| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 101/2017/0909/и |
| Дугаар | 1047 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 1047
И.З-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00909 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч И.З-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.Ц, М.Г нарт холбогдох,
Худалдсан адуу буюу махны үнэ 40 341 600 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийн алдангид 8 000 000 төгрөг, зээл 5 700 000 төгрөг, нийт 54 041 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч Д.Ц, М.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хариуцагч: Д.Ц, М.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч И.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр М.Г , түүний нөхөр Д.Ц нарт 50 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Миний бие эдгээр хүмүүсийг урьд нь таньж мэдэхгүй, манай найз Ц.Туул “Манай найзуудад мөнгө зээлдүүлээч, итгэлтэй хүмүүс, мөнгийг чинь удаахгүй өгчих хүмүүс” гэж хэлэхэд нь итгээд, зээлдүүлэхдээ барьцаанд нь Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Улаанхуаран, 1-р гудамж 124 тоот, 40.6 м.кв, үйлчилгээний зориулалттай объект, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Улаанхуаран, 1-р гудамж 124 тоот, 62.3 м.кв, үйлчилгээний зориулалттай объект, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Улаанхуаран, 1-р гудамж 124 тоот, 56 м.кв, гараашийн зориулалттай объект, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, толгойт 73 гудамжны 8а тоот 305 м.кв газар, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, толгойт 73 гудамжны 8а тоот 84.5 м.кв хувийн сууц гараашийн зориулалттай объектуудыг тус тус барьцаа болгон, барьцаат зээлийн гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Ингээд М.Г , Д.Ц нар 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр гэхэд зээлийн хүүтэйгээ нийлээд 57 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин алданги гэж 8 000 000 төгрөг тооцогдон үлдсэн. Тэгээд М.Г , Д.Ц нар надаас 52 адуу авсан. Үүнийгээ махны үнэ гэж тооцож, 40 341 600 төгрөг, бэлэн мөнгөөр 13 700 000 төгрөг, нийт 54 041 600 төгрөгийг И.З надаас зээлдэн авч, /Үүнд үлдэгдэл 8 000 000 төгрөг орсон болно/ 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “баталгаа гаргах нь” гэсэн баримт үйлдэж, нотариатаар батлуулсан. Тэгэхдээ урьд барьцаанд болгосон объектууд байгаа болохоор найдвартай гэсэн. Түүнээс хойш миний бие мөнгөө нэхэхэд ямар нэгэн шалтаг хэлсээр ирсэн. Иймд М.Г , Д.Ц нараас 54 041 600 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.З-ыншүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. 50 000 000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний алдангид 8 000 000 төгрөг тооцогдон үлдсэнийг нэхэмжилж байгаа. Мөн нэмж 5 700 000 төгрөг зээлж авсан. М.Г , Д.Ц нар И.З аас 48 адуу авсан. Үүнийгээ махны үнэ гэж тооцож, 40 341 600 төгрөг, бэлэн мөнгөөр 13 700 000 төгрөг, нийт 54 041 600 төгрөгийг И.З т төлөхөө “баталгаа гаргах нь” гэсэн баримт үйлдэж батлуулсан. Уг баталгаа гэх баримтыг үндэслэн М.Г , Д.Ц нараас 54 041 600 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эхнэр М.Г гийн эгч Туулын хамтаар Зоригтбаатараас 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 50 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлнэ гэж ярьсан боловч мөнгө өгөхдөө 15 хувийн хүүтэй бодож өгсөн. Зоригтбаатар нь бидний гэрээнээс хятад түншийн утасны дугаар, “Их чулуут” ХХК-ийн захирал Болдын утасны дугаарыг бидэнд хэлэлгүй хулгайгаар утсаар ярьж, холбоо барьж бидний ажил бизнест хүндрэл учруулж, бидний бизнесийг үгүй болгож, хятадад очсоны дараа нядалгааны адуу амьдаар зарж, Манжуурын мал эмнэлэг хорио цээрийн газраас Сүхээгийн компанийн үйл ажиллагааг зогсоож, бидний ажил бизнест маш ихээр саад учруулж, эдийн засгийн хохирол учруулсан. Зээлсэн 50 000 000 төгрөгийг бид төлсөн. И.З-ын52 адууны асуудлыг би мэдэхгүй, энэ яриаг хийхэд И.З , н.Барсаа, н.Туул, М.Г нар ярилцаж хийсэн. Өөрсдөө ярьсан учраас би зөвшөөрөхгүй. Бидний ажил бизнест хөндлөнгөөс оролцож эдийн засгийн хямралд оруулж, сэтгэл санааны хүнд байдалд оруулсан И.З т маш их гомдолтой байна...” гэжээ.
Хариуцагч М.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.Ц бид хоёр И.З аас 2015 оны 09 дүгээр сарын 12-нд 50 000 000 төгрөг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Гэхдээ н.Туул эгч И.З аас 5 хувийн хүүтэй мөнгө авч өгөхөөр ярьсан боловч зээлэхдээ 15 хувь болгосон. 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр 57 000 000 төгрөг төлсөн. 8 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойшхи хүү гэж нэхэмжилж байгаа байх ойлгож байна, энэ мөнгийг төлөхгүй. Харин 5 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын үед Дорнод аймгаас Хятад улс руу мах гаргах гэж байх үедээ зээлсэн нь үнэн ба уг 5 000 000 төгрөгийг төлнө, харин 700 000 төгрөгийн зөрүү гарч байна, энэ мөнгийг би аваагүй учир төлөхгүй. Манай “Төгс буянт трейд” ХХК БНХАУ-ын “Ихэ” ХХК-тай 200 адууны мах худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан. ...Манай нөхөр Цэдэнжав байсан ч энэ ярианд оролцуулаагүй.Би И.З аас 48 тооны адуу худалдаж аваагүй, худалдан авах талаар хийсэн гэрээ хэлцэл байхгүй. Хятад руу өөрийн байгуулсан гэрээн дээр оруулж өгсөн нь үнэн. ...Ингээд И.З-ын50 адууг н.Барсаа гэх залуу нядалгаанд оруулсан, И.З ч өөрөө хамт байлцсан. 2 адууг амьдаар нь зарсан гээд хасч тооцсон. Уг 48 адууг нядлахад 5 120 кг болсон. Үүнээс 21.5 кг-ыг өөрсдөө зарж мөнгөө авсан, 103 кг-ыг толгойн мах, мөн 2 адууны махыг хасч тооцсон. 4 995.5 кг махны тооцоотой болсон. Манай 1 кг хятадын 2 жинтэй тэнцдэг юм. Гэрээгээр 1 жин буюу манайхаар 0.5 кг-ыг 20 юаниар худалдах гэрээтэй байсан боловч 1 жинг 11 юань, манайхаар 1 кг адууны махыг 22 юаниар тооцож надад мөнгийг өгсөн. Энэ мөнгийг тухайн үед өгөөгүй ба 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр очиж миний бие авсан нь үнэн. 4 995.5 кг х 22 = 109 901 юань болсоноос 50 адууг х 1400 юань = 70 000 юанийг хил гаалиар нэвтрүүлэх, нядалгаа, хөргөгчний мөнгийг 1 адуунд 1 400 юань төлөх гэрээтэй учир суутгахад 39 901 юань болж байна. Үүн дээр би 50 адууны 244 юанийг тооцож 12 200 юанийг Болдод төлөх мөнгөнөөсөө хасч И.З т өгье гэж тохирсон тул нэмнэ. Мөн адууны шир, нарийн гэдэс, бөөр, гэдэс, хэл, зүрх, яс зэрэг дайвар бүтээгдэхүүний 21 840 юанийг нэмээд 73 941 юанийг 312 төгрөгөөр тооцоход 23 069 592 төгрөгийг би төлнө. И.З аас болж би маш их хохирсон. Махны мөнгөө авч би И.З т зээлсэн 50 000 000 төгрөгөө 57 000 000 төгрөг болгож төлсөн. Би хүмүүсээс адуу авсан байснаа төлөөд одоо ямар ч төлөх боломжгүй болсон...” гэжээ.
Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Г , Д.Ц нараас 36 069 592 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.З т олгож, нэхэмжлэлээс 17 972 008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г , Д.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 338 298 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.З т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч М.Г давж заалдах гомдолдоо: “...И.З аас зээлж авсан 50 000 000 төгрөгийн хүүг төлөхгүй. И.З-ынн.Болдод өгсөн 500 юанийн зөрүүг би хариуцахгүй. 50 адуу х 244 юань = 12 200 юанийг би аваагүй. И.З т 17 263 192 төгрөгийг төлнө. Д.Ц нь зээлийн гэрээнд оролцсон ч зээлийн төлбөр 50 000 000 төгрөгийг төлсөн, И.З-ын50 адууны хэрэгт оролцоогүй тул хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож өгнө үү. И.З нь маш сайн танина. Иймд хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Д.Ц давж заалдах гомдолдоо: “...И.З , н.Барсаа нарын 4 адуу, н.Нямаа, н.Пүүжээ нарын адуу зарсан хэргээс болж бид маш их хохирсон. И.З аас зээлж авсан 50 000 000 төгрөгийг өгсөн. Бид гэрээгээр 1 кг махыг 40 юаниар зарах байсан махаа зарж чадаагүй. Би И.З , М.Г нарын хоорондын 50 адууны талаар би мэдэхгүй. Энэ хэрэгт холбогдолгүй гэдгийг М.Г баталж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч И.З нь хариуцагч М.Г , Д.Ц нарт холбогдуулан худалдсан адуу буюу махны үнэ 40 341 600 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийн алдангид 8 000 000 төгрөг, зээл 5 700 000 төгрөг, нийт 54 041 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 5 000 000 төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрч, алданги 8 000 000 төгрөгийг төлөхгүй, 700 000 төгрөг зээлж аваагүй, адуу худалдаж аваагүй, адууны махны үнэд 26 069 592 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргажээ.
Талууд 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 50 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохирч, зээлдэгчид нь үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг, 10 хороо, Улаанхуаран, 1 гудамж, 124 тоот 40.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, мөн хаягт байрлах 62.3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 56 м.кв талбай бүхий гарааш, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт, 73 гудамж 8а тоот хаягт байрлах 305 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 84.5 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалсан үйл баримт тогтоогдсон, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. /хх 4-7/
Шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв болжээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хугацаа дууссанаас хойш 57 000 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй бөгөөд алдангид нэхэмжилсэн 8 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагч нараас алдангид 8 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч И.З нь 2015 оны 11 дүгээр сард 5 000 000 төгрөгийг хариуцагч М.Г д зээлдүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, мөн хариуцагч М.Г нь 5 000 000 төгрөгийг буцааж төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин нэхэмжлэгч И.З нь хариуцагч М.Г д 700 000 төгрөгийг зээлдүүлсэн болохоо баримтаар нотлож чадаагүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч М.Г нэхэмжлэгч И.З нар нь харилцан тохиролцож “Төгс буян трейд” ХХК БНХАУ-ын “Ихэ” ХХК-тай байгуулсан 200 адууны мах худалдах, худалдан авах гэрээнд багтаан И.З-ын50 тооны адууг БНХАУ-ын хилээр амьдаар нь гаргахаар хамтран ажилласан болох нь талуудын хэн алины тайлбар, хэрэгт авагдсан 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх 24, 48-56/
Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар талууд хамтран ажиллах гэрээнээс олсон ашиг, алдагдлыг харилцан тооцох учиртай. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд И.З , Д.Ц, М.Г нарын хооронд тооцоо нийлсэн гэх баримт авагдаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хэргийн 20-23 дугаар талд авагдсан хариуцагч М.Г гийн шүүхэд бичгээр гаргаж өгсөн тооцоо гэх баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00909 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Г давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338 298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН