Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2015/0165

 

2015 оны 4 сарын 08 өдөр

Дугаар 165

Улаанбаатар хот

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар шийдвэртэй, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ”А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна, 5.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ гэж заасан байдаг. “А” ХХК нь дээрх хуулийн шаардлагыг хангаж тусгай зөвшөөрөлд заасны дагуу 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 728/Б/1S/26 дугаартай Тусгай зөвшөөрлийн дагуу Дархан-Уул аймаг Дархан сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эхэлсэн ба 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 730/Б/1S/03 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу Телевиз радиогийн олон сувгийг интернэт ашиглан дамжуулах үйлчилгээ явуулах эрхийн албан ёсоор авч, хууль ёсны дагуу Ай Пи Тв үйлчилгээ эрхэлж, 400.000.000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж төсөл хэрэгжүүлж байна.

Гэтэл орон нутагт буюу Дархан-Уул аймагт харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй Ю ХХК нь Дархан-Уул аймагт Ай Пи Тв үйлчилгээгээ эхлүүлж, өөрийн зах зээлд монопол байдлаа ашиглан үнэ төлбөргүй холболт хийж эхэлсний улмаас манай компани хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжих боломжгүй болж, дампуурах байдалд ороод байна.

Ю ХХК-ийн дээрх үйл ажиллагаа нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 05 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна, 5.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт гэрээнд үйлчлэх нутаг дэвсгэр тусгана, 25 дугаар зүйлийн 25.2.9 дэх хэсэгт хууль, гэрээгээр хүлээсэн бусад үүргийг биелүүлэх, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах гэж заасныг тус тус зөрчсөн.

Ю ХХК-ийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул Харилцаа холбооны зохицуулах хороонд гомдол гаргасан. Харилцаа холбооны зохицуулах хороо манай гомдлыг хянаж үзээд Ю ХХК-д Хууль бус ажиллагаагаа зогсоох арга хэмжээ авахыг үүрэг болгосон тухай 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/819 дүгээр мэдэгдлийг Ю ХХК-д бүртгүүлж, хуулбарыг манай компанид ирүүлсэн. Уг 01/819 тоот мэдэгдэлд танай компани Дархан-Уул аймагт үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа нь тусгай зөвшөөрлийн гэрээний 3.1 дэх заалтыг зөрчиж тусгай зөвшөөрлөөр олгосон эрх хэмжээ хэтрүүлсэн. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг зөрчиж тусгай зөвшөөрөлд заасан хамрах хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй зөрчил болно. Хэрэв дээрх үйлдэл давтагдаж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.4 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдэхийг үүгээр мэдэгдэж байна гэсэн нь Ю ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, гаргасан зөрчилд нь тохирсон хариуцлага ногдуулж чадаагүй хэт хөнгөдсөн шийдвэр боллоо гэж үзэх дараах үндэслэл байна.

-               Ю ХХК нь тусгай зөвшөөрөлд заагаагүй хамрах хүрээнд буюу Дархан-Уул аймагт үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа биш харин бидний мэдэж байгаагаар дор хаяж 266 айлд холболт хийж, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн байгаа болно.

-               Дархан-Уул аймагт буюу тусгай зөвшөөрөлд заагаагүй нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн санаатай үйлдэл юм.

-               Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсгийг зөрчсөн бол зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасан байхад зөвхөн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдэж байна гэж мэдэгдэлд заасан нь хуульд нийцээгүй байна.

-               Уг мэдэгдлийг хүргүүлснээс хойш Ю ХХК нь өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулсаар байна.

-               Иймд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 14.1.5 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 15.1.4 дэх хэсэгт хууль гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулсан бол Зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж шууд заасныг баримтлан, Аж ахуйн үйл ажиллагааны тухай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Ю ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийг үндэслэн хариуцлага тооцох тул уг хуулийн энэхүү заалт нь ямар нэгэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах, “А” ХХК-ийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл болж чадахгүй гэж тус хороо үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 145 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Өндөр хурдны өргөн зурвас сүлжээ үндэсний хөтөлбөр-ийн 5.3.7 дахь хэсэгт орон нутагт интернэт протоколд суурилсан үйлчилгээг хөгжүүлэх ... гэж заасан байдаг.

“А” ХХК нь тус хорооноос 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Телевиз радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Дархан-Уул аймгийн Дархан суманд интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээг өөрийн хөрөнгө оруулалтаар хийхээр авсан. Гэвч тус хорооны 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/142 дугаар тушаалаар томилогдсон Дархан-Уул аймагт ажилласан шалгалтын баг “А” ХХК-ийг тусгай зөвшөөрөл анх авахдаа бүрдүүлж өгсөн төлөвлөлтийн дагуу бус С ХХК-тай түрээсийн гэрээ хийж бүх тоног төхөөрөмж, дэд бүтэц сүлжээг ашиглан Дархан Ай Пи Тв нэртэйгээр С ХХК-ийн интернэтэд суурилсан телевизийн үйлчилгээг хүргэж байгааг илрүүлсэн байна. Хэрвээ энэ үйлдэл нь санаатайгаар буюу ийм үйл ажиллагаа эрхлэх зорилгоор тус хорооноос тусгай зөвшөөрлийг хуурамч, буруу бичиг баримт бүрдүүлэн авсан тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээг тус хороо Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд авах болно.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргын 2009 оны 111 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсад интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээг нэвтрүүлэхэд баримтлах чиглэл-д интернэт протоколыг ашиглан хөдөлгөөнт дүрс, дуу дамжуулах үйлчилгээг технологийн хувьд 3 хуваасан. Үүнд: Ай Пи Тв, Интернэт Тв, Интернэт видео

Уг баримтлан чиглэлд бүртгэлтэй хэрэглэгчтэй, видео сантай, телевизийн нэвтрүүлгийг шууд үзэх боломжтой, төрөл бүрийн интерактив дамждаг, дүрсийн чанар өндөр түвшинд хүрсэн тусгай хүлээн авагчтай, телевизийн бүрэн дэлгэц хангах нягтралтай, оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан контенттой үйлчилгээг Ай Пи Тв үйлчилгээ хэмээн тодорхойлсон. Гэвч “А” ХХК-ийн эрхэлж буй одоогийн түрээсийн үйл ажиллагаа нь видео сангүй, телевизийн нэвтрүүлгийг шууд үзэх боломжгүй, Улаанбаатар хотын сувгуудыг дамжуулах сүлжээ ашиглан дахин дамжуулдаг, төрөл бүрийн интерактив үйлчилгээгүй зэргийг харахад дээр дурдсан тодорхойлолтын дагуу Ай Пи Тв-ийн үйлчилгээ эрхлээгүй гэж үзэхээр байна.

Уг компани 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 730/Б1S03 тоот Дархан-Уул аймгийн Дархан суманд Телевиз радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авахдаа бүрдүүлсэн төлөвлөлтийн дагуу үйлчилгээ хүргэх дэд бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар хийж, өөрсдийн гаргасан хугацааны төлөвлөлтийн дагуу өдгөө Дархан-Уул аймгийг хамарсан дэд бүтцийг байгуулсан байх ёстой. Гэвч одоогийн байдлаар тус компани Улаанбаатар хотод үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниас бүх зүйлээ түрээслэн тусгай зөвшөөрлийн хүрээнд хууль ёсны үйлчилгээ хүргэж байгаа нь учир дутагдалтай байна.

Мөн уг түрээсийн гэрээний 2.5 дахь хэсэгт Гэрээнд заасан үйлчилгээтэй холбоотой гарч байгаа бүх төрлийн нийт зардлаас түрээслүүлэгч тал 80 хувийг, түрээслэгч тал 20 хувийг хариуцна гэж заасан байтал 400.000.000 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг нь бодит бус байна. Учир нь тус хорооны ажлын хэсэг газар дээр нь шалгалтаар очиход тус компанийн зохион байгуулсан сүлжээ гэж байхгүй үйлчилгээний үндсэн тоног төхөөрөмж нь Улаанбаатар хотод түрээслэгчийн эзэмшилд байдаг, үүнээс С ХХК-ийн дамжуулах сүлжээг ашиглан Дархан-Уул аймгийн шинэ Дархан, хээтэй хорооллын зүүн хэсгийн 9 байранд хүргэсэн нь нотлогдсон. “А” ХХК болон С ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Түрээслэгчид шаардлагатай Ай Пи Тв-ийн үндсэн сервер тоног төхөөрөмжийг ашиглуулан Дархан хотод түрээслэгчийг үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай техник боломжийг бүрдүүлж өгөх үүрэгтэй, 3.2 дахь хэсэгт Сүлжээний үндсэн дэд бүтэц болон Ай Пи Тв үйлчилгээний үндсэн тоног төхөөрөмж, Дархан хотод хийгдэх өрх хүртэлх сүлжээний бүх хэсгүүд нь түрээслүүлэгчийн өмч болно, 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Түрээслүүлэгч нь хэрэглэгчид тавих тоног төхөөрөмж болох STB (Set Top Box/Тв бокс), HG (Home Gateway/интернэтийн төхөөрөмж) болон эдгээрийн сэлбэг хэрэгслийг хангах үүрэгтэй., 3.5 дахь хэсэгт Тоног төхөөрөмж, бараа материалаар хангахтай холбоотой тээврийн зардлыг түрээслүүлэгч нь хариуцна гэх мэтчилэн заалтуудыг заасан байна.

Ю ХХК-ийн хувьд 2011 оноос эхлэн Улаанбаатар хотод Ай Пи Тв, өндөр хурдны интернэт, суурин утасны гуравласан үйлчилгээг нэвтрүүлэн үйл ажиллагаа явуулдаг. Ю ХХК-аас хөдөө орон нутгийн иргэдийн хүсэлтийг үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дархан, Эрдэнэт хотуудад үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг бизнес төлөвлөгөөний хамт тус хороонд ирүүлсэн.

Тус хороо 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Ай Пи Тв-ийн үйлчилгээний өнөөгийн байдал, тусгай зөвшөөрлийн хэрэгжилтийн явцыг авч хэлэлцээд, тус үйлчилгээ нь хөрөнгө оруулалт ихээр шаарддаг, үнэ тариф нь олон улстай харьцуулахад хямд, зах зээлийн багтаамж бага байгаагаас хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа удаан, монопол үүсээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-ийг үндэслэн Ай Пи Тв-ийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэсэн.

Гэвч Ю ХХК тус хороонд мэдэгдэлгүйгээр Дархан-Уул аймгийн Дархан суманд гуравласан үйлчилгээг нэвтрүүлэн хэрэглэгчдийг холбосон тухай гомдол “А” ХХК-аас тус хороонд ирсэн.

Тус хороо “А” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Ю ХХК-д 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/819 дүгээр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлдээ хэрвээ гомдолд дурдсан үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрээг болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгааг мэдэгдээд хууль зөрчсөн үйлдлээ зогсоохгүй бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдэхийг сануулсан сануулга өгсөн. Өөрөөр хэлбэл, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу тус хороо өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Ю ХХК-д тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх нөхцөл бүрдэх талаар сануулга өгч хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Иймд, “А” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан тус хорооны гаргасан шийдвэр нь хууль бус болохыг тогтоох гэсэн нь огт үндэслэлгүй, тус хорооны бүрэн эрхэд халдах гэсэн хууль бус оролдлого гэж үзэж байгаа тул “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ю ХХК нь 2011 оноос эхлэн Улаанбаатар хотод Ай Пи Тв, суурин утас, өндөр хурдны интернэтийн гуравласан үйлчилгээг эрхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллаж байгаа билээ. Бид 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Ай Пи Тв үйлчилгээг орон нутагт, тэр дундаа Дархан, Орхон аймгуудад хүргэхээс бизнес төлөвлөгөө гарган өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг нэмэгдүүлэх хүсэлтээ Харилцаа, холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байгаа бөгөөд Дархан-Уул аймагт туршилтын байдлаар цөөн тооны өрхийг холбож Ай Пи Тв, суурин утас, өндөр хурдны интернэтийн гуравласан үйлчилгээ нь стандарт хэмжээнд, тасалдалгүй ажиллаж болох эсэхийг шалгаж туршсан билээ.

Энэ асуудал дээр Харилцаа, холбооны зохицуулах хорооноос манайд 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөр огноолсон 01/819 тоот албан бичгээр уг туршилтын арга хэмжээг зогсоох талаар үүрэг даалгавар өгч, сануулга өгсөн тул бид туршилтын ажлаа зогсоох болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос бүрэн эрхийнхээ хүрээнд Ю ХХК-д сануулах арга хэмжээг нэгэнт авсан байхад тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байгаа тул “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар шийдвэрээр: Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ю ХХК-д хуульд заасан хариуцлага хүлээлгэж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохгүй, хариуцлага тооцохгүй байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Ю ХХК-ийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх 670/Б IPTV 02 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах-ыг хүссэн нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ”А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох, Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/819 дүгээр албан бичгээр гаргасан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, Ю ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар тогтоолын 4 хэсэг, уг тогтоолын 4-р хавсралтын Ю ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тухайн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүх хуралдаан дээр “Ю” ХХК-д хуульд заасан хариуцлага хүлээлгэж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохгүй хариуцлага тооцохгүй байгаа Харилцаа холбооны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх 670/Б IPTV 02 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болохыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах гэж нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа шүүх хуралдаан дээр өөрчилсөн ба нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас нэхэмжлэгч тал татгалзаагүй, хэвээр үлдээж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэлэлцсэн тухай огт дурдагдаагүй орхигдуулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэгдүүлсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар зааж өгөөгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болж чадаагүй байна.

Гэхдээ шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “Ю” ХХК-д хариуцлага хүлээлгэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохгүй, хариуцлага тооцохгүй байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны эс үйлдэхүй болон “Ю” ХХК-ийн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох шийдвэр нь нэхэмжлэгч “А” ХХК руу чиглэсэн, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн захиргааны акт биш ба маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн чухам ямар эрх ашиг хөндөгдсөн нь тодорхойгүй байна гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байдаг. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаар тогтоолоор “Ю” ХХК-ийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээг эрхлэх 670/Б IPTV 02 тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Ай Пи Тв телевизийн үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай шийдвэрээр Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.6-д заасан харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зорилгоор ... хөрөнгө оруулалт ихээхэн шаардагддаг, үнэ тариф нь олон улстай харьцуулахад хямд, зах зээлийн багтаамж бага, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа удаан, монопол үүсээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан ... Улаанбаатар хотод олгохгүй байхаар тогтов гэж шийдвэрлэн Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Ю” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн оруулсан хөрөнгө оруулалтыг нь хамгаалах зорилгоор Монгол Улсын хамгийн том зах зээл болох Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөл нэмж олгохгүй байх шийдвэрийг уг тусгай зөвшөөрлийг олгосноос хойш 4 жилийн дараа гаргаж байжээ. Энэ шийдвэрээс үзэхэд тусгай зөвшөөрөл авсан компанид хөл дээрээ зогсох, хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл дор хаяж 4 жилийн хугацаа шаардлагатай байдаг. Зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төрийн дэмжлэг үзүүлж, зах зээлийг нь тодорхой хугацаагаар хамгаалдаг практик тогтсон байсан нь тодорхой байна.

Ийнхүү “Ю” ХХК нь өөрийн зах зээлээ төрөөр хамгаалах замаар үйл ажиллагаа нь жигдэрсний дараа Улаанбаатар хоттой харьцуулахад 14 дахин бага хүн амтай Дархан-Уул аймагт Ай Пи Тв үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл аваад 1 жил хүрэхгүй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа “А” ХХК-ийн зах зээлд хууль зөрчин, хүч түрэн орж ирсэн.

Ийнхүү том компанийн түрэмгий үйлдлийн улмаас Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.6 дахь хэсэгт заасан харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх үүргийн дагуу хөрөнгө оруулалт хийж, нөхөх хугацаанд зах зээлээ хамгаалуулах, шударгаар өрсөлдөх зэрэг “А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Мөн Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно гэж заасныг зөрчин Дархан-Уул аймагт Ай Пи Тв үйлчилгээ хийх эрхийг С ХХК болон “Ю” ХХК гэсэн хоёр компанид зэрэг олгосон.

Иймд, “Ю” ХХК нь Дархан-Уул аймагт хууль бусаар үйл ажиллагаа явуулсан байхад Харилцаа холбооны зохицуулах хороо нь тус компанид хариуцлага тооцохын оронд эсрэгээр Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх 670/Б/ IPTV 02 дугаартай тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг нь өргөтгөж Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулах эрхийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор нөхөн олгосон нь хууль бус шийдвэр тул дээрх тогтоолын 4 дэх хэсэг, 4-р хавсралтын “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байсан.

“А” ХХК нь дээрх хуулийн шаардлагыг хангаж Тусгай зөвшөөрөлд заасны дагуу 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 728/Б/1S/26 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу Дархан-Уул аймаг Дархан сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эхэлсэн ба 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 730/Б/1S/03 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу Телевиз радиогийн олон сувгийг интернэт ашиглан дамжуулах үйлчилгээ явуулах эрхийг албан ёсоор авч, хууль ёсны дагуу Ай Пи Тв үйлчилгээ эрхэлж, төсөл хэрэгжүүлж байсан.

Гэтэл орон нутагт буюу Дархан-Уул аймагт харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй “Ю” ХХК нь Дархан-Уул аймагт Ай Пи Тв үйлчилгээгээ эхлүүлж, өөрийн зах зээлд монопол байдлаа ашиглан үнэ төлбөргүй холболт хийж эхэлсний улмаас манай компанийн хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжих боломжгүй болж, манай үйл ажиллагаа зогссон. “Ю” ХХК-ийн дээрх үйл ажиллагаа нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна, 5.4-д Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ., Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д гэрээнд үйлчлэх нутаг дэвсгэр тусгана, 25 дугаар зүйлийн 25.2.9-д хууль, гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах гэж заасныг тус тус зөрчсөн.

“Ю” ХХК-ийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас манай компанийн зах зээлд шударгаар өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул Харилцаа холбооны зохицуулах хороонд гомдол гаргасан. Харилцаа холбооны зохицуулах хороо манай гомдлыг хянаж үзээд “Ю” ХХК-д хууль бус ажиллагаагаа зогсоох арга хэмжээ авахыг үүрэг болгосон тухай 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/819 тоот мэдэгдлийг “Ю” ХХК-д хүргүүлж, хуулбарыг манай компанид ирүүлсэн. Уг 01/819 тоот мэдэгдэлд танай компани Дархан-Уул аймагт үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа нь тусгай зөвшөөрлийн гэрээний 3.1 дэх заалтыг зөрчиж тусгай зөвшөөрлөөр олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дэх заалтыг зөрчиж тусгай зөвшөөрөлд заасан хамрах хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй зөрчил болно. ... Хэрэв дээрх үйлдэл давтагдаж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн 13.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.4-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдэхийг үүгээр мэдэгдэж байна гэсэн нь “Ю” ХХК хуулийн ямар заалтуудыг зөрчсөн болохыг тодорхой заасан байдаг.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар “Ю” ХХК доорх байдлаар хууль зөрчсөн болох нь тогтоогдсон. Үүнд: 1. Харилцаа холбооны зохицуулах хорооны шалгалтын тайланд 3 сарын хугацаагаар хязгаарлагдмал тооны хэрэглэгчдийн дунд /243 өрх/ техникийн болон үйлчилгээний туршилт хийсэн болох нь тогтоогдож байна. ... техникийн болон үйлчилгээний туршилт хийх эрх нь нээлттэй боловч уг үйл ажиллагааг тус хороонд мэдэгдэх шаардлагатай байсан

2. МХЕГ-ын 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 6/2927 тоот хяналт шалгалтын тухай тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг зөрчиж Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулсны зэрэгцээ айл өрхүүдээс суурилуулалтын төлбөр, үйлчилгээний хураамж авч үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан нь баримтаар тогтоогдсон бөгөөд Харилцаа холбооны тухай хуулийн 14.1.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дэх заалтуудыг зөрчсөн байна.

Тус компани нь 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс Дархан-Уул аймагт явуулж байсан үйл ажиллагаагаа зогсоосон байна

3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2014 оны 10 дугаар сарын 10 5/1045 албан бичигт:

“Ю” ХХК нь Дархан-Уул аймагт тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байсан тул уг үйл ажиллагааг зогсоолгох талаар холбогдох арга хэмжээг авсан болно.

4. Дархан-Уул аймгийн МХГ-ын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/530 тоот 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цахим орхин ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон болно. “Ю” ХХК нь Дархан-Уул аймагт салбар нэгжгүй, хариуцах ажилтангүй бөгөөд хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан талаар айл өрхүүдээр хяналт шалгалт хийж, нотлох баримт бүрдүүлэн МХЕГ-т хүргүүлж асуудлыг шийдвэрлэх

5. Дархан-Уул аймгийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаартай Хяналт шалгалтын танилцуулга. 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 5 хоногт туршилтын журмаар гуравласан үйлчилгээ үзүүлж байгаа айл өрхүүдээр хяналт шалгалт хийв.

6.1.Б Харилцаа холбооны тухай хуулийн 14.1.1 дэх Тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна. Гэрээнд дараах зүйлийг тусгана, 14.1.1 дэх хэсэгт үйлчлэх нутаг дэвсгэр, үйлчилгээний хүртээмж заалтыг зөрчиж “Ю” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороонд урьдчилан мэдэгдэхгүйгээр Дархан-Уул аймагт гуравласан үйлчилгээг эхлүүлсэн байна.

6.2 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.2 харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх заалтыг зөрчиж

8.1 Харилцаа холбооны тухай хуулийн 14.1.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна. Гэрээнд үйлчлэх нутаг дэвсгэр, үйлчилгээний хүртээмжийг тусгана

8.2 5.1 тусгай зөвшөөрөл шаардагдах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна гэх заалтыг тус тус зөрчсөн албан тоот явуулсан, одоо хүртэл хариу ирүүлээгүй.

10. айл өрхүүдээс суурилуулалтын төлбөр, үйлчилгээний хураамж авч зөрчил гаргасан байна.

8. “Ю” ХХК шүүхэд ирүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 01/725 тоот хүсэлт

Дархан-Уул аймагт сүлжээ оруулахтай холбоотой системийн туршилт, тохируулгын ажлыг хийх зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Дархан сумын 296 өрхийг туршилтын журмаар холболт хийсэн бөгөөд туршилтын үйл ажиллагаа 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүрэн зогссон зэрэг нотлох баримтуудаар “Ю” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хэрэглэгчтэй байгуулсан гэрээ, тараах материалаас үзэхэд тус компани нь тусгай зөвшөөрөлд заагаагүй хамрах хүрээ буюу Дархан-Уул аймагт үйл ажиллагаа эхлүүлж, 296 айл өрхөд холболт хийсэн, ХХЗХ-ны 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хууль бус ажиллагаа зогсоох тухай шаардлагыг үл биелүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан, хэрэглэгчдээс суурилуулалтын хураамж авч байсан, 10 сар хүртэл хөнгөлөх тарифаар үйлчилгээ үзүүлсэн, бодит байдал дээр 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр анх хэрэглэгчээ холбож гэрээ байгуулсан боловч 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа эхлүүлэх тухай 466 тоот гүйцэтгэх захирлын тушаал гэх хуурамч нотлох баримт шүүхэд ирүүлсэн болох нь тогтоогдсон.

Ийнхүү “Ю” ХХК-ийн хууль ноцтой зөрчсөн үйл ажиллагаа нь нотлох баримтаар нотлогдсон тул хуульд заасан хариуцлагыг оногдуулах үр дагавар гарч байгаа юм. Иймд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 14.1.5-д тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 15.1.4-д хууль, гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулсан бол Зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж шууд заасныг баримтлан, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу “Ю” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлтэй байсан. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай сануулах арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүлэх, шалгалтын комисс томилсон боловч уг шалгалтын комисс нь гомдол зөрчил гаргасан “Ю” ХХК-ийг биш харин гомдол гаргасан “А” ХХК-ийн үйл ажиллагааг шалгаж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.1-д Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ гэж заасныг зөрчин хууль бус хяналт шалгалт хийсэн ба уг дүгнэлтээ өнөөдрийг хүртэл гардуулж өгөөгүй зэргээс үзэхэд уг зөрчлийг таслан зогсоох, хуульд заасан арга хэмжээ авах зэрэг үйлдлийг хийлгүй, эс үйлдэхүй гаргасан нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүх албан бичиг хүргүүлсэн, хяналт шалгалт хийсэн байх ба зөрчлийн шинж байдлаас хамааруулан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хугацаатай үүрэг даалгавар өгөх зэрэг арга хэмжээнүүдээс сонгон хэрэглэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал буюу өөрийнх нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал ба “Ю” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг заавал хүчингүй болгох ёстой гэсэн агуулгаар маргаж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Учир нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, ХХЗХ-ийн шаардлагыг биелүүлж үйл ажиллагаа зогсоогоогүй үйлдэл нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна, 5.4-д Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ, энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.2 харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх, Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д гэрээнд үйлчлэх нутаг дэвсгэр тусгана, 25 дугаар зүйлийн 25.2.9-д хууль гэрээгээр хүлээсэн бусад үүргийг биелүүлэх, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах зэрэг хуулийн заалтыг зөрчсөн ноцтой зөрчил байснаас гадна “Ю” ХХК-ийн Тусгай зөвшөөрөл 670/Б/IPTV02- Улаанбаатар хотод телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх Тусгай зөвшөөрлийн гэрээний 5.9 дэх шинээр техник төхөөрөмжийн өргөтгөл, үйлчилгээний хамрах хүрээнд өөрчлөлт хийх бүртээ 6 сарын өмнө ЗХ-нд холбогдох техникийн үзүүлэлтийг ирүүлж, тусгай зөвшөөрөлд шаардагдах өөрчлөлтүүдийг бүртгүүлэх, 9.2-т заасан тусгай зөвшөөрөл, гэрээ, холбогдох материалыг аймгийн МХГ-т ирүүлнэ, гэрээний 1-р хавсралтын 2.1, 2.2, 2.4, 2.5 дахь заалтыг зөрчсөн байхад сануулах арга хэмжээ авсан нь зөвхөн сануулах арга хэмжээ авсан нь эс үйлдэхүй гэж үзэхээс өөр аргагүй юм. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 14.1.5-д тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 15.1.4-д хууль гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж шууд заасан байхад хуульд заагаагүй сануулах арга хэмжээ авсан байдаг.

Мөн шүүх “Ю” ХХК-д Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөл олгосон асуудал нэхэмжлэгчид хамааралгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь, “Ю” ХХК-ийн Дархан-Уул аймагт явуулсан үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд уг зөрчилд хүлээлгэх хариуцлагыг тооцуулахаар тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос бус “Ю” ХХК-ийн Улаанбаатар хотод олгосон тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж нэхэмжлэл гаргаагүй болно.

Иймд, “Ю” ХХК-д хуульд заасан хариуцлага хүлээлгэж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохгүй хариуцлага тооцохгүй байгаа Харилцаа холбооны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “Ю” ХХК-ийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх 670/Б/IPTV02 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах гэж нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангах, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар тогтоолын 4 дэх хэсэг, уг тогтоолын 4-р хавсралтын “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тухайн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлээгүй, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

           Нэхэмжлэгч “А” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/819 дүгээр албан бичгээр гаргасан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, “Ю” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа “Ю” ХХК-д хуульд заасан хариуцлага хүлээлгэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохгүй, хариуцлага тооцохгүй байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “Ю” ХХК-ийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх” 670/Б/IPTV 02 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах”-аар[1] өөрчилж, мөн “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох, хамрах хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай” 42 дугаар тогтоолын 4 дэх заалт, уг тогтоолын 4 дүгээр хавсралтын “Ю” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

            Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан, өөрчилсөн талаар дурдаагүй, баримт авагдаагүй, уг шаардлагын талаар нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох, хамрах хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай” 42 дугаар тогтоолын 4 дэх заалт, уг тогтоолын 4 дүгээр хавсралтын “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг хянаж шийдвэрлэх боломжгүй байна.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Ю” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоогоогүй байхад тусгай зөвшөөрлийн эрхийг өргөтгөж олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул нэмэгдүүлсэн шаардлага нь маргааны гол зүйл юм” гэх тайлбараас үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт хийхийн тулд уг шаардлагатай холбогдуулан ямар шаардлага хангасан нөхцөлд орон нутагт өргөтгөх эрх олгох боломжтой эсэх, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл нь “Ю” ХХК-д өргөтгөх эрх олгохгүй байх үндэслэл болох эсэх, нэхэмжлэгчээс сонгон шалгаруулалт явуулах ёстой гэсэн үндэслэлд дүгнэлт өгөх, өөрөөр хэлбэл өргөтгөх эрх олгоход хариуцагчаас сонгон шалгаруулалт явуулах байсан эсэх, өргөтгөх эрх олгож байгаа нь өрсөлдөөнийг зохистой байдлаар хангаж байгаа эсэх зэрэг нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан өргөтгөх зөвшөөрөл олгохтой холбоотой зохицуулалт, хууль зүйн үндэслэлийг дүгнэх, нотлох баримт цуглуулах, цуглуулсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

            Мөн нэхэмжлэгчээс “...гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй холбоотой, уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг даалгах шаардлага гаргасан атлаа уг тусгай зөвшөөрөл нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй, харин Дархан-Уул аймагт өргөтгөх эрх олгосон нь манай компанийн эрхийг зөрчиж байна, хууль журмын дагуу олгосон тохиолдолд маргах зүйлгүй, нэг ёсондоо хууль хэрэгжүүлэхийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардаж байгаа юм...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоон буцааж, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлуулсны үндсэн дээр хэргийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр, мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.  

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

            ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

[1]1 хэргийн 12 дахь хуудас