| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 186/2018/0831/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 170
Т.Тод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Бадрал,
шүүгдэгч Т.Тын өмгөөлөгч Ц.Баасанжав,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 887 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Тын өмгөөлөгч Ц.Баасанжавын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Т.Тод холбогдох 1811026530999 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Чингүүнжав овгийн Т-н Т, 1993 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “Мөнх гүүр жем” ХХК-нд салбар хариуцсан менежер ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Орхон аймаг .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............./,
Т.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Усан сангийн 1-07 тоотод байрлах хохирогч Э.Тын түрээсийн өрөөнд хууль бусаар, нууцаар, нэвтрэн орж “Asus” брендийн зөөврийн компьютер хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Чингүүнжав овогт Т-н Тыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Тыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Тын өмгөөлөгч Ц.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, гэрэл зураг, хохирогч Э.Тын “...бор өнгийн шүүгээнд байсан..., ...намайг ирэхэд цоож цуурганд эвдрэл гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс харахад орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх ямар ч шинж тэмдэг байхгүй, хаалга үүд нь бүрэн бүтэн, цоож цуурга хэвийн, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байхад орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж дүгнэсэн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоож бодитойгоор дүгнэлт хийж шийдвэрлэх зарчим алдагдсан.
Хохирогч өөрийнхөө нөүтбүүкийг хаана хийснээ яг тодорхой сандаггүй, нэг бол шүүгээнд, нэг бол шкафанд хийсэн гэх мэтээр, сүүлд шүүх хуралд бүр гэрч Төмөртогоогийнд ч тавьсан байж магадгүй мэтээр тайлбарлаж байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй.
Шүүгдэгч Төрболд найзынхаа нөүтбүүкийг түр хэрэглэж байгаа гэж тухайн үед ойлгосон. Энэ нь түүний “нөүтбүүкийг 7 хоног сургалтандаа хэрэглээд, цүнхэндээ авч явж байгаад цагдаа дуудаад асуухад энэ байна гээд гаргаж өгсөн” үйлдлээс тодорхой харагддаг. Үүнээс харахад ямар нэг шунахай сэдэлт байхгүй гэдэг нь тодорхой байгаа. Хулгайн гэмт хэргийн нэг чухал шинж бол сэдэлт гэж ойлгодог.
Энэ бүхнээс дүгнэлт хийхэд ямар нэг хохирол байхгүй, хохирогч нь гомдол саналгүй, үнэлгээний хувьд ч эргэлзээтэй, хамгийн гол нь орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг шууд хүнд гэмт хэрэг гэж тооцон ял оногдуулсан явдал нь Эрүүгийн эрх зүйн энэрэнгүй байх зарчим болон эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмуудыг алдагдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуульд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчим байгаа. Тухайн байрны тээврийг хоёр хувааж нийтийн байр болгосон. Орон байр нь оршин суугчийн өөрийн байр бөгөөд эд зүйлээ хийгээд түгжиж явдаг тул тухайн байранд нэвтэрч орсон үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2.1-т заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж зүйлчилж шийдвэрлэсэн. Зүйлчлэлийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзэж ял хадгалсан. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 887 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Усан сангийн 1-07 тоотод байрлах нийтийн байранд найз Ш.Төмөртогоогийн өрөөнд хоноглох үедээ хажуугийн хохирогч Э.Тын түрээслэж байсан өрөөнд хууль бусаар, нууцаар, нэвтрэн орж “Аsus” загварын зөөврийн компьютерыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Т.Тын “...цагаан өнгийн зөөврийн компьютер байхаар нь би Төмөртогоогийн компьютер гэж бодоод аваад явчихсан. Би өмнөх өдөр согтуу байсан учир хаанаас энэ компьютерийг авсан талаараа санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-29/,
хохирогч Э.Тын “...дээврийн өрөөнд байсан “Asus” брендийн зөөврийн компьютер авах гэж ирсэн чинь бор өнгийн шүүгээнд байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-24/,
гэрч Д.Тамарагийн “...түрээслэгч охин над руу залгаад “өрөөнд хулгай орсон байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-26-27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцэх 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд MN000710019571 гэсэн дугаараар бүртгэгдсэн Түвшинбат овогтой Төрболдын зүүн гарын дунд хурууны хээний дардастай тохирч байна.” гэх 06/613 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-36/,
эд зүйлсийн үнэлгээ /хх 42-43 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Т.Тыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Т.Тын хохирогч Э.Тын түрээсийн өрөөнд хууль бусаар, нууцаар, нэвтрэн орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байр” гэх ойлголтод хамаарч байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжавын гаргасан “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч “...цагаан өнгийн зөөврийн компьютер байхаар нь би Төмөртогоогийн компьютер гэж бодоод аваад явчихсан. Би өмнөх өдөр согтуу байсан учир хаанаас энэ компьютерийг авсан талаараа санахгүй байна... Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогчийн зөөврийн компьютерийг тэр даруй буцааж өгч, хохирогч Э.Т нь гомдол саналгүй болсон зэрэг нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 887 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Тыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц. ОЧ