Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Б.Батболдын өмгөөлөгч Н.Баяр,

шүүгдэгч О.Эрхэмбаяр, А.Билгүүн нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн

шүүгдэгч Б.Батболд, О.Эрхэмбаяр, А.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батболд, О.Эрхэмбаяр, А.Билгүүн нарт холбогдох 201419000738 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Б.Батболдын биеийн байцаалт

Монгол Улсын харьяат, 1985 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр,  2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Дэнж 16-09 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, Хасууд овогт Баатарын Батболд, /РДЗЖ85112411/

 

Шүүгдэгч О.Эрхэмбаярын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод 4 дүгээр баг, Баянхошууны Шинэ хөтөлийн 7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Очирсүхийн Эрхэмбаяр, /РДНС94031818/

 

Шүүгдэгч А.Билгүүний биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн 3-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Амаржаргалын Билгүүн, /РДТХ94052918/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Батболд, А.Билгүүн, О.Эрхэмбаяр нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны орой Төв аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багийн нутаг Гэр чулуу гэх газар нутаглаж байсан иргэн, Б.Сосорбурамын 5 ханатай Монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, гэрийн зүүн хойд хатавчинд байсан 10 цагаантай, жийжүү мөнгөн дөрөөтэй, нанжин гахай гөлөмтэй, улаан өнгийн модон 13.000.000 төгрөгний үнэ бүхий Монгол эмээлийг шунахайн сэдэлтээр хулгайсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Б.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч А.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч О.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/

 

Арван цагаантай, мөнгөн тоногтой, Монгол эмээл хураан авсан мөрдөн байцаагчийн тэмдэглэл, тогтоол, түүнийг хохирогч Б.Сосорбурамд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-19 дүгээр хуудас/

 

Мөнгөн Ундарга ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газраас 0058059 дугаарын зээлийн гэрээг хураан авсан мөрдөн байцаагчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 0058059 дугаартай 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээ /хх-ийн 20-22 дугаар хуудас/

 

Хан үнэлэмж ХХК-ний үнэлгээчний 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08/15 тоот үнэлгээ /хх-ийн 53-56 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Сосорбурам мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би Улаанбаатар хотод гэртээ байж байхад над руу манай бэр эгч Мөнхцэцэг утсаар залгаад гэрт чинь хулгай ороод эмээлийг чинь аваад явчихсан байна гэж надад хэлсэн. 10 цагаан мөнгөн тоногтой, их гарын Монгол эмээл байсан, дөрөө гөлөм хоёр эртнийх байсан ба бусад тоноглолууд нь сүүлд хийгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Батболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын эхээр манай эхнэрийн төрсөн дүү Сайнтогос болон түүний нөхөр Б.Батболд гэх залуу хөдөө мал авна, хашаа барих ажил байна, ачааны машин хэрэгтэй байна гээд миний эзэмшлийн 47-70 УБН дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ганзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг үйл ажиллагаа явуулдаг Мөнгөн Ундрага ХХК-ний ажлын байран дээр ажиллаж байтал орой 18 цаг өнгөрч байхад улаан өнгийн олбогтой, ногоон гөлөмтэй, 12 цагаантай Монгол эмээлийг саарал дээл, саравчтай малгайтай тарган бор залуу, 2 энгийн хувцастай залуугийн хамт орж ирээд автомашин худалдаж авах гэж байгаа юм гэж хэлээд Амаржаргал овогтой Билгүүн гэх залуугийн нэрээр 1.900.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Байгууллагад учирсан хохирлоо төлүүлмээр байна... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Б.Батболд манайд танихгүй 2 залуутай хамт ирээд мотоциклоо өгч бай хөдөө гэртээ очоод ирье гэж гуйхаар нь би өгөөд явуулсан юм. Тэгээд орой мотоцикл авч ирж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Д.Ууганцэрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Би 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 20 цагийн үед ээжийн ах Равдандоржийнд очиж хоноод, өнөөдөр өглөө 09 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл гэрийн хойморт байсан 10 цагаантай, их гарын эмээл алга болчихсон байсан. Уг эмээл нь манай аавын эмээл байсан юм. Ногоон гөлөмтэй, ар талын аль нэг баавар нь уг хэсэгтээ шалчийгаад цаашаагаа цөмөрчихсөн, нэлээн урт 40 см орчим урт ганзагатай, улаан мантузтай, 10 цагаантай, их гарын эртний хийцтэй эмээл байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

Гэрч О.Сайнтогос мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 11 дүгээр сарын 10-11-ны өдөр манай нөхөр Батболд хүргэн ах Ц.Батболдын эзэмшлийн цэнхэр өнгийн 47-07 УБН улсын дугаартай портер маркийн машинаар хуц ухна авч маллана, малын хашаа авна гээд Төв аймгийн Баян-Өнжүүл, Баянцагаан сум руу явсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянцагаан сумаас ганцаараа шөнө дунд ирээд маргааш нь ажилтай гээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Батболд, А.Билгүүн, О.Эрхэмбаяр нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны орой Төв аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багийн нутаг Гэр чулуу гэх газар нутаглаж байсан иргэн, Б.Сосорбурамын 5 ханатай Монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, гэрийн зүүн хойд хатавчинд байсан 10 цагаантай, жийжүү мөнгөн дөрөөтэй, нанжин гахай гөлөмтэй, улаан өнгийн модон 13.000.000 төгрөгний үнэ бүхий Монгол эмээлийг шунахайн сэдэлтээр хулгайсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хюндэй портер 47-07 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, улаан шар өнгийн 33-47 ТӨЗ улсын дугаартай даюун-150 маркийн мотоциклийг битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээний тайлан, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хураан авах тогтоол, алдагдсан эмээлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Б.Сосорбурам, иргэний нэхэмжлэгч Ц.Батболд, Б.Ганзориг, Э.Эрдэнэ-Очир нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Р.Батмөнх, Б.Даваасүрэн, Д.Ууганцэрэн, С.Нямсүрэн, Х.Азжаргал, О.Сайнтогос, Н.Баатар, Н.Насанбуян, Ч.Ичинхорлоо нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Батболд, О.Эрхэмбаяр, А.Билгүүн нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэлийг шалгасан лавлагаа, 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Батболд, А.Билгүүн, О.Эрхэмбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж заасан байх тул шүүгдэгч Б.Батболд, А.Билгүүн, О.Эрхэмбаяр нарт оногдуулах хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах нь тэдний хувийн байдалд тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Батболд, А.Билгүүн, О.Эрхэмбаяр нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

          

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Батболд, А.Билгүүн, О.Эрхэмбаяр нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Ц.Батболдын эзэмшлийн 47-70 УБН улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашин, Э.Эрдэнэ-Очирын эзэмшлийн 33-47 ТӨЗ улсын дугаартай Даюун-150 маркийн мотоцикль, А.Билгүүний өмчлөлийн модон мебель ор 1 ширхэг, самсунг маркийн зурагт 1 ширхэг, Б.Батболдын өмчлөлийн Самсунг маркийн хөргөгч 1 ширхэг, самсунг маркийн зурагт 1 ширхэг, О.Эрхэмбаярын өмчлөлийн  Минск маркийн хөргөгч 1 ширхэг, Акира маркийн зурагт 1 ширхэг зэргийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батболд, А.Билгүүн, О.Эрхэмбаяр нар нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Мөнгөн Ундрага ХХК-нд гэмт хэргийн улмаас учирсан 900.000 төгрөгний хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Мөнгөн Ундрага ХХК-ний 0058059 дугаартай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний гэрээг хавтаст хэрэгт үлдээх, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн 33-47 ТӨЗ улсын дугаартай мотоцикль жолоодох эрхийн гэрчилгээг эзэмшигч Л.Энхболдод буцаан олгох, шүүгдэгч Б.Батболд 30 хоног, цагдан хоригдсон, шүүгдэгч А.Билгүүн, О.Эрхэмбаяр нар нь тус бүр 18 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Б.Батболд, А.Билгүүн, О.Эрхэмбаяр нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболдод эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил, шүүгдэгч А.Билгүүн, О.Эрхэмбаяр нарт эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар ялтан Б.Батболдод оногдуулсан 3 жилийн хорих ял, ялтан А.Билгүүн, ялтан О.Эрхэмбаяр нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батболдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар, ялтан А.Билгүүн, О.Эрхэмбаяр тус бүрт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батболдод хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн цагдаагийн газарт, ялтан А.Билгүүнд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн цагдаагийн газарт, ялтан О.Эрхэмбаярт хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Б.Батболд, А.Билгүүн, О.Эрхэмбаяр нар нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Иргэний нэхэмжлэгч Мөнгөн Ундрага ХХК-нд гэмт хэргийн улмаас учирсан 900.000 төгрөгийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Ц.Батболдын эзэмшлийн 47-70 УБН улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашин, Э.Эрдэнэ-Очирын эзэмшлийн 33-47 ТӨЗ улсын дугаартай Даюун-150 маркийн мотоцикл, А.Билгүүний өмчлөлийн модон мебель ор 1 ширхэг, самсунг маркийн зурагт 1 ширхэг, Б.Батболдын өмчлөлийн Самсунг маркийн хөргөгч 1 ширхэг, самсунг маркийн зурагт 1 ширхэг, О.Эрхэмбаярын өмчлөлийн  Минск маркийн хөргөгч 1 ширхэг, Акира маркийн зурагт 1 ширхэг зэргийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч нарт буцаан олгосугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Мөнгөн Ундрага ХХК-ний 0058059 дугаартай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний гэрээг хавтаст хэрэгт үлдээх, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн 33-47 ТӨЗ улсын дугаартай мотоциклийн гэрчилгээг эзэмшигч Л.Энхболдод буцаан олгох, шүүгдэгч Б.Батболд 30 хоног, цагдан хоригдсон, шүүгдэгч А.Билгүүн, О.Эрхэмбаяр нар нь тус бүр 18 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Батболд, А.Билгүүн, О.Эрхэмбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ