс 5.000.000 төгрөгийн үнэтэй, 38 ширхэг алмазан шигтгээтэй хос ээмэг, сувдан зүүлтийг гаргуулан нэхэмжлэгч Г.Энхжаргалд олгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгч тал 38 ширхэг алмазан шигтгээтэй хос ээмэг, сувдан зүүлтээ 5.000.000 төгрөгөөр үнэлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулах шаардлагагүй гэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулахаар шийдвэрлэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч П.Сарантуяагийн хууль бус эзэмшлээс 5.000.000 төгрөгийн үнэтэй, 38 ширхэг алмазан шигтгээтэй хос ээмэг, сувдан зүүлтийг гаргуулан нэхэмжлэгч Г.Энхжаргалд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 95.000 төгрөг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД