Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/358

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа 

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанжаадархан овгийн Б.Гт холбогдох эрүүгийн 201625030612 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жанжаадархан овгийн Б.Г, 1969оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20 дугаар  гудамж, 177 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧН69082517.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20 дугаар  гудамж, 177 тоот гэртэй хамтран амьдрагч М.Сыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, элдүүрээр цохих, хутгаар хатгах зэрэг байдлаар олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч М.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2016 оны 3 дугаар сарын 17-ны орой би хамтран амьдрагч Б.Гын гэрт очсон юм. Тэгээд би нэг шил архи хувааж уугаад дууссаны дараа орон ороод унтах гэж байгаад намайг ямар ч шалтгаангүйгээр босч ирээд гурлын элдүүр модоор миний зүүн гар руу нэг удаа цохисон. Боль гэж хэлэхэд орны дэргэд байсан түмбүүшикэн дээрээс хутга аваад миний зүүн гуя руу нэг удаа хутгалсан. Болио гээд гэр рүүгээ явах гээд гарахад намайг үсдэж аваад гэрийнхээ гадна миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, буцаад ороод хэвтэж байхад би ер нь чамайг ална гээд хэсэг хэвтэж байгаад нэг сэрэхэд хутга барьчихсан, миний зүүн гуяруу нэлээд олон удаа хутгаар хатгаад, зарим газар хутгаар дүрсэн. Тэгээд би боль гэхэд миний цээжний дээд хэсэгт хутгалаад боль гэхэд миний гуяны дотор хэсэгт хутгалсан. Хутгаа миний гуяруу хийгээд буцаад татахад гарахгүй байхад  хүчээр татаж авсан юм. Миний биеийн бүхийл хэсэг буюу зүүн талаар нэлэнхүйдээ хутгаар дүрэгдэж гэмтсэн юм. Тэгээд шөнөжингөө гэрээс гарах юм бол ална шүү гээд намайг шөнө унтуулаагүй. Өглөө босоход хамтран амьдрагч цагдаад баригдахаас өмнө зугтаалаа гээд гараад явсан юм. Тэгээр нь би гэрээс гарч яваад гудамжинд зогсож байсан нэг залуугаас цагдаа болон эмнэлэг дуудаад өгөөч гэсэн юм. Би гудамжинд байж байгаад эмнэлэгийн тусламж авсан юм ...” гэжээ. /хх-30-31/.

Гэрч Ч.Баярмаа мэдүүлэхдээ: “...тал шил архи гаргаж ирээд дөрөв лүүгээ тэрийгээ хувааж уугаад бид хоёр газраар хэвтэхээр болоод ор засаж өгсөн. Тэр үед С эгч надад хандаж, намайг битгий орхиж яваарай гэж хэлсэн. Тэгээд би танайд хоночихоод явъя гээд тэдний гэрт унтсан юм. Унтаж байхад шөнө Баярмаа миний дүү намайг хутгалчихлаа гээд орилоод байсан. Тэр үед би тоогүй тоглож байгаа байлгүй гэж бодоод сэрж чадахгүй байсан. Тэгээд бид хоёр шөнөжин унтаж чадаагүй, Г гэх хүн Сыг шөнөжин зовоож тарчлаасан...” гэжээ /хх-36-37/.

Гэрч А.Батболд мэдүүлэхдээ: “...Тэр үед С эгч Батболдоо эгчийг нь зодоод байна гэж 00 цагийн үед орилоод хэлсэн. Тэр үед би босоод асаагуурны гэрэл тусгаад харахад зүүн талын нүүр орчим хавдсан байсан юм. Тэгээд би та хоёр болиоч гэхэд тэр хоёр чимээгүй болсон юм. Тэгээд би жаахан унтаж байгаад 03 цагийн үед босоод гэр рүүгээ гараад явсан...” гэжээ /хх-38-39/.

Гэрч Г.Долгоржав мэдүүлэхдээ: “...сүүлд 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Г нь өөрийн гэртэй миний охиныг зодож, биед нь өчнөөн тооны шарх гэмтэл учруулж байсан...” гэжээ /хх-40-41/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4444 дүгээр дүгнэлтэд

“1. М.Сын биед зүүн мөр, цээж, дал, баруун бугуй, зүүн өгзөг, баруун зүүн гуя, өвдгөнд шарх, зүүн бугалга, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүд, эрүү, зүүн бугалга, цуу, цээж, зүүн гуянд цус хуралт, дух, зүүн шанаа, зүүн бугалга, шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хх-44/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64-65/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20 дугаар  гудамж, 177тоотгэртэй хамтран амьдрагч М.Сгыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, элдүүрээр цохих, хутгар хатгах зэрэг байдлаар олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г нь бусдыг гурилын элдүүрээр цохих, хутгаар хатгах зэрэг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч М.С нь баримтаар нэхэмжилсэн хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар “цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, эдлэх ялаас хасч тооцон, шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссанд тооцов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жанжаадархан овгийн Б.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 552 (таван зуун тавин хоёр) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 69 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдлэж дууссанд тооцож, түүнийг шүүх хуралдааны танхимаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 35.5 см урттай, 3 см диаметртай модон элдүүр 1 ширхэг, 20.5 см уртай, бариул хэсгийн урт 11 см, үзүүр хэсгийн урт 9.5 см урттай 1 ширхэг хутга зэргийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН