| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0346/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/394 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0346/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт Г.Ч-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000550451 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 34 настай, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Ширээ нурууны 36-3 тоот хаягт бүртгэлтэй боловч Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Жимстэй, ............ тоотод оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн, Д овогт Г.Ч,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Д.Э нь Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, автобусны буудал орчмоос 383,500 төгрөгийн үнэ бүхий Самсунг жи-3 маркийн гар утас, цахим үнэмлэх, Хаан банкны виза картыг олсон атлаа зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр завшсан болох нь:
Хохирогч Д.Э “...би 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр 380 автобусны буудал орчмоос архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таксинд суугаад Дархан сумын 4 дүгээр баг, 11 дүгээр байрны орчим гэртээ хүргүүлээд орсон юм. Тэгтэл өглөө нь сэрээд хартал гар утас маань байхгүй байсан. Би Самсунг жи-3 маркийн саарал өнгийн гар утсаа гээгдүүлсэн юм. Гар утасны ард нь миний цахим үнэмлэх болон банкны виза карт хамт байсан юм. Би таксинд суухаасаа өмнө утсаараа ярьж байсан санагдаж байна. Би тухайн гар утсаа 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Мобикомоос 479,000 төгрөгөөр худалдан авч байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11/,
Гэрч О.Э “...уг гар утсыг манай найз болох Чука хавар 3 сард надад өгөөд ломбардад гайгүй үнээр тавиад өгөөч гээд гуйхаар нь би өөрийнхөө нэр дээр Шугуй нэртэй ломбардад Самсунг жи-3 маркийн гар утсыг 150,000 төгрөгөөр тавиад эргэж аваагүй орхисон” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Гэрч М.Н “...Би Самсунг жи-3 маркийн хөх саарал гар утсыг 2020 оны 05 дугаар сард Дархан сумын Өргөө баг, 18 дугаар буудлын хажуугийн Шугуй нэртэй ломбардаас 150,000 төгрөгөөр худалдан авч охин Г.М бариулж байсан юм” гэх мэдүүлэг хх-ийн 35-36/,
“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэн нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 383,500 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 18-19/,
Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /хх-ийн 6/,
Эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 43-44/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна.
Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийн зүйлс гэдгийг мэдсээр атлаа уг эд хөрөнгийн эзнийг олох талаар идэвхтэй үйлдэл хийхгүй байх, уг эд хөрөнгийг олсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Иймд шүүгдэгч Г.Ч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн авч, саналын хэмжээнд торгох ял шийтгэж, торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг шүүгдэгчийн байнга оршин сууж буй нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Г.Ч-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Ч нь торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД