Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/729

 

 

 

 

 

 

 

 

 

   2021         11           17                                   2021/ШЦТ/729

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Г.Халиунаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105016351391 тоот хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын *-нд Архангай аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Хэт хүч” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Чухаг хотхон” 601 дүгээр байр ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

** дугаарын регистртэй, Б овогт Б-ийн Ц

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч “Хэт хүч” ХХК-н хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий ажил олгогч буюу захирал ажилтай Б.Ц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй.”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина.” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэт хүч” ХХК-ийн бетон үйлдвэр дотор тус үйлдвэрийн туслах ажилтан О.Т нь ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бетон шонгийн хэвийн хашмалд дарагдаж цээж, хэвлийн дарагдал, элэгний баруун дэлбэнгийн урагдал, задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1500 мл/, ходоодны их махиа, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг дэх цус хуралтууд, умдаг ясны баруун талын дээд, доод салааны ил хугарал гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ

Миний холбогдсон хэрэг прокурорын сая уншсан яллах дүгнэлттэй адил байгаа учир дахин мэдүүлэхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаач Ттэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. Манай компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер гэж хүн ажилладаггүй. Тийм мэргэжилтэй хүн ажиллуулах гэхээр олддоггүй юм. Өмнө ажиллаж байсан хүн нь энэ хавар ажлаасаа гарчихсан. Тиймээс би ерөнхийдөө ХАБ-ын инженерийн ажлыг хариуцаж байсан. Гэхдээ би ямар нэгэн сургалтад хамрагдаж байгаагүй. Манай компани барилга, эрчим хүчний зориулалттай төмөр бетон эдлэл үйлдвэрлэдэг. Компани анх 2003 оны 2 дугаар сард байгуулагдсан. Мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төвөөс төлөвлөгөөт шалгалт явагддаг байсан.

Талийгаач Тгийн оршуулгын ажлын зардал 23.980.557 төгрөг болсоныг манай компани бүрэн хариуцсан. Бас хохирогч талын өмгөөлөгчийн хөлс гэж 3.000.000 төгрөг, талийгаачийн 36 сарын цалин гэж 44.135.496 төгрөг нийт 47.135.496 төгрөгийг бэлнээр талийгаачийн ээж Оын данс руу шилжүүлсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 3 дугаар гудамжинд байрлах 40 айлын орон сууцны 1 дүгээр орц, 2 дугаар давхрын 10 тоот хаягтай, 29.98 м.кв талбайтай, 44.970.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг талийгаачийн ээж хохирогч Оын нэр дээр шилжүүлж өгсөн байгаа. Цаашид талийгаачийн ар гэр болох ээжийг нь харж хандах болно. Яагаад гэхлээр талийгаач Т нь манай хүү Эийн найз нь байсан юм.

Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ж-ын О “... миний хүү О.Т нь сургуульд сурахын хажуугаар “Хэт хүч” ХХК-д 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Манай хүү өдөр болгон өглөө 06 цаг өнгөрөөж ажилдаа яваад орой 17 цагаас 18 цагийн хооронд ирдэг байсан. Тухайн компанид яг ямар ажил хийдэг байсныг нь би мэдэхгүй. Надад хэлэхдээ тө мрийн үйлдвэрт ажилладаг гэж хэлж байсан. 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн орой усанд орчихоод гэрийнхээ урд талд байдаг тоглоомын талбай дээр тоглож байгаад орж ирээд унтсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед өрөө рүү нь ороход ажилдаа явчихсан байсан. 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед хүүгийнхээ утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Орой 19 цагийн үед би гэртээ байж байтал цагдаагийн ажилтнууд ирээд намайг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр авчирсан ба нэг цагдаа танай хүүхэд ослоор нас барчихлаа гэж хэлсэн. Манай хүү О.Т нас барахдаа 19 настай байсан. Би маш их гомдолтой байна. Намайг насаар минь тэжээх ганц хүү минь байсан. Одоо намайг тэжээх хүн байхгүй. Би цаашид гарах, нэхэмжлэх зүйлээ шүүхэд баримтаар гаргана гэж бодож байна. Миний хүүгийн оршуулгын зардлыг “Хэт хүч” ХХК-аас гаргасан. Намайг талийгаач хүүгээс өөр харж хандах, хайрлах асрах хүн байхгүй. Би ганц хүүтэй байсан.” /1-р хх-н 27-28/ гэж,

гэрч О-ын Т “... 2021 оны 8 дугаар сарын 29-ний өглөө ажилд 07:20 цагт үйлдвэр хариуцсан ахлах н.Гантулга ажиллуулсан. Өнөөдөр Тгийн ажлын талаар ярилцаад тус тусын ажилдаа орсон. Өдөр 13 цагаас 14 цагийн хооронд хоолондоо орчхоод бид нар ажилдаа орцгоосон. Тухайн үед Т өмнөх шигээ ажлаа маш сайн хийж байсан. 17 цаг 20 минутын үед нэг том зүйл унах шиг чимээ гарахаар нь гүйж очоод хартал шонгийн хивэнд Т дарагдсан байдалтай байсан. Би мултарсан байсан шонг нь бэхлээд өргөсөн. Т тэр үед амьсгалж байсан, юм ярьж чадахгүй байж байгаад амьсгалахаа болиод ухаангүй болсон. Тэгээд Гантулга эгч 103 руу залгаж дуудлага өгсөн” /1-р хх-н 30-31, 33-36/ гэж,

гэрч Ц-гийн Н “... 2021 оны 8 дугаар сарын 29-ний өглөө ажилдаа 07 цагт Төгөлдөр ахлахтай Т, Болороо, Цэлмэг, Даваажаргал бид 5 ирээд Төгөлдөр ахаас зааварчилгаа аваад бүгд тус тусын ажилдаа орсон. Миний хийх ажил бол шонгийн арматур тасалдаг хийн буугаар боолт чангалж сулладаг. Цаг ч орой болж би шаврын машин цэвэрлээд байж байтал ажилчид орилолдоод гүйлдээд байсан, би гайхаад очтол Т том хивэнд даруулаад бөөлжчихсөн байдалтай байсан” /1-р хх-н 38-39/ гэж,

гэрч Г-ын М “... би “Хэт хүч” ХХК-д 2018 оны 7 дугаар сард ажилд орсон. Уг компанид аж ахуйн ажилтнаар ажилд орсон бөгөөд одоо ч гэсэн уг ажлаа хийж байгаа. Манай компани гэрээгээр нягтлан ажиллуулдаг бөгөөд цалин хангамжийн асуудлыг би бодож өгдөг. Манай компаний үйлдвэрт 2021 оны 6 дугаар сард Т гэх хүүхэд ажилд орсон. Орсон цагаас нь хойш би цалин мөнгийг нь өгдөг байсан. Өөрөөр энэ хэрэг явдлын талаар сайн хэлж мэдэхгүй байна. Ажлын хувцсаа үндсэн ажилчиддаа өгдөг бөгөөд түр ажиллаж байгаа хүмүүст өгдөггүй. Талийгаачид ажлын гутал өгсөн байсан. Энэ талаарх баримт нь байгаа. 2019 онд ХАБ-ын сургалт хийж байсан. 2020-2021 онуудад ямар нэгэн сургалт зохион байгуулаагүй” /1-р хх-н 46-47/ гэж,

насанд хүрээгүй гэрч Ц-ийн Э “... 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед ажил тарах үед манай найз Т хүрдэн дээрээс хэвээ авч байсан. Би хэвний баруун доод талд хэвний боолт чангалаад байж байсан. Тэгээд гэнэт аймар чимээ гарахаар нь хүрд рүү харахад краны зүүн талын дэгээ нь мултарчихсан байхаар нь яваад очиход Т хэвэнд даруулчихсан байсан. Очоод хартал Гантулга Т хэвэнд даруулчихсан байна гээд зогсож байсан. Краны удирдлагыг Төгөлдөр ах удирдаад хивийг дээш өргөөд гаргасан. Гэтэл Т ямар нэгэн зүйл хэлээгүй 1-2 минутын дараа амьсгалахаа больчихсон. Тэгээд хүмүүс цагдаа болон түргэн дуудсан. Түргэн ирэхэд нас барсан байна гэсэн. Харин хүмүүс намайг жоохон болохоор цаашаа байж бай гээд байсан болохоор би хувцас солих өрөө рүү явсан. Надад мэргэжлийн үнэмлэх байхгүй. Би хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан. Намайг ажилд орсноос хойш ажил эхлэхийн өмнө Отгондэлгэр менежер хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгдөг байсан. Харин өнөөдөр Гантулга арматурчин зааварчилгаа уншиж өгсөн. Харин бид нар дэвтэр дээр гарын үсэг зурсан” /1-р хх-н 51-53/ гэж,

гэрч М-гийн Г “... өнөөдөр би 06 цаг 50 минутад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэт хүч" ХХК-ийн үйлдвэрлэлийн байранд ирсэн. Ажлаа эхлүүлэхдээ Төгөлдөр, Э, Нямболд, Даваажаргал, Болормаа, Ган-Эрдэнэ, Т нарт ажлын бээлий тараагаад хөдөлмөр хамгааллын зааварчилгааны дэвтэр өгөөд гарын үсэг зуруулсныхаа дараа дэвтрээ аваад цаашаа өрөөндөө дэвтрээ оруулчхаад ажлаа хийсэн. Ажил хэвийн явагдаж байсан ба 17 цаг 40 минутад үйлдвэрийн байранд би Төгөлдөр, Ган-Эрдэнэ, Болормаа нартай ярилцаад зогсож байхад хүрдэн дотор ганцаараа хэв гаргаж байсан краны таревис буюу A нуруу бүхий тороостой хэсэг савлаад хүчтэй чимээ гарахаар нь бид нар хэв уналаа гээд гүйж очоод хүн нь хаана байна гэхэд Ган-Эрдэнэ энд байна хүн алчихлаа гээд орилсон. Төгөлдөр удирдлага барьчихсан байхаар хэвийг хурдан холдуул гэж хэлээд краныг Төгөлдөр удирдаад хэвийг холдуулж баруун талын талбайд буулгасан. Харин хэвэн доор Т суучихсан хажуугийн хэвийг налчихсан юм хэлэхгүй байсан. Би яачхав аа миний дүү гээд толгойг нь дарахад над руу сонин хараад толгой нь гулжийгаад юм хэлэхгүй байсан. Тэгээд би захирал Цд хэлсэн. Цагдаа, түргэн дуудсан. Э насанд хүрээгүй байсан учраас гар гээд гаргасан. Тгийн судсыг барьж үзэхэд цохилохоо больчихсон байсан. Түргэн ирээд нас барсан байна гэж хэлсэн. Би анх 2013 онд арматурчинаар ажилд орсон. 2020 оны 10 дугаар сараас хойш үйлдвэр хариуцсан үйлдвэрийн дарга албан тушаалд ажиллаж байгаа. Би өнөөдөр хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгсөн. Би хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөх ёстой хүн биш. Хөдөлмөр хамгааллын ажилтан 2020 оны 3 дугаар сарын үед ажлаасаа гарсан. Одоогоор хүн байхгүй байгаа. Отгондэлгэр зааварчилгаа өгч хэрэв байхгүй бол би зааварчилгаа өгдөг. Талийгаач хамгаалалтын гутал, бээлийтэй байсан. Харин малгай каскгүй, өөр хамгаалалтын багаж хувцас хэрэглэлгүй байсан” /1-р хх-н 30-62/ гэж,

гэрч Д-ын Д “... 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн өглөө ажилдаа 07 цагт ирэхэд Төгөлдөр ахлах, Нямболд, Т, Болороо, Цэлмэг, Ганаа ах, Даваажаргал, үйлдвэрийн дарга нар ирцгээсэн байсан. Төгөлдөр ах бүх ажилчдадаа хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөөд бүгд тус тусын ажилдаа орсон. Миний хийх ажил бол тухайн шонгийн цемент болсон заваарсан хэвийг цэвэрлэх. Ер нь бүгд тус тусын ажлаа хийж байсан. Тарах цаг ч болсон тул би хэвүүдээ цэвэрлээд сууж байтал ажилчид орилолдоод гүйгээд байсан. Би гайхаад очтол Т том хэвэнд даруулсан нүд нь аниастай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Манай үйлдвэрийн дарга нөгөөдөр амарна бүтэн сайн өдөр ажиллана гэж хагас сайны орой хэлсэн” /1-р хх-н 64-65/ гэж,

гэрч Б-ы Г “... 2021 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 07 цагт бид долуулаа ажилдаа очсон. Бид нарт ахлах Гантулга Хөдөлмөр аюулгүй байдлын тухай зааварчилгаа өгч, бүгд дээр нь гарын үсэг зурчихаад аюулгүй байдлаа хангах хувцас каскаа өмсөөд тус тусын ажилдаа орсон. Өдөр цайны цаг хүртэл үйлдвэрт ямар нэгэн асуудал гараагүй хэвийн байсан. 13 цагт бүгд цайндаа ороод 1 цаг амарсан. 14 цагт ахин бүгд ажилдаа орсон. Би арматур бэлтгээд ганцаараа хийхэд хэцүү байдаг учраас үйлдвэрийн дарга Гантулгатай хамтарч хийсэн. Тэгээд Гантулга хийж дуусчихаад урагшаа явж ажлаа хийлээ гээд яваад өгсөн. Би цэвэрлэгээ хийчихээд тостой хувцсаа тайлаад явж дараагийн ажлаа хийж байтал түс гээд хүнд юм унах чимээ гарсан. Очоод хартал Т хэвэн доогуур орчихсон, юу ч дуугарч чадахгүй хэвтэж байсан. Би алсын зайны удирдлага аваад хэвийг холдуулсан чинь Т нэг гүнзгий амьсгаа аваад юу ч дуугаралгүй амьсгал хураасан. Үйлдвэрийн дарга 103 дуудсан” /1-р хх-н 67-68/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Талийгаач О.Тгийн гэмтлийн талаар “... цээж, хэвлийн урд хана, нуруун дахь зулгаралт бүхий дарагдлын ором, элэгний баруун дэлбэнгийн урагдал, задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1500 мл/, ходоодны их махиа, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг дахь цус хуралтууд, умдаг ясны баруун талын дээд, доод салааны ил хугарал, баруун цавины шарх, баруун ташаа, ууц, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч О.Т нь цээж, хэвлийн дарагдал, элэгний баруун дэлбэнгийн урагдал, задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1500 мл/, ходоодны их махиа, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг дэх цус хуралтууд, умдаг ясны баруун талын дээд, доод салааны ил хугарал гэмтлийн улмаас нас баржээ. Цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. В 3 дугаар бүлгийн цустай. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.” гэсэн 1769 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /1-р хх-н 109-113/

 

Түүнчлэн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-н 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 4-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 14-21/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 22/, биологийн шинжилгээний хариу /1-р хх-н 117/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Б.Ц яллагдагчаар мэдүүлэхдээ “... би уг сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Уг зүйл анги дээр ямар нэгэн маргаан байхгүй. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Би хууль дүрэм зөрчиж ажилласнаа хүлээн зөвшөөрч, миний энэ үйлдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн асуудалд маш их гэмшиж байна. Би хохирлыг бүрэн барагдуулна.” гэжээ. /1-р хх-н 143-145/

 

Шүүгдэгч Б.Цийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 152/, Оршин суугаа хаягийн лавлагаа /1-р хх-н 153/, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /1-р хх-н 154/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-н 156/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 157/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-н 158-171/, 0000095643 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-н 72/, ажлын байрны тодорхойлолт /1-р хх-н 173-175/, магистрын дипломын хуулбар /1-р хх-н 176-178/, Ц.Энхсэргэлэн, Ц.Э, Ц.Энхзолбоо нарын төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-н 179-181/, Ц.Энхмаа, Ц.Энхцовоо нарын иргэний үнэмлэхийн хуулбар /1- хх-н 182-183/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 30/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт мөн авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Монгол Улсын иргэн “... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, ... эрхтэй” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хуульд нийцүүлэн чанд сахиж биелүүлэх нь төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжид нэг адил хамаарна.

Түүнчлэн ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн байгууллагын дотоод журам, стандартыг боловсруулж, дагаж мөрдөх нь чухал бөгөөд хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

Прокуророос шүүгдэгч Б.Цийг яллахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй.”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина.” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс “Хэт хүч” ХХК-ийн үйлдвэр дотор тус үйлдвэрийн туслах ажилтан О.Т 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бетон шонгийн хэвийн хашмалд дарагдаж нас барсан гэж дүгнэжээ.

 

Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдсөн талаар:

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9. ’’ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд хяналтын дор байх бүх байрыг 3.1.21.“.үйлдвэрлэлийн орчин” гэж аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг гэж томьёолсон байдаг. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэт хүч ХХК-ийн бетон хийцийн үйлдвэрлэлийн цех талбайд уг осол болсон байна.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэт хүч ХХК-ийн бетон эдлэл бүтээцийн үйлдвэрийн байранд хэвний хашмалд дарагдсан байдалтай нас барсан гэх осол нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 234-р тушаалын хавсралтаар баталсан ”Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм” болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчигдсөний улмаас туслах ажилтан О.Т осолдож амь насаа алдсан байна.

Хэт Хүч ХХК нь үйлдвэрлэлд ашиглаж буй ачаа өргөх зориулалттай цахилгаан таль нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулна/- т засан болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 234-р тушаалын 3-р хавсралтаар баталсан ”Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.2.2. /Улсын бүртгэлд хамрагдсан краныг ашиглах зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагын хийсэн техникийн бүрэн магадлалын үр дүнг үндэслэн хяналтын байгууллагаас олгоно/, 8.3.1. /Краныг ажилд оруулахын өмнө, техникийн бүрэн магадлалыг хийсэн байх ёстой. Хяналтын байгууллагад бүртгэгдэх краныг бүртгүүлэхээс өмнө техникийн магадлалыг хийсэн байна./, 8.3.2. /Ашиглалтад байгаа кранд дараах байдлаар техникийн ээлжит магадлалыг хийнэ. Үүнд:

а) хэсэгчилсэн -12 сард нэгээс доошгүй

б) бүрэн-3 жилд нэгээс доошгүй удаа (цөөн ашиглагддаг кран орохгүй), мөн дүрмийн 8.4.14. /Кранчин түүний туслах, засварчин, цахилгаанчин, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохиргоочин, оосорлогчийн үүрэгт ажилд мэргэжлийн сургалтад хамрагдсан хүмүүсийг томилон ажиллуулна/ гэсэн заалтууд зөрчигдсөний улмаас осол гарсан байна. /2014 оноос хойш техникийн магадалгаа хийгдээгүй, кран ашиглах зохих зөвшөөрөл, баталгаажилт хийгдээгүй кран ашиглаж байсан байна.

Хэт Хүч ХХК-ийн захирал Б.Ц нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-т заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна.

Хэт Хүч ХХК-ийн туслах ажилтан О.Т нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18-р зүйлийн 18.2.1./хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ гэж заасан чиг үүргээ биелүүлээгүй, бетон шонгийн хэвийг буулгах хэсгийн талбайд нэвтрэн орж, ачааг өргөж буулгах үйлдэл хийсэн нь аюулгүй ажиллагааны горимыг мөрдөж ажиллаагүй байна.

Хэрэг гарах үед Хэт Хүч ХХК-ийн захирал Б.Ц нь үйлдвэртээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2,/Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/ гэж заасан болон Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 тоот тушаалаар батлагдсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах  норматив батлах тухай” журмын 1.6 /Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна/-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг авч ажиллуулаагүй байх тул энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-т заасны дагуу хуульд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 /Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ/-т, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 /хуулийн этгээд” гэж'Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг/-т заасан болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж тус тус заасан байх тул Хэт хүч ХХК нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журмыг сахих хангуулах үүрэг бүхий субъект мөн болно.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 28.1.Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна: 28 дугаар зүйлийн 28.1.8. /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил /үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1. Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилгаа өгөх хэлбэрээр зохион байгуулна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа дараах 3 хэлбэртэй байна.

Үүнд: 1. Урьдчилсан зааварчилгаа, 2. Ажлын байран дахь анхан шатны зааварчилгаа, З. Давтан зааварчилгаа/ гэсэн хэлбэртэй бөгөөд мөн 4.9 /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга,. эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ гэж тус тус өгдөг бөгөөд дээрх зааварчилгааг MNS 4969:2000 стандартын 4.17 /Урьдчилсан, ажлын байран дахь анхан шатны, давтан болон ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа бүртгэлийн журналд /хавсралтын 1,2,3-р хүснэгт/-ийн дагуу бичгээр өгсөн, авсан хүний овог нэр, албан тушаалыг бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан байх шаардлагатай байдаг.

Хэт хүч ХХК-иас MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 4.16-д /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./ гэж заасан байдаг бөгөөд осол гарсан 2021 оны 8-р сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэхийн өмнө осолдогч О.Тд аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл хөтөлсөн байна.

Хэт Хүч ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулна./-т заасан болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сайдын 2010 оны 6-р сарын 30-ны өдрийн 234-р тушаалын 3-р хавсралтаар баталсан ”Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.4.14. /Кранчин түүний туслах, засварчин, цахилгаанчин, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохиргоочин, орлогчийн үүрэгт ажилд мэргэжлийн сургалтад хамрагдсан хүмүүсийг ажиллуулна/ гэсэн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй, мэргэжлийн сургалтад хамруулаагүй, краны дохиочны үнэмлэхгүй мэргэжлийн бус ажилтан О.Тг краны оператор, оосорлогчоор ажиллуулсан байна.” гэсэн дүгнэлтийг /№ХАБ-22/21/ мэргэжлийн шинжээчдийн баг гаргасан байна. /1-р хх-н 123-126/

 

Дээр дурдагдсан бичгийн нотлох баримтууд, аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээ 0000095643 /1-р хх-н 172/, ажлын байрны тодорхойлолт /1-р хх-н 173-175/ зэрэг нь шүүгдэгч Б.Цийг “Хэт хүч” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал мөн болохыг тодорхойлох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг баримтлав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О “... миний бие өөрийн хүү талийгаач О.Тгийн оршуулгын ажил явдлын төлбөр 28.000.000 төгрөг, нөхөн төлбөрт 47.000.000 төгрөг авсан” /2-р хх-н 31/,

“... 44.970.000 төгрөгийн үнэлгээтэй, 1 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан” /2-р хх-н 36/ гэжээ.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад

яллагдагч Б.Ц “... миний бие Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа гэмт хэрэг гарсан цагаас эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөөр ирсэн билээ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч  хохирогчид дараах хохирол төлбөрийг төлсөн:

- Оршуулгын зардалд 23.980.557 /хорин гурван сая есөн зуун наян мянга таван зуун тавин долоо/ төгрөг,

- Нөхөн төлбөр 36 сарын цалин 44.135.496 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг нийт 47.135.496 /дөчин долоон сая нэг зуун таван мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөг,

- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 3 дугаар гудамж, 40 айлын орон сууц, 1-р орц, 2-р давхар, 10 тоот хаягт байрлах 29.98м.кв талбай бүхийн 44.970.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шилжүүлэн өгсөн (уг орон сууцыг хохирогчид амьдрахад тохитой байх зорилгоор засвар хийж, зарим гэр ахуйн тавилга авахад 6.290.800 төгрөг зарцуулсан). Б.Ц би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг /2-р хх-н 110/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О “... Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэсэн хүсэлтийг /2-р хх-н 36/ тус тус гаргаж, улмаар прокуророос шүүгдэгч Б.Цд холбогдох энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй шүүгчийн туслах утсаар холбогдоход “Шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирлоо барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Цийг бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал үүнд: тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогч тал гомдолгүй гэснийг харгалзсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгтШүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсгээр хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл “Хэт хүч” ХХКомпани нь барилгын материалын үйлдвэрлэл, төмөр бетон эдлэлийг үйлдвэрлэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ХАБ-ын ажилтангүй байсан байх ба энэ ажлын байрны үүргийг тус компаний захирал, шүүгдэгч Б.Ц дур мэдэн хийж гүйцэтгэж байжээ. Иймд шүүгдэгч Б.Цийг дээрх ажлыг гүйцэтгэх буюу тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох нь зүйтэй.

“Хэт хүч” ХХКомпани нь цаашид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж үйл ажиллагаа явуулвал зохино.

 

Шүүгдэгч Б.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримт болох 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Бүрнээ овогт Бүрнээгийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Цийг хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Цд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хүлээлгэж, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах буюу хөдөлмөрийн аюулгүй байдлын /ХАБ/ ажилтнаар ажиллахыг хориглосон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар авсугай.

 

4. Шүүгдэгч Б.Ц тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Цд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ