Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/353

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

улсын яллагч Д.Энх-Оргил,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогоруутан овгийн О.Бд холбогдох эрүүгийн 1711000630003 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тогоруутан овгийн О.Б, 1991 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 101 дүгээр байрны 192 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар РЕ91061302.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Б нь 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч Х.Уын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн №2-4 тоот гэр ахуйнбарааны паволинд худалдагчаар ажиллах хугацаандаа барааны үнэ болох 1.542.000 төгрөгийг завшисан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтэй маш их харамсаж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Х.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний зар мэдээнд худалдагч ажилуулна гэсэн зарын дагуу Б ажил дээр ирж уулзаад 10 дугаар сарын 22-ны өдрөөс манай Бөмбөгөр худалааны төвийн 2-4 дугаартай гэр ахуйн барааны лангуун дээр ажиллах болсон. Бийг ажиллаж эхэлсэн эхний нэг сар дутагдалгүй байж байгаад хоёр дахь сараасаа бараа дутаж эхэлсэн. Тэр болгоныг би өөрөө дэвтэр дээрээ хөтлөж байсан. 2 дахь сараасаа бараа дутаад байхаар нь Бд хэлэхэд мэдэхгүй гээд байсан. Дараа сараасаа бараа дутаад байхаар нь Бд хэлэхэд дутсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ажиллаж эхэлсэн 3 дахь сараасаа Б надад үнэнээ хэлье гээд хэлсэн. Б хэлэхдээ манай нөхөр бид хоёр банкны лизинг төлдөг, сард 500.000 төгрөгийг сарын 15-ны өдөр хийдэг, тэр мөнгөө төлөөд байсан юм аа гэж хэлсэн. Тэрнээс хойш бараа дутаасаар байгаад 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бараагаа тоолоод Бийг ажиллуулахаа больсон. Хамгийн сүүлд бараа тоолоход 1.542.000 төгрөгийн дутагдал гарсан. Б дутсан мөнгөө мэдээд 6 дугаар сарын 02-ны өдөр ирье манай нөхөр банкнаас зээл авч байгаа гэж хэлээд ирээгүй. Гэрээ байгуулаагүй, аман хэлэлцээр хийгээд сарын цалингаа тооцоод ажилласан. Зарлага, орлогын падан огт хөтөлдөггүй. Гэхдээ өөрсдийн дэвтэр дээрээ өдрийн орлогоо, мөн зарсан бараагаа хөтөлж бичээд дараа нь бараа тоолох үедээ тулгадаг байсан. Б ажиллаж байх хугацаандаа өмнө нэг даавуу алдчихсан юм шиг байна гэж хэлж байсан. Тэрнийг нь тодруулаад зэргэлдээ лангууны хүмүүсээс асуухад бүгд харж байсан, алдах боломжгүй гэж хэлж байсан. Тэрнээс бараа материал алдлаа гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй...” гэжээ /хх-9-10/.

              Гэрч Г.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ: “...Б нь ажиллаж байх явцдаа 10 хоноод тооцоо, тооллого хийдэг байсан бөгөөд эхэндээ 50.000-60.000 төгрөг дутаадаг байсан бол сүүлдээ 500.000-600.000 төгрөгөөр дутаагаад байхаар нь 2017 оны 5 дугаар сарын сүүлээр тооллого, тооцоо хийхэд 1.542.000 төгрөг дутсан...” гэжээ /хх-9-10/.

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-20, 22, 25/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б нь 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч Х.Уын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн №2-4 тоот гэр ахуйн барааны паволинд худалдагчаар ажиллах хугацаандаа барааны үнэ болох 1.542.000 төгрөгийг завшисан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Бийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшисан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Х.У нь “...О.Бээс хохиролын үлдэгдэл 692.000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч О.Бийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн буюу бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага тооцох буюу хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тогоруутан овгийн О.Бийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшисан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд хорих ял оногдуулахгүйгээр 02 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН