Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 01366

 

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2017/01366

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ариун овогтой, Дамдингийн Энх-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

/Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Метро малл хотхон, 11/2 дугаар байр, 6 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧЙ61061179/

 

            Хариуцагч: Бодонгууд овогтой, Дэмбэрэлийн Болормаад холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 29 байр, 45 тоотод оршин суух, регистрийн дугаар ТИ74011001/

 

            Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Булган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Т.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Сэрүүн” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд 2013 онд Д.Болормааг нягтлан бодогчоор уг компанидаа ажилд авсан. Ингээд ажилтан Д.Болормаагийн амьдралыг дээшлүүлэх, компанид тогтвор, сууршилтай ажиллуулах зорилгоор өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрчний гудамж, 29а байр, 45 тоот орон сууцанд үнэ төлбөргүйгээр амьдруулсан. Д.Болормаа нь 2016 оны 7 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд үүнээс хойш орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч байрыг чөлөөлж өгөхгүй байх тул Д.Болормаагийн хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрчний гудамж, 29а байр, 45 тоот орон сууцыг чөлөөлж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Д.Болормаагийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Болормаа нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрчний гудамж, 29а байр, 45 тоот орон сууцыг Д.Энх-Эрдэнээс худалдан авахаар урьдчилгаанд нь 36.800.000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг төлөхөөр банкны зээлэнд хамрагдахаар болсон боловч зээл бүтээгүй юм. Ингээд урьдчилгаанд төлсөн мөнгөө буцааж авье гэсэн боловч одоогоор буцааж төлөх мөнгө байхгүй гээд өгөөгүй, сүүлдээ байр чөлөөлж өгөхийг шаардсан. 36.800.000 төгрөгийг буцааж өгвөл байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Энх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Д.Болормаад холбогдох, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 29/А дугаар байр, 45 тоот орон сууцны өмчлөгч нь Д.Энх-Эрдэнэ болох нь талуудын тайлбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042846 дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000095473 дугаар гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Уг орон сууцанд Д.Болормаа оршин сууж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Д.Болормаа “...би уг орон сууцыг Д.Энх-Эрдэнээс худалдан авахаар тохирч, урьдчилгаанд нь 36.800.000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкны зээлэнд хамрагдах хүсэлт гаргасан боловч бүтээгүй. Ингээд Д.Энх-Эрдэнээс урьдчилгаан төлсөн мөнгийг буцааж авахаар хэлсэн боловч өгөөгүй тул байрыг чөлөөлж өгөхгүй, 36.800.000 төгрөгийг буцааж өгвөл байрыг чөлөөлж өгнө” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2017/05143 дугаар захирамжаар “...Д.Болормаагийн нэхэмжлэлтэй, байрны урьдчилгаа төлбөр 36.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн” байх бөгөөд хариуцагчийн “...байрны урьдчилгаанд төлсөн 36.800.000 төгрөгийг буцааж өгвөл байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн хариу тайлбар гаргасныг үндэслэн хариуцагч Д.Болормаа нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 29/А дугаар байр, 45 тоот орон сууцны эзэмшил, өмчлөлийн талаар маргаагүй байна гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл Д.Болормаа нь талуудын хооронд үүссэн хэлцлийн талаар маргажээ.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Болормаагийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 29/А дугаар байр, 45 тоот орон сууцыг чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Шүүхээс нэхэмжлэгч Д.Энх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөрт 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 9 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны зарыг Шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдааны явцад тайлбартаа “...энэ хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг хангахаас татгалзсан болохыг дурдав.

 

Учир нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2017/05143 дугаар захирамжаар “...Д.Болормаагийн нэхэмжлэлтэй, байрны урьдчилгаа төлбөр 36.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасантай хамааралгүй бөгөөд уг хянагдаж байгаа иргэний хэрэг нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөлийн талаар бус, талуудын хооронд үүссэн хэлцлийн талаарх маргаан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан иргэний хэрэг үүсгэсэн захирамжаар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Энх-Эрдэнэ нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 29/А дугаар байр, 45 тоот орон сууцыг 70.000.000 төгрөгөөр үнэлж, улсын тэмдэгтийн хураамжид 507.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 507.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Болормаагийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 29/А дугаар байр, 45 тоот орон сууцыг чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энх-эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 137.950 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 370.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 507.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Энх-Эрдэнэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД