| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0201/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/179 |
| Огноо | 2017-05-16 |
| Зүйл хэсэг | 150.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2017/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,
Улсын яллагч Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Содномдорж,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр,
Иргэний нэхэмжлэгч Шинэбаяр,
Шинжээч Сэвжидмаа, Ж.Бадамсүрэн,
Иргэдийн төлөөлөгч Ю.Батцоож нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хулууд овогт Батмөнхийн Гад холбогдох эрүүгийн 201625021928 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ "Саммит компьютер технологи" ХХК-ний Сэлэнгэ аймаг дахь "Писи молл" салбарын гэрээт борлуулагчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 15 дугаар гудамж 550 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ТЕ 90031172 / Хулууд овогт Батмөнхийн Г нь:
- 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны хооронд "Саммит компьютер технологи" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан Сэлэнгэ аймаг дахь "Писи молл" салбарын гэрээт борлуулагчаар ажиллаж байхдаа бараа материал борлуулсан мөнгөнөөс нийт 27.307.259 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Анхбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Аудит болон шинжээчийн дүгнэлтэнд 39.395.759 төгрөгний хохирол учирсан гэж гарсан. Гэтэл Сэлэнгэ аймаг дахь түрээсийн байрны барьцаанд байсан 9.080.500 төгрөгний бараа манайд буцаад ирсэн. Мөн Сэлэнгэ аймгаас барааны мөнгө гэж 1.608.000 төгрөг, Булган аймгаас барааны мөнгө 1.400.000 төгрөг манай дансанд орж ирсэн. Энэ бүхэн хохирлоос хасагдаж, нийт 27.307.259 төгрөгний хохирол учирсан. Энэ хохирол дээр аудитын дүгнэлт гаргасан 1.060.000 төгрөг нэмэгдээд нийт 28.367.259 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс 10.000.000 төгрөгийг Б.Г төлсөн тул үлдэгдэл
18.367.259 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. / 2 дугаар хавтас 79 /
Гэрч У.Жавзансүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай компани өнгөрсөн 6 дугаар сард тооцоогоо бодоход тэдний тооцоо их өндөр гараад байсан ба Б.Г бид 2 тооцоо нийлэхэд зарим барааны мөнгө дутсан. Энэ талаар асуухад Б.Г хэрэглэгчээс нь аваад өөртөө зарцуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би удирдлагуудад хэлсэн гэжээ. / 1 дүгээр хавтас 14 /
" Си Эс Ай Аудит " ХХК-ний 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8\187 тоот аудитын тайлангийн дүгнэлтэнд:
..."Саммит компьютер технологи" ХХК-ний 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ХА/15/48 Хамтран ажиллах гэрээтэй Б.Гын гэр ахуйн болон цахилгаан бараа борлуулах хугацааны бараа материалын тооцоог шалгахад тооллогоор 16.721.608.18 мөнгөний бараа материал дутагдуулсаныг төлбөр тавьж данс бүртгэлд тусгасан. Нийт зарсан барааны үнээс 30.786.169 төгрөг дутагдсан. Мөн байгууллагын Б.Гын өмнөөс гүйцэтгэсэн төлбөр тооцооны үлдэгдэл 1.562.094.33 мөнгө буюу нийт 49.069.879.51 төгрөгний төлбөр гарсан үүнээс гүйцэтгэгчийн авах ёстой борлуулалтын илүү зөрүү 2.318.781 төгрөг, борлуулалтын урамшил 7.355.331.51 мөнгийг тус тус хасаж, үлдэх 39.395.759 төгрөгийн дутагдалтай байна. Б.Г ажлаа хүлээлгэн өгөхөд бараа материал 8.338.681.16 мөнгөний үлдэгдэлтэй үүнийг захиалагчид хүлээлгэн өгч тооцоог барагдуулах ба хэрэв тооцоо барагдаагүй тохиолдолд Хамтын гэрээний 3.13-т заасны дагуу бараа материалыг зах зээлийн үнээр Б.Гаар төлүүлэх нь зүйтэй гэжээ. / 1 дүгээр хавтас 16-21/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №180 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1. “Си Эс Ай Аудит" ХХК-ний гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна гэжээ. / 1 дүгээр хавтас 25-27 /
Иргэний нэхэмжлэгч С.Шинэбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийг хариуцсан ажилтнаар ирэхэд нь танилцаж байраа түрээслэхээр болсон. Б.Гыг түрээслэх үед эдийн засаг хямарсан бас залуу хүн юм хийх гэж байхад нь харж үзье гээд түрээсийг 650.000 төгрөг болгоод 1 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Тухайн үед мөнгө аваагүй яваандаа өгөх байх гээд явж байсан боловч нэг ч төгрөг өгөөгүй явж байснаа гэнэт 2016 оны 4 дүгээр сард “Түрээслэхээ больё. Манайх Сэлэнгэ салбараа хаах гэж байгаа. Танай төлбөрийг хөдөө орон нутгаар явж бараагаа зараад тооцоогоо дуусгана” гэж хэлсэн. Түрээсийн асуудлыг нь ярьсан чинь “ 6 сая төгрөгийн бараа үлдээе “ гэхээр нь би “ Тийм юм байхгүй. Чи надад 8.000.000 төгрөгний бараа үлдээ “ гэж хэлээд бараа авч үлдсэн. Б.Гаас 7 сарын түрээсийн мөнгө 4.550.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. / 1 дүгээр хавтас 54-55, 2 дугаар хавтас 81 /
Гэрч Л.Тэмүүжин мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би зарсан барааныхаа мөнгийг Б.Гын дансанд өдөр болгон явуулдаг байсан. Хаяа орой болоод банк хаачих юм бол маргааш нь явуулдаг байсан. Зарагдсан барааны мөнгийг шилжүүлээд баримтны 1 хувийг нь мөн адил шилжүүлэхээр Б.Г анх гаргасан жагсаалтыг үндэслэн хасалт хийж бүртгэдэг. Тэгээд заримдаа өөрөө ирж падаан болон жагсаалтын дагуу тулгаж үзэж тооллого хийдэг байсан. Баримт жагсаалт нь өөрт нь байгаа. Өдөр болгон гардаг зардал гээд байх юм байхгүй. Харин овор ихтэй зүйл зарах юм бол хүргэлт үнэгүй гэдэг байсан учир 10.000 төгрөгөөр тооцож хүргэж өгсөн машиндаа өгдөг байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 56 /
Шүүгдэгч Б.Гыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 73-78 /, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 84-88 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 92 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие “Саммит” ХХК-д 2013 оны 04 дүгээр сард борлуулагчаар орсон. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн гэрээт борлуулагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа борлуулалтын мөнгөнөөс 8 сая төгрөгийг хувьдаа хэрэглэсэн. Мөн бусад зардлуудад тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан. Алдагдалтай ажиллаж байсан учир томоохон баярын үеүдээр нөхөх боломжтой гэж тооцсон боловч ажиллах хугацаанд нийт “Саммит” ХХК-д 23 307 259 төгрөгийг хохирол учруулсан нь үнэн. Дээрх хохиролд иргэний нэхэмжлэгчид төлөх түрээсийн төлбөр 4.550. 000 төгрөг орж тооцогдон нийт 27 857 259 төгрөгийн хохирол учруулсан. Учруулсан хохирлуудыг бүрэн төлж барагдуулсан.
Миний учруулсан хохирлын хэмжээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан хэмжээнд хүрэхгүй байгаа учир зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр ажилгүй, 3 хүүхэдтэй учир хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Ц.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Г нь манай компаний Сэлэнгэ аймаг дахь гэрээт салбарыг хариуцсан менежерээр ажиллаж байгаад 27 орчим сая төгрөгний хохирол учруулсан юм. Бид аудитын дүгнэлт гаргуулан улмаар ЦБ-д өгч шалгуулсан. Гэвч Б.Гад манай байгууллагын дотоод журамд зааснаар орон нутаг хариуцсан менежерүүдэд олгодог цалингийн урамшуулал буюу 13 дахь сарын цалин олгогдох ёстой байсан нь байгууллагын буруугаас дээрх тооцоонд ороогүй орхигдсон байсан. Захирлын тушаалаар түүнд 4.000.000 төгрөг олгож, түүний нийт хохирлоос хасагдаж, үлдэх 23 307 259 төгрөгийн хохирлыг Б.Г нь 100% төлж барагдуулсан.
Иймд манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Гад ялын хувьд хамгийн багаар шийтгэж өгнө үү. Залуу хүн саяхан эхнэр нь төрсөн, гурван хүүхэдтэй, цаашид ажил хийх боломжтойг харгалзан үзнэ үү гэсэн хүсэлттэй байгаа гэв.
Иргэний нэхэмжлэгч С.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Гтай 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 650.000 төгрөгийг сар бүрийн 5-ны өдөр төлөх нөхцөлтэй түрээсийн гэрээ байгуулсан байсан. Гэвч Б.Г нь “ Эдийн засаг хямралтайгаас болоод бараа зарагдахгүй байна “ гээд түрээсийн мөнгөө өгөөгүй. Би адилхан залуу хүн учир энэ байдлыг ойлгоод нилээн хүлээсэн. Гэтэл Б.Г нь 4.550.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Сэвжидмаа мэдүүлэхдээ: Манайх тайлан гаргадаг бөгөөд тайландаа дүгнэлтээ бичдэг. Дүгнэлтэндээ гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа. Борлуулагч Н.Г нь “ Саммит компьютер технологи “ ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хуудас бүрт гарын үсэг зураагүй боловч дээрх гэрээг 2 тал харилцан байгуулж, гарын үсгээ зурсан тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн. Дээрх гэрээ нь хэдий хатуу заалттай гэрээ байсан боловч нэгэнт гарын үсгээ зурсан учир бид зүйл заалтаар нь гэрээг дүгнэсэн. Мөн 2015 онд байгуулсан гэрээ боловч гэрээг цуцлаагүй тул гэрээний заалт хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрээнд заасны дагуу борлуулалтын урамшууллыг тооцсон. Н.Г нь бараа материалын 8.338.681 төгрөгний үлдэгдэлтэй байсан.
Тайлан гаргахад 13 дахь сарын цалин бодох заалт байгаагүй. Хэрвээ байсан бол Н.Гын хохирлоос хасаж тооцох үндэслэлтэй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ж.Бадамсүрэн мэдүүлэхдээ: Анхан шатны баримт болон мэргэжлийн байгууллагын тайлан дүгнэлтийг үндэслэн дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлтээр Н.Г нь 39.365.765 төгрөгний өр дутагдалтай гарсан бөгөөд 8.338.681 төгрөгний бараа материалыг хүлээлгэн өгсөн тохиолдолд түүний хохирлоос хасаж, 31.365.765 төгрөгний өртэй болно. Н.Г нь бараа материалыг хүлээн авсан баримт байсан. Энэ нь ерөнхий дансны баримт юм. Миний энэ дүгнэлт нь дутагдал юм. Үрэгдүүлсэн, завшсан болохыг шинжээч нар тогтоохгүй гэв.
Шүүгдэгч Б.Г нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ныг хүртлэх хугацаанд "Саммит компьютер технологи" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан Сэлэнгэ аймаг дахь "Писи молл" салбарын гэрээт борлуулагчаар ажиллаж байхдаа бараа материал борлуулсан мөнгөнөөс нийт 27.307.259 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Би тооцоог бодохдоо буруу гаргаж мэдүүлсэн байна. Манай компанид аудитын бүгнэлт болон шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр нийт 27.307.259 төгрөгний хохирол учирсан дээр аудитын дүгнэлт гаргуулсан 1.060.000 төгрөг нэмэгдээд нийт 28.367.259 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 10.000.000 төгрөгийг Б.Г төлсөн тул үлдэгдэл 18.367.259 төгрөг нэхэмжилж байна гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Анхбаярын мэдүүлэг / 2 дугаар хавтас 79 /, … Б.Г бид 2 тооцоо нийлэхэд зарим барааны мөнгө дутсан. Энэ талаар асуухад Б.Г хэрэглэгчээс нь аваад өөртөө зарцуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би удирдлагуудад хэлсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч У.Жавзансүрэн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 14 /, ... " Си Эс Ай Аудит " ХХК-ний 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8\187 тоот аудитын тайлангийн дүгнэлт / 1 дүгээр хавтас 16-21 /, ... Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №180 тоот шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хавтас 25-27 /, …2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс байраа сарын 650.000 төгрөгөөр түрээслэхээр 1 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Гэтэл мөнгөө төлөлгүй 8.000.000 төгрөгний бараа үлдээгээд явсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч С.Шинэбаярын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 54-55, 2 дугаар хавтас 81 /, ...Би зарсан барааныхаа мөнгийг Б.Гын дансанд өдөр болгон явуулдаг байсан. Хаяа орой болоод банк хаачих юм бол маргааш нь явуулдаг байсан. Зарагдсан барааны мөнгийг шилжүүлээд баримтны 1 хувийг нь мөн адил шилжүүлэхээр Б.Г анх гаргасан жагсаалтыг үндэслэн хасалт хийж бүртгэдэг. Тэгээд заримдаа өөрөө ирж падаан болон жагсаалтын дагуу тулгаж үзэж тооллого хийдэг байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Л.Тэмүүжингийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 56 / зэрэг болно.
Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Анхбаяр мэдүүлэхдээ: Манай компанийн дотоод журамд зааснаар жилийн эцэст орон нутаг хариуцсан менежерүүдэд олгодог цалингийн урамшуулал буюу 13 дахь сарын цалинг бодож олгодог юм. Энэ нь тооцоо бодох үед орхигдсон байсан. Захирлын тушаал гарч Б.Гад 4.000.000 төгрөгний урамшуулал олгогдсон. Энэ нь түүний хохирлоос хасагдаж тооцогдох ёстой тул манай байгууллагад нийт 23.307.259 төгрөгний хохирол учирсан гэж мэдүүлсэн. Мөн “ Саммит компьютер технологи “ ХХК-ний 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/307 тоот албан бичигт “ Б.Г нь манай байгууллагад учруулсан 23.307.259 төгрөгний хохирлоо 100% төлж барагдуулсан “ гүйцэтгэх захирал Н.Ганзориг гэжээ.
Иймд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Гыг “ Саммит компьютер технологи “ ХХК-д 23.307.259 төгрөгний хохирол учруулсан гэж үзэж, түүний зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар зүйлчлэн, Б.Гыг бусдын эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, “Саммит компьютер технологи “ ХХК нь санхүүгийн мэргэжилгүй хүнийг бараа материал хариуцуулан ажиллуулсан тул Б.Гад эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж тус тус үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос Батмөнхийн Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 150 дугаар зүйлийн 150.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Батмөнхийн Гыг бусдын эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Гын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Г нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Б.Гад оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
6. Б.Гад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Б.ДУЛАМСҮРЭН