Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн,  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат, 

хохирогч Б.Бадамдорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч М.Эрдэнэчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Мөнхдоржийн Эрдэнэчулуунд холбогдох 201519000785 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1955 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 54-367 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнхдоржийн Эрдэнэчулуун, /РДМЮ55020611/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч М.Эрдэнэчулуун нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Шохой цагаан чулуу гэх газар иргэн Б.Бадамдоржтой маргалдаж нүүрэн тус газар гараараа цохисоны улмаас Б.Бадамдоржийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч М.Эрдэнэчулуун шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би мод хөрөөдөөд байж байтал Баттунгалаг над дээр ирээд Бадамдорж өвөө гэрт орж ирээд цай уу гэж хэллээ гэхээр нь Бадамдоржийн гэрт ортол тэтгэвэрийн мөнгөө авлаа гээд архи гаргаж ирсэн. Тэгээд Бадамдоржтой архи хувааж уугаад архиндаа согтоод хоорондоо маргалдаж муудалцаад Бадамдоржийг зодсон асуудал болсон гэв.

Хохирогч Б.Бадамдорж  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Эрдэнэчулуун бид 2-ын хооронд маргалдсан зүйл болоогүй. Эрдэнэчулуун нь манай гэрт ирээд цай уугаад сууж байхдаа би үхэхээсээ өмнө намайг асарч байгаа Баттунгалагийг ханьтай болгочих юмсан гэж хэлж байсан юм. Тэгээд Эрдэнэчулуун бид хоёр нэг шил архи хувааж уугаад сууж байтал Эрдэнэчулуун нь Баттунгалагийг надад өгөөд явуулчих, би тэжээж чадна гэж хэлсэн юм. Би архиндаа согтоод тасраад унтчихсаны дараа Эрдэнэчулуун нь Баттунгалагийг авч явах гээд чирсэн бололтой Баттунгалаг миний араар орж хэвтсэн байсан. Тэгтэл нүүрэн тус газарт хатуу зүйлээр цохих шиг болсон. Маргааш өглөө нь сэртэл орны хэрэглэл цус болчихсон, Баттунгалаг цэвэрлээд байж байтал Эрдэнэчулуун манай гэрт орж ирээд өвөө уучлаарай би согтоод таныг чулуугаар цохьчихлоо гэж хэлснээ гэрээс гарч яваад удалгүй буцаж орж ирээд, чулуугаар биш, гараараа цохьсон юм байна, таныг охиноо өгөхгүй болохоор гараараа цохисон байна, уучлаарай гэж хэлж байсан. Намайг цохисоны улмаас би 4 сар гаруй хугацаанд гуурсаар хооллодог байсан. Саяханаас зутан, бантан иддэг болсон. Надад хохирлын 200.000 гаруй төгрөг төлсөн. Би дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа гэв.   

 

            Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16818 тоот дүгнэлт Б.Бадамдоржийн биед эрүү яс баруун талдаа өнцөг хэсэгт, зүүн талдаа их биеэр зөрсөн хугаралтай, 5 шүдний булгарал, буйланд шарх, доод уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 15 хувь алдагдуулна... гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

            Гэрч А.Хандаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Өдөр нь өвгөн архи ууж байхдаа Маналжав бид 2-т энэ хүүхнийг танай дүүд эхнэр болгон өгнө, элдэв муу араншин байхгүй гэж ярьж байсан бөгөөд орой нь Эрдэнэчулуун өвгөнд би хүүхнэ авах гэж ирлээ гэж тоглоод хэлэхэд өвгөн орноосоо босож ирээд дүүг эхэлж цохиж авахаар нь дүү түүнийг зөрүүлж цохиж авсан гэж дүү надад ярьсан. Өглөө нь өвгөн архи нь гарч байгаа болов уу гэмээр согтуу байсан. Түүний баруун, зүүн талын эрүү нь хөхөрчихсөн, өөр нүдэнд ил харагдах хэсгүүдэд нь ямар ч гэмтэл бэртэл байгаагүй. Өвгөнийг дүү гараараа цохиж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Маналжав мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Самган, Эрдэнэчулууныг чи хөгшин хүн байж өөрөөсөө хөгшин хүн зодож байдаг, энэ хүнээсээ уучлалт гуй гэж хэлэхэд дүү, өвөө намайг уучлаарай би согтуудаа таныг цохиж авсан байна гэж хэлэхэд өвгөн хариу дуугараагүй. Өдөр нь өвгөн архи ууж байхдаа хүүхнээ самган бид 2-т энэ хүүхнийг танай дүүд эхнэр болгож өгнө гэж ярьж байсан бөгөөд орой нь Эрдэнэчулуун архи уучихсан байхдаа өвгөнд, би хүүхнээ авах гэж ирлээ гэж тоглоод хэлэхэд өвгөн орноосоо босож ирээд дүүг эхэлж цохиж авахаар нь дүү түүнийг зөрүүлж цохиж авсан гэж ярьсан. Өвгөнийг Эрдэнэчулуун гараараа цохиж авсан гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

Гэрч Б.Баттунгалаг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Би 2014 оны 07 дугаар эхэлж Бадамдорж өвөөтэй хамтран амьдарч асарч тойлж байгаа юм. Би Эрдэнэчулуун ахыг дуудаж худгаас ус авахуулаад хамт нэг шил архи хувааж уугаад байж байтал Эрдэнэчулуун ах намайг гэррүүгээ авч явна гээд миний гарнаас татахаар нь би Бадамдорж өвөөгийн араар ороод цаашаа хараад хэвтсэн чинь, өвөө намайг сэр намайг Эрдэнэчулуун цохьчихлоо гээд сэрээсэн. Эрдэнэчулуун намайг авч явна гээд байна гэж хэлтэл Бадамдорж өвөө дургүйлхээд Эрдэнэчулууныг гараараа нүүр рүү нь нэг удаа цохих шиг болсон. Би согтуу байсан учир яг болсон үйл явдлыг хараагүй. Өвөөгийн шүд унасан болохоор гараараа нүүр рүү нь цохьсон байна гэж бодсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Эрдэнэчулуун нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Шохой цагаан чулуу гэх газар иргэн Б.Бадамдоржтой маргалдаж нүүрэн тус газар гараараа цохьсоны улмаас Б.Бадамдоржийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Бадамдоржийн мэдүүлэг, гэрч А.Хандаа, Н.Маналжав, Б.Наранзул нарын мэдүүлэг, шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16818 дугаартай дүгнэлт, гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютерт томографикт харуулсан баримт, шүүгдэгч М.Эрдэнэчулууны сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, М.Эрдэнэчулууны оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний баримт, ял шийтгэл шалгасан/ ял шийтгэлгүй/ гэх лавлагаа, хохирогч Д.Бадамдоржийн өвчний түүх баримт, шинжээч Г.Ханхүү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Эрдэнэчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ гэж заасан нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж заасан байх тул шүүгдэгч М.Эрдэнэчулуунд оногдуулах хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах нь түүний хувийн байдалд тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Эрдэнэчулуунд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

          

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Эрдэнэчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, хавтаст хэрэгт авагдсан бодит хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Мөнхдоржийн Эрдэнэчулууныг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Эрдэнэчулуунд 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар М.Эрдэнэчулуунд оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Эрдэнэчулуунд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1  жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Эрдэнэчулуунд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар М.Эрдэнэчулуун нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, М.Эрдэнэчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Бадамдорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.Эрдэнэчулуунд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ