Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 1048

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00723 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Б.Энхцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Авто тээврийн үндэсний төв” ТӨААТҮГ-т “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт, зохицуулалтын алба” нэртэй байх үеэс буюу 2009 оноос ажиллаж, 2015 оны 10 дугаар сард Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Авто тээврийн үндэсний төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6/570 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Б/570 тоот тушаалд Б.Энхцэцэг намайг ажлаас чөлөөлөх үндэслэлийг бичээгүй, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тусгасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заасан байтал орон тоо хасагдсан, цөөрүүлсэн аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийсэн гэж байгаа боловч миний ажиллаж байсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар”-ыг “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс” болгож нэрийг өөрчилсөн ба түүний чиг үүрэг, орон тоонд өөрчлөлт оруулаагүй, зөвхөн тухайн нэгжийг газар байсныг нь хэлтэс болгож өөрчилсөн. Байгууллага бол татан буугдсан, орон тоо хасагдсан зүйл байхгүй байхад Хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан тул Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан  нэгжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Монгол Улсын нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалд зааснаар цалин хөлсөө тодорхойлоход нэг өдрийн цалин хөлс 114 636 төгрөг болж байгаа. Иймд 2016 оны 11 дүгээр сараас-2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тооцоход нийт 10 317 240 төгрөгийн цалингийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, Ц.Эрдэнэчулуун нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолоор үйлдвэрийн газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Тус тогтоолоор Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын даргын орон тоо байхгүй болж хэлтэс болж өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор Б.Энхцэцэг нь бүтцийн өөрчлөлтөд ороод 6 сарын тэтгэмж 11 400 000 төгрөгийн тэтгэмж аваад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, тэтгэмж хүссэн өргөдөл дээр тодорхой байгаа. Энэ байдлаас харахад Б.Энхцэцэг гэдэг хүний хөдөлмөрлөх эрх ашгийг хөндөөгүй. Хөдөлмөрийн гэрээ гэдэг бол хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр байгууллагддаг. Гэрээний нэг тал нь би ажиллахгүй, бүтцийн өөрчлөлтөд ороод 6 сарын тэтгэмжээ аваад ажлаас чөлөөлөгдөхийг хүсч байхад ажил олгогчийн зүгээс чи ажлаа хий гэдэг асуудлыг тавиагүй, ийм ч утгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг барьж ажлаас чөлөөлсөн, салбар нэгж татан буугдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа юм биш, хэлтсийн дарга буюу газрын дарга гэдэг 2 албан тушаал үндсэндээ 1 болсон. Нэр томъёо өөрчлөгдсөн ч гэсэн тухайн албан тушаалын чиг үүрэг бол хэвээр байгаа” гэжээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхцэцэгийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-иас 10 315 890 төгрөгийг гаргуулж Б.Энхцэцэгт олгож, Б.Энхцэцэгийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой гомдлын шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-иас 180 004 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун давж заалдах гомдолдоо: “...Шүүх “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзжээ. 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж 55 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор “Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрыг хэлтэс болгон өөрчлөн байгуулж бүртгэлийн мэргэжилтний орон тоо нэмэгдсэн байдаг.

Нэхэмжлэгч нь бүтцийн өөрчлөлт хийгдэж буйтай холбогдуулан бүтцийн өөрчлөлтөнд хамрагдан / Газрын даргын албан тушаал орон тооны цомхотголд хамрагдах учраас/ тэтгэмжээ авч ажлаас чөлөөлөгдөх талаар үйлдвэрийн газрын удирдлагатай харилцан тохиролцож 6 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авах өргөдлөө өгч ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн, хүлээн зөвшөөрсөн байдал нь тэтгэмж хүссэн өргөдлөөр тогтоогдоно. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь гэрээний чөлөөт байдал бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон хуулийг зөрчсөн зүйл байхгүй болно. Б.Энхцэцэг нь өөрөө хүсч хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгож байгаа нь зөвхөн ажил олгогч санаачлага гарган хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх боломжгүй юм. Шүүх дундаж цалин хөлсийг 10 315 890 төгрөг гэж тооцон гаргасан бөгөөд энэ нь үндэслэлгүй байна.

Учир нь Б.Энхцэцэг нь сарын 1 900 000 төгрөгийн цалинтай 2016.11.03-аас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017.03.14-ны өдрийг хүртэл ажлын 87 өдөр байдаг сар сараар тооцвол 2016 оны 11 сарын 03-ны өдрөөс ажлын 17 өдөр 1538095 төгрөг, 2016 оны 12 сард ажлын 21 өдөр 1 900 000 төгрөг, 2017 оны 01 сард ажлын 22 өдөр 1 900 000 төгрөг, 2017 оны 02 сард ажлын 18 өдөр 1 900 000 төгрөг, 2017 оны 03 сарын 14 хүртэл ажлын 9 хоног 777 272 төгрөг байна. Нийт 8 015 367 төгрөг, хоолны мөнгө 304 500 төгрөгийг нэмж 8 319 867 болж байна. Хэрэв нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжээс авах байсан цалин хөлсний олговорыг тооцож зөрүүг хариуцагчид буцаан гаргуулахаар шийдвэрлэх нь зөв юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Зохигчид маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан  эвлэрлийн гэрээ ирүүлснийг давж заалдах шатны шүүхээс батлаж, шийдвэрлэх боломжтой байна.

           

            Нэхэмжлэгч Б.Энхтуяа нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжилснийг хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨААТҮГ эс зөвшөөрч маргасан байдаг.

 

   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид дараах нөхцөлөөр эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

 

Талууд харилцан тохиролцож, хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨААТҮГ Б.Энхцэцэгийг Нийтлэг үйлчилгээний тасгийн даргаар 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулж, нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн  хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй тул талуудын эвлэрлийг шүүхээс батлах хуулийн үндэслэлтэй.  

 

Иймд талуудын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00723 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигч харилцан тохирч, хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нэхэмжлэгч Б.Энхцэцэгийг Нийтлэг үйлчилгээний тасгийн даргаар 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулж, Б.Энхцэцэг нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                 Д.ЦОГТСАЙХАН