Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2015/0197

 

МЦУУ ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүрэнжав, Н.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж, Б.Оюунням, хариуцагч Э.Номин-Эрдэнэ, Д.Ариунцэцэг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, МЦУУ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МЦУУ ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МЦУУ ХХК нь 146 ширхэг хүнд даацын автомашиныг БНХАУ-ын Баяннуурцюлин коал трейд компаниас худалдан авсан бөгөөд уг автомашинуудынтээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тус автомашинуудад байнгын засвар хийх, сэлбэг солих зайлшгүй шаардлагатай байдаг юм. Тус автомашинуудыг БНХАУ-аас импортоор оруулж Монгол Улсад засвар үйлчилгээ хийх боломж бүрдээгүй байдаг тул бид автомашинуудаа БНХАУ-д засвар хийлгэдэг. Гэтэл 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын гаалийн улсын байцаагч 24/13 тоот акт гаргасан бөгөөд манай компани тус актыг эс зөвшөөрч гомдол гаргасан юм. 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус гомдлыг Гаалийн ерөнхий газрын төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Даваасүрэн 04/1558 дугаар албан бичгээр бидэнд хандаж 24/13 тоот актыг хүчингүй болгох үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн байна. Иймд 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Гаалийн улсын байцаагчийн 24/13 тоот татварыг нөхөн төлүүлэх тухай акт гаргасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. 24/13 тоот татварыг нөхөн төлүүлэх тухай актад МЦУУ ХХК-ийн 2011-2012 оны эхний 3 дугаар улиралд импортолсон барааны мэдээллийг холбогдох санхүүгийн баримт, бүртгэлтэй тулган шалгахад зарим барааг импортлохдоо гаалийн үнийг дутуу мэдүүлсэн зөрчил илэрлээ гэжээ. Манай МЦУУ ХХК нь тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнга тээвэрлэлт хийдэг тул автомашинуудын эданги хилийн гадна тээвэрлэлт хийх явцдаа эвдрэл гарах тохиолдол их байдаг. Нэгэнт эвдэрсэн автомашинуудыг хилийн гадна засварлан Монгол Улсад оруулж ирэхээс өөр боломжгүй юм. Гэтэл уг засварласан эд ангиудыг импортолсон бараа хэмээн гаалийн татвар ногдуулахаар акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Уг актыг гаргах үндэслэл болсон Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т Энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ, 293.1-д Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийнбичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага, хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ гэжээ. Гэтэл уг хуульд татвар ногдуулахаар заасан заалтад манай компани хамааралгүй бөгөөд гаалийн татвар ноогдох үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д татвар төлөгч гэж Монгол Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээдийг, Гаалийн тухай хуулийн 3.1.1-д бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг, 3.1.5-д тээврийн хэрэгсэл гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аялалын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг гэснээс үзэхэд манай МЦУУ ХХК-ийн БНХАУ-д засварласан сэлбэг хэрэгслээс гаалийн татвар тооцох үндэслэлгүй байх бөгөөд уг засварласан эд анги нь автомашины бүрдэл хэсэг болохоос автомашиныг засаж сэлбэхээр дангаар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн юм. Мөн гаальд мэдүүлсэн бараа материалаас гаалийн татвар тооцох журмыг зөрчиж акт тогтоосон нь үндэслэлгүй байна.

3. 24/13 тоот актад гомдол гаргах эрхийн талаар дурьдаагүй байна. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтанхяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана гэсэн болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтны шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэсний дагуу гомдол гаргах эрхийг актад дурьдаагүй нь манай МЦУУ ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Түүгээр зогсохгүй уг актыг тавих хугацаандаа Улсын мөрдөн байцаах газар гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах, түүнчлэн нэг биш удаа актад заасан төлбөрөө төлөхийг шаардах зэрэг янз бүрээр дарамталж байгаа явдал нь Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын Улсын байцаагчийн тодорхой субъектив санаатай үйлдэл гэж хардахад хүргэж байна. Иймд Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24/13 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МЦУУ ХХК-ийн 2011-2012 оны эхний 9 сард гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн.

Дээрх онуудад өөрийн хөрөнгө оруулагч компани болох БНХАУ-ын Цюлин коал трейд компанитай байгуулсан гэрээний дагуу нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа тухайн тээврийн хэрэгсэлд хилийн чанадад гарсан өөрчлөлт, эвдрэл гэмтэл, түүнтэй холбогдож гарсан сэлбэг болон ажил, үйлчилгээний өртөг 3,391,422,928.84 /гурван тэрбум гурван зуун ерэн нэгэн сая дөрвөн зуун хорин хоёр мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг гаалийн байгууллагад огт мэдүүлээгүй, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн зардал хэсэгт суулган татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан байна. Дээрх сэлбэг, угсрах, засварлахтай холбогдон гарсан зардлыг гадаад харилцагчтай байгуулсан нүүрс тээвэрлэлтийн тээврийн гэрээний хөлснөөс хасалт хийн, тооцоо нийлсэн акт үйлддэг байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг нягтлан бодогч Н.Мөнхцэцэгт танилцуулахад Хятад улсад сар шинийн баяр тохиосонтой холбоотойгоор удирдах ажилтнууд нилээдгүй хугацаагаар амрахаар явсан тул шалгалтыг хойшлуулах хүсэлтээ манай газарт 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13/7 тоот албан бичгээр хүргүүлсэн учир хүсэлтийг хүлээн авсан. 2013 оны 03 дугаар сараас эхлэн утсаар холбогдоход ирээгүй байна, ирсэн боловч хөдөө ажлаар явсан гэх мэтчилэнгээр аргацаасаар шалгалтын үр дүнтэй танилцахгүй, шалгалтын явцыг удаашруулж байсан тул 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 06/840 тоот албан шаардлага, мөн Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24/13 тоот гаалийн улсын байцаагчийн актаар ногдуулсан 683 371 719,35 /зургаан зуун наян гурван сая гурван зуун далан нэгэн мянга долоон зуун арван ес,35/ төгрөгийн нөхөн төлбөр, торгуулийг тус компанийн эрх бүхий ажилтнууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, байгууллагын тамга даран баталгаажуулсан боловч улсын төсөвт төвлөрүүлэх ёстой төлбөрийг хугацаанд нь барагдуулахгүй байсанд Гаалийн тухай хуулийн 294.1 дэх заалтын дагуу актын дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн хүү ногдуулан алданги тооцож байгаа болохыг анхааруулсан 06/1773 албан бичгийг 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн. Илэрсэн зөрчилд нөхөн төлбөр, торгууль ногдуулах үндэслэл:

1. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ гэж заасныг зөрчин гаалийн хилээр нэвтрүүлсэн барааггаалийн байгууллагад мэдүүлээгүй тул 290.2.1 дэх заалтыг үндэслэн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх атал дээрх зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 74.75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ гэснийг үндэслэн нөхөн төлбөр ногдуулсан.

2. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т гаалийн хилээр нэвтрүүлэх барааг бичгээр, мэдээллийн сүлжээгээр, зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар мэдүүлж болно гэж зааснаар МЦУУ ХХК нь хилийн чанадаас худалдан авсанавтомашины эд анги, түүнтэй холбогдон гарсан засвар, үйлчилгээний зардлыг гаалийн байгууллагад мэдүүлэх боломжтой байсан боловч мэдүүлээгүй.

3. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10.3-т гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараах зардлыг нэмж тооцно гэснийг зөрчин гаалийн байгууллагад мэдүүлэн гаалийн татвар төлж Монголын бараа болгоогүй хэрнээ Монгол Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэн олсон татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан.

4. Тариф, худалдааны тухай 1994 оны Ерөнхий хэлэлцээрийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухайхэлэлцээрийн ерөнхий тайлбар-т энэ хэлэлцээрийн 8 дугаар зүйлд гаалийн зорилгоор ашиглах үнийн бүрдэл хэсэг болох тодорхой зарим элементийг худалдан авагч хариуцан гүйцэтгэсэн боловч тухайн импортын бараанд төлсөн буюу төлбөл зохих бодит үнэд ороогүй тохиолдолд уг төлсөн буюу төлбөл зохих бодит үнэд зардлын тодотгол хийх тухай заасан. Түүнчлэн мөнгөн хэлбэрээр бус, тодорхой бараа, үйлчилгээний хэлбэрээр тухайн худалдан авагчаас худалдагчид шилжүүлж болох зарим болзлын зардлыг тухайн хэлцлийн үнэд оруулах талаар 8 дугаар зүйлд зааснаар хилийн чанадад гарсан тээврийн үйлчилгээний зардал, сэлбэгийн үнийг байгууллагын нягтлан бодох бүртгэлд тусгасан нь санхүүгийн баримтаар нотлогдож байна. Энэ нь Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн импортын бараа мөн тул гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх үндэслэл биш юм гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 93 дугаар зүйлийн 93.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 249.2.1, 249.3т заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагатай байх тул Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь газрын гаалийн улсын байцаагч нарын 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24/13 дугаартай Татварыг нөхөн төлүүлэх тухай актыг дахин шинээр акт гартал түдгэлзүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан Гаалийн ерөнхий газар МЦУУ ХХК-ийн 400 горимоор бүрдүүлэлт хийж гаалийн хилээр нэвтрүүлсэн чирэгч автомашинууд болон чиргүүлүүдэд тавигдсан сэлбэгийн үнийн дүнгээр гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахыг Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Номин-Эрдэнэ давж заалдах гомдолдоо1. Хилийн чанадад тавигдсан сэлбэгийн тухайд:

"Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим /Гаалийн тухай хуулийн 93-98 дугаар зүйл/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон Гаалийн Ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмыг баримтална"-д заасны дагуу МЦУУ ХХК нь 2011 онд 96 чирэгч автомашиныг чиргүүлийн хамтаар горимын нөхцөл, шаардлагыг ханган гаалийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр уг горимын 3.5-д зааснаар "Гаалийн хяналтад байгаа" хяналтын тэмдэг даруулснаар түр горимд байршуулсан. Уг горимд байршсан барааг гаалийн тухай хуулийн 93.1-д зааснаар "гадаадын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулна"-д, 93,3-д "гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараанд хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын ердийн нөхцөлд гарах элэгдэл, хорогдолоос бусад өөрчлөлт оруулахыг хориглоно", 96.1-д Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулахад гаалийн байгууллага тухайн бараанд гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийнэ"-д зааснаар ердийн элэгдэл хорогдолоос өөрөөр өөрчлөлт оруулахгүй гэж заасаар байтал Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс "түр горимоор" орж ирсэн тээврийн хэрэгсэлд хилийн чанадад тавигдсан сэлбэг нь "монголын бараа" болоогүй буюу импортлоогүй, улсын хилээр орж ирэхдээ "түр горим" хэрэглэгдэж байгаа тул гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна" гэж хурлын шийдвэрт тусгасан байгаагаас харахад "Гаалийн хяналтад байгаа барааг хилийн чанадад гарган дураар өөрчилж болно, өөрчлөлт орсон хэсгийг гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвах төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа нь шүүх өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл юм.

2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т "гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараах зардлыг нэмж тооцно"-д, 10.3.3-т "тухайн барааг үйлдвэрлэх, Монгол улсад экспортлохтой холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид, эсхүл үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг, Тариф худалдааны Ерөнхий хэлэлцээрийн 7-р зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийн 8-р зүйлд "тухайн импортын бараанд төлсөн буюу төлбөл зохих бодит үнэд дараах зүйлийг нэмнэ"-д, 8 дугаар зүйлийн (b), (b)(i)-д тухайн импортын бараанд бүрэлдэхүүн болсон материал, бүрдэл хэсэг, эд анги, тэдгээртэй адилтгах зүйлс зардлыг нэмж тооцохоор тусгажээ. Уг үйлчилгээ нь худалдан авсан сэлбэгийг угсарч суурилуулахтай холбогдон гарч байгаа нэмэгдэх зардал юм.

3. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн дагуу "түр горимоор" орж ирсэн тээврийн хэрэгсэлд тавигдсан "сэлбэгийг татвараас чөлөөлнө" гэжээ. МЦУУ ХХК-д Автотээврийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, орлогч дарга Н.Пунцагийн гарын үсэгтэй 159/4159 дугаарын "Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх эрх"-ийг 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2 жилийн хугацаатай олгосон болохоос Засгийн газар хоорондын хэлэлцээрт хамруулж татвараас чөлөөлөгдөх эрхийг олгоогүй.

4. Шүүхийн байгууллага хилийн чанадаас хариу төлбөртэй худалдан авсан сэлбэг хэрэгслийг угсарч суурилуулахтай холбогдон гарсан зардлыг үйлчилгээ гэж үзэн татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байгаа бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу Татварын байгууллагад тодорхой хувь хэмжээгээр татвар төлж улсын төсөвт төвлөрүүлсэн байх учиртай. Иймд хэргийг түдгэлзүүлэн Татварын байгууллагаар шалгуулж өгөөч гэсэн хүсэлтийг анхан шатны шүүх сэлбэг, засвар үйлчилгээ болох үнийн дүнд маргаагүй" гэдэг үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгож байна.

-Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт огт хамааралгүй байхад тус хэлэлцээрт хамруулан татвараас чөлөөлнө хэмээн шийдвэрийн Үндэслэл хэсэгт тусгасан нь хэт нэг талыг барьсан. МЦУУ ХХК нь Монгол улсад бүртгэлтэй, Монголын аж ахуйн нэгж байгууллага юм.

Гаалийн хяналтад байгаа бараа "Монголын бараа биш" тул хилийн чанадад өөрчлөлт оруулж болно гэж үзэж байгаа нь Гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон түүнтэй холбогдож гарсан дүрэм журмыг үнэгүйдүүлж байна. Тухайлбал: Гаалийн тухай хуулийн 93.1-д зааснаар "гадаадын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулна"-д, 93.3-д "гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараанд хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын ердийн нөхцөлд гарах элэгдэл, хорогдолоос бусад өөрчлөлт оруулахыг хориглоно", 96.1-д "Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулахад гаалийн байгууллага тухайн бараанд гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийнэ" гэсэн заалтууд юм. Дээрх 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 113 тоот шийдвэрээс шалтгаалж хилээр нэвтрүүлсэн барааг сайн дураар мэдүүлж, татвараа цаг хугацаанд нь төлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн эрх зөрчигдөхөд хүргэж байна. Иймд гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийгбүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч МЦУУ ХХК-аас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын улсын байцаагч Э.Номин-Эрдэнэ, Д.Ариунцэцэг нарт холбогдуулан гаалийн улсын байцаагч нарын 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24/13 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан бөгөөд хариуцагчаас тухайн тээврийн хэрэгсэлд хилийн чанадад хийсэн ажил үйлчилгээ, авсан сэлбэгийн өртөг3,391,422,924.84 төгрөгийг манайх гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэж маргасан.

Гаалийн улсын байцаагч нар 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24/13 дугаар актын хавсралтад зөрчилд тооцсон дутуу мэдүүлсэн бараа-нд тус компанийн тээврийн хэрэгсэлд БНХАУ-д хийгдсэн засвар үйлчилгээ, сэлбэгийг хамтад нь оруулан тооцсон байна. Ингэхдээ гаалийн үнэ болох дутуу мэдүүлсэн 3,391,422,924.84 төгрөгийн зөрчилд ногдох гаалийн албан татвар 169,571,146.24 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 356,099,407.10 төгрөг, торгууль 157,701.166 төгрөг, нийт 683,371,719.35 төгрөгийг МЦУУ ХХК-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтаар нэхэмжлэгчийг хилийн чанадад тээврийн хэрэгсэлд оруулсан засвар үйлчилгээ, сэлбэгийн үнийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй боловч зардалд суулган татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчил илэрсэн гэх боловч засвар үйлчилгээ, сэлбэгийн дүнг тус тусад нь ялгаж гаргаагүй, тус бүрт нь ногдох гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвар, торгуулийн нэгдсэн тооцоолол хийгээгүйгээр акт тогтоосон байна.

Үүнийг хариуцагчаас засвар үйлчилгээний дүн, сэлбэгийн дүн нь гаалийн улсын байцаагчийн актын хавсралтад солигдож бичигдсэн буюу 2 тооны байр солигдсон гэж тайлбарлаж байгаа боловч шүүхээс энэ талаар тодруулах ажиллагаа хийгээгүй, талууд 3,391,422,924.84 төгрөгийн зөрчлийн дүн дээр маргаагүй боловч харин 1,971,691,308.52 төгрөг, 1,419,382,540.90 төгрөгийн зардалын аль нь засвар үйлчилгээний эсвэл сэлбэгийн дүн эсэх дээр маргаж байгаа болно.

Учир нь БНХАУ-аас авсан сэлбэгийн үнэ, засвар үйлчилгээний үнийг тус компанийн ня-бо Н.Мөнхцэцэг гаргаж, улсын байцаагч нарт цахим шуудангаар явуулахдаа сэлбэгийн үнэ, засвар үйлчилгээний үнийн дүнг ялгаж бичээгүй гэдгээс үүдэн маргасан байхад үүнийг санхүүгийн баримттай тулган нягтлан шалгаж тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Мөн 2011-2012 онд МЦУУ ХХК-ийн хилээр нэвтрүүлсэн автомашины хэд нь бүр горимоор, хэд нь түр горимоор орж ирсэн болох, түр горимоор орж ирсэн хэдэн автомашинд, бүр горимоор орж ирсэн хэдэн автомашинд тус бүр хилийн чанадад хэдэн төгрөгийн засвар үйлчилгээ хийгдсэн, хэдэн төгрөгийн сэлбэг тавигдсныг ялгаж, нягтлан шалгах шаардлагатай байна.

Гэтэл анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаар тогтоолд заагдсан дээрх ажиллагааг хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэд хийгээгүй атлаа МЦУУ ХХК-ийн 2011, 2012 онуудад сэлбэг, засвар үйлчилгээний зардалд гаргасан 3,391,422,924.84 төгрөгийн үнийн дүнгээс засвар үйлчилгээнд зарцуулсан 1,971,691,308.52 төгрөгийн зардал болон зохих хуулийн дагуу түр горимоор бүрдүүлэлт хийгдэж, монголын бараа болоогүй байхдаа автомашин болон чиргүүлүүдэд тавигдсан сэлбэгийн үнийн дүнг хасч тооцож, монголын бараа болсон автомашин болон чиргүүлүүдэд тавигдсан сэлбэгийн гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэх үндэстэй гэж дүгнэсэн атлаа хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах газрын гаалийн улсын байцаагч нарын 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24/13 дугаартай Татвар нөхөн төлүүлэх тухай актыг дахин шинээр акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас МЦУУ ХХК-ийн 2011, 2012 онд Монгол Улсын хилээр импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгсэл /автомашин, чирэгч, чиргүүл/-ийн гаалийн бүрдүүлэлт хийсэн материал болон гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлгүүдэд сэлбэгийн дүн, засвар үйлчилгээний дүн аль нь 1,971,691,308.52 төгрөг, 1,419,382,540.90 төгрөг болох нь тодорхойгүй байна.

Иймд тус компанийн гаалийн байгууллагад мэдүүлээгүй улсын хилээр нэвтрүүлсэн барааны үнийг тодорхойлж, үүнээс засвар үйлчилгээ, сэлбэгийн зардлын дүнг санхүүгийн баримтыг үндэслэн тус тусад нь гаргаж, үндсэн актын нөхөн төлөгдөх 683,371,719.35 төгрөгийн дүнг хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан сэлбэг засвар, үйлчилгээний дүнтэй тулгаж шалгасны эцэст түүнд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, торгуулийн нэгдсэн тооцооллыг хийсний эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн төлбөр тогтоосон улсын байцаагчийн акт нь хуульд нийцсэн эсэх талаар шүүх дүгнэлт өгөх боломжтой байхад анхан шатны шүүх уг захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаар тогтоолд заагдсан ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН