Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар  2020/ШЦТ/339

 

 

 

 

 

 

 

 

 2020       10         29                                                2020/ШЦТ/339

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Дондовын Баяржаргалд холбогдох эрүүгийн 2021002430184 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Цагаан дэрс” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 2000 оны 08 сарын 18-ны өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 110000 төгрөгөөр торгох ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 08 сарын 27-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 03 сарын 04-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Хатгин овогт Дондовын Баяржаргал. /РД: *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Дондовын Баяржаргал нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 07-22 тоотын хашаанд байх тусгайлан хамгаалсан байр, агуулахын цоожийг эвдэн нэвтэрч цүнх, 4 ширхэг өвлийн куртик, эмэгтэй хүний гутал, хагас түрийтэй эрэгтэй хүний гутал, 2 ширхэг эрэгтэй хүний гутал, Портер машины 1 ширхэг обудтай дугуй зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******ад 220.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ээжийгээ маш их зовоож байна. Архинаас болоод ийм байдалд хүрсэндээ харамсаж байна. Надад хөнгөн ял оноож өгнө үү. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би Улаанбаатар хотод 4 хоногийн өмнө хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг.

 

             Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн төвд гэртээ иртэл манай гэрийн хажуу талын 2х2 хэмжээтэй пингийн цоожийг нь эвдээд цүнхэнд байсан өвлийн 4 ширхэг куртик алга болсон байсан. ... би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. ... 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн орчимд Шүр зах руу ортол миний алдсан шар өнгийн куртикийг 30 орчим насны нэг залуу өмсөөд явж байхаар нь би гэр рүүгээ очоод үзтэл нөгөө пингийн хаалгыг эвдээд дотор нь байсан эмэгтэй  хүний өсгийтэй гутал, 2 ширхэг  гутал, эрэгтэй хүний хагас түрийтэй гутал, Портер маркийн машины урд дугуй зэрэг алдагдсан байсан. Цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсан. Би цагдаа нарт зах дээр шар өнгийн курткийг Баяржаргал гэх залуутай хамт явж байсан залуу өмсөж явж байсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/

Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хорих 419 дүгээр ангид 2019 онд хоригдож байхдаа анх Баяржаргалтай танилцаж байсан. ...сүүлд Буман-Од хүнсний дэлгүүрийн гадна талд Баяраа ахтай таарсан ... тухайн үед Баяраа ах 3-4 куртик бариад явж байсан ба надад нэг шар өнгийн зузаан куртик зүгээр өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: Манай хүү Баярхүү 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр Дорнод аймаг руу явсан. Улмаар Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 07-22 тоотод байх гэртээ очиход 2х3 хэмжээтэй байшингийнх нь хаалга онгорхой эд зүйл нь замбараагүй байдалтай, цүнх, хувцас нь байхгүй байна гэж надад утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр тал/

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Шүр захын орчим хувиараа дугуй засвар ажиллуулдаг юм. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны орчим байх зүс таних Шүр зах дээр архи ууж явдаг Баяржаргал гэх залуу ... архи уусан байдалтай манай дугуй засварын газарт 1 ширхэг Портер маркийн автомашины урд талын дугуй барьж орж ирсэн. ... надад хандаж энэ дугуйг түр 10.000 төгрөгөнд авчих гээд барьцаанд тавиад явсан. ... удалгүй цагдаа нар ирээд тухайн дугуйг аваад явсан. ... миний хувьд Баяржаргалаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/

     Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 20-ны орчим Шүр зах дээр архи ууж явж байгаад ээж Дондовын төрсөн хүү болох Тогоохүүгийн гэрт буюу Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 7-22 тоотод очиход хүн байхгүй байсан. Улмаар хашаагаар нь дотогш ороод баруун талын жижиг амбаарны  цоожийг эвдэж онгойлгосон. ... дотор нь хар өнгийн цүнх, портер маркийн машины дугуй байхаар нь аваад гарч яваад захын хойд талд байрлах нэрийг нь сайн мэдэхгүй дугуй засварын газарт дугуйг нь 10.000 төгрөгөөр зараад архи авч уусан. Улмаар хулгай хийснийхээ маргааш нь цүнхийг нь онгойлгож үзэхэд 4 ширхэг куртик байхаар нь зах дээр архи уудаг хүмүүст зүгээр өгсөн. ... хулгайлсан куртикны нэгийг өмсөж явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 дүгээр тал/

 

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар тал/

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 7 дугаар тал/

            - Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21 дүгээр тал/

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22 дугаар тал/

            - Эрэн сурвалжлалт зарлах /хх-ийн 24-30 дугаар тал/

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 31-72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр товлон зарласан боловч шүүгдэгч нь  шүүхээс оргон зайлж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан бөгөөд шүүгдэгийг эрэн сурвалжилж, албадан ирүүлэх шүүгчийн захирамжийн дагуу шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тасгийн эрх бүхий албан хаагч Улаанбаатар хотоос олж Дорнод аймагт авч ирэх үед мөн зугтаж алга болсон бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин олж авчирсан.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаан эхлэхийн өмнө өмгөөлөгч авах хүсэлт гаргасан бөгөөд төлбөрийн чадваргүй гэдгээ илэрхийлсэн тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу өмгөөлөгч томилуулахаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Дорнод аймаг дахь өмгөөллийн зөвлөлд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалуулахаар өмгөөлөгч томилуулах тухай хүсэлт хүргүүлсэн. Уг хүсэлтийн дагуу өмгөөлөгч З.Нямсүрэнг шүүх хуралдаанд оролцуулсан болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн  болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Дондовын Баяржаргал нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 07-22 тоот хашаанд байх тусгайлан хамгаалсан байр, агуулахын цоожийг эвдэн нэвтэрч цүнх, 4 ширхэг өвлийн куртик, эмэгтэй хүний гутал, хагас түрийтэй эрэгтэй хүний гутал, 2 ширхэг эрэгтэй хүний гутал, Портер машины 1 ширхэг обудтай дугуй зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******ад 220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч *******, гэрч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шийтгэх тогтоолын хуулбар, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт хэрэг авагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

 

Иймд шүүгдэгч *******ыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад  нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Иргэний нэхэмжлэгч ******* нь шүүгдэгчээс “өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй.

Харин хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч шүүхээс хурлын тов мэдэгдэхэд “зарим эд зүйлээ хүлээн авсан. Үлдэгдэл эд зүйлийнхээ үнийг нэхэмжилнэ, шүүх хуралдаанд оролцохгүй гэж” мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******аас хохирогчид буцаан өгөөгүй /4 гутал, 1 куртик/  эд зүйлийн үнэ болох 70.000  төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 7-22 тоотод оршин суух ******* /ЖЖ76032400/-д олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар *******ын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болоод шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон оролцогчдийн мэтгэлцээнээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь шүүхийн шатнаас оргон зайлж 3 сар гаруй хугацаанд хаана байгаа нь тодорхойгүй, хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас яөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс эд хөрөнгөдөө хайхрамжгүй хандаж, хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ЖЮ80043015 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлбэл зохино.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Дондовын Баяржаргалыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Дондовын Баяржаргалыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ЖЮ80043015 тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Дондовын Баяржаргалаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 70.000 /далан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 7-22 тоотод оршин суух ******* /ЖЖ7032400/-д олгосугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА