Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 01337

 

2017 оны 06 сарын 08 өдөр

               Дугаар 183/ШШ2017/01337

Улаанбаатар хот

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Есүхэй овогтой, Нэргүйн Шинэболдын нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайнь, сургуулийн 7 тоотод оршин суух/

 

            Нас тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Шинэболд, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Шинэболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Шинэболд миний бие Сэлэнгэ аймагт сургуульд сурч байгаад төрсний гэрчилгээгээ алга болгосон бөгөөд хот руу орж ирээд дахин төрсний гэрчилгээгээ гаргуулахаар иргэний бүртгэлийн байгууллагад хандсан боловч ийм регистрийн дугаар улсын мэдээллийн санд байхгүй байна гэсэн. Тэгээд асууж сураглахад төрсөн хүүхдэд анх регистрийн дугаар өгчихөөд тэр регистрийн дугаараа архивт хийх ёстойг хийгээгүй юм байна гэсэн. Мөн төрөлтийн бүртгэлд байсан бичгээ авах боломжтой байсан боловч 1990 оноос өмнөхийг нь устгалд оруулсан гээд миний баримт бичиг гарч ирээгүй. Улмаар иргэний бүртгэлийн байгууллагаас хэн гэдгийг чинь мэдэхгүй учраас шүүхээр насаа тогтоолгох хэрэгтэй гэсэн. Иймд би шинэ регистрийн дугаар авах шаардлагатай болсон тул миний насыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Шинэболдын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Хүсэлт гаргагч Н.Шинэболд “би 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д.Нэргүйн 2 дахь хүү болон төрсөн. Сэлэнгэ аймагт сургуульд сурч байгаад төрсний гэрчилгээгээ алга болгосон бөгөөд хот руу орж ирээд дахин төрсний гэрчилгээгээ гаргуулахаар иргэний бүртгэлийн байгууллагад хандсан боловч ийм регистрийн дугаар улсын мэдээллийн санд байхгүй байна гэсэн. Тэгээд асууж сураглахад төрсөн хүүхдэд анх регистрийн дугаар өгчихөөд тэр регистрийн дугаараа архивт хийх ёстойг хийгээгүй юм байна гэсэн. Иймд би шинэ регистрийн дугаар авах шаардлагатай болсон тул миний насыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

            Есүхэй  овогтой, Нэргүйн Шинэболд нь 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болох ньтүүний Цэргийн жинхэнэ албанд татгадсан байдлын 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0114259702 дугаар үнэмлэхэнд бичигдсэн “...регистрийн дугаар ИБ88122519” гэсэн бичилт, эх Э.Нарангэрэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0116289 дүгээр дэвтрийн хүүхэд Нэргүйн Шинэболд регистрийн дугаар ИБ88122519” гэсэн бичилт, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газын Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 024/002967 дугаар Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/019246 дугаар Төрөлт бүртгэл гараагүй тухай лавлагаа, Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 1997-2005 оны төгсөлтийн 8Ё ангийн зураг зэргээр тогтоогдож байна.

 

            Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар албан бичгээр “...Н.Шинэболдын төрсний бүртгэлийн лавлагаа ОӨУБЕГ-ын Улсын бүртгэлийн төв архиваас олдохгүй байгаа учир нас тогтоолгох шаардлагатай байна. Иймд шүүхээр насыг тогтоож өгнө үү” гэсэн байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5832 дугаар “...Нэргүйн Шинэболд нь 29 настай байх боломжтой” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан Есүхэй овогтой, Нэргүйн Шинэболдыг 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоох нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан Есүхэй овогтой, Нэргүйн Шинэболдыг 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ж.Батнасангийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД